Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0077

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Г.Т

Шүүгдэгч                                                       Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Г, М.М

Нарийн бичгийн дарга                             О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Дид холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Б-н Д,

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвец”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ш овогт Бн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 25.50 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Т эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...” тус тус заасан байхад хохирол учраагүй, хор уршиг арилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Харин материаллаг, эсхүл өртгөөр үнэлэгдэх хэлбэрээр хохирол, хор уршгийг тодорхойлох нь хууль зүйн хувьд алдаатай болно.

Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нар хариу тайлбартаа:

 

... Б.Дийн холбогдсон Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл нь хөнгөн гэмт хэрэгт хэрэглэхээр зохицуулсан байх ба 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэхгүй байх нөхцөлийг 7.1 дүгээр зүйлийн 2.т заасан Б.Дийн холбогдсон хэрэг нь хуулийн энэхүү зүйл хэсэгт хамаарахааргүй.

Тодруулбал: Б.Дид анхан шатны шүүхээс 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлд хамаарахааргүй байна.

Прокурор анхан шатны шүүх хурал дээр эсэргүүцэлд дурдсан хохирол, хор уршиг, үр дагавраа тайлбарлаагүй. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасныг прокурор эсэргүүцэл бичихдээ дурдаагүй нь ойлгомжгүй байна.

Прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5/276 дугаартай яллах дүгнэлт түүний хавсралтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.10 дугаар зүйлийн 5, 5.3 дахь хэсэгт заасан хохирол хор уршгийн талаарх мэдээлэл тусгагдаагүй атлаа Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолыг хохирол хор уршгийн асуудалд дүгнэлт хийгээгүй гэх гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Прокурор нь гэмт хэргийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан хохирол төлбөр төлөгдсөн эсэх асуудлыг заавал тусгах учиртай байтал энэ талаар тусгаагүй бөгөөд анхан шатны шүүх хурал дээр эсэргүүцэлд дурдсан асуудлаар мэтгэлзээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй. Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг 1 удаа үйлдсэн хүн бүрд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой.

Дээр дурдсанаар Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/27 дугаартай эсэргүүцэл нь үндэслэлгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ:  Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                       

            Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Дид холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд

 

            Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвец”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,   анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.

           

            Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулагдсан.

 

             Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэнээр төгсдөг, хор уршиг  учирсан байхыг заавал шаардахгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2.д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

           Хэдийгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь Монгол улсын үндэсний эрх ашиг, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол аюул учруулж байдаг боловч хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийг хөнгөн ангиллын гэмт хэрэг байхаар хуульчилжээ.

 

           Шүүгдэгч Б.Дид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй байна гэж үзэх үндэслэл энэ гэмт хэргийн хувьд тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэг, болон яллах дүгнэлтийн хавсралтандаа  эсэргүүцэлд дурдсан хор уршиг хохирлын талаар тайлбарлаж мэтгэлцээгүй байх тул  прокурорын ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.ЦЭЦЭГМАА