Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02360

 

Ц.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02504 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7 637 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь 2016 оны 6 сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт Делика маркийн 67-79 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Д ХХК-ийн Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай Л.Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Ослын улмаас зорчигч Ч.Аын биед хүндэвтэр гэмтэл учирсан тул эрүүгийн хэрэгт шалгагдсан. Хэрэг шалгагдах явцад 2016 оны 11 сарын 22-ны өдрийн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тээврийн салбарын шинжээч нарын 11/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.  Ослын улмаас  автомашины эвдрэл 2 990 000 төгрөг, хохирогч Ч.Аын эмчилгээний зардалд 3 037 000 төгрөг, автомашины үнэлгээний хөлс 110 000 төгрөг, техникийн шинжээчийн дүгнэлтийн хөлс 300 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, иргэний хэрэг дэх өмгөөлөгчийн хөлс 700 000 төгрөг, нийт 7 637 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Осолд нэхэмжлэгч өөрөө гэм буруутай. Учир нь 2016 оны 6 сарын 19-ний өдөр Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан Л.Ц нь Сонсголонгийн уулзвараар зүүн гар тийш 2 дугаар эгнээнээс эргэн эсрэг урсгалаас ирж буй автомашиныг өнгөрөхийг хүлээн зогсож байтал Дэлика маркийн 67-79 УБИ улсын дугаартай машин арын хэсгийг мөргөж осол гаргасан.  Тухайн үед замын цагдаагийн ажилтнууд осол гарсан газар дээр хэмжилт үзлэг хийн хоёр жолоочийн хэн хэн нь буруутай гэж үзсэн, мэргэжлийн баг шинжээчдийн дүгнэлтээр хоёр ч удаа энэ тухай албан ёсны дүгнэлт гаргасан. Л.Ц, Ц.М нар нь хохирогч Ч.Ат эмчилгээний зардлыг хувааж төлсөн. Замын цагдаагийн хоёр ч удаагийн  дүгнэлтээр Делика машины жолооч буруутай гэж дүгнэлт гаргасан байтал Механик, тээврийн сургуулийн багш нарын гаргасан зөвхөн онолын төдий дүгнэлтийг үндэслэн хохирол нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр жолооч хоёулаа буруутай, Ц.М, Л.Ц, Ч.А нар нь эвлэрч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед жолоодож явсан Л.Ц нь Ө ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай. Ө ХХК нь Д ХХК-аас түрээслэн ашиглаж байсан. Энэ талаар бичгээр гэрээ байхгүй ч амаар тохиролцон түрээсээр ашиглаж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлагч хариуцагч Д ХХК-аас 4 293 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож, үлдэх 3 143 194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д ХХК-аас 83 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.М нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа хохирогч Ч.Атай сайн дурын үндсэн дээр эвлэрэн, түүнд 4 300 000 төгрөг өгсөн нь “Д” ХХК-тай хамааралгүй. Нэхэмжлэгч нь хохирогч талтай эвлэрч, сайн дурын үндсэн дээр төлбөр төлсөн. Энэ сайн дурын ажиллагаа, эсхүл мөрдөн байцаагч, прокурорын буруутай үйл ажиллагааны улмаас бусдад төлсөн хохирол юм. Манай компаниас тээврийн хэрэгсэлийг түрээсийн гэрээний дагуу эзэмшигч “Ө” ХХК-ийн ажилтны учруулсан хохирлыг “Д” ХХК-д хамаатуулан шийдвэрлэсэн нь шударга бус. Тухайн үед тээврийн хэрэгсэлийн эзэмшигч  Л.Ц, “Ө” ХХК нар хохирлыг хариуцах нь зүйтэй. Нэхэмжлэгч Ц.М нь осол гарах өдөр машиныхаа хропыг шалгах зорилгоор 80 км хүртэл хурд хэтрүүлэн явсан тухайгаа эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа мэдүүлсэн байх бөгөөд энэ тухай түүний машинд сууж явсан хохирогч А мөн мэдүүлэг өгсөн байдаг. Ц.М нь өөрийн буруутай үйлдлийн улмаас /хурд хэтрүүлсэн/ бусдад хохирол учруулсныг нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байтал анхан шатны шүүх эдгээр баримтыг огт үнэлэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.М нь “Д” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 7 637 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,осол нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлээс болсон,хохирлыг манай байгууллага хариуцахгүй. Тухайн үед тээврийн хэрэгслийг “Ө” ХХК түрээсээр эзэмшиж байсан. Ө ХХК-ийн ажилтан осол гаргасан” гэж маргажээ. /хх-1-2, 32, 108/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн замд М.Мын жолоодож явсан 67-79 УБИ улсын дугаартай Мицүбиши делика маркийн тээврийн хэрэгсэл Л.Цын жолоодож явсан 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарчээ.

 

Осол гарахад Ц.Мыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн,Л.Цыг Замын хөдөлгөөний дүрмийн 7.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан боловч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. / 1-р хх-7-8, 151-152/

 

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын техникийн байцаагч, цагдаагийн ахмадын гаргасан 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Мыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг, Л.Цыг  замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэх агуулгатай, түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Мыг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Л.Цыг замын хөдөлгөөний дүрмийн 7.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан. /1-р хх-12, 153-154/

 

Ослын улмаас нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгах үүргийг 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Д” ХХК хариуцах эсэх асуудлаар талууд маргаж байна.

 

Хариуцагч нь “тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Ц нь “Ө” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, “Д” ХХК нь “Ө ” ХХК-д түрээсийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг эзэмшүүлэхээр шилжүүлсэн байсан” гэх үндэслэлээр, уг хохирлыг хариуцахаас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж маргажээ. /1хх-ийн 243-244/

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан ослын улмаас учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, уг тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож бусдад хохирол учруулах нөхцөл байдал үүссэн байхаас гадна тухайн тээврийн хэрэгслийг өөрийн шууд мэдэлдээ байлгах, боломжтой эзэмшигч уг үүргийг хүлээнэ.

 

Дээрх тохиолдолд уг зам тээврийн осол гарах үед 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг ашиглахад хяналт тавих боломжтой эзэмшигч хэн болохыг тогтоох нь хохирлыг хэн хариуцах, хариуцагч байгууллага хариуцах үүрэгтэй эсэх асуудлыг шийдвэрлэх, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм. Гэтэл хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэл гэсэн баримт лавлагаанд  “Ө” ХХК, “Д” ХХК-уудын нэр бүдэг бичигдсэн, бичвэр гаргацгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх компаниудын хэн нь тухайн тээврийн хэрэгслийн  бодитойгоор эзэмшиж байсан гэх нөхцөл байдал тодорхой болсноор “Д” ХХК тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хохирлыг Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцах эсэх үндэслэл тодорхой болох юм.

 

Хариуцагч “Д” ХХК-ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг мэдэлдээ байлгах боломжтой байсан өмчлөгч, эсхүл бодит эзэмшлээ өөр этгээдэд шилжүүлсэн байсан эсэх нөхцөл байдлын талаар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж дүгнэлт хийх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан ажиллагааг дутуу хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД