| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2018/02261/И |
| Дугаар | 210/МА2018/02444 |
| Огноо | 2018-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2018/02444
“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02274 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Мд холбогдох,
Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 439 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “Т” СӨХ-ны төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” СӨХ нь 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.Уг хугацаанд хариуцагч нь хотхоны дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, лифт зэрэгтэй холбоотой эд зүйлсийг хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөөгүй. Хуулийн дагуу нийт сууц өмчлөгчид нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой.Г.М нь БЗД-ийн 14-р хороо 14 хороолол 36В байрны 47 тоотын хууль ёсны өмчлөгч бөгөөд 2017оны 04-р сараас 12-р сар, 2018 оны 1-6 сарыг дуустал нийт 15 сарын төлбөр 437 000 төгрөгийг төлөөгүй. Үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдсэн. Сууц өмчлөгчдийн холбоо бүрэн ажиллаж чадахгүй татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байна. Иймд 437 000 төгрөг, нотариатын хураамж 2 700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 841 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Анх сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2013 оны 7 сарын 10-ны өдөр банкинд данс нээгээд авсан байдаг. 2017 оны 9 сарын 09-ний өдөр бүх гишүүдийн хурал хийхэд анх тогтоосон тарифаа өөрчлөхгүй гээд 32 030 төгрөгөөр тогтоосон юм гэжээ.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 14-р хорооны Т хотхоны 36В байрын 47 тоот орон сууцыг анх ашиглалтад орсон үеээс өнөөдрийг хүртэл хууль ёсны өмчлөгч мөн. Орон сууцны урсгал зардал, СӨХ-оос тогтоосон төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Гэтэл нийтийн эзэмшлийн талбайд өөрийн эд хөрөнгөө аюулгүй байлгах гэж сар бүр СӨХ-нд харуул хамгаалалтын төлбөр төлдөг байтал Түмэн наст СӨХ нь үүргээ биелүүлэлгүй миний автомашиныг гэмтээж надад 300 000 төгрөгийн хохирол учруулсан. Тус СӨХ-нд учирсан хохирлоо сар бүрийн СӨХ-ны төлбөрөөс суутгуулан тооцож барагдуулах тухай амаар, бичгээр хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Иймд Т СӨХ нь үүргээ биелүүлээгүй, Г.М надад учирсан хохирлыг барагдуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Г.Мгоос дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 279 850 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нотариатын зардалд 2 700 төгрөг, нийт 282 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 841 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9 126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч Г.М нь уг орон сууцыг эзэмшиж ашигладаг эсэх талаараа маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно гэсэн дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас 157 150 төгрөг хэрэгсэхгүй болгосныг хянан үзээд тус СӨХ-ны нэхэмжлэлийн анхны шаардлага болох 439 700 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийн нэр буруу бичих зэрэг алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрийн үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.Мд холбогдуулж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 439 700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,Сууц өмчлөгчдийн холбооны гэрээгээр ажиллуулдаг харуул хамгаалалтын алба үүргээ гүйцэтгээгүйгээс зогсоол дээр байрлуулсан автомашинд минь 300 000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан ” гэж маргажээ. /хх-1-2, 12/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Хэрэгт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36В байр 47 тоот хаягт байршилтай, 37,9 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй боловч уг сууцны өмчлөгч нь Г.М гэдэгт хариуцагч маргаагүй. Түүнчлэн хариуцагч нь өмчлөгчийн хувьд сууц өмчлөгчдийн холбоонд тодорхой хэмжээний төлбөр хураамжийг төлөөгүй гэдгээ үгүйсгээгүй боловч зардлын тариф, төлбөл зохих зардлын хэмжээний хувьд маргажээ. /хх-16/
Нэхэмжлэгч “Т” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс шаардах эрхтэй боловч мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар зардлын хэмжээ, хураамж, төлбөрийн үнэ тариф нь хуульд нийцэж байгааг нотлох ёстой юм.
Хэргийн 27-29 дүгээр талд авагдсан “Т” СӨХ-ны 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд харуул хамгаалалтын зардлыг хурлаар хэлэлцсэн тухай бичигдсэн байх боловч нэг сууц өмчлөгчид ногдох харуул, хамгаалалтын зардлын хэмжээ хэд болох нь тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс үнэ тарифаа нэмэх болсон шалтгаан, албан ёсны тушаал, хурлын шийдвэрээ гаргахыг шаардсан. /хх13-р тал/ Харин нэхэмжлэгч нь “..,2018 оны 01 дүгээр сарын 22-ноос гүйцэтгэх захирлаар ажилласан. Энэ хугацаанд өмнө баримталж байсан тарифаар явсан. Хэрэв нэмэгдсэн гэж үзэж байгаа бол Г.М өөрөө нотлох үүрэгтэй” гэж тайлбарласан нь нотлох үүргийн хувиарлалтад нийцэхгүй юм. Сууц өмчлөгчдийн холбоо бүх гишүүдийн хурал, түүнээс гарсан шийдвэртэй холбоотой баримтыг эзэмшиж, хадгалж байгаагаас гадна харуул хамгаалалтын зардал, үнэ тарифаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй боловч уг үүргээ хэрэгжүүлж, нотолж чадаагүй гэж үзнэ./ хх 47,27-29/
Хэргийн 36-37 дугаар талд авагдсан, хэрэглэгч буюу өмчлөгчийн кодоор бичигдэн гарсан зардлын баримт дотор харуул хамгаалалттай холбоотой зардлын заалт, хэмжээ байхгүй, анхан шатны шүүхээс энэ баримтыг хэргийн 7 дугаар талд авагдсан баримттай харьцуулан үнэлээгүй байна. Иймд үнэ тариф тогтоосон нь тодорхойгүй, нотлогдоогүй нийт 140 000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл нийт 10 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулахаар заасан.
Гэтэл нэхэмжлэлээр шаардсан, хариуцагчийн зардлаа төлөөгүй хугацаа нь 15 сар байгааг анхаараагүйгээс гадна уг 15 сарын хугацаанд ногдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг хариуцагч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй, уг зардлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардсан 439 700 төгрөгөөс 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож ,үлдэх 299 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэн тооцооны алдааг залруулж болно.
Мөн анхан шатны шүүх нотариатын зардал 2 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар заахдаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг буюу хохирлын тодорхойлолтыг баримталж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлснээс гарсан зардлыг шаардаж байгаа бол уг шаардах эрхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зохицуулжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн нэрийг буруу бичсэнийг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” гэснийг “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” гэж “157 150” гэснийг “140 000” гэж, 2 дах заалтын “9 126” гэснийг “9 641” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 841 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД