Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2017/02155

 

 

 

 

2017 оны 11 сарын 10 өдөр             Дугаар 182/ШШ2017/02155        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: “Т” ХХК 

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, урамшуулал гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Х.М, гэрч Х, Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Днар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2006 оны 09 сарын 25-ны өдөр Зоос банкинд анх теллерээр ажилд орсон. Монгол банкны шийдвэрээр Зоос банкыг татан буулгаж, 2009 оны 11 сарын 25-ны өдөр Т ХХК-ийг үүсгэн байгуулахад теллерээр шилжин ажиллаж байсан. Тус банкинд нийт 11 жил ажиллахдаа теллер, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч, борлуулалтын ажилтан, харилцааны менежер, харилцааны ахлах менежерээр үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Гэтэл Тны гүйцэтгэх захирал 2017 оны 07 сарын 03-ны өдрийн Б/941 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж буруутгаж 2017 оны 07 сарын 03-ны өдрөөс ажлаас халсан болно. Т ХХК-ийн “Нууцын зэрэглэлтэй зээлийн дэд хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн дэд хорооны хурлын үеэр гишүүдийн гаргасан санал болон хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудлын нууцлалыг задруулсан” гэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь: Ажлын байрны тодорхойлтонд заасан Зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, түүнээс хамгаалах арга замыг тодорхойлж зээлийн чанартай багц бүрдүүлэх, Тны Ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/30 тоот тушаалын хавсралт 1-ээр баталсан Тны зээлийн үйл ажиллагааны журмын дөрөвдүгээр бүлэг Зээлийн эрсдэлийн удирдлага, зээлийн хяналт хэсгийн 20 дугаар зүйлийн 20.3.1-дэх “Зээлийн ажилтан нь зээл олгосон өдрөөс эхлэн зээл, зээлийн хүү төлөгдөж дуустал байнга хяналт тавьж, зээлд учирч болзошгүй аливаа эрсдэлийг урьдчилан харах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллана. Хяналт тавих явцдаа мэргэжлийн газрын захирал, мэргэжилтэн нараас зөвлөгөө авч хамтран ажиллана” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэн өдөр тутам мөрдөн ажиллаж ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн эрсдэлийн хорооны 2017 оны 03 сарын хурал дээр зээлдэгч Б.Хий орон сууцны ипотекийн зээлийн талаар мэдээлэл хийж уг зээлийн авах арга хэмжээг хэлэлцүүлэн зээлийг эрсдэл багатай барагдуулахад байнга хяналт тавьж ажиллаж ирсэн боловч тодорхой үр дүн гарахгүй байгааг танилцуулсан. Уг эрсдлийн хорооны хуралд Чингэлтэй дүүргийн салбарын захирал Н.О, ТАХэлтсийн хуульч Э, УБЗХ-ын мэргэжилтэн О, Хараа тооцооны төвийн захирал Б.Э болон нэхэмжлэгч нар оролцсон бөгөөд уг хурлаас Б.Хий зээлийг эрсдэл багатай шийдвэрлэх ямар бололцоо байгааг судлах шийдвэр гарсан юм. Энэ хурлын дараа 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч Б.Хийг Тны Улаанбаатарын Газрын Зээлийн хэлтсийн захирал Н.Ц, Зээлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.О нар дуудаж уулзсан. Энэ нь хурлын тэмдэглэлээр батлагдана. Энэ уулзалтаар зээлдэгч Б.Хтэй зээлийн нөхцөл байдал, худалдах боломжтой үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авагч нарт зээл олгох замаар шийдвэрлэх боломжтой талаар ярилцан хамтран ажиллах талаар санал тавьсан. Банкны саналыг зээлдэгч Б.Х хүлээн авч урьдчилгаа төлбөрт барьцаалсан Хан-Уул дүүргийн, 1-р хороо, 19-р хороолол, Эрэл 45/1 байр, 2 тоотод байрлах 61,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Таар дамжуулан зарахаар болсон байдаг. Д.О гэгч нь Б.Хий орон сууцыг худалдах авах болж гэрээ хийгдсэн.

Б.Х орон сууц худалдан авагч болох Д.Оыг банктай уулзуулсан, холбогдох журмын дагуу материалыг бүрдүүлэн, банкнаас тавьсан саналын дагуу үүргээ биелүүлэх үүднээс Д.Оын зээлийг Банкны зээлийн дэд хорооны 2017 оны 05-р сарын 24-ний өдрийн хурлаар Д.От орон сууц худалдан авахад, зээл олгох асуудлыг хэлэлцүүлэхэд орон сууц худалдан авах 117.230.000 төгрөгийн 30 хувийг банкинд байршуулж, үлдэх төлбөр буюу 79.400.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэгдсэн болно. Тус хурлаар 79.400.000 төгрөгийн зээл олгохоор болсон боловч нөгөө талаараа зээлдэгч Б.Хий худалдан борлуулсан орон сууцны нийт үнийн дүн болох 117.230.000 төгрөгөөр Б.Хий орон сууцны зээлийн үлдэгдлээс хасах шийдвэр давхар гарсан болно. Уг шийдвэр нь зээлдэгч Б.Хий орон сууцны ипотекийн зээлтэй болон түүний барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байсан учир, эхлээд зээлдэгч Б.Хд мэдэгдэж зөвшөөрөл авах, зээлдэгч Б.Х тус шийдвэрийг зөвшөөрвөл зээл хүсэгч Д.От хэлэх шаардлагатай болсон. Эдгээр алхмын дагуу зээлдэгч Б.Хтэй утсаар холбогдон Д.От 79.400.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зээл олгохоор болсон, мөн орон сууц худалдан борлуулж буй нийт дүн болох 117.230.000 төгрөгөөр таны орон сууцны ипотекийн зээлээс хорогдуулах шийдвэр гарсан тухай хэлсэн. Энэ шийдвэрийг зөвшөөрч байвал үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээ Д.От шилжүүлнэ гэж утсаар хэлж мэдэгдсэн. Зээлдэгч Б.Хд өөрт нь холбогдох зээлийн төлөлттэй холбогдсон хурлын шийдвэрийг хэлсэн асуудлыг нь ажил үүрэгтэй холбоотой хүлээсэн үүрэгт ажил байсан тул нууц задруулсан хэмээн буруутгаж буйд гомдолтой байна.

Гэтэл удалгүй харилцагч Б.Х тооцооны төв дээр ирж уулзаад танай дарга нар 2017 оны 03-р сарын 29-ний өдөр намайг дуудан уулзахдаа барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсаны үнээс 60.000.000-70.000.000 төгрөгөөр миний зээлийг төлөх, сүүлийн 3-н сарын зээл, зээлийн хүүг битүүмжлүүлэх талаар тавьсан миний саналыг хүлээн авч харилцан тохиролцсоны дагуу би Д.От барьцааны хөрөнгөө худалдсан. Гэтэл 100 хувь зээлийг хаах шийдвэр гаргасанд гомдолтой байна, ярьсан ярианаас өөр шийдвэр гарсан талаар УБЗХ-ны мэргэжилтэн Ж.Отай утсаар ярьсан. Тэгээд мэргэжилтэн Ж.О УБЗДХ-ны шийдвэрийг зөвшөөрөхгүй байвал орон сууцаа зарахгүй байж болно, мөн гомдолтой бол холбогдох газарт өргөдөл бичиж өгч болно гэж хэлсний дагуу өргөдөлөө бичиж надад өгөх гэхээр нь би өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрхгүй, манай удирдлагад ханд гэж явуулсан. Нэхэмжлэгч ажил үүргийн хувьд хүлээсэн үүргээ гүйцэтгэн Б.Хд хурлын шийдвэрийн түүнд холбогдох шийдвэрийг хэлснээс хурал дээр хэн хэн оролцсон, ямар санал хэн  гаргасан гэх мэт зүйлийг огт хэлж мэдээлээгүй тул үндэслэлгүй буруутгаж байна.

Мөн Т ХХК-ийн “Харилцагч бус Б.Хд хурлын шийдвэр задруулсан” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Зээлдэгч Б.Х нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 26/05 тоот зээлийн гэрээгээр 199.950.000 төгрөгийг, 20 жилийн хугацаатай, 8 хувиар зээлж зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Тны харилцагч болсон юм. Зээлдэгч Б.Х, зээл хүсэгч Д.О нарын зээлийн асуудал нь өөр хоорондоо холбоотой зээлүүд байсан. 117.230.000 нь Б.Хий худалдсан орон сууцны нийт үнэ байсан юм.

Б.Оийг камерийн бичлэгээр буруутгаж байгаатай санал нийлэхгүй байна. Камерын бичлэгээр Б.Оийг Б.Хтэй хамт гарсан гэж буруутгаж байгаа боловч яах гэж гарсан талаар өнөөдрийг хүртэл банкнаас хэн ч тодруулаагүй. Уг нь Монгол улсад мөрдөгдөж байгаа Захиргааны Ерөнхий хуулийн дагуу “сонсох үйл ажиллагаа” явуулж мэдэгдэл өгч, хариу тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох байсан. Нэхэмжлэгчийн ажлын өрөөнд 4 хүн хамт суудаг тул тэдний хажууд ярилгүй гарч ярьсан, Б.Х УБЗХ-ын мэргэжилтэн Ж.Отай утсаар ярьсан. Өмнө тохиролцож байсан зээл төлбөр хасагдах хэмжээ өөрчлөгдөж Б.Х миний гар дээр огт мөнгө ирэхгүй болж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч дэд хорооны шийдвэрээ дахин хянаж, хүсэлтийг хангах талаар бодолцоно уу гэсэн өргөдлийг шалгах байтал эсрэгээрээ харилцааны ахлах менежер Б.Оийг шалгаж үндэслэлгүй ажлаас халсан.

Хянан шалгагч С.Б нь 2017 оны 06 сарын 14-ний 17/А/071 дугаартай илтгэх хуудсандаа “3ээлийн дэд хорооны хурлын дарга, гишүүдийн гаргасан санал, ярианы нууцлалыг зээлдэгч Б.Хд задруулсан” гэж дүгнэснээ баталсан баримтыг дурьдаагүй. Уг нь хэн гэдэг дарга, хэдэн гишүүний ямар санал, ямар ярианы нууцлалыг хэрхэн яаж задруулсанг баримтаар нотлох ёстой байсан ч нотолж чадаагүй. Мөн нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарьт нэн тэргүүнд тавигддаг үндсэн үүрэгт “Чанартай багц” бүрдүүлэх байдаг, энэ талаар хийсэн ажлуудыг огт дурьдаагүй. Түүнчлэн Б.Х орон сууцны зээлээ төлж чадахгүй ангилал буурч, зээлээ төлөх сонирхолгүй болоход хүрвэл банкинд ямар эрсдэл учирч болохыг илтгэх хуудсандаа дурьдаагүй нь зөвхөн нэг талыг барьж Б.Оийг ажлаас халах чиглэл барьж шалгасанг нотолдог юм. Эндээс  харахад хөдөлмөрийн гэрээний 7.4.2, Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2 дахь “Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон байх” гэх заалт хэрэгжээгүй гэж үзэж байна.

Б.Оийг ажлаас халах шалтгааны нэг болгож “Б.Хий нэр дээрх орон сууцны ипотекийн зээлийг МИК-д худалдсан төлөвтэй болсон байхад худалдаагүй гэх мэдээллийг хорооны дарга, гишүүдэд танилцуулж удирдлагыг худал мэдээллээр хангасан” гэж буруутгаж буйг зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн 2013 оны 05-р сарын 30-ны өдрийн 200 тоот тогтоолоор батлагдсан “орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын 3-р бүлгийн 3.2.5 дахь “Монгол Банкнаас баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх зээлдэгчид тавих шалгуурыг зээлдэгч Б.Х нь мөнгө байхгүй гэсэн шалтгаан зааж хангаагүй, орон сууцны болон амь насны даатгалын сунгалт хийлгээгүй ганцаараа үлдэж байсан.

Мөн Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн 295 тоот тушаалаар “Орон сууцны Ипотекийн санхүүжилтын журам”-ыг баталсан. Уг журмын 2.5.5 дахь “Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах” гэсэн заалтаар Б.Х даатгалд хамрагдаагүй, худалдах шалгуур хангаагүй байсан тул худалдагдаагүй гэж хэлсэн. Ингэж хэлснээр банкинд ямар нэгэн хохирол учраагүй төдийгүй хууль, журмыг зөрчин Хий зээлийг МИК-д худалдах багцад хамруулсан нь буруу байсан.

