Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 515

 

“М э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0403 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0662 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: “М э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр,  2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, ....... дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын .......  гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0403 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасныг тус тус баримтлан “М э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр,  2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “М э” ХХК-ийн ....... дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын ...........  гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0662 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/403 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “М э” ХХК-ийн өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын ....... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, гуравдагч этгээд “М о т з” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэг. Шүүхийн шийдвэрт “хариуцагчийн 2015 оны 592 дугаартай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Засаг даргын дэмжихгүй санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрлийг "М э" ХХК-д олгохоос татгалзсан боловч уг засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

“М э” ХХК-ний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийж хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2. 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд түүнээс хариу “дэмжихгүй” саналыг ирүүлсэн тул хуулийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн "М э" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 2015 оны 592 дугаартай шийдвэр гарсан.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байж болно.

Тиймээс Кадастрын хэлтсийн дарга нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Жавхлант нэртэй 966 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “М э” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Засаг даргын санал нь өөрөө эрх зүйн акт бөгөөд төрийн захиргааны байгууллага /Ашигт малтмал газрын тосны газар/ нь тухайн эрх бүхий субъектийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан актын эрх зүйн үндэслэлийг хянах эрх хуулиар олгогдоогүй байна.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч "М э" ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл арилаагүй, тухайн талбайд давхардуулан өргөдөл гаргасан “М о з т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан "...шударга ёсыг хангах, хууль дээдлэх" зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан байдаг бөгөөд нэгэнт олгогдоогүй өргөдлийн талбайд ямар ч хуулийн этгээд хүсэлт гаргах эрх нь нээлттэй байдаг учир тухайн талбайд эхэлж гаргасан "М э” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тул тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй.

Иймээс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “М о з т” ХХК-ийн талбай болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын ......  га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийж мөн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/3848 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Уг албан бичгийн хариуд Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаар бүхий саналаар “М о з т"  ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын 963.61 га талбайд ашигт малтмалын хайгуулын 18759Х дугаартай тусгай зөвшөөрлийг “М о з т" ХХК-д олгосон нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “М о з т” ХХК-ийн захирал Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт бүрийг үнэлж дүгнээгүй, нэг талыг барьсан төдийгүй гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу шүүхээс үзлэг хийж бүрдүүлсэн “Нэхэмжлэгч тал захиргааны байгууллагын шийдвэрт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсаныг нотолсон баримтад дүгнэлт хийлгүй орхисон”. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсан байхад өөр хугацаанаас нэхэмжлэл гаргах хугацааг тооцож дүгнэсэнд гомдолтой байна.

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д зааснаар “санал дэмжигдсэн” бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж тодорхой нөхцөл шаардсан бөгөөд санал нь дэмжигдээгүй байсан ч тухайн этгээдэд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн заалт ерөөсөө байхгүй байна.

Гэтэл шүүхээс “М э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хуулийн энэхүү заалтыг зөрчсөн. Энэ компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Ашигт малтмалын тухай хуульд Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх үүргийг хуульчилж өгсөн тул “М э” ХХК-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хайгуулын зөвшөөрөл олгохгүй шийдвэрлэсэн нь эрх зүйн хүрээнд үүссэн үндэслэл бүхий харилцаа юм. Энэ шийдвэрийг үндэслэл болгон Говь- Алтай аймгийн Засаг даргын “М э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг саналыг дэмжихгүй гэж өгсөн санал нь үндэслэл бүхий юм. Учир нь аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4- д заасны дагуу шийдвэрээ гаргасан байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасны дараа татгалзсан тухай хариуг мэдэгдэж, албан бичгийг авахыг албан ёсоор мэдэгдсээр байтал ирж аваагүй, шуудангаар явуулахаар буцаасан нь нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан болох нь “М э”  ХХК-ийн   удирдлагад хариугаа авахыг нийт гурван удаа мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч компанийн удирдлага 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны шүүхэд    нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтнуудтай ажил хэргийн байнгын харилцаанд оролцож, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр огноологдсон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 5, 6 дугаар сард багтаан хүлээн авч, мөнгө төлсөн баримтуудаа өгч байсан баримтууд хэрэгт авагдсан, мөн нэхэмжлэгч компанийн удирдлага хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу бүхий албан бичгийн талаар мэдсэн атал аваагүй төдийгүй, шуудангаар өөрийнх нь албан ёсны хаягаар очсон албан бичгийг санаатайгаар аваагүй буцаасан, хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гарсан тухай мэдэгдэхэд нэн даруй ирж зохих мөнгөө төлөөд, гэрчилгээгээ хүлээн авдаг ба энэ компанийн Ашигт малтмалын газрын эрх бүхий ажилтантай харьцдаг хүн нь нэг л хүн байгаа нь гарын үсгээ Мөнхсайхан гэж зурснаас тодорхой харагдаж байна.

Аливаа этгээд захиргааны байгууллагад хүсэлт гаргаад зохих журмын дагуу хариу өгөхгүй бол энэ эс үйлдэхүйн талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна. Гэтэл өргөдлийнхөө хариуг шаардахгүй 3 сар болсон, гаргасан өргөдөлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу гарсан тухай мэдэгдэхэд ирж авахгүй 3 сар болсон, албан бичгийг санаатай авахгүй буцаасан зэрэг нь нэхэмжлэгчийн санаатай үйлдлийг шууд нотолж байна.

Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 5-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.3, 19.7, 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.4, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4, 26.4-т заасан “бичгээр мэдэгдэх” гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд гардуулсан буюу хүргүүлснийг хэлнэ” гэж заасан бөгөөд Ашигт малтмалын газар хуульд заасан хугацаанд хайгуулын зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай хариуг мэдэгдэж шуудангаар хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Гурав. “М э” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “М о з т” ХХК-д олгосон 592 дугаартай 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хууль зөрчиж байна.

“М о з т” ХХК-ийн удирдлага нь хайгуулын зөвшөөрөл олгох тухай зарыг интернетээр олж мэдээд өргөдөл гаргасан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манайд хайгуулын зөвшөөрөл олгох саналыг “дэмжсэн санал” ирүүлсэн. Үүнийг үндэслэж Говь-Алтай аймгийн Засаг дарга нь “дэмжинэ” гэсэн хариу өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасан шаардлагыг хангаж байгаа билээ.

Аймгийн Засаг дарга нь “М о з т” ХХК-ийн удирдлагаас эхлээд 200 сая төгрөг нэхсэн. Яагаад ийм их мөнгө нэхэж байгааг асуухад “сумын саналыг дэмжихийн тулд мөнгө өгөх хэрэгтэй байдаг юм” гэсэн хариу өгсөн.

Удалгүй “Танай хайгуулын зөвшөөрөл хүссэн санал дэмжигдсэн 15.000.000 төгрөг өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд энэ мөнгийг “М о з т” ХХК өгөөгүй тул аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын санал өгсөн хурлын тэмдэглэлийг өгөхгүй манай ажиллагааг хяхан боогдуулж байгаа юм. Компанийн удирдлагын хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан, манай компанитай холбоотой санал дэмжигдсэн гэдгийг мэдсэн тухайн үед аймгийн төвд байсан юм.

Захиргааны байгууллагын албан тушаалтан их хэмжээний мөнгө нэхэмжилж өгөхгүй болохоор албан тушаалын байдлаа ашиглаж хурлын тэмдэглэлийг нуун, алга болгосон асуудалд бид буруугүй гэж үзэж гомдолтой байна. Манай компани хуулийн дагуу хайгуулын зөвшөөрөл авч өнгөрсөн хугацаанд хайгуул хийж их хэмжээний зардал гаргасан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас дүгнэвэл “М э” ХХК-ийн тухайд “дэмжсэн санал” гаргах албадлагын шинжтэй үйлдэл хийх нөхцөл буюу “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрээ дахин өөрчлөх, улмаар Говь-Алтай аймгийн Засаг дарга дүр үзүүлэн “дэмжсэн” санал гаргах болоод байна. Эдгээр байдал нь нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүйг нотолж байна. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэн хугацааг алдсан тул нэхэмжлэлийн бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М э” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр,  2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, ......  дугаар өргөдлөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын .......  гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Жавхлант нэртэй газрын ......  гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр цахимаар гаргаж, өргөдлийн дугаарт хамгийн түрүүнд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүлт хийсэн тодорхойлолт, өргөдөл хүлээн авсан хугацаа зэрэг баримтаар тогтоогдсон байна. Улмаар Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн саналаар “өвгөд дээдсийн булш бунхан байгаа” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөөгүй, энэ дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хуулийн агуулга, зарчим нь хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгох давуу эрх олгосон байна.

Гэтэл нэхэмжлэгчид татгалзсан аймгийн Засаг даргын үндэслэл арилсан эсэх нь тодорхойгүй, тухайн солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг орон нутгийн холбогдох байгууллага зөвшөөрөөгүй болохыг Ашигт малтмалын газар мэдсэн атлаа нэхэмжлэгчээс сүүлд өргөдөл гаргасан гуравдагч этгээд “М о з т” ХХК-д  тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу байна. Учир нь маргаан бүхий талбайд хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй бол энэ нь бүх этгээдэд адилхан боломжгүй байх, адилхан шалгуур тавигдах зарчимтай бөгөөд нэхэмжлэгчид татгалзсан үндэслэл гуравдагч этгээдэд ч мөн адил үйлчлэх нь хүн бүр хуулийн өмнө эрх, тэгш байх зарчимд нийцнэ.

Иймээс маргаан бүхий актууд болох нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болон гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заажээ. Тодруулбал, хууль тогтоогчоос аймгийн Засаг даргад татгалзах эрхийг олгохдоо тодорхой хязгаарлалт заасан буюу зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзахыг зөвшөөрсөн байна. Эндээс Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эцсийн шийдвэр гаргах эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын татгалзлын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй гэж үзнэ.

Хариуцагчийн “нэгэнт олгогдоогүй өргөдлийн талбайд ямар ч хуулийн этгээд хүсэлт гаргах нь нээлттэй, өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй” гэх гомдол хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна. Учир нь маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч анх өргөдөл гаргасан этгээд нь нэхэмжлэгч хуулийн этгээд мөн байсан, түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлснээр бусад этгээдээс өргөдөл гаргах эрхийг хязгаарлах давуу байдал үүсэх ба захиргааны байгууллага адил тохиолдолд өөр өөр шийдвэр гаргаж, нэхэмжлэгчид татгалзсан үндэслэлийг гуравдагч этгээдээс шаардаагүй зэргээр хууль зөрчжээ.

Гуравдагч этгээдийн “тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэртэй маргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч алдсан” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч хуулийн этгээд аймгийн Засаг даргын дэмжээгүй саналтай холбогдуулан шүүхэд маргасан, мөн Ашигт малтмалын газрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн татгалзсан шийдвэрийг 2015 оны 7 дугаар сарын 27-нд гардан авч, 2015 оны 8 дугаар сарын 24-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас өргөдлийн хариуг шаардахгүй 3 сар болсон, албан бичгийг санаатай авахгүй буцаасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрээ холбогдох этгээдэд мэдэгдэх үүрэгтэй, энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тооцох юм.

Мөн “орон нутгийн эрх бүхий байгууллагаас өөрийн албан тушаалаа ашиглаж хурлын тэмдэглэл нуусан, Засаг дарга дангаараа шийдвэр гаргаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн байсан” гэх гомдлын хувьд:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар хариу өгөх ба энэ тохиолдолд маргааны үйл баримт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал” авсан эсэхтэй шууд холбоогүй, гагцхүү “Засаг даргын санал тэгш эрхийн зарчим зөрчсөн буюу адил тохиолдолд өөр өөр шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргасан тул энэ хүрээнд шүүхүүд дүгнэлт хийсэн нь зөв байна.

Тодруулбал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан эсэх үйл баримтаас илүүтэйгээр “адил тохиолдолд өөр өөр хандсан” үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргасан, дээрх “хурлын тэмдэглэл нуусан” үйл баримт энэхүү хэрэгтэй шууд хамааралгүй, нотолгооны чухал ач холбогдолтой баримт биш бөгөөд “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан” гэх урьдчилсан нөхцөлөөр нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл тогтоогдож байна.

Гуравдагч этгээдийн “Захиргааны албан тушаалтан их хэмжээний мөнгө нэхсэн, мөн их хэмжээний хайгуулын зардал гаргасан” тухай гомдол нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдэх маргаан биш, нөгөө талаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр маргаантай буюу хоёр өөр шатны шүүхэд аймгийн Засаг дарга болон Ашигт малтмалын газарт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад гуравдагч этгээдээс хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхгүй, зардал гаргах эрх үүсээгүй байсан.

Давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээний хүрээнд хууль хэрэглээний өөрчлөлт магадлалд оруулсан, уг магадлалд нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргаагүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0662 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