Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2019/01168

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2019/01168

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Уранзул, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СХД, 0 дүгээр хороо, 00-0 тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ын М /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0-00 тоот хаягт байрлах, “Д А Ж” ХХК /регистрийн дугаар: 000000/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 4 303 806 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-О, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ маргааныг шийдвэрлүүлэх гэж их чирэгдэж байна. 2016 оны 6 сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон. Би Делика маркийн 67-79 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед “Д А Ж” ХХК-ийн Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай Л.Цэенжаргал жолоочтой автомашинтай мөргөлдөж осол гарсан юм.

Хово маркийн машин 1-р эгнээнээс 2-р эгнээнд явсан миний машиныг мөргөж осол гаргасан. Тухайн зам тээврийн осол өглөөний 10 цагийн орчим болсон байдаг. Би энэ талаар 3 жил шүүхээр явж байна. Машины эвдрэлд зарцуулсан мөнгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Хамт явсан Ч.Амгаланбаатарт учирсан хохирол 1 003 806 төгрөгийг би төлсөн.Түүний гар нь хугарсан. Би 2-р эгнээнд байрлалаа эзлэн явж байсан. 1-р эгнээний машин 2-р эгнээ рүү шилжиж байгаад миний машиныг мөргөсөн. Миний машины хохирол 3 000 000 төгрөгийн хохирол учирсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр Тээврийн прокурорын газрын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 560 а дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.

2016 оны 11 сарын 22-нд гарсан 11/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр миний буруутай үйлдэл тогтоогдоогүй юм. Одоо өмнө нь нэхэмжилж байсан шаардлагаа багасгаж өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол 3 000 000 төгрөг, шинжээчийн зардал төлсөн 300 000 төгрөг Ч.Амгаланбаатарт эмчилгээний зардал 1 003 806 төгрөг төлсөн. Нийт 4 303 806 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “Д А Ж” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ осолд нэхэмжлэгч өөрөө гэм буруутай гэж үзэж байна. Учир нь 2016 оны 6 сарын 19-ний өдөр Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан Л.Цэенжаргал нь Сонсголонгийн уулзвараар зүүн гар тийш 2 дугаар эгнээнээс эргэн эсрэг урсгалаас ирж буй автомашиныг өнгөрөхийг хүлээн зогсож байтал Дэлика маркийн 67-79 УБИ улсын дугаартай машин хурдаа хасалгүй орж ирэн нэгэнт эргэх хөдөлгөөнөө хийж дуусаад эсрэг урсгалын машиныг хүлээж зогссон том оврын автомашины арын хэсгийг мөргөж авто осол гаргасан байдаг.

Машины төлбөрт 3 000 000 төгрөг, Ч.Амгаланбаатарын эмчилгээ, өмгөөлөгчийн зардал 2 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Бидний зүгээс энэ хэргийн хариуцагч биш.

Хово маркийн машины жолооч 2016 онд осол болоход “Өндөр буянт холдинг” ХХК нь манай машиныг ашиглаж байсан. Энэ хохирлыг “Өндөр буянт холдинг” ХХК ашиглаж байснаараа хариуцах ёстой. Бид энэ байгууллагад хово маркийн машинаа түрээслүүлж байсан. Манай байгууллага энэ машины эзэмшигч болохоос ашиглагч нь биш байсан.

Эрүүгийн хэргийг шүүхийн журмаар татуулсан байгаа. Хоёр жолооч хоёулаа буруутай, Ц.М, Л.Цэенжаргал, Ч.Амгаланбаатар нар нь эвлэрч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Д А Ж” ХХК-ийг гэж үзэн нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна.

Тухайн үед машин жолоодож явсан Л.Цэенжаргал нь “Өндөр буянт холдинг” ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай. “Өндөр буянт холдинг” ХХК нь “Д А Ж” ХХК-аас түрээслэн ашиглаж байсан. Энэ талаар бичгээр гэрээ байхгүй ч амаар тохиролцон түрээсээр ашиглаж байсан. Мөн учирсан гэх хохирлын хувьд мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд хамаарах тул төр хариуцах ёстой.

Тухайн үед замын цагдаагийн ажилтнууд осол гарсан газар дээр хэмжилт үзлэг хийн хоёр жолоочийг аль аль буруутай гэж үзсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас томилсон мэргэжлийн баг шинжээчдийн дүгнэлтээр хоёр ч удаа энэ тухай албан ёсны дүгнэлт гаргасан. Үүний дагуу Л.Цэенжаргал, Ц.М нар нь хохирогч Ч.Амгаланбаатарт эмчилгээний зардлыг хувааж төлсөн.

Механик, тээврийн сургуулийн багш нарын гаргасан зөвхөн онолын төдий дүгнэлтийг үндэслэн хохирол нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 11/09 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч замын цагдаагийн газраас мэргэжлийн шинжээч оролцуулан дахин шинжээч томилох хүсэлт гаргах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч байгаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ба иргэний журмаар дахин хүсэлт гаргах боломжтой гэсэн хариу авсны дагуу хойшлуулсан.

Ц.М нь өөрийнхөө буруугаас болж энэ ослыг гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь “Д А Ж” ХХК-д холбогдуулж  эд хөрөнгөд учирсан хохирол 3 000 000 төгрөг, шинжээчийн зардал төлсөн 300 000 төгрөг, иргэн Ч.Амгаланбаатарт эмчилгээний зардал 1 003 806 төгрөг нийт 4 303 806 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч “Д А Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зам тээврийн осолд нэхэмжлэгч өөрөө гэм буруутай, тухайн үед тээврийн хэрэгслийг  “Өндөр буянт холдинг” ХХК түрээсээр эзэмшиж байсан энэ компанийн ажилтан осол гаргасан тул жинхэнэ хариуцагч биш, түүнчлэн хохирол мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан тул төр хариуцна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 2016 оны 6 сарын 19-ний өдөр Ц.М-ын жолоодож явсан 67-79 УБИ улсын дугаартай Мицүбиши делика маркийн тээврийн хэрэгсэл Л.Цэенжаргалын жолоодож явсан 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас Ц.М-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Ч.Амгаланбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан тул Ц.М болон Л.Цэенжаргалд 2016 оны 7 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Тэрээр Ц.М, Л.Цэенжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын техникийн байцаагч, цагдаагийн ахмадын гаргасан 2016 оны 7 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.М-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг, Л.Цэенжаргалыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэсэн бол Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.М-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Л.Цэенжаргалыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргажээ. /1-р хх-12, 153-154/

Тээврийн прокурорын газрын 2016 оны 8 сарын 10-ны өдрийн 560 дугаар прокурорын тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчиж зам тээврийн осол учруулсан болох нь тогтоогдсон боловч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Ц.М-т холбогдох эрүүгийн хэргийг, Тээврийн прокурорын газрын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 560 а дугаар прокурорын тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-т заасныг зөрчиж зам тээврийн осол учруулсан болох нь тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Л.Цэенжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. / 1-р хх-7-8, 151-152/

Нэхэмжлэгч Ц.М нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн гэм буруутай үйлдлээр хохирол учруулсан этгээдэд холбогдуулж бус харин тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх “Д А Ж” ХХК-д холбогдуулан гаргасан байна.

Хариуцагч тал тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан Л.Цэенжаргал нь “Өндөрбуянт холдинг” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, улмаар “Д А Ж” ХХК нь “Өндөр буянт” ХХК-д түрээсийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг эзэмшүүлэх шилжүүлсэн гэх үндэслэлээр жинхэнэ хариуцагч биш хэмээн маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 сарын 20-ны өдрийн 184/ШЗ2017/06649 дугаар захирамжаар осол гарахад нөлөөлсөн шалтгаан, Л.Цэенжаргал, Ц.М нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, мөн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна. /хх-112-113/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Л.Цэенжаргалыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчсөн гэсэн бол Ц.М Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй гэжээ. /хх-120-122/

Дээрх байдлаас үзэхэд эрүүгийн хэргийг шалгах явцад гарсан шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд Ц.М, Л.Цэенжаргал нарын хэн аль нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тухай дүгнэсэн хэдий ч гэм бурууг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Ц.М нь уг зам тээврийн осолд гэм буруугүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийн эзэмшигчээс өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл уг тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож бусдад хохирол учруулах нөхцөл байдал үүссэн байхаас гадна тухайн тээврийн хэрэгслийг өөрийн шууд мэдэлд байлгах боломжтой эзэмшигч үүргийг хүлээхээр хууль зохицуулсан байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 153 дугаартай лавлагаа, түүний хавсралтаас үзвэл 3503 УНХ улсын дугаартай, SINOTRUK маркийн, LZZ5ELMD7CA715460 арлын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн тээврийн хэрэгсэл осол гарах үед: уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1-54 тоот хаягт байрлах “Д А Ж” ХХК бөгөөд түүний эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна. /2-р хх 118-124 дугаар тал/

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заажээ.

Иймд Л.Цэенжаргалын жолоодож явсан 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Д А Ж” ХХК мөн болох нь тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоогдох бөгөөд зохигчид уг үйл баримтад маргаагүй тул хуулийн дээрх ойлголтоор тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Д А Ж” ХХК байх тул гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй байна. /1-р хх-179/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нийт 4 303 806 төгрөгийг нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 184/ШТ2017/00351 дугаар тогтоолоор тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 3 сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 3 000 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.  /1-р хх-13-16, 191-198/

Хэрэгт авагдсан “Хөрөнгийн Үнэлгээний Төв ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд 67-79 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч үндэслэл болгож нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Ц.М нь хохирогч Ч.Амгаланбаатарын эмчилгээний зардалд 1 003 806 төгрөг өгсөн гэж, нэмж өгсөн зардлаа нэхэмжлэхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

Харин Ч.Амгаланбаатарын 2016 оны 7 сарын 25-ны өдөр Тээврийн прокурорын газарт гаргасан хүсэлтэд “...Ц.М-аас эмчилгээний зардалд 2 300 000 төгрөг цаашид эмчилгээнд шаардлагатай болох 2 000 000 төгрөг авч миний зүгээс хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй ...” гэж дурдсан байна.

Мөн Ц.М-ын жолоочийн хариуцлагын даатгалын дагуу Ч.Амгаланбаатарт учирсан хохирлын нөхөн төлбөрт “Миг даатгал” ХХК-аас 1 033 444 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байна. Иймд шаардсан үнийн дүнгээс нотлогдоогүй 1 000 000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрт авсан 1 033 444 төгрөгийг хасаж, Ц.М нь 1 003 806 төгрөгийн зардлыг гаргасан хэмээн үзэж, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /1-р хх-19-20, 172-175/

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийн хөлсөнд 300 000 төгрөг шаардсан нь эд хөрөнгийн хохирол мөн байх бөгөөд баримтаар тогтоогдох тул хангах нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний хөлсөнд 110 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж Хөрөнгийн үнэлгээний төвд олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхдээ мэргэжлийн хуульчаас эрх зүйн туслалцаа авах нь тухайн этгээдийн эрх буюу сонголт байх тул эрүүгийн болон иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчид төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3 000 000 төгрөг, шүүхийн шинжилгээний зардал 300 000 төгрөг Ч.Амгаланбаатард өгсөн хохирол 1 003 806 төгрөг нийт 4 303 806 төгрөгийг хариуцагч “Д А Ж” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэдийн төлөөлөгч А.Оюунбилэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигчид нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх талаар хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Д А Ж” ХХК-аас 4 303 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардалд гарсан 110 000 төгрөгийг хариуцагч “Д А Ж” ХХК-аас гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Д А Ж” ХХК-аас 147 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                           Д.УРАНЗУЛ

ШҮҮГЧ                                                          Ж.ЛХАГВАСҮРЭН