Б.О нь банкны системд болон Тинд 2017 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэл 12 жил ажиллахдаа 1021 зээлдэгчийн 52 тэрбум төгрөгийн зээлийн багц, 4 харилцааны менежерийг хариуцан ажиллаж байсан. Хараа тооцооны төвийн 1021 зээлдэгчийн 52 тэрбум төгрөгийн зээлд зөвхөн 1 хүний зээл хугацаа хэтэрсэн, 1020 зээлдэгчийн зээл хэвийн ангилалтай байсан нь хариуцсан ажилдаа хариуцлага санаачлагатай, үнэнч шударга сайн ажиллаж ирснийг батална. Иймд Б.Оийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн 1, 2 дугаар улирлын урамшууллыг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тны гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/941 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Тны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.28.2, 5.28.26, Б.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.27-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.26, хөдөлмөрийн гэрээний 7.4.27-д “банкны нууцлалын зэрэгтэй материалыг алдаж үрэгдүүлсэн, нууцлалыг задруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг ... бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг... ажилтанд хориглоно”, Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “байгууллага өөрөө нууцаа тогтооно” 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт “байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна”, “байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө”, “байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй” гэж заасан хууль зүйн үндэслэлийн хүрээнд Т нь холбогдох дотоод дүрэм, журмаар байгууллагынхаа нууц, түүнийг хамгаалах журмыг тогтоосон байдаг. Тухайлбал: Зээлийн хорооны хурлын үеэр банкны харилцагчийн эдийн засгийн нууцтай холбоотой мэдээлэл яригддаг учраас уг нууцыг хамгаалах, харилцагч зээлийн хорооны шийдвэр, зээлийн хорооны гишүүдийн саналд хөндлөнгөөс нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Тны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.1.2-т “Зээлийн хороодын гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэж заасан. Мөн Тны “Нууцын заавар”-ын 1.3-т “банк түүний харилцагчийн бүх нууц мэдээллийг банкны нууц гэнэ”, 1.3.2-т “нууцын зэрэглэлтэй баримт бичиг гэж энэ зааврын хавсралтаар баталсан “маш нууц”, “нууц” зэрэглэл бүхий жагсаалтыг ойлгоно” гэж, хавсралт буюу “Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт”-д “Зээлийн дэд хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл нууцын зэрэглэлтэй байна” гэж заасан байдаг. Дээр дурдсанаар Тны зээлийн дэд хорооны хурлын үеэр гишүүдийн гаргасан санал болон хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудал нь Тны хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан байгууллагын нууц бөгөөд банкны ажилтан түүнийг задруулах нь холбогдох хууль тогтоомж, Тны Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил юм. Улаанбаатарын зээлийн дэд хорооны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 40/07 дугаар шийдвэрээр харилцагч Д.Оын 79.400.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд энэ нь хурлаар хэлэлцэх үндсэн асуудал юм. Хурлаар харилцагч Д.От 79.400.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тны зээлийн үйл ажиллагааны журмын 17 дугаар зүйлийн 17.1.1-д “зээлийн хорооны шийдвэрийг харилцагчид танилцуулна” гэж заасан. Энэ зүйлд заасан “харилцагч” гэдэг нь тухайн зээлийн хорооны хурлаар хүсэлтийг нь хэлэлцсэн зээл хүссэн этгээд буюу Д.О юм. Харин “шийдвэр” гэдэг нь “Д.От 79.400.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгох тухай” зээлийн дэд хорооны шийдвэр юм. Гэтэл харилцааны ахлах менежер Б.О нь зээлийн дэд хорооны шийдвэрийг харилцагч бус Б.Хд мэдэгдсэн байдаг. Мөн хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудал буюу Д.Оын зээлээр Б.Хий 2016 оны 04 дүгээр сард зээлсэн 199.000.000 төгрөгийн орон сууцны зээлийг төлүүлэх асуудлын талаар хэлэлцсэнийг харилцааны ахлах менежер Б.О нь Б.Хд нэг бүрчлэн хэлсэн байдаг. Д.Оын зээлээр Б.Хий зээлийг төлүүлэх эсэх асуудал бол Д.От зээл олгох эсэх үндсэн асуудлын хажуугаар хэлэлцсэн бусад асуудал буюу Тны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.2.1-д заасан “зээлийн хорооны гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэсэнд хамаарах хурлын бусад мэдээлэл юм. Иймд Б.Оийг Улаанбаатарын зээлийн дэд хорооны хурлаар хэлэлцсэн бусад асуудлыг харилцагч бус этгээдэд задруулсан буюу байгууллагын нууц, банкны нууц мэдээллийг бусдад задруулж Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.26, Хөдөлмөрийн гэрээний 7.4.27-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.

Б.О нь байгууллагын нууцыг задруулсан гэдэг нь дараах баримтаар нотлогддог. Үүнд: Б.Оийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн тайлбарт: “... 2017 оны 05 дугаар сарын дундуур иргэн Отгонбаатар гэх хүнийг надтай уулзуулсан. Анхны ярилцлагаар орон сууцны ипотекийн зээлийн шалгуур хангаж байсан тул өргөдлийг хүлээн авч, Ерөнхий захирлаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цохолт хийлгэж авсан. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын зээлийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр зээлийн материалыг авч орсон. Улаанбаатарын зээлийн дэд хорооны хурлаас гарч ирээд зээлдэгч Б.Хд хурлын шийдвэрийг хэлсэн. ...” хурлын шийдвэрээр орон сууцыг худалдаж байгаа нийт дүнгээр буюу 117.230.000 төгрөгийн зээл төлөх шийдвэр гарсан. ...зөвшөөрч байвал гэрчилгээг сольж гэрээ байгуулан зээлийг авч болно гэж хэлсэн ” гэж, Б.Оюун- Эрдэнийн Хяналт, шалгалтын газарт гаргасан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тайлбарт “...Д.Оын хурлын шийдвэр 2017 оны 05 сарын 24-ний өдөр гарсан. Түүний байр зарж байгаа хүнд нь 2017 оны 05 сарын 24-ний өдөр хэлсэн. Шийдвэр бичгээр 2017 оны 05 сарын 25-ны өдөр ирсэн. Шийдвэр гаргаж байхад би өөрөө байсан. Зээл олгох шийдвэр 117.230.000 төгрөг төлөгдөхөөр болсон гэдгийг хэлсэн” гэсэн байдаг.

Мөн Б.О нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын зээлийн дэд хорооны хуралд харилцагч Д.Оын зээлийг 15 цаг 38 минутад танилцуулж дуусаад 16 цаг 15 минутад Хараа тооцооны төвд очсон байдаг. Түүнээс хойш 21 минутын дараа буюу 16 цаг 36 минутад Б.Х нь хараа тооцооны төврүү орж харилцааны ахлах менежер Б.Отэй уулзаж 16 цаг 42 минутад хамт гарч явсан байна. Мөн 17 цаг 01 минутад Хараа тооцооны төвд харилцагч Б.Х, харилцааны ахлах менежер Б.О нар нь хамт буцаж орж ирсэн бөгөөд орж ирснээс хойш 32 минутын дараа 17 цаг 33 минутад Б.Х нь Хараа тооцооны төвөөс гарч яваа нь Хараа тооцооны төвийн тус өдрийн камерийн бичлэгт хадгалагдсан байдаг. Улмаар харилцагч Б.Х нь 17 цаг 58 минутад Тны төв байранд ирж ресепшн Б.Од бичиг баримтаа үзүүлж нэвтрэх үнэмлэх авч эрсдэл хариуцсан дэд захирал Б.Дтай уулзах бүртгэл хийлгэсэн байгаа нь Төв байрны камерийн бичлэг болон ресепшний бүртгэлээр тус тус нотлогддог. Улмаар 18 цаг 13 минутад Эрсдэл хариуцсан дэд захирал Б.Дын өрөөнд орж өргөдөл өгөхдөө Улаанбаатарын зээлийн дэд хорооны хуралд гишүүдийн ярьсан яриа, хэлсэн үг, саналыг маш сайн мэдэж байсан ба дэд захирал Б.Дын саналыг эсэргүүцэж, дараагийн хурлаар миний асуудлыг шийдвэрлэнэ биздээ, миний бизнесийг дэмжээрэй гэх мэтээр шийдвэр гаргахад нөлөөлөх санаатай харилцааг үүсгэсэн байдаг. Харилцагчийн хувьд зээлийн дэд хорооны хуралд ямар гишүүд орсон талаар мэдэх боломж байдаггүй бөгөөд 117.230.000 төгрөгийг 100 хувь үндсэн зээлээс хасуулахаар санал гаргасан зээлийн хорооны гишүүн Б.Дт энэхүү хүсэлтийг гаргасан байгаагаас үзвэл Б.О нь дээрх хугацаанд зээлийн хорооны гишүүд ямар санал гаргасныг Б.Хд хэлсэн гэж үзэж байгаа юм.

Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, хөдөлмөрийн гэрээний 7.4.2-д “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан.

Б.Хий 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдлийн дагуу Тны хяналт шалгалтын газраас холбогдох шалгалт хийхэд Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежер Б.О нь Зээлийн хорооны ажиллах журам”-ын 8.2.2-д заасан “зээлийн хорооны хуралд оролцсон ажилтан хорооны хурал дээр гишүүний гаргасан санал, хэлсэн үг, ярианы нууцлалыг зээлдэгчид задруулахыг хориглоно”, “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 8.2.2ё-д заасан “зээлтэй холбоотой мэдээ тайлан, зээлийн эргэн төлөлт зэргийг санаатай буюу санамсаргүй буруу, дутуу хийх, засварлах, ангилагдсан зээлийг мэдээлэхгүй нуун дарагдуулах зэргээр удирдлагыг хуурамч мэдээллээр хангахыг хориглоно”, 17.1.2-т заасан “зээлийн хорооны гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэснийг зөрчсөн. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын зээлийн дэд хорооны хуралд “Д.От 79.400.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгох орон сууцны ипотекийн зээл”-ийн хүсэлтийг танилцуулж ажиллахдаа Б.Хий нэр дээрх зээл 2017 оны 05 сарын 24-ний өдрийн байдлаар МИК-д худалдагдсан байхад “худалдагдаагүй” гэх мэдээллийг хорооны дарга гишүүдэд танилцуулж, удирдлагыг худал мэдээллээр хангасан, Тны “Ёс зүйн дүрэм”-д “... энэ дүрэм болон бусад дүрэм журамд өөрөөр заагаагүй бол шууд ба шууд бусаар байгууллагын нууц мэдээллийг хэн нэгэнд өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь илэрсэн тул ажлаас халах тушаал гаргасан. Дээр дурдсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүнтэй холбоотой шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалт цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх Б.Д, Б.Х нарыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, нийгмийн даатгалын дэвтэр, хянан шалгагчийн илтгэх хуудас, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал, Улаанбаатарын зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, Төрийн банкны нууцын заавар, ёс зүйн дүрэм, зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн хорооны ажиллах журам, ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний журам, теллерийн системийн багц журам, Хараа тооцооны төвийн хурлын шийдвэр, орон сууцны гэрчилгээний хуулбар, Б.Х, Д.О нарын Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.Хий Тнаас авсан зээлийн талаарх зээлийн болон барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь, зээл төлөлт хийсэн дансны хуулга, зээлийн эрсдэлийн дүгнэлт, Хараа тооцооны төвийн харилцагч Б.Хтэй уулзсан тэмдэглэл, Б.Оийн төрийн банк дахь цалингийн дансны хуулга, Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газрын албан бичиг, Тны улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад             

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.О хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Б.О нь Т ХХК-д Чингэлтэй дүүрэг салбарын харъяа Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад Тны гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/941 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан, тухайлбар, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатарын зээлийн дэд хорооны хуралд оролцож байхдаа зээлдэгч Б.Хий нэр дээрх орон сууцны ипотекийн зээлийг тухайн өдрийн байдлаар МИК-д худалдагдсан төлөвтэй болсон байхад худалдагдаагүй гэх мэдээллийг хорооны дарга, гишүүдэд танилцуулж, удирдлагыг худал мэдээллээр хангасан, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатарын зээлийн дэд хорооны дарга, гишүүний гаргасан санал, хэлсэн үг, ярианы нууцлалыг харилцагч Б.Хд задруулсан  зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Тушаалд мөн Тны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.28.2 болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоосон”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.28.26, хөдөлмөрийн гэрээний 7.4.27-д заасан “банкны нууцлалын зэрэгтэй материалыг алдаж үрэгдүүлсэн, нууцлалыг задруулсан” гэдгийг үндэслэжээ.

 

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг ... бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг... ажилтанд хориглоно”, Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “байгууллага өөрөө нууцаа тогтооно” 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт “байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна”, “байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө”, “байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй” гэж заасан хууль зүйн үндэслэлийн хүрээнд Т нь холбогдох дотоод дүрэм, журмаар байгууллагынхаа нууц, түүнийг хамгаалах журмыг тогтоосон байдаг. Тухайлбал, Тны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.1.2-т “Зээлийн хороодын гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэж заасан. Мөн Тны “Нууцын заавар”-ын 1.3-т “банк түүний харилцагчийн бүх нууц мэдээллийг банкны нууц гэнэ”, 1.3.2-т “нууцын зэрэглэлтэй баримт бичиг гэж энэ зааврын хавсралтаар баталсан “маш нууц”, “нууц” зэрэглэл бүхий жагсаалтыг ойлгоно” гэж, хавсралт буюу “Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт”-д “Зээлийн дэд хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл нууцын зэрэглэлтэй байна” гэж заасан байна. Зээлийн хорооны ажиллах журам”-ын 8.2.2-д заасан “зээлийн хорооны хуралд оролцсон ажилтан хорооны хурал дээр гишүүний гаргасан санал, хэлсэн үг, ярианы нууцлалыг зээлдэгчид задруулахыг хориглоно” гэж заажээ.

Ийнхүү Тны зээлийн дэд хорооны хурлын үеэр гишүүдийн гаргасан санал болон хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудал, хурлын шийдвэр, тэмдэглэл байгууллагын нууцад хамаарах нь байна. Харин “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.1.1-т “Харилцагчид зээлийн хорооны шийдвэрийг танилцуулна” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Б.Оий хувьд банкны нууцлалыг задруулсан байдал харагдахгүй байна. Тны Хараа тооцооны төвийн харилцагч Б.Х 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 199.950.000 төгрөгийн зээл авсан нь төлөгдөхгүй, зээлийн эрсдэл үүсэх (ангилагдах) магадлал өндөр болсон тул Улаанбаатарын Зээлийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн салбарын холбогдох ажилтнууд анхаарал тавьж, Б.Хтэй уулзаж, зээлийн нөхцөл байдал, худалдах боломжтой үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авагч нарт зээл олгох замаар зээлийг шийдвэрлэх боломжтой талаар, Б.Хий Хан-Уул дүүргийн, 1-р хороо, 19-р хороолол, Эрэл 45/1 байр, 2 тоотод байрлах 61,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Таар дамжуулан зарах, ингэхдээ орон сууцны үнийн 60-70 сая төгрөгийг зээлд авах, үлдсэнийг Б.Х ашиглахаар ярилцаж байсан  нь нэхэмжлэгч, гэрчийн тайлбар мэдүүлэг, тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Ингээд Д.О гэгч нь Б.Хий орон сууцыг 117.230.000 төгрөгөөр худалдан авах болж гэрээ хийгдэн, Банкны зээлийн дэд хорооны 2017 оны 05-р сарын 24-ний өдрийн хурлаар Д.От орон сууц худалдан авахад зээл олгох асуудлыг хэлэлцүүлэхээр нэхэмжлэгч Б.О оруулсан ба орон сууц худалдан авах 117.230.000 төгрөгийн 30 хувийг банкинд байршуулж, үлдэх төлбөр буюу 79.400.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэгдсэн байна. Тус хурлаар Б.Хий худалдан борлуулсан орон сууцны нийт үнийн дүн болох 117.230.000 төгрөгөөр Б.Хий орон сууцны зээлийн үлдэгдлээс хасах шийдвэрийг давхар гаргасан байна. Хурлын дараа энэ тухай буюу Д.От 79.400.000 төгрөгийг орон сууцны ипотекийн зээл олгохоор болсон,  орон сууцны үнийн дүн болох 117.230.000 төгрөгөөр Б.Хий орон сууцны ипотекийн зээлээс хорогдуулах шийдвэр гарсан тухай Б.О зээлдэгч Б.Хд мэдэгдсэн байх ба үүнийгээ түүнд мэдэгдэж зөвшөөрөл авах, улмаар орон сууцны өмчлөлийг Д.От шилжүүлэх, энэ нь Д.Оыг зээл авахад хэрэгтэй байсан гэж тайлбарлаж байна. Орон сууцны өмчлөл Б.Хөөс Д.От хурал болсны маргааш буюу 2017 оны 05-р сарын 24-ний өдөр шилжсэн байна. Б.О Банкны зээлийн дэд хорооны хуралд асуудал хэлэлцүүлэхээр оруулж, шийдвэрийг нь харилцагч буюу зээлдэгчдээ мэдэгдсэн үйлдэл хийсэн байна.

Б.Х урьд ярилцсанаараа орон сууцны үнэ 117.230.000 төгрөгийн 60-70 сая төгрөгийгөөрийнх нь зээлээс хасах, зээлийн дэд хорооны шийдвэрээ эргэн харах хүсэж Зээлийн дэд хорооны дарга Б.Д, холбогдох этгээдэд хандсан байдал харагдаж байна.

Хариуцагч нь Б.Хий зээлийн асуудал хурлын хэлэлцэх асуудалд орж хэлэлцэгдээгүй, ийнхүү хэлэлцэгдсэн нь бусад мэдээлэлд орно, нөгөө талаар Б.Х харилцагч биш, зээлийн дэд хорооны хурлаар зээл нь хэлэлцэгдэж буй этгээдийг харилцагч гэж үзнэ гэж тайлбарлаж байна. Зээлийн дэд хорооны хурал дээр Д.Оын зээлийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд түүний уг үндэс болсон Б.Хий зээлийн асуудал салшгүй холбоотойгоор яригдаж байна. Б.Хий худалдаж буй орон сууцны үнэ Д.От олгож буй зээлийн үнийн дүнтэй (орон сууцны үнийн 30 хувийн урьдчилгааны хамт) тохирч байгаа, орон сууцаа худалдах хүнийг худалдагч өөрөө олж ирж байгаа зэргээс ч гэсэн харахад тэдний зээлийн асуудлыг салгаж ярих боломжгүй юм. Б.Х нь харилцагч мөн бөгөөд хурлын шийдвэр түүнд хамааралтай байна. Б.О зээлийн дэд хорооны хурал дээр гишүүдийн гаргасан санал, хэлсэн үг, ярианы нууцлалыг бусдад хэлсэн байдал тогтоогдохгүй байна. Гэрч Б.Дын Б.Х нь “таны шийдвэрээр ингэж шийдэгдлээ” гэж хурлын дараа орж ирж уулзсан гэснийг Б.Од шууд хамаатуулж ойлгох үндэслэлгүй юм.

Ер нь нууцлал “задруулах” гэдэг  нь ил болох ёсгүй зүйлийг ил болгох гэж ойлгож болох ба дээрх шийдвэр нь Б.Хий хувьд ил болох л зүйл юм.

           

            Хариуцагчийн шийдвэрээ зөв гэж тайлбарлаж буй өөр нэг үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоосон” гэсэн зөрчлийг ажилтан гаргасан гэсэн тайлбар.

