Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч В.Отгончимэг,

Хохирогч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  зааснаар Бөх-Очирын Батдоржид сэжигтнийг   яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201726030561 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Говь- Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б байрны 43 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 30 дугаар байрны 703 тоотод оршин суух, ОБЕГ-н хүнсний нөөцийн салбарт нярав ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ДС89073116 / Бэсүд овогт Бөх-Очирын Батдорж нь:

- 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 30 дугаар байрны 703 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Оюунбилэгтэй маргалдаж цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Оюунбилэг хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “... 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Онцгой байдлын ерөнхий газрын ажилчдын байрны 30-703 тоотод байхад нөхөр Б.Батдорж нь над руу залгаад “ажлаа тараад очиж байна” гэж 19:00 өнгөрч байхад залгасан. Би ирэхгүй удаад байхаар нь хаана байгаа талаар тодруулж залгахад утсаа аваад “удахгүй орлоо” гэж хэлээд байсан. Тэгээд орой 21:00 цагийн үед гэртээ нэлээд согтуу байдалтай орж ирэхээр нь дэлгүүр орох санаатай хажуугаар нь гарах гэтэл Б.Батдорж нь “чи хаачих гээд байгаа юм” гээд куртик хувцас урж бид хоёрын дунд маргаан эхэлсэн. Б.Батдорж нь над руу уурлаж “чи архичин, найз нартайгаа ууж идээд явдаг. Найз нарын дунд нууц байдаг юм. Чи амьдралаа дэлгэж ярьдаг” гэх мэтээр маргалдаж байгаад миний гарыг мушгиж, толгой руу мөргөж гэмтээж алгадаж үстсэн юм. Эмчилгээ хийлгээгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Б.Батдорж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..”. гэжээ. / хх 16-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5917 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.Оюунбилэгийн биед дух, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалга, шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд  үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 21 /,

Шүүгдэгч Б.Батдоржийг 2017.05.08-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 27-29 /,  2017.05.22-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 31-32 /,

Шүүгдэгч Б.Батдоржийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батдорж мэдүүлэхдээ: Би ажилд ороод удаагүй байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа буугаад явж байхад хамт ажилладаг ах наашаа суу гээд 50 грамм архи хийж өгөхөөр нь уусан. Тэгээд гэртээ ирэхэд эхнэр уурлаад оруулахгүй хаалгаа цоожлоод тайлж өгөхгүй байсан. Тэгээд арай гэж онгойлгоод гэртээ ороод уурандаа цохисон. Тэгээд эхнэр гарч яваад буцаж орж ирэхэдээ цагдаа нартай ирсэн. Тэгээд ямар ч тайлбарлах боломж өгөлгүй шууд намайг гавлаад авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр бид хоёр эвлэрсэн. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид хоёр 1 нас 02 сартай хүүхэдтэй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунбилэг мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 03-ны орой Батдорж гэртээ согтуу орж ирэхээр нь би уурлаад жоохон түргэн зан гаргасан. Тэгээд надад гар хүрээд гараад явахаар нь би хаалгаа түгжээд онгойлгоогүй, тэгээд тэрнээс болоод хэрүүл болсон. Манай нөхөр буруугаа ойлгосон. Надаас уучлалт гуйсан. Тэр өдөр би аав, ээж рүүгээ утсаар ярьж хэлэхэд манай аав цагдаа дуудсан байсан. Би анхнаасаа ингэж хүндэрнэ гэж бодоогүй. Цагдаа өргөдөл өг гэхээр нь манай аав, ээж хоёр өгсөн байсан  гэв.

Шүүгдэгч Б.Батдорж нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 30 дугаар байрны 703 тоотод иргэн Д.Оюунбилэгтэй маргалдаж, улмаар түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Оюунбилэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5917 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Батдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оюунбилэгт хөнгөн гэмтэл учирсан / хх-ийн 21/ хохирогч  Д.Оюунбилэг нь хохирол нэхэмжлэгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанд хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заажээ.

Шүүгдэгч Б.Батдоржийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд “... Б.Батдоржоос нэхэмжлэх зүйлгүй, одоо гомдол саналгүй, бид хоёр эвлэрсэн, би түүнийг уучилсан..." гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Бэсүд овогт Бөх-Очирын Батдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Б.Батдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД