Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/198

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дид холбогдох эрүүгийн 1925004950332 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Д,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Дийг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр салаад солонгос явчихсан. Хоёр хүүхэдтэйгээ хамт Дархан-Уул аймагт оршин сууна. Би эхнэртэйгээ муудалцаж гараад их хэмжээгээр архи ууж, их согтсон байсан учир тэр өвсийг хаанаас авсан яаж хэрэглэснээ санахгүй байгаа юм. Миний буруу” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Гэрч Н.М-тын “...2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад гаднаас замын цагдаа зохицуулагч, цагдаагийн а/а Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр Б.Дийг хүргэж ирсэн. Т Б.Дийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийж биед нь байсан эд зүйлийг ширээн дээр гаргаж тавьсан. Би эд зүйл, баримт бичиг хураан авах тэмдэглэл хөтөлсөн.  Биед нь цагаан металь гинж, цагаан металь ээмэг 1 хос, цагаан металл бөгж 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, түлхүүр 5 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, өмдний бүс 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гарч ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 18-р хуудас/

 

2. Гэрч Х.Т-хын “...согтуу жолооч осол гаргасан байна гэсэн дуудлагын дагуу 3-3 дугаар байрны гадна очиж машиныг нь ачуулаад жолоочийг нь эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэж өгсөн. Эрүүлжүүлэх байрны цагдаагийн хамт биед нь үзлэг хийхэд, өмдний ар талын халааснаас ууттай өвс мэт зүйл гарч ирснийг эрүүлжүүлэх байрны цагдаа Мөнхбат хүлээн авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4225 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн “Болдын Б.Д ФБ96032131, 2019.07.13” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол илрэв” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4224 дугаартай ...“Шинжилгээнд ирүүлсэн “Орхон аймаг дахь цагдаагийн газар “Ургамал” 25.50 гр” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

 

5. Б.Дийн биенээс хурааж авсан эд зүйлд үздэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-р хуудас/

 

6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 12-14 хуудас/

7. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 646 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 64-65-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна. Үүнд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М, Т нарын мэдүүлэг, 4225, 24 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.50 грамм ургамлыг устгуулж, CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй гэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ: “Б.Д нь гэм буруугийн тал дээр маргадаггүй тул улсын яллагчтай маргаж мэтгэлцэх зүйлгүй. Миний үйлчлүүлэгч уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон бага насны хоёр ихэр хүүхэдтэй. Эхнэр нь Солонгос улсад байдаг ба шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож байгаа. Энэ хэрэгт прокурорын зүгээс Б.Дийг хэнээс уг өвсийг авсан болохоо хэлэхгүй байна гэж буруутгадаг. Гэмт хэргийн шинж, нотолбол зохих үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурор, мөрдөгч нар хүлээдэг. Яллагдагчаар хэн нэгэн хүний нэр заалгаж түүнээс авсан гэж хэлүүлэх зорилгоор энэ хэрэг улсын дээд шүүх рүү хоёр удаа яваад ирсэн. Хэрэг гарсан байдал нь тухайн согтууруулах ундаа хэрэглэж эрүүл ухаан санаагаар дүгнэлт хийх боломжгүй болчихсон байсан. Уг байдлаас болж хэнээс уг өвсийг авснаа санадаггүй. Санахгүй байгааг нь хүндрүүлэх нөхцөл байдал гэж харж болохгүй. Энэ гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай хөнгөн гэмт хэрэг юм. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 07 дугаар зүйлд хорих ялыг Зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалт байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд Б.Дийн холбогдсон хэрэгт хорих ялыг Зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалт байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасан ба ганцхан Б.Д хорих ял эдэлж бусад хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэж тусгаарлаж болохгүй. Б.Дийн холбогдсон хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх саналтай байна. Улсын яллагч шүүгдэгчийг цагдан хоригдсон хоноггүй гэж тайлбарлаж байна. Б.Д нь 24 хоног цагдан хоригдсон. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй” гэв.

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.М-тын “2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад гаднаас замын цагдаа зохицуулагч, цагдаагийн а/а Төрбадрах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр Б.Дийг хүргэж ирсэн. Төрбадрах Б.Дийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийж биед нь байсан эд зүйлийг ширээн дээр гаргаж тавьсан. Би эд зүйл, баримт бичиг хураан авах тэмдэглэл хөтөлсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Т-хын “согтуу жолооч осол гаргасан байна гэсэн дуудлагын дагуу 3-3 дугаар байрны гадна очиж машиныг нь ачуулаад жолоочийг нь эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэж өгсөн. Эрүүлжүүлэх байрны цагдаагийн хамт биед нь үзлэг хийхэд, өмдний ар талын халааснаас ууттай өвс мэт зүйл гарч ирснийг эрүүлжүүлэх байрны цагдаа Мөнхбат хүлээн авч байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4225 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4224 дугаартай дүгнэлт, Б.Дийн биенээс хурааж авсан эд зүйлд үздэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 646 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Дийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

                   Шүүгдэгч Б.Дид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Б.Дийн үйлдсэн гэмт хэрэг хамаарч байх тул түүнд оногдуулсан  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.

                   Шүүгдэгч Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 24 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25.50 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хамт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасч, 1 жил 5 сарын 6 хоногийн хугацаагаар Дархан-уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтуурах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг 1 жил 5 сарын 6 хоногийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл тогтоосон хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4,5,6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дархан-уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 25.50 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС