Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00734

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02155 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00175 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

“Т” ХХК-ийн Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О-э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Э.Жавхлан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Зоос банкинд теллерээр ажилд орж, Монгол банкны шийдвэрээр Зоос банкыг татан буулгаж, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Т” ХХК-ийг үүсгэн байгуулахад теллерээр шилжин ажиллаж байжээ. Тус банкинд нийт 11 жил ажиллахдаа теллер, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч, борлуулалтын ажилтан, харилцааны менежер, харилцааны ахлах менежерээр ажиллаж байсан. Тны гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/941 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж буруутгаж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас халагдсан. Нууцын зэрэглэлтэй зээлийн дэд хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн дэд хорооны хурлын үеэр гишүүдийн гаргасан санал болон хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудлын нууцлалыг задруулсан гэж буруутгасантай санал нийлэхгүй байгаа. Зээлийн дэд хорооны шийдвэрийг эхлээд зээлдэгч Б.Хөлгөнд мэдэгдэж зөвшөөрөл авах, зээлдэгч Б.Хөлгөн тус шийдвэрийг зөвшөөрвөл зээл хүсэгч Д.Отгонбаатарт хэлэх шаардлагатай болсон тул мэдэгдсэн. Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2 дахь Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон байх заалт хэрэгжээгүй гэж үзсэн.

Иймд Б.О-ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн 1, 2 дугаар улирлын урамшууллыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг... ажилтанд хориглоно”, Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “байгууллага өөрөө нууцаа тогтооно”, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт “байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна, байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө, байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй” гэж заасан. Зээлийн хорооны хурлын үеэр банкны харилцагчийн эдийн засгийн нууцтай холбоотой мэдээлэл яригддаг учраас уг нууцыг хамгаалах, харилцагч зээлийн хорооны шийдвэр, зээлийн хорооны гишүүдийн саналд хөндлөнгөөс нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Тны Зээлийн үйл ажиллагааны журмын 17.1.2-т “Зээлийн хороодын гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэж заасан. Мөн Тны Нууцын зааврын 1.3-т “банк түүний харилцагчийн бүх нууц мэдээллийг банкны нууц гэнэ”, 1.3.2-т “нууцын зэрэглэлтэй баримт бичиг гэж энэ зааврын хавсралтаар баталсан маш нууц, нууц зэрэглэл бүхий жагсаалтыг ойлгоно” гэж, хавсралт буюу Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалтад “Зээлийн дэд хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл нууцын зэрэглэлтэй байна” гэж заасан. Хурлаар харилцагч Д.Отгонбаатарт 79 400 000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тны зээлийн үйл ажиллагааны журмын 17 дугаар зүйлийн 17.1.1-д зээлийн хорооны шийдвэрийг харилцагчид танилцуулна гэж заасан. Энэ зүйлд заасан харилцагч гэдэг нь тухайн зээлийн хорооны хурлаар хүсэлтийг нь хэлэлцсэн зээл хүссэн этгээд буюу Д.Отгонбаатар юм. Харин шийдвэр гэдэг нь Д.Отгонбаатарт 79 400 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгох тухай зээлийн дэд хорооны шийдвэр юм.

Гэтэл харилцааны ахлах менежер Б.О-э нь зээлийн дэд хорооны шийдвэрийг харилцагч бус Б.Хөлгөнд мэдэгдсэн байдаг. Мөн хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудал буюу Д.Отгонбаатарын зээлээр Б.Хөлгөний 2016 оны 04 дүгээр сард зээлсэн 199 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг төлүүлэх асуудлын талаар хэлэлцсэнийг харилцааны ахлах менежер Б.О-э нь Б.Хөлгөнд нэг бүрчлэн хэлж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.26, Хөдөлмөрийн гэрээний 7.4.27-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.

Б.О-э нь Зээлийн хорооны ажиллах журмын 8.2.2-т заасан “зээлийн хорооны хуралд оролцсон ажилтан хорооны хурал дээр гишүүний гаргасан санал, хэлсэн үг, ярианы нууцлалыг зээлдэгчид задруулахыг хориглоно”, Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.2ё-д заасан “зээлтэй холбоотой мэдээ тайлан, зээлийн эргэн төлөлт зэргийг санаатай буюу санамсаргүй буруу, дутуу хийх, засварлах, ангилагдсан зээлийг мэдээлэхгүй нуун дарагдуулах зэргээр удирдлагыг хуурамч мэдээллээр хангахыг хориглоно”, 17.1.2-т заасан “зээлийн хорооны гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэснийг зөрчсөн. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд Б.Хөлгөний нэр дээрх зээл 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар МИК-д худалдагдсан байхад худалдагдаагүй гэх мэдээллийг хорооны дарга гишүүдэд танилцуулж, удирдлагыг худал мэдээллээр хангасан, байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02155 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б.О-ийг “Т” ХХК-ийн Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн ажилд тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “Т” ХХК-аас 4 976 908 төгрөгийг гаргуулж Б.О-эд олгон, урамшуулал нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94 580 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00175 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “хэрэгсэхгүй болгож” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 580 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс Б.Отгонбаатарын 79 400 000 төгрөгийн орон сууцны зээлийн хүсэлт болон Б.Хөлгөний зээлийн асуудал нь тодорхой хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар маргаагүй. Гагцхүү 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын зээлийн дэд хорооны хурлаар 117 320 000 төгрөгийг 100 хувь Б.Хөлгөний зээлд суутган авах шийдвэр гарсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатарын зээлийн дэд хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Б.Отгонбаатарт зээл олгох эсэх асуудал л орсон байдаг. Харин Б.Отгонбаатарт зээл олгох эсэх нь тодорхойгүй байхад түүнд олгох зээлээр өөр хүний зээлийг төлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь боломжгүй тул, нөгөө талаар харилцааны менежер Б.О-э нь хэлэлцүүлэх асуудлынхаа жагсаалтад үүнийг оруулаагүй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Б.Хөлгөний зээлийг төлүүлэх асуудал огт ороогүй юм.

Тны Зээлийн үйл ажиллагааны журмын 17.1.1-д заасан шийдвэр гэх ойлголтыг Зээлийн хорооны ажиллах журмын 1.3.4-т тодорхойлсон байдаг бөгөөд уг зүйлд “Зээлийн хорооны шийдвэр гэж зээлийн хорооны хурлын тэмдэглэлийг үндэслэн тухайн асуудлын талаар гаргасан шийдвэрийг бичсэн холбогдох хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсгээр баталгаажсан албан ёсны баримтыг хэлнэ” гэж заасан. Үүний дагуу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын зээлийн дэд хорооны хурлаар зөвхөн Б.Отгонбаатарт 79 400 000 төгрөгийн зээл олгох л шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл тус өдөр Б.Отгонбаатараас Б.Хөлгөнд төлөх орон сууцны үнэ 117 230 000 төгрөгөөр Б.Хөлгөний зээлийг төлүүлэх шийдвэр гараагүй юм. Харин орон сууцны үнэ 117 320 000 төгрөгөөр Б.Хөлгөний зээлийг төлүүлэх талаар хурлын гишүүд хэлэлцэж ярилцсан, санал бодлоо илэрхийлсэн нь Зээлийн үйл ажиллагааны журмын 17.1.1-д заасан “гишүүдийн гаргасан санал, хурлын бусад мэдээлэл” юм. Ингэж үзвэл “117 320 000 төгрөгөөр Б.Хөлгөний зээлийг төлүүлэх” гэдэг нь Тны нууцын заавар, Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны ажиллах журам зэрэг журмаараа байгууллага өөрөө нууцалсан байгууллагын нууц юм.

Б.О-э нь 117 320 000 төгрөгөөр Б.Хөлгөний зээлийг төлүүлэх болсон гэдгийг Б.Хөлгөнд хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан тул энэ талаар дэлгэрэнгүй тайлбар бичсэнгүй. Дээр дурдсанаас үзвэл Банкны нууцлалыг задруулсан гэдэг үндэслэлээр гарсан Тны гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/941 дүгээр тушаалыг буруутгах үндэслэлгүй юм.

...Тны эрсдэл хариуцсан ажилтан Б.Дэлгэрбаяр бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан ажил олгогч биш бөгөөд Б.О-этэй л нэгэн адил ажилтан тул Б.Дэлгэрбаярт Б.Хөлгөн гомдол гаргасныг ажил олгогч зөрчлийг илрүүлсэн гэж үзэхгүй. Харин Б.Хөлгөн нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “117 320 000 төгрөгөөр миний зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх гомдлыг Хяналт шалгалтын газарт гаргасан байдаг бөгөөд Хяналт шалгалтын газраас өргөдлийг хүлээн авч шалгах ажиллагаа буюу Б.Хөлгөний нэр дээрх зээлийн болон депозит дансны гүйлгээг шалгах, зээлийн хорооны баримт бичиг, камерын бичлэгийг шалгах, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.О-ийн өөрийн тайлбарыг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэн Б.О-э зөрчил гаргасан гэсэн дүгнэлт бүхий илтгэх хуудсыг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Тны хүний нөөцийн газарт хүргүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Б.О-э зөрчил гаргасан гэх асуудлыг тодорхой шалгах ажиллагаа гүйцэтгэсний үндсэн дээр 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр илрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “илрүүлсэн” гэдгийг ажил олгогч зөрчил гаргасан талаар баттай мэдсэн буюу зөрчил гаргасан нь тогтоогдсон байх гэж ойлгож байгаа болохоос компанийн аль нэг ажилтан сонссон, мэдсэн байх гэж ойлгохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүсэн зохигчийн хоорондох маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Б.О-э нь “Т” ХХК-ийн Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “Т” ХХК-д холбогдуулан гаргасан байна.

Хариуцагч “Т” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.О-э нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/941 дугаар тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн ажлаас чөлөөлөгдсөн байна.            

Ажил олгогч тушаалынхаа үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч Б.О-ийг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзээгүй, харин нь зээлийн дэд хорооны шийдвэрийг харилцагч бус этгээдэд мэдэгдэж, байгууллагын нууцыг задруулсан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна. Тухайлбал, “Т” ХХК-ийн зээлдэгч Б.Хөлгөн гэгчийн зээлийн төлбөрийн зарим хэсгийг барагдуулах зорилгоор түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах Б.Отгонбаатарт зээл олгох зэрэг ажиллагааг банк явуулсан ба нэхэмжлэгч Б.О-э нь үүрэгт ажлынхаа дагуу тухайн харилцаанд орж буй дээрх иргэдийн хэн алинтай нь уулзаж, мэдээлэл өгсөн, банкны хоёр харилцагч хоорондоо худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, хэн алины зээлийн асуудлыг банкны зээлийн хороо шийдвэрлэсэн зэрэг үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тусгасан байна.

Нэхэмжлэгч Б.О-э дээрх ажиллагаагаар Банкны тухай хууль тогтоомж болон “Т” ХХК-д даган мөрдөгддөг журам, дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Улмаар нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангасан шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00175 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН