Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2018/02504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Б.Баярмаа, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 7,637,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Н.Д, У.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт Делика маркийн 67-79 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ “Д” ХХК-ийн Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай Л.Ц жолоочтой автомашинтай мөргөлдсөн осол гаргасан юм. Ослын улмаас зорчигч Ч.А-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан юм. Хэрэг шалгагдах явцад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тээврийн салбарын шинжээч нарын 11/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр миний буруутай үйлдэл тогтоогдоогүй ба дээрх хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр Тээврийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 560 а дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Ослын улмаас иргэн надад автомашины эвдрэл 2,990,000 төгрөг, хохирогч Ч.А-ын эмчилгээний зардалд 3,037,000 төгрөг, автомашины үнэлгээний хөлс 110,000 төгрөг, техникийн шинжээчийн дүгнэлтийн хөлс 300,000 төгрөг, эрүүгийн хэрэгт дэх өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, иргэний хэрэг дэх өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөг, нийт 7,637,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Д” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Мэндбаярын “Д” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгдүгээрт, энэ осолд нэхэмжлэгч өөрөө гэм буруутай гэж үзэж байна. Учир нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан Л.Ц нь Сонсголонгийн уулзвараар зүүн гар тийш 2 дугаар эгнээнээс эргэн эсрэг урсгалаас ирж буй автомашиныг өнгөрөхийг хүлээн зогсож байтал Дэлика маркийн 67-79 УБИ улсын дугаартай машин хурдаа хасалгүй орж ирэн нэгэнт эргэх хөдөлгөөнөө хийж дуусаад эсрэг урсгалын машиныг хүлээж зогссон том оврын автомашины арын хэсгийг мөргөж авто осол гаргасан байдаг. Тухайн үед замын цагдаагийн ажилтнууд осол гарсан газар дээр хэмжилт үзлэг хийн хоёр жолоочийн хэн хэн нь буруутай гэж үзсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас томилсон мэргэжлийн баг шинжээчдийн дүгнэлтээр хоёр ч удаа энэ тухай албан ёсны дүгнэлт гаргасан. Үүний дагуу Л.Ц, Ц.М нар нь хохирогч Ч.А-т эмчилгээний зардлыг хувааж төлсөн. Гэтэл замын цагдаагийн мэргэжилтнүүд хоёр ч удаа дүгнэлт гарган Дэлика машины жолооч буруутай гэж дүгнэлт гаргасан байтал Механик, тээврийн сургуулийн багш нарын гаргасан зөвхөн онолын төдий дүгнэлтийг үндэслэн хохирол нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 11/09 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч замын цагдаагийн газраас мэргэжлийн шинжээч оролцуулан дахин шинжээч томилох хүсэлт гаргах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон ба иргэний журмаар дахин хүсэлт гаргах боломжтой гэсэн хариу авсны дагуу хойшлуулсан. Хоёр жолооч хоёулаа буруутай, Ц.М, Л.Ц, Ч.А нар нь эвлэрсэн тул Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Д” ХХК-ийг гэж үзэн нэхэмжилж байна. Гэтэл тухайн үед жолоодож явсан Л.Ц нь “Ө” ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай. “Ө” ХХК нь “Д” ХХК-аас түрээслэн ашиглаж байсан. Энэ талаар бичгээр гэрээ байхгүй ч амаар тохиролцон түрээсээр ашиглаж байсан. Гуравдугаарт, учирсан гэх хохирлын хувьд мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд хамаарах тул төр хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэргийн оролцогчдын тайлбарт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ц.М нь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2,990,000 төгрөг, хохирогчид төлсөн эмчилгээний зардалд 3,037,000 төгрөг, автомашины үнэлгээний хөлс 110,000 төгрөг, техникийн шинжээчийн хөлс 300,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, нийт 7.637.000 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-аас шаарджээ. 

Хариуцагч зам тээврийн осолд нэхэмжлэгч өөрөө гэм буруутай, гэм хорын хариуцлага хүлээх жинхэнэ хариуцагч биш, түүнчлэн хохирол мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан тул төр хариуцна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.М нь нэхэмжлэлийг гэм буруутай үйлдлээр хохирол учруулсан этгээдэд холбогдуулж бус харин тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх “Д” ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасныг үндэслэн гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр М.М-ын жолоодож явсан 67-79 УБИ улсын дугаартай Мицүбиши делика маркийн тээврийн хэрэгсэл Л.Ц-ын жолоодож явсан 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас М.М-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Ч.Амгаланбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан тул М.М болон Л.Ц-д 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Тээврийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 560 дугаар прокурорын тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчиж зам тээврийн осол учруулсан болох нь тогтоогдсон боловч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр М.М-т холбогдох эрүүгийн хэргийг, Тээврийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 560 а дугаар прокурорын тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-т заасныг зөрчиж зам тээврийн осол учруулсан болох нь тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Л.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. / 1-р хх-7-8, 151-152/

М.М, Л.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын техникийн байцаагч, цагдаагийн ахмадын гаргасан 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр М.М-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг, Л.Ц-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэсэн бол Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр М.М-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Л.Ц-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргажээ. /1-р хх-12, 153-154/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2017/06649 дугаар захирамжаар осол гарахад нөлөөлсөн шалтгаан, Л.Ц, Ц.М нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, мөн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна. /хх-112-113/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Л.Ц-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэсэн бол Ц.М Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй гэжээ. /хх-120-122/

Эндээс үзэхэд эрүүгийн хэргийг шалгах явцад гарсан шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд Ц.М, Л.Ц нарын хэн аль нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тухай дүгнэсэн хэдий ч гэм бурууг тогтоосон гэж үзэхгүй.

Хариуцагч тал нь бичгийн нотлох баримт болох эрүүгийн хэргийг шалгах явцад Г.Б-аас авсан гэрчийн мэдүүлэгт “. . . миний бодлоор миний ард хурдтай явж (делика маркийн автомашин) байгаад намайг хурдаа хасаад ирэхээр миний хажуугаар гүйцэж түрүүлээд гараад ирэхээр урд зогссон машиныг тормос гишгэсээр байгаад тэр чигээрээ яваад Ц-ын машины араас мөргөсөн гэж бодоод байгаа”, Ц.М-ыг яллагдагчаар байцаасан тэмдэглэлд “. . . ямар ч байсан миний хажууд сууж явсан хүн 80 км цагийн хурдтай явж байж 4 дүгээр араандаа ордог юм гэж хэлж байсан. 4 дүгээр араандаа орж байгаа нь мэдэхгүй байсан”, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Ц-ыг асуусан гэрчийн мэдүүлэгт “. . . хохирогч Амгаланбаатар мэдүүлэг өгснийг би Сонгинохайрханы цагдаа дээр байхдаа уншихад 70-80 км цагийн хурдтай явж байсан. Мөн машины хороп нь гэмтэлтэй байсан гэж Ц.М гуай өөрөө хэлж байсан” гэх мэдээлэл нь нэхэмжлэгч Ц.М өөрөө хурд хэтрүүлсэн гэм буруутай болохыг нотолно хэмээн тайлбарлаж байна. Эрүүгийн хэргийг шалгах явцад бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг, яллагдагчийг байцаасан тэмдэглэл гэх бичгийн баримт болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлэг дэх мэдээлэл нь дам байдлаар олж авсан буюу бусдаас сонссон зүйлээ дамжуулсан байдалтай, тээврийн хэрэгслийн хурдыг хүний хараагаар тодорхойлох боломжгүй байх нөхцөлийг харгалзахад хариуцагч талын тайлбар тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. /2-р хх-49, 50-51, 1-р хх-86/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Ц.М нь уг зам тээврийн осолд гэм буруугүй гэж үзлээ.

Хариуцагч тал тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан Л.Ц нь “Ө” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, улмаар “Д” ХХК нь “Ө” ХХК-д түрээсийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг эзэмшүүлэх шилжүүлсэн гэх үндэслэлээр жинхэнэ хариуцагч биш хэмээн маргажээ.

Хуульд гэм хорын хариуцлагыг хүлээлгэх хэд хэдэн сонголтыг олгосон бөгөөд нэхэмжлэгч эрхээ хамгаалуулах этгээдийг өөрөө сонгодог. Энэ үүднээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийн эзэмшигчээс өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл энэхүү шаардах эрхийн зохицуулалт нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн өөрийнх нь хяналтад байх эд зүйлсээс бусдад учирсан гэм хорыг хариуцах үүрэгтэй буюу гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэж буй ойлголт юм. Тэгэхээр шүүх тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэм бурууг тогтоох шаардлагагүй, харин осол гарах үед тээврийн хэрэгслийн эзэмшигч хэн болохыг тогтоох нь ач холбогдолтой.

Иргэний хуулийлийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заажээ. Л.Ц-ын жолоодож явсан 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Д” ХХК мөн болох нь тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоогдох бөгөөд зохигчид уг үйл баримтад маргаагүй тул хуулийн дээрх ойлголтоор   тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Д” ХХК байх тул гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй байна. /2-р хх-179/ 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нийт 7.637.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд 67-79 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 2,990,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч үндэслэл болгожээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШТ2017/00351 дугаар тогтоолоор тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 3,000,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. Нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүн шинжээчийн дүгнэлтэд заасан үнийн дүнгийн хэмжээнээс хэтрэхгүй байх тул тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2,990,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. /1-р хх-13-16, 191-198/

Нэхэмжлэгч Ц.М нь хохирогч Ч.А-ын эмчилгээний зардалд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2,037,250 төгрөг, хэлцлийн дагуу нэмж 1,000,000 төгрөг, нийт 3,037,000 төгрөгийг өгсөн хэмээн тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаар 2,037,250 төгрөгийг Ч.А-т шилжүүлсэн нь тогтоогдож байна. Харин Ч.А-ын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Тээврийн прокурорын газарт гаргасан хүсэлтэд “. . . Ч.М-аас эмчилгээний зардалд 2,300,000 төгрөг цаашид эмчилгээнд шаардлагатай болох 2,000,000 төгрөг авч миний зүгээс хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. . .” гэж дурдсаны дагуу Ц.М, Л.Ц нар тус бүр 1,000,000 төгрөгийг Ч.А-т өгсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Ц.М-ын жолоочийн хариуцлагын даатгалын дагуу Ч.А-т учирсан хохирлын нөхөн төлбөрт “М” ХХК-аас 1,033,444 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байна. Иймд шаардсан үнийн дүнгээс нотлогдоогүй 1,000,000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрт авсан 1,033,444 төгрөгийг хасаж, Ц.М нь 1,003,806 төгрөгийн зардлыг гаргасан хэмээн үзэж, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /1-р хх-19-20, 172-175/

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийн хөлсөнд 300,000 төгрөг шаардсан нь эд хөрөнгийн хохирол мөн байх бөгөөд баримтаар тогтоогдох тул хангах нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний хөлсөнд 110,000 төгрөг гаргуулах шаардлагад хамаарах баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй байна.      

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхдээ мэргэжлийн хуульчаас эрх зүйн туслалцаа авах нь тухайн этгээдийн эрх буюу сонголт байх тул эрүүгийн болон иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчид төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2,990,000 төгрөг, Ч.А-ын эмчилгээний зардалд төлсөн төлбөрт 1,003,806 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 300,000 төгрөг, нийт 4,293,806 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгож, үлдэх 3,143,194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 147,292 /125,942+21,350/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 83,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. Нэхэмжлэлийн үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар тодорхойлсон бөгөөд хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тогтоож, хуваарилалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд заасны дагуу хийсэн болно. Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн зардал 110,000 төгрөг гарсан нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр зардлыг хуваарилж, нэхэмжлэгч Ц.М-аас 48,400 төгрөг, хариуцагч “Д” ХХК-аас 61,600 төгрөг тус тус гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгохоор тогтов.