Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 











 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Ц.Л 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, М.М

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1925004950332 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д

 

Орхон аймгийн прокуророос, шүүгдэгч Б.Днь 2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-н мэдүүлсэн, хэргийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна.Тухайн үед архи ууж согтуурсан байсан.Эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Кармаанаас ууттай өвс гарсан байдаг. Эхнэртэй маргаж гэрээс гарч ганцаараа архи уусан. Тэр өвсийг хаанаас авснаа, яаж хэрэглэснээ санадаггүй. Урьд нь хэрэглэж байгаагүй, анх удаа ийм юм болсон. 2020 оны 1 сард эхнэр хүүхдийн хамт Солонгос явсан. Хэргээ дээд шүүхэд хянагдаж байгааг мэдээгүй. 2 настай 2 ихэр хүүхдийн хамт 6 дугаар сарын 11-нд Монголд буцаж ирсэн. 12 дугаар сарын 14-нд Дарханаас цагдаад баривчлагдсан. Эхнэр Солонгост үлдсэн. 2 хүүхэд харж асрах хүнгүй одоогоор айлд түр байна. Амьдралдаа алдсандаа маш их харамсаж байна. Үнэхээр хэцүү байна. 2 хүүхдийнхээ төлөө л амьдрах ганцхан хүсэл байна гэх мэдүүлэг, 

 

-Гэрч Н.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад гаднаас замын цагдаа зохицуулагч, цагдаагийн а/а Төрбадрах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр Даваадоржийг хүргэж ирсэн. Төрбадрах Даваадоржийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийж биед нь байсан эд зүйлийг ширээн дээр гаргаж тавьсан. Би эд зүйл, баримт бичиг хураан авах тэмдэглэл хөтөлсөн.  Биед нь цагаан металь гинж, цагаан металь ээмэг 1 хос, цагаан металл бөгж 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, түлхүүр 5 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, өмдний бүс 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гарч ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 18-р хуудас/ 

 

-Гэрч Х.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...согтуу жолооч осол гаргасан байна гэсэн дуудлагын дагуу 3-3 дугаар байрны гадна очиж машиныг нь ачуулаад жолоочийг нь эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэж өгсөн. Эрүүлжүүлэх байрны цагдаагийн хамт биед нь үзлэг хийхэд, өмдний ар талын халааснаас ууттай өвс мэт зүйл гарч ирснийг эрүүлжүүлэх байрны цагдаа Мөнхбат хүлээн авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4225 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Д, 2019.07.13” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол илрэв” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4224 дугаартай ...“Шинжилгээнд ирүүлсэн “Орхон аймаг дахь цагдаагийн газар “Ургамал” 25.50 гр” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

 

-Б.Д-н биенээс хурааж авсан эд зүйлд үздэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-р хуудас/

 

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 12-14 хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 646 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр саатуулагдах үед эрх бүхий албан тушаалтнуудаас биед нь хийсэн үзлэгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт  бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох 25,50 гр өвсийг биедээ хадгалж явсан болох нь илэрчээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Б.Д мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, биедээ хууль бусаар хадгалсан болох нь авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Б.Даваадорж нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн... 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4225 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Болдын Даваадорж ФБ96032131, 2019.07.13” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол илрэв” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4224 дугаартай ...“Шинжилгээнд ирүүлсэн “Орхон аймаг дахь цагдаагийн газар “Ургамал” 25.50 гр” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрч Н.Мөнхбат, Х.Төрбадрах нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжтэй, санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгчийн үйлдэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон ба хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдсөн байдал тогтоогдоогүй. 

 

Шүүгдэгч Б.Д нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан нь Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг ойлголтын тухайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.

 

Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг, 3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий  ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 13.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно” гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Б.Д-н Эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай үйлдлийг санаатай хийсэн гэм буруутай үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “их согтуу байсан яагаад тэр өвс мэт зүйл надад байсныг санахгүй байгаа “гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.   

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1жил 6 сарын хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд, шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Тухайн үед өндөр согтолттой байсан. Яллагдагчийн өөрөө эх сурвалжаа хэлэхгүй байна гэж буруутгаж болохгүй. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэр бүлийн нөхцөл байдал хүнд байгаа. Эхнэр Солонгост, бага насны 2 хүүхэд айлд байна. Хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатай. Мөн үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ үү гэж мэтгэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал,шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн  зэргийг харгалзахын зэрэгцээ, шүүгдэгчийн асрамжид нь 2018 оны 3 дугаар сард төрсөн бага насны /02/ 2 ихэр хүүхэд өөр асрах хүнгүй байгаа онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

 

Дээрхи нөхцөл байдал нь гэрч Норжмаагийн мэдүүлэг, ам бүлийн тодорхойлолт, Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүсэлт, Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүсэлт, 2 хүүхдийн амьдарч буй гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрэл зураг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 25.50 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 1 /нэг/ жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Да-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадоржийн цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

    6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 25.50 гр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 





 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