Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 115

 

З.Шинэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Х.Батчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134 дүгээр магадлалтай 201526031062 тоот эрүүгийн хэргийг хохирогч Т.Наранзул, шүүгдэгч З.Шинэбаярын өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Боржигон овогт Золбаярын Шинэбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, нийтэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүнийг санаатай алахыг завдах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Шинэбаярыг танхай сэдэлтээр, нийтэд аюултай аргаар хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь заалтад зааснаар 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар З.Шинэбаярын цагдан хоригдсон 154 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар З.Шинэбаярыг 10 жил 01 сарын хугацаагаар хорих...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар З.Шинэбаярыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих...” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...төлөх төлбөргүй...” гэсэн нэмэлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Л З.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, С.Оюунцэцэг, Д.Батбаяр, хохирогч Т.Наранзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Т.Наранзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний нөхөр З.Шинэбаярт хүн алах санаа зорилго байгаагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь заалтад заасан гэмт хэргийн субьектив талын сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...З.Шинэбаярын танхайн сэдэлтээр, нийтэд аюултай аргаар, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алах зорилготой байсан гэсэн нь нотлогдон тогтоогдож чадаагүй. З.Шинэбаяр нь уурлаж бухимдсандаа хадам ээж, эхнэрийгээ айлгах санаатай савтай бензин барьж очсон. Гэхдээ дээрх үйлдэлд нь хүнийг санаатай алах субьектив санаа зорилго огтхон ч байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд болон шүдэнзэнд хийсэн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогддог. Уг нотлох баримтуудаас З.Шинэбаярын үйлдэл нь хувийн сэдэлттэй бөгөөд эхнэр, хүүхэд, хадам эцэг, эхийгээ нийтэд аюултай аргаар галдан шатааж алах сэдэлт, санаа зорилготой байсан гэх үйлдэл нь батлагдаагүй. Нийтэд аюултай гэдэг нь таамаг, магадлал төдий биш бодитой биелэхээр байх ёстой. Гэтэл З.Шинэбаярын үйлдлээс харахад гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал тогтоогдохгүй шууд ба шууд бус санаатай алах зорилго сэдэлт тогтоогдоогүй болно. Түүнчлэн шүүх сэтгэц эмгэг судлалын 239 тоот дүгнэлтээр хохирогч Ц.Төгсхүү нь хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээтэй байдаг. Энэ нь түүний удаа дараа өгсөн өөр хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдээс харагддаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Төгсхүүгийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна. З.Шинэбаярын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь заалтад заасан гэмт хэргийн сувьектив талын сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын журмаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг журамлах боломжтой байна. Эсхүл З.Шинэбаярын хэргийн зүйлчлэлийг зөвтгөн зүйлчлүүлэх саналтай байна. Тухайн үед нийтийн эзэмшлийн газар буюу орон сууцад орилж, хашхирсан үйл явдал болсон гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар харагдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч З.Шинэбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын журмаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байгаа учраас шүүгдэгчид оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож, З.Шинэбаярыг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч З.Шинэбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтыг журамлан багасгаж оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Харин улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг уг хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь заалтад зааснаар өөрчилж тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь шүүгдэгч нь ар гэрийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гэрээсээ гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэн буцаж ирээд, хадам аав руугаа бензин цацаж, шүдэнз зуран шатаах оролдлого хийсэн нь танхайн сэдэлтэй бус харин өс хонзонгийн сэдэлтэй байх тул зүйл ангийг зөвтгөн өөрчлөх саналтай байна” гэв.

Хохирогч Т.Наранзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч З.Шинэбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

З.Шинэбаяр нь хамтран амьдрагч Т.Наранзулын гэр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 28 дугаар байрны 28 тоотод Ц.Төгсхүү, Э.Эрдэнэтуяа, Т.Наранзул, өөрийн охин Ш.Анунгоо нарыг гэртээ байхад нь орж, нийтэд аюултай аргаар, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч З.Шинэбаярыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтыг буруу ойлгон хэрэглэжээ.

Танхайн сэдэлт гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг ойлгох бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэхэд танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, харин З.Шинэбаярын хувьд гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүмүүсийн хооронд бий болсон хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй үл ойлголцлоос болж маргалдан, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.Төгсхүү, Э.Эрдэнэтуяа, Т.Наранзул, Ш.Анунгоо нарыг алахыг завдсан байх тул танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

З.Шинэбаяр нь олон хүний амь насанд аюул учруулж болзошгүй буюу галдан шатаах аргыг сонгон авч, олон хүнийг ална хэмээн заналхийлэн, уг гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн байх бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байх тул шүүх түүний үйлдлийг төгсөөгүй завдалт гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хяналтын шатны шүүх хэдийгээр З.Шинэбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулах эрүүгийн хуулийн зарчим, заалтыг зөв тайлбарлан, улмаар ял оногдуулах нийтлэг зарчимд тулгуурлан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулсан байна гэж дүгнэлээ.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатарын “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолийн Тогтоох хэсэгт: “Шүүгдэгч З.Шинэбаярыг нийтэд аюултай аргаар хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.13, 91.2.16 дахь заалтад зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Т.Наранзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН