Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 134

 

    З.Шинэбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            прокурор Т.Мижиддорж,

            хохирогч Т.Наранзул,

            ялтан З.Шинэбаярын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, С.Оюунцэцэг, Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Олзод, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Наранзул, ялтан З.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, С.Оюунцэцэг, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Шинэбаярт холбогдох 201526031062 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Золбаярын Шинэбаяр, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 39 дүгээр байрны 95 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /РД: МЗ92122011/;

 З.Шинэбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цаг 50 минутын үед, хамтран амьдрагч Т.Наранзулын гэр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 28 дугаар байрны 28 тоотод Ц.Төгсхүү, Э.Эрдэнэтуяа, Т.Наранзул, өөрийн охин Ш.Анунгоо нарыг гэртээ байхад нь орж, танхайн сэдэлтээр, хоёр буюу түүнээс олон хүнийг, бензин цацаж, галдан шатаахаар буюу нийтэд аюултай аргаар санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: З.Шинэбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Шинэбаярыг танхайн сэдэлтээр, нийтэд аюултай аргаар буюу бензин цацаж, галдан шатаахаар, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар З.Шинэбаярыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар З.Шинэбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар З.Шинэбаярын цагдан хоригдсон 154 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 литрийн савтай бензин, шүдэнзний хайрцаг болон зуруул модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан З.Шинэбаяр давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

            1. Надад бусдыг санаатай алах ямар ч санаа зорилго байгаагүй. Тухайн өдөр хадам ээж Л.Эрдэнэтуяа нь намайг “эхнэр хүүхдээ тэжээж авч явж чадахгүй арчаагүй, хогийн хулгайч яв зайл” гэж нүүр лүү нулимж, хэл амаар доромжилж, хөөж гаргасан. Би энэ байдалд нь гомдож, 2-3 лааз пиво уусан. Би эхнэр, хүүхдээ хоол хүнс, эд зүйлээр дутааж байгаагүй.

            2. Хадам ээж Л.Эрдэнэтуяа нь миний гар утас руу байнга залгаж, Т.Наранзулыг ажилд оруулмаар байна, 5 сая төгрөг хэрэгтэй байна гэж дарамталж, миний эцэг, эх рүү залгаж загнаж байсан. Би энэ байдлыг тэвчиж, 1-2 жил болсон бөгөөд сүүлдээ тэр өдөр тэвчээр барагдаж, айлгах зорилготой 5 литрийн хэмжээтэй саванд 3 литр бензин хийж, гэрт нь очсон нь үнэн. Би эдгээр хүмүүсийг алах санаа зорилго байсан бол бензинийг гэрт нь цацаж, шүдэнзийг зурах зэрэг үйлдэл хийх байсан. Би ийм үйлдлийг хийгээгүй. Хохирогч нар анх мэдүүлэг өгөхдөө намайг хүндрүүлэх байр суурьтай мэдүүлэг өгч байснаа сүүлдээ бодит байдлыг үнэн зөв мэдүүлсэн боловч шүүх эхний болон сүүлийн мэдүүлгүүдэд бодит нухацтай дүгнэлт хийлгүй, хүндрүүлж ял шийтгэл оногдуулсан.

            3. Хохирогч Ц.Төгсхүү, Л.Эрдэнэтуяа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байгааг болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Наранзул нь “бензин цацсан үйлдэл хийгээгүй, аав тархиндаа хүнд гэмтэл авсан, сэтгэцийн эмчийн  хяналтад байдаг буруу мэдүүлэг өгсөн, бензиний таг цоорхой байсан учраас тагийг би сольсон” гэж мэдүүлж байхад шүүх намайг буруутай гэж зөвхөн яллах талын нотлох баримтыг баримталж надад олон жилийн ял оногдууллаа. Анх дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Ө.Өнөргил  “Бензин цацахад миний нүүрэн хэсэгт хүрсэн ба нүүр хорсоод байхаар нь угаачихлаа гэж хэлсэн, харин үс нь хуурай байсан” гэж мэдүүлсэн ба энэ мэдүүлгээр хохирогч Ц.Төгсхүүгийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа, мөн хохирогч Т.Наранзул шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Төгсхүүгийн мэдүүлгийг үгүйсгэж, бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Би хадам ээж, аавтайгаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, ийм асуудал болсон. Би өөрийгөө огт гэм буруугүй гэж үзээгүй. Иймд миний хийсэн үйлдэлд тохирсон зүйл ангиар яллаж, ял шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн хохирогч нар прокурорт удаа дараа хэргийн талаар хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар ямар нэг хариу өгөөгүй. Би гэр бүлээ ганцаараа тэжээдэг тул бидний элэг бүтэн амьдрах боломжийг хангаж, зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ. 

Ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан ямар ч хор уршиг учраагүй. Шинэбаярын үйлдэл хийх болсон шалтгаан нь хадам талаас байнга доромжилж, хувийн амьдралд нь байнга оролцож, сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлж, тэсэхийн аргагүй байдалд оруулсны улмаас зөвхөн айлгах зорилгоор уг үйлдлийг хийсэн болохоос хүн алах, эхнэр хүүхдээ алах гэсэн зорилго байгаагүй. Бензинийг хадам эцэг рүүгээ цацаагүй, үүдний довжоонд нь бага зэрэг асгасан гэдэг. Ц.Төгсхүүгийн толгой руу асгаагүй бөгөөд хохирогч Ц.Төгсхүү нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө энэ талаар худал мэдүүлсэн. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд Төгсхүүгийн нүүр, толгойд нь бензин болсон байсан гээгүй. Ц.Төгсхүү нь сэтгэл, мэдрэлийн өвчтэй бөгөөд яг юу болсныг санахгүй байна гэдэг. Иймээс Ц.Төгсхүүгийн мэдүүлгийг бодит байдалд нийцэж байна гэж үзэхэд эргэлзээтэй. Хохирогч Л.Эрдэнэтуяа нь “би бензин асгасныг мэдээгүй, Төгсхүүгийн ярьсныг дагаад хэлчихсэн” гэж мэдүүлдэг. Савтай бензиний таг онгорхой байсан. Тэгэхээр З.Шинэбаяр, Ц.Төгсхүү нар нь булаацалдаж байгаад довжоон дээр асгасан байхыг үгүйсгэхгүй. Т.Наранзул бензин үнэртээд байхаар нь бүтэн тагаар сольсон гэж мэдүүлсэн. З.Шинэбаярын хувьд хадам эцэг, эх, эхнэр, хүүхдээ алах зорилго байгаагүй, нийгэмд ямар ч хор уршиг учирч хүний амь нас хохироогүй, олон хүнийг алахыг завдсан үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй. Иймд З.Шинэбаярын олон хүнийг алахыг завдсан үйлдэл нь нотлогдохгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. З.Шинэбаярын үйлдэл нь танхайн сэдэлттэй хийгдсэн, нийтэд аюултай аргаар хоёр буюу түүнээс олон хүнийг алах зорилготой байдал нотлогдон тогтоогдож чадаагүй. З.Шинэбаяр нь хадам ээж нь доромжилж нулимсан, эхнэр нь хөөсөнд уурлаж тэднийг айлгах санаатай савтай бензин авч очсон болохоос жирэмсэн эхнэр, хүүхэд, хадам аав ээжийгээ шатаах санаа зорилгогүй байсан гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Энэ нь гэрч нарын мэдүүлэг, шүдэнзэнд хийсэн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогддог. Тухайлбал:

- Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон орцны жижүүр Наранцэцэгийн мэдүүлгээс З.Шинэбаяр шүдэнзийг огт зураагүй шидчихсэн нь тогтоогдож байгаа ба гал тавих санаа зорилгогүй байсан нь нотлогддог.

            - Хураагдсан 2-3 ширхэг шүдэнзний толгой хэсэг нь арилсан, асах боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт,

            - Хохирогч Ц.Төгсхүүгийн толгой руу бензин асгасан, гэр дотор цацсан гэх мэдүүлгийг үгүйсгэсэн цагдаагийн ажилтан А.Өмөргилийн мэдүүлэг,

            - Шинжээч Ц.Баясгалангийн “Ц.Төгсхүү нь бие рүү нь цацсан гэж хэлж байсан, харин эхнэр, охин нь бие рүү нь цацсан гэж хэлээгүй” гэх мэдүүлэг.

2. Дээрх нотлох баримтуудаас З.Шинэбаярын үйлдэл нь хувийн сэдэлттэй хийгдсэн бөгөөд эхнэр хүүхэд, хадам ээж аавыгаа нийтэд аюултай аргaap галдан шатааж алах сэдэлттэй, зорилготой байсан гэх үйлдэл батлагддаггүй. Нийтэд аюултай гэдэг нь таамаг, магадлал төдий биш бодит биелэхээр байх ёстой. Гэтэл З.Шинэбаярын хувьд бусдыг алах зорилготойгоор бензинийг гэрийн гадна, дотор цацаагүй, шүдэнз зураагүй, асах боломжгүй шүдэнз авч очоод өөрөө шүдэнзээ шидсэн зэргээс уг гэмт хэргийн  бүрэлдэхүүний субьектив тал буюу шууд ба шууд бус санаатай алах зорилго, сэдэлт нотлогддоггүй.

3. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хэлбэрийг тогтоох үүднээс хохирогч нараас дахин байцаалт авах, хохирогчдыг гэрч Наранцэцэг, А.Өмөргил нартай нүүрэлдүүлэн байцаах, шинжээч Б.Баясгалангаас дахин байцаалт авах хүсэлтийг прокурорт гаргасныг хүлээн аваагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг зөрчиж, зөвхөн яллах, буруутгах талыг барьж хэргийг шалгасан болохыг нотолдог.

З.Шинэбаярыг хохирогч Ц.Төгсхүүгийн өргөдөл, мэдүүлгүүдэд үндэслэн яллан буруутгаж байгаа. Шүүх сэтгэц эмгэг судлалын 239 тоот дүгнэлтээр Ц.Төгсхүү нь хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрдөг ба түүний удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт “Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэж заасан байх ба хохирогч Ц.Төгсхүүгийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна.  Хэрэгт авагдсан баримтаар З.Шинэбаярын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Шинэбаярт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

Ялтны өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Ц.Төгсхүүгийн тайлбарт “...Манай байрны жижүүр эмэгтэй тухайн үеийн үйл явдлыг харж байсан гэж мэдүүлсэн...”, байрны жижүүр Нарангаас “...намайг шатаар өгсөөд гарч ирэхэд 2 эрэгтэй савтай бензин булаацалдаад байж байсан” гэж мэдүүлсэн.  З.Шинэбаяр нь яллагдагчаар 2016  оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ “...Хадам аав хаалга тайлж, миний гараас барьснаас болж бензин хийсэн савны таг цоорхой байсан учир асгарсан” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгээс үзэхэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй" гэж заажээ. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 6 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Шинэбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Т.Наранзул гаргасан давж заалдах гомдол болон түүний тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие З.Шинэбаярт холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Бид хоёр 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн ба хоёр хүүхдийн хамт З.Шинэбаярын гэрт амьдарч байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Шинэбаярын цалингаар бид 4 амьдардаг. Одоогоор Шинэбаяр хоригдож байгаа учраас хэрэгцээний зүйлс тасалдаад байна. Хоёр хүүхэд маань аавыгаа маш их санаж байна.

Миний нөхөр Шинэбаяр нь айлын ууган хүү бөгөөд доороо 5-н дүүтэй боловч 3-н дүү нь нялх байхдаа нас барж, их зовлон үзсэн, хүүхдэд хайртай хүн юм. Хамт амьдарч байх хугацаанд манай ээжийн зүгээс Шинэбаярыг мөнгө төгрөгөөр миний охиныг гачигдуулж байна гэхчилэн дарамт шахалт ирдэг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө Зүүнхараа хотод ажлаа хийж байгаад орж ирэхээр нь ээж бид хоёр харааж загнасан. Тухайн үед Шинэбаяр “би маш их гомдож байна, би мөнгө олж, үр хүүхдээ тэжээх гээд явж байхад намайг ингэж дээрэлхэж болохгүй шүү дээ” гээд уйлан дуугараад гарсан. Маргааш өдөр нь Шинэбаяр орцонд уйлчихсан, аав хоёр гарыг нь барьчихсан зогсож байсан. Хэрэг учралын талаар манай аав юу болсноо сайн санахгүй байгаа тухайгаа мөрдөн байцаалтын шатанд хэлж байсан. Манай аав 1996 онд байшин дээрээс унаж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас СЭМҮТ-н хяналтад байдаг. Миний бие гомдолгүй бөгөөд хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч надад бичгээр ямар ч хариу ирээгүй. 

Хэрэг гарахад миний буруу бас байгаа. Анх удаа ийм үйлдэл хийснийг бодолцон, гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...З.Шинэхүү нь бусдыг санаатай алахыг завдсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. З.Шинэбаяр бензин асган, шүдэнз хавирсан. Гэрч “шүдэнз аваарай, тийш нь шидсэн шүү” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч Төгсхүүг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “нүүр лүү бензин цацаж, толгой руу асгасан” гэж мэдүүлсэн. Асуудал хэт даамжирч нөхцөл байдал хүндрэнгүүт Төгсхүү нь “өмнөх болсон явдлаа санахгүй байна” гэх зэргээр мэдүүлгээ өөрчилсөн. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр З.Шинэбаярын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

З.Шинэбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цаг 50 минутын үед, хамтран амьдрагч Т.Наранзулын гэр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 28 дугаар байрны 28 тоотод Ц.Төгсхүү, Э.Эрдэнэтуяа, эхнэр Т.Наранзул, төрсөн охин Ш.Анунгоо нарыг гэртээ байхад нь орж, танхайн сэдэлтээр, хоёр буюу түүнээс олон хүнийг, бензин цацаж галдан шатаахаар буюу нийтэд аюултай аргаар санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Төгсхүүгийн “… 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 5 цагийн үед манай хаалгыг хүн балбаад байхаар нь би босоод онгойлгож өгөхөд 5 литрийн бензин шууд миний нүүр лүү цацсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доош тонгойход толгой руу бензин асгаад байсан. Би нүүрээ гараараа арчаад харахад Шинэбаяр шүдэнз зурах гээд хавираад зогсож байсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад авахад Шинэбаяр “та нарыг бүгдийг нь алчихсан байхад хэдэн жил шоронд суугаад гараад ирнэ” гээд байсан. Шинэбаяр нэг гартаа савтай бензин, нөгөө гартаа шүдэнз барьчихаад хавираад байсан боловч бензиндээ шүдэнз нь нороод асахгүй байсан. Энэ үед эхнэр, охин хоёр үүдэнд гараад ирсэн байсан ба жижүүр эгч шатаар өгсөөд ирэхэд нь би З.Шинэбаярын гараас шүдэнзийг аваад доош шидсэн. Жижүүр эмэгтэй шүдэнзийг нь авсан...” /1-р хх 19/,

хохирогч Л.Эрдэнэтуяагийн: “...Намайг унтаж байхад хаалга хүчтэй тогшсон. Нөхөр намайг босоод хаалгаа нээ гэхээр нь би “чи босоод нээчих” гэж хэлсэн. Тэгээд Төгсхүү босоод хаалга нээсэн. Тэгэхэд “та нарыг шатаана даа” гэсэн чимээ гарахад нь би босож очсон ба энэ үед Шинэбаяр шүдэнз хавирах гээд зогсож байсан. Би гараас нь бариад авсан бөгөөд гэрийн үүд, хувцас нь бензин болсон...” /1-р хх 21-22/,

хохирогч Т.Наранзулын: “…З.Шинэбаяр бид хоёр 2013 оны 12 дугаар сараас үерхэж эхэлсэн. 2014 оны 6 дугаар сард би жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Би хүүхдээ гаргаад амьдарч байх хугацаанд Шинэбаяр намайг их дарамталж үсдэж зоддог, багалзуурддаг, юм авч шиддэг байсан... 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 04 цагийн үед З.Шинэбаяр манай гэрт Зүүн хараагаас ирлээ гээд ирсэн. Намайг хардаад бид хоёр маргалдсан. Миний ээж Шинэбаярт хандаж “бид нарыг хүндлээч” гэж хэлээд “явах гээд байгаа бол яв” гээд хаалга хаасан. 11 дүгээр сарын 19-ний өдрийн үүрээр намайг ээж, аав, охиныхоо хамт унтаж байхад хаалга тогшсон бөгөөд аав хаалга нээсэн. Тэгэхэд нь аавын өөдөөс бензин цацсан байсан. Намайг өрөөнөөсөө гарч ирэхэд аав, ээж хоёр З.Шинэбаярын гарт байгаа шүдэнзийг хавируулахгүй гээд ноцолдож байсан. З.Шинэбаяр “би ээж, аавдаа та нарыг шатаана гэж хэлсэн байгаа” гээд орилоод байсан. Би өрөөндөө ороод цагдаа дуудсан...” /1-р хх 24-25/,

гэрч Л.Наранцэцэгийн: “…Би 28 дугаар байрны жижүүр хийдэг юм. 11 дүгээр сарын 19-ний өглөө 6 цагийн үед орцоо эргээд явж байсан. Тэгээд 2 дугаар орц руу ороод 3 давхраас дээш гарч явахад бензин үнэртээд байхаар нь дээшлээд 5 давхарт гарахад 5 литрийн усны савтай бензинийг аав нь нэг талаас нь барьчихсан, нөгөө талаас нь тэр залуу барьчихсан булаацалдаад чанга дуугаар юм яриад байж байсан. Аав нь намайг харчихаад цаана чинь шүдэнз байна уу, шүдэнзийг нь хурдан аваарай гэж хэлсэн. Би шүдэнзийг нь хаана байгааг нь асуухад цаана чинь шидсэн байгаа гэсэн. Тэгээд шүдэнз нь 5 давхрын цонхны доор байхаар нь аваад дээшээ шатаар өгсөх гэж байхад тэр залуу бензинээ хаяж, намайг түлхчихээд гараад гүйсэн...” /1-р хх 31-32/,

гэрч Б.Доржсүрэнгийн: “...Тэгээд унтаж байхад хаалга цохихоор нь босож очоод хаалгаа тайлсан. Тэгтэл нэг залуу “сав байна уу” гэхээр нь гэрт байсан 3-5 литрийн тагтай хуванцар савыг өгсөн. Гэтэл надаас ус авах гэсэн юм гэхээр нь өөрөө ав гэсэн. Тэгээд ус гоожуулаад байхаар нь би өөрөө очоод тэр саванд ус хийж өгсөн. Удалгүй тэр залуу гараад явсан...” /1-р хх 143-144/,

гэрч А.Өмиргүлийн: “...Би дуудлагын дагуу очиход 28 дугаар байрны 28 тоотын хаалга хаалттай байсан. Хаалгыг тогшиход айлын эзэн болох Төгсхүү хаалга онгойлгож өгсөн. Тэгэхэд бензин үнэртэж байсан ба үүдний дотор хэсэгт хивсэнцэр байсан бөгөөд тэр нь норсон байсан. “Савтай бензин үнэртээд байхаар нь тагтан дээр гаргасан” гээд оруулж ирсэн. Савтай бензиний таг нь бүтэн байсан бөгөөд шүдэнзний гадна хайрцаг норчихсон байсан...” /1-р хх 76/,

гэрч Б.Уламбаярын: “...Би эргүүлийн офицер цагдаагийн ахмад Машбаярын хамтаар Арцат-112 чиглэлд дуудлага хүлээн авч шалгадаг. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 05 цагийн үед бензин цацаад шатаах гээд байна гэсэн дуудлага хүлээн авч, 4-5 минутын дотор очсон. 28 дугаар байрны гадна талд автомашинтайгаа ирэхэд бензин үнэртэж байсан  бөгөөд 2-р орцоор гаднаас хаалгыг нь татаад ороход бас л бензин үнэртэж байсан. Дээшээгээ 5 давхарт гараад шатны эсрэг талын 28 тоотын хаалгыг тогштол гэрийн эзэн гэх хүн хаалга тайлсан. Тэгээд юу болсон талаар асуухад 50 гаруй насны эрэгтэй хүн манай хүргэн Шинэбаяр “бүгдийг чинь шатааж ална” гээд бензин цацаад, шүдэнз зурах гэхээр нь ноцолдсон. Тэгсэн харин удалгүй хаяад зугтчихсан гэж хэлсэн. Тэр айлын үүдний довжоо болон гишгүүр дээр шүдэнз асгарчихсан байсан. Тухайн айлын эрэгтэй хүн дээгүүрээ цээж нүцгэн намайг хаалга тайлахад бензин цацсан гээд цээж хэсгээ харуулсан. Тэгэхэд цээж нь улайчихсан байдалтай харагдаж байсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалж, жижүүрийн бүрэлдэхүүн ирэхээр нь хүлээлгэж өгсөн...” /1-р хх 156/,

гэрч Ч.Машбаярын: “...Дуудлагын дагуу 28 дугаар байрны 2 дугаар орц руу ортол орцноос бензин үнэртэж байсан ба дээшээгээ 5 давхарт гарч 28 тоотын хаалгыг тогшсон. Тэгтэл 50 орчим насны эрэгтэй хүн хаалгаа тайлсан ба болсон асуудлын талаар тодруулж асуухад “манай хүргэн Шинэбаяр нь сая согтуугаар гэрт ирээд хаалга тайлаад өгтөл миний өөдөөс савтай бензин цацаад шүдэнз зурж шидэх гээд байхаар нь нилээн ноцолдож байгаад гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Над руу бензин цацсан гээд цээжин хэсэг нь улайчихсан, усаар сая угаасан гэж Төгсхүү хэлсэн. Гэрийн үүд хэсэгт бензин их үнэртэж байсан... Цаад талын өрөөнөөс 5 литрийн хуванцар цэвэр усны савтай бензин гаргаж ирээд энүүгээр дүүрэн бензин цацсан, харин үлдэгдэл бензин нь энэ байна гээд үзүүлж байсан. Ямар бичигтэй сав байсан, таглаа нь цоорхой байсан эсэхийг анзаарч хараагүй...” /1-р хх 157/,

криминалистикийн шинжээч Б.Баясгалангийн: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө, үүрээр 05-06 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 28 дугаар байрны 2 дугаар орцоор дотогшоо ороход бензин үнэртэж байсан. Дээшээ 5 дугаар давхарт  гараад дуудлага өгсөн айлын хүмүүстэй уулзсан чинь “манай охины найз залуу болох Шинэбаяр гэгч нь хаалга тогшихоор нь онгойлгосон, тэгтэл шууд өөдөөс бензин цацаад дараагаар нь шүдэнз зурах гэж байсан, тэр шүдэнз нь норчихсон байсан учраас асаагүй” гэж хэлж байсан ба гэрт нь орж жижүүрийн мөрдөн байцаагчийн хамтаар үзлэг хийсэн. Үзлэгээр 5 литрийн хэмжээтэй усны савны талаас дээгүүр бензинийг тагтан дээрээс оруулж ирээд бид нарт үзүүлсэн. Мөн норчихсон байдалтай шүдэнзийг гаргаж ирсэн. Тэр үед гэрт нь тэр чигтээ шатах тослох материал болох бензин үнэртэж байсан. Хохирогч нарын хэлснээр бензин цацсан гэх үүдний хэсгийг номер 1 гэж дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлэн авсан...” /1-р хх 169/ гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 10-14/, шүдэнзний хайрцагт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “...Шинжилгээнд шингэнд хэт ягаан туяаны аппаратаар болон нимгэн үеийн хромотографийн аргаар шинжилгээ хийхэд шатах тослох материалын агууламж илэрсэн...” гэх шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний 2095 дугаар дүгнэлт /1-р хх 171/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Ц.Төгсхүү нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” /1-р хх 175/ гэх 2016 оны 239 дүгээр дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “З.Шинэбаяр нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай” гэх 2016 оны 24 дүгээр дүгнэлт /1-р хх 82/ зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

З.Шинэбаярт холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх З.Шинэбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заасныг буруу ойлгон хэрэглэж, 10 жил 1 сарын хорих ял оногдуулсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь З.Шинэбаярт холбогдох хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

 Ялтан З.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбатаас “...З.Шинэбаярын олон хүнийг алахыг завдсан үйлдэл нь нотлогдохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, өмгөөлөгч Д.Батбаяраас “... З.Шинэбаярын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй...” өмгөөлөгч С.Оюунцэцэгээс “...Ц.Төгсхүү нь хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх нь эргэлзээтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул З.Шинэбаярын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэсэн давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016 оны 24 дүгээр дүгнэлтээр Ц.Төгсхүүг хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг нотолсон, мөн түүний “...би босоод хаалгаа онгойлгож өгөхөд 5 литрийн бензин шууд миний нүүр лүү цацсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доош тонгойход толгой руу бензин асгаад байсан. Би нүүрээ гараараа арчаад харахад Шинэбаяр шүдэнз зурах гээд хавираад зогсож байсан...” гэсэн  мэдүүлэг нь хохирогч Л.Эрдэнэтуяагийн “...Шинэбаяр шүдэнз хавирах гээд зогсож байсан. Би гараас нь бариад авсан бөгөөд гэрийн үүд болон хувцас нь бензин болсон...”, хохирогч Т.Наранзулын “…Намайг өрөөнөөсөө гарч ирэхэд аав, ээж хоёр З.Шинэбаярын гарт байгаа шүдэнзийг хавируулахгүй гээд ноцолдож байсан...”, гэрч Л.Наранцэцэгийн “…3 дугаар давхраас дээш гарч явахад бензин үнэртсэн. 5 дугаар давхарт гарахад 5 литрийн усны савтай бензинийг аав нь нэг талаас нь барьчихсан, нөгөө талаас нь тэр залуу барьчихсан булаацалдаад чанга дуугаар юм яриад байж байсан. Шүдэнз нь 5 давхрын цонхны доор байхаар нь аваад дээшээ шатаар өгсөх гэж байхад тэр залуу бензинээ хаяж, намайг түлхчихээд гараад гүйсэн...” гэсэн хэргийн талаар харсан гэрч, бусад хохирогчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. 

 Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.