 

            Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргаснаар цуцалж байгаа тохиолдолд энэ зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил байхыг шаарддаг. Гэтэл хариуцагчийн хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоосон” гэсэн зөрчил нь тухайлан заасан зөрчил гэж ойлгогдохгүй байна. Банкны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн хүнд хөнгөн хэлбэрийн янз бүрийн зөрчлүүд байж болох бөгөөд тэр бүгдийг ноцтой зөрчилд тооцох боломжгүй юм. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах,бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон,ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй орох юм.

 

            Банк Б.Оийг “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 8.2.2ё-д заасан “зээлтэй холбоотой мэдээ тайлан, зээлийн эргэн төлөлт зэргийг санаатай буюу санамсаргүй буруу, дутуу хийх, засварлах, ангилагдсан зээлийг мэдээлэхгүй нуун дарагдуулах зэргээр удирдлагыг хуурамч мэдээллээр хангахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, Б.Хий зээл Монголын ипотекийн корпорацид (МИК) худалдагдсан төлөвтэй байхад худалдагдаагүй гэж буруу мэдээлэл өгсөн гэж буруутгаж байна.

 

            Монгол Улсын Засгийн 2013 оны 05-р сарын 30-ны өдрийн 200 тоот тогтоолоор батлагдсан “орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын 3-р бүлгийн 3.2.5 дахь “Монгол Банкнаас баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх зээлдэгчид тавих шалгуурыг зээлдэгч Б.Х нь мөнгө байхгүй гэсэн шалтгаан зааж хангаагүй, орон сууцны болон амь насны даатгалын сунгалт хийлгээгүй байхад түүний зээлийг Монголын ипотекийн корпорацид шилжүүлэх ёсгүй, манайх явуулахгүй байсан, тийм учир худалдагдаагүй гэж асуултанд хариулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч энэ мэдээллийг зориуд өгөөгүй байхын гадна энд банкны төв болон салбарын ажлын уялдаа холбоо хангалтгүй байсныг харуулж байна. Түүнчлэн энэ нь шийдвэрт нөлөөлөхөөр байдал харагдахгүй байна. Банкны зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газраас Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн ба үүнд МИК тодорхой шаардлага хангасан зээлийн багцыг худалдан авдаг, зээлийн багц МИК-д худалдагдсан боловч зээлийн гэрээний үүргийг хангуулах үүргийг Т хариуцан гүйцэтгэдэг тухай заажээ. Холбогдох дүрэм, журмаа мөрдөх гэсэн ажилтны санамсаргүй гаргасан алдаа нь түүнийг ажлаас халахад хүргэх зөрчил биш гэж үзнэ. Нэхэмжлэгчийн үйлдэл банкинд хохирол учруулсан болон ажил үүрэгт нь харш үйлдэл биш байна.

 

Нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлтонд заасан “Зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, түүнээс хамгаалах арга замыг тодорхойлж зээлийн чанартай багц бүрдүүлэх” гэсэн үндсэн үүрэг, Тны зээлийн үйл ажиллагааны журмын дөрөвдүгээр бүлэг Зээлийн эрсдэлийн удирдлага, зээлийн хяналт хэсгийн 20 дугаар зүйлийн 20.3.1-дэх “Зээлийн ажилтан нь зээл олгосон өдрөөс эхлэн зээл, зээлийн хүү төлөгдөж дуустал байнга хяналт тавьж, зээлд учирч болзошгүй аливаа эрсдэлийг урьдчилан харах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллана. Хяналт тавих явцдаа мэргэжлийн газрын захирал, мэргэжилтэн нараас зөвлөгөө авч хамтран ажиллана” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаж байсан гэж үзэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сард эдлэх байсан ээлжийн амралтыг хугацаанд нь эдлүүлэхгүй байж байгаад ажлаас чөлөөлсөн нь ажилтан ээлжийн амралт эдлэх хугацаанд албан тушаал нь хадгалагдах тухай Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

 

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахын өмнө түүнд мэдэгдэж, оролцоог нь хангах, сонсох ажиллагааг хийлгүй ажил олгогч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийг зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Харин ажилтанд урамшуулал олгох асуудлыг ажлыг дүгнэсний эцэст ажил олгогч шийдвэрлэдэг тул шүүх өмнөөс нь шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 93 өдрийн цалинтай тэнцэх олговор  4.976.908 төгрөг болж байна.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

1.         Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б.Оийг Т ХХК-д Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.         Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “Т” ХХК-аас 4.976.908  төгрөгийг гаргуулж Б.Од олгон, урамшуулал нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.         Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд  94.580 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

4.         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                           С.БУД