Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00175

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  10-ны өдрийн 182/ШШ2017/02155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т Б - ХХК-д холбогдох

 

Т Б - ХХК-ийн Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О -, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2006 оны 9 сарын 25-ны өдөр Зоос банкинд теллерээр ажилд орж, Монгол банкны шийдвэрээр Зоос банкыг татан буулгаж, 2009 оны 11 сарын 25-ны өдөр Т Б - ХХК-ийг үүсгэн байгуулахад теллерээр шилжин ажиллаж байжээ.  Тус банкинд нийт 11 жил ажиллахдаа теллер, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч, борлуулалтын ажилтан, харилцааны менежер, харилцааны ахлах менежерээр ажиллаж байсан. Т Б -ны гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 03-ны өдрийн Б/941 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж буруутгаж 2017 оны 7 сарын 03-ны өдрөөс ажлаас халагдсан. Нууцын зэрэглэлтэй зээлийн дэд хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн дэд хорооны хурлын үеэр гишүүдийн гаргасан санал болон хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудлын нууцлалыг задруулсан  гэж буруутгасантай санал нийлэхгүй байгаа.  Зээлийн дэд хорооны шийдвэрийг эхлээд зээлдэгч Б.Хөлгөнд мэдэгдэж зөвшөөрөл авах, зээлдэгч Б.Хөлгөн тус шийдвэрийг зөвшөөрвөл зээл хүсэгч Д.Отгонбаатарт хэлэх шаардлагатай болсон тул мэдэгдсэн. Т Б -ны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2 дахь “Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон байх”  заалт хэрэгжээгүй гэж үзсэн. 

 Иймд Б.О-ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн 1, 2 дугаар улирлын урамшууллыг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т Б - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг... ажилтанд хориглоно”, Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “байгууллага өөрөө нууцаа тогтооно” 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт “байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна”, “байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө”, “байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй” гэж заасан. Зээлийн хорооны хурлын үеэр банкны харилцагчийн эдийн засгийн нууцтай холбоотой мэдээлэл яригддаг учраас уг нууцыг хамгаалах, харилцагч зээлийн хорооны шийдвэр, зээлийн хорооны гишүүдийн саналд хөндлөнгөөс нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Т Б -ны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.1.2-т “Зээлийн хороодын гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэж заасан. Мөн Т Б -ны “Нууцын заавар”-ын 1.3-т “банк түүний харилцагчийн бүх нууц мэдээллийг банкны нууц гэнэ”, 1.3.2-т “нууцын зэрэглэлтэй баримт бичиг гэж энэ зааврын хавсралтаар баталсан “маш нууц”, “нууц” зэрэглэл бүхий жагсаалтыг ойлгоно” гэж, хавсралт буюу “Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт”-д “Зээлийн дэд хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл нууцын зэрэглэлтэй байна” гэж заасан. Хурлаар харилцагч Д.Отгонбаатарт 79 400 000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн байдаг. Т Б -ны зээлийн үйл ажиллагааны журмын 17 дугаар зүйлийн 17.1.1-д “зээлийн хорооны шийдвэрийг харилцагчид танилцуулна” гэж заасан. Энэ зүйлд заасан “харилцагч” гэдэг нь тухайн зээлийн хорооны хурлаар хүсэлтийг нь хэлэлцсэн зээл хүссэн этгээд буюу Д.Отгонбаатар юм. Харин “шийдвэр” гэдэг нь “Д.Отгонбаатарт 79 400 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгох тухай” зээлийн дэд хорооны шийдвэр юм. Гэтэл харилцааны ахлах менежер Б.О - нь зээлийн дэд хорооны шийдвэрийг харилцагч бус Б.Хөлгөнд мэдэгдсэн байдаг. Мөн хурлын үеэр хэлэлцсэн бусад асуудал буюу Д.Отгонбаатарын зээлээр Б.Хөлгөний 2016 оны 4 дүгээр сард зээлсэн 199 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг төлүүлэх асуудлын талаар хэлэлцсэнийг харилцааны ахлах менежер Б.О - нь Б.Хөлгөнд нэг бүрчлэн хэлж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.26, Хөдөлмөрийн гэрээний 7.4.27-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм гэжээ.

 Б.О - нь Зээлийн хорооны ажиллах журам”-ын 8.2.2-д заасан “зээлийн хорооны хуралд оролцсон ажилтан хорооны хурал дээр гишүүний гаргасан санал, хэлсэн үг, ярианы нууцлалыг зээлдэгчид задруулахыг хориглоно”, “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 8.2.2ё-д заасан “зээлтэй холбоотой мэдээ тайлан, зээлийн эргэн төлөлт зэргийг санаатай буюу санамсаргүй буруу, дутуу хийх, засварлах, ангилагдсан зээлийг мэдээлэхгүй нуун дарагдуулах зэргээр удирдлагыг хуурамч мэдээллээр хангахыг хориглоно”, 17.1.2-т заасан “зээлийн хорооны гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байна” гэснийг зөрчсөн. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд Б.Хөлгөний нэр дээрх зээл 2017 оны 5 сарын 24-ний өдрийн байдлаар МИК-д худалдагдсан байхад “худалдагдаагүй” гэх мэдээллийг хорооны дарга гишүүдэд танилцуулж, удирдлагыг худал мэдээллээр хангасан, байгууллагын Ёс зүйн дүрмийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б.О-ийг Т Б - ХХК-ийн Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн ажилд тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “Т Б -” ХХК-аас 4 976 908 төгрөгийг гаргуулж Б.О -д олгон, урамшуулал нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94 580 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нууц, нууц бишийг ялган тогтоохдоо Т Б -ны Зээлийн үйл ажиллагааны журам, холбогдох бусад журмыг баримталсан боловч журамд заагдсан шийдвэр гэх ойлголтод юу хамаарахыг тогтоохдоо тэрхүү журмаа бус өөрийн хувийн үзэл бодол, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв байгууллага нууцаа журмаараа тогтоосон л бол тэр нууцалсан зүйлийг л нууц гэж ойлгохоос бус хэргийн үйл баримт, өөрийн үзэл бодолд тулгуурлан ер нь нууцлах ёстой юу үгүй юу гэдэг байдлаар хандах үндэслэлгүй юм. Шүүгч зөвхөн өөрийн ойлголт, үнэлэмж, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэх байсан бол ямар учраас Т Б -ны холбогдох дүрэм, журам, шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтыг гаргуулан хэрэгт хавсаргасныг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ", мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар заасан. Байгууллагын нууцын тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд байгууллага өөрөө нууцаа тогтоож, түүнийг хамгаалах журмаа тогтооно, Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлд ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлнэ гэж заасны дагуу Т Б -ны холбогдох дүрэм, журмаараа нууц, түүнийг хамгаалах журмыг тогтоосон тул шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тэрхүү журмыг хэрэглэх ёстой. Нууц гэдгийг Т Б -ны нууцын заавар, Зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар задруулах гэдгийг ойлгох ёстойгоос биш ер нь нууцлал гэдэг нь ил болгох ёсгүй зүйлийг ил болгох гэж ойлгох ба дээрх шийдвэр нь Б.Хөлгөнд ил болох л зүйл гэж манай журамд заасан ойлголтыг өөрчлөн өөрийн дураараа тайлбарлан маргаанд үнэлэлт өгөх эрхгүй. Б.О - нь зээлийн хорооны шийдвэр журамд зааснаар албажиж гараагүй байхад өөрийн ойлголтоор зээлийн хорооны шийдвэр гарсан гэх мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн буруутай үйлдэл гаргаж үүнийгээ хожим зөвтгөхийн тулд Б.Хөлгөний зээлээс 117 320 000 төгрөгийг хасах шийдвэр гарсан гэж мушгин тайлбарлаж байна.

Т Б -ны Теллерийн системиин багц журамд зааснаар харилцааны менежер нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах үүргийг хүлээх ба харилцааны менежерийн мэдэгдлийн дагуу ахлах теллер зээлийн дансанд бэлэн бус гүйлгээг хийдэг. Хэрэв 2017 оны 5 сарын 24-ний өдрийн хурлаар 117 320 000 төгрөгийн дүнгээр зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан бол харилцааны менежер Б.О - нь 58 068 078 төгрөгөөр биш 117 320 000 төгрөгөөр гүйлгээг хийлгэх байсан. Эндээс үзвэл Б.О - өөрөө 117 320 000 төгрөгөөр зээлийг бууруулахаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэж байсан нь харагдаж байна. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн дэд хорооны 43/21 тоот шийдвэрийн дагуу зарсан байрны нийт үнийн дүнгээр 117 320 000 төгрөг Б.Хөлгөний зээлийг төлүүлсэн гэсэн байдаг.

Б.О -тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заалт нь Т Б -ны гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 03-ны өдрийн Б/941 тоот тушаалын бас нэг үндэслэл юм. Анхан шатны шүүх энэ талаар банкны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн хүнд, хөнгөн хэлбэрийн янз бүрийн зөрчлүүд байж болох бөгөөд тэр бүгдийг ноцтой зөрчилд тооцох боломжгүй юм. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй орно гэсэн дүгнэлт гаргасан. Т Б -ны гүйцэтгэх захирлын 2010 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан "Дотоод хяналтын дүрэм"-д зааснаар банкны дотоод хяналтын тогтолцоо нь нэгж тус бүрийн үйл ажиллагааны өдөр тутмын тогтмол хяналт, хяналт шалгалтын хэлтсийн үйл ажиллагаагаар хийгдэх хяналт гэсэн 2 төрлийн хяналтаас бүрддэг. Мөн дүрэмд зааснаар Хяналт шалгалтын хэлтэс нь гүйцэтгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөөг боловсруулан гүйцэтгэх захирлаар батлуулж хэрэгжүүлэх, банкны ажилтан, иргэн, хуулийн этгээдээс банкны дотоод үйл ажиллагаатай холбогдуулан ирүүлсэн санал, гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх” гэсэн тухайлсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Энэ шинжээрээ дотоод хяналт шалгалтаар тогтоосон зөрчлийг тусгайлан үзэж, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил байхаар заасан. Б.О-ийг "Зээлийн үйл ажиллагааны журам"-ын 8.2.2.ё болон холбогдох журамд заасан "зээлтэй холбоотой мэдээ тайлан, зээлийн эргэн төлөлт зэргийг санаатай буюу санамсаргүй буруу дутуу хийх, засварлах, ангилагдсан зээлийг мэдээлэхгүй нуун дарагдуулах зэргээр удирдлагыг хуурамчаар мэдээллээр хангах"-ыг хориглох заалтыг зөрчиж, Б.Хөлгөний зээл Монголын Ипотекийн корпороцид худалдагдсан төлөвтэй байхад худалдагдаагүй гэж буруу мэдээлэл өгсөн. Хэрэв эрсдэлийн сан байгуулсан буюу байгуулах эрсдэлтэй зээлийг банкнаас Монголын ипотекийн корпорацид худалдсан бол банк эрсдэлийн сан байгуулдаггүй бөгөөд банкны чанарын болон ашигт ажиллагааны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөггүй үр дагавартай.

Т Б -ны "Теллерийн системийн багц журам"-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, зээлийн дансны гүйлгээнд хяналт тавих үүргийг харилцааны менежер хүлээдэг. Тийм учраас орон сууцны болон амь насны даатгалыг хийлгээгүй нь харилцааны менежер Б.О-ийн өөрийн буруу бөгөөд Б.Хөлгөний зээл МИК-д худалдагдаагүй гэдгийг харилцааны менежер хүн мэдээгүй байх боломжгүй юм. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.О-ийн удаа дараагийн тайлбарт зээлийн дансны гүйлгээг хянаж шалгаагүй нь миний буруу гэсэн байдаг. Гэтэл үүнийг шүүх "нэхэмжлэгч энэ мэдээллийг зориуд өгөөгүй байхын гадна энд банкны төв болон салбарын ажлын уялдаа холбоо хангалтгүй байсныг харуулж байна. Түүнчлэн энэ нь шийдвэрт нөлөөлөхөөр байдал харагдахгүй байна", холбогдох дүрэм журмаа мөрдөх гэсэн ажилтны санамсаргүй алдаа нь түүнийг ажлаас халахад хүргэх зөрчил биш гэж үзнэ. Нэхэмжлэгчийн үйлдэл банкинд хохирол учруулаагүй болон ажил үүрэгт нь харш үйлдэл биш байна" гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2017 оны 6 дугаар сард эдлэх байсан ээлжийн амралтыг хугацаанд нь эдлүүлэхгүй байж байгаад ажлаас чөлөөлсөн нь ажилтан ээлжийн амралт эдлэх хугацаанд албан тушаал нь хадгалагдах Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчжээ" гэсэн байдаг. Шүүх ямар учраас ийнхүү дүгнэлт хийснийг ойлгохгүй байна ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2017 оны 7 сарын 03-ны өдөр Б.О - ээлжийн амралттай байгаагүй. Мөн энэ хугацаанд ээлжийн амралтаа эдлэх хувиар батлагдаагүй бөгөөд хэрэгт ийм баримт ч хэрэгт байхгүй. Харин Б.О - нь тушаал гарахаас өмнө буюу 2017 оны 4 дүгээр сард ээлжийн амралтын олговорт 1 464 831 төгрөг авсан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахын өмнө түүнд мэдэгдэж, оролцоог нь хангах, сонсох ажиллагааг хийлгүй ажил олгогч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийг зөрчсөн байна" гэжээ. Т Б - ХХК нь захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах захиргааны акт гаргадаг захиргааны байгууллага биш бөгөөд Т Б -наас гарч байгаа аливаа шийдвэр захиргааны актад хамаарч захиргааны ерөнхий хуулийг баримталдаггүй. Гэхдээ 2017 оны 7 сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарахын өмнө хяналт шалгалтын хэлтсийн тайлан буюу 2017.06.16-ны өдрийн №17/А/071 тоот илтгэх хуудсыг танилцуулсан байдаг. Б.О - нь сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг хүлээн аваад Т Б -ны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнд тайлбар гаргасан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Мөн 2017 оны 6 сарын 14-ний өдөр өөрийн гаргасан зөрчилтэй холбогдуулан Хяналт шалгалтын газарт тайлбар гаргаж өгсөн баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр заахдаа холбогдох хуулийн заалтыг баримтлаагүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.О - нь хариуцагч Т Б - ХХК-д холбогдуулан харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...байгууллагын нууц задруулж, удирдлагыг буруу мэдээллээр хангасан ноцтой зөрчил гаргасан” гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1512 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, Б.О - нь Т Б - ХХК-ийн Хараа тооцооны төвийн харилцааны ахлах менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/941 дугаар тушаалаар Улаанбаатар зээлийн дэд хорооны дарга, гишүүдийн санал, хэлсэн үг, ярианы нууцлалыг харилцагч Б.Хөлгөнд задруулж, удирдлагыг худал мэдээллээр хангаж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөгджээ.  /хх-ийн 5, 6-9/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүйг  ойлгохоос гадна ноцтой зөрчлийн тохиолдол болгоныг талууд хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байвал зохино.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.27-д банкны нууцлалын зэрэгтэй материалыг алдаж үрэгдүүлэх, нууцлалыг задруулсан тохиолдлыг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлөөр нэрлэн заажээ.

 

Т Б -ны зээлийн үйл ажиллагааны журмын 17.1.2-т “зээлийн хороодын гишүүдийн санал, хурлын бусад мэдээлэл нууц байхаар, Т Б -ны нууцын зааврын 1.3, 1.3.2-т зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, тэмдэглэл нууц байхаар тус тус заасан. Уг хуралдааны шийдвэрийг Т Б -ны зээлийн үйл ажиллагааны журмын 17.1.1-т зааснаар харилцагчид мэдээлэхээр зохицуулсан байна. /1-р хх-ийн 65/

 

Хэргийн баримтаас үзэхэд иргэн Б.Хөлгөн нь Т Б -ны зээлдэгч байсан бөгөөд уг зээлдэгчийн зээл ангилагдаагүй буюу банкны зээлийн үйл ажиллагааны журмаар муу зээлийн ангилалд орж амжаагүй боловч эрсдэлд орох магадлалтай байсан учир ажилтан Б.О - уг зээлийн эрсдлийг бууруулахаар ажиллаж, банкны удирдлагуудтай Б.Хөлгөнийг уулзуулж байжээ. Банкны удирдлагууд Б.Хөлгөнтэй ярилцаж түүний барьцаанд байгаа байрыг зарахаар бол “..,зарах хөрөнгийн үнийн санал, мэдээллийг банкинд өгч худалдан борлуулах, Т Б -аар орлогыг дамжуулах“ болзлыг бичгээр тохиролцжээ. /1-р хх-ийн 230/

 

Б.Хөлгөн нь барьцааны байрыг зарж зээлээ хаахын тулд Б.Отгонбаатар гэгч худалдан авагчтай орон сууц худалдахаар тохиролцсон нь хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан “..,Хөлгөнөөс 1 м.кв-ыг 1,9 сая  төгрөгөөр тооцож нийт 117 230 000 төгрөгөөр худалдан авахаар боллоо. Урьдчилгаа 30 хувь болох 35 169 000 төгрөгийг тус банкинд төлж, үлдэх 79 400 000 төгрөгийг тус банкнаас зээл авах журмаар зохицуулна” гэх Т Б -инд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Хэргийн 156 дугаар талд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Хөлгөн, Д.Отгонбаатар нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, үнийг 117 230 000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд Т Б -ны зээлээр төлбөрийг гүйцэтгэхээр гэрээнд заажээ.

 

Иргэний эрх зүйн диспозитив зарчимд үндэслэвэл уг гэрээнд худалдагч, худалдан авагч, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээл олгогч банк гэх иргэн, хуулийн этгээд оролцохоор байна.

 

Т Б -ны Улаанбаатарын зээлийн дэд хорооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Д.Отгонбаатарт орон сууцны ипотекийн зээл 79 400 000 төгрөгийг олгох тухай байгаа боловч уг хуралдаанаар энэхүү зээлийг олгосноор Б.Хөлгөний зээл эрсдэлгүй болох, зээлийн мөнгөн хөрөнгөөр түүний байрны үнийг төлөх, байр худалдсан мөнгийг буюу орлогыг дээр тохирсоноор Т Б -аар дамжуулах, уг орлогоор Б.Хөлгөний зээлийг хаах асуудал яригдсан талаар нэхэмжлэгч тайлбарласан ба хариуцагч үүнийг няцаагаагүй байна. /1-р хх-ийн 182-183, 2-р хх-ийн 3/

 

Тус хуралдаанаас гарсан Б.Отгонбаатарт 79 400 000 төгрөгийн зээл олгох асуудлыг  зээл авах этгээдэд болон уг зээлийн мөнгөн хөрөнгөөр байраа худалдах гэж буй зээлдэгч Б.Хөлгөн нарт 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн ажилтан Б.О-ийн үйлдэл нь Т Б -ны Зээлийн үйл ажиллагааны журмын 17.1.1-д заасан харилцагчид зээлийн хорооны шийдвэрийг танилцуулна гэснийг зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь барьцааны байрыг зарсан үнэ буюу орлого Т Б -ны дансаар дамжих нь илэрхий, энэ талаар Б.Хөлгөн өмнө нь тус банктай гэрээ байгуулчихсан байсан. Байр тус банкны зээлийн санхүүжилтээр зарагдах, банк 79 400 000 төгрөгийн зээл олговол Б.Хөлгөн, Б.Отгонбаатар нарын хоорондын иргэний эрх зүйн худалдах худалдан авах гэрээ хэрэгжих зэрэг нөхцөл байдлууд нь нууц биш, илэрхий байсан.

 

Гагцхүү Т Б - ХХК-ийн дансаар дамжих 117 230 000 төгрөгийг 100 хувь Б.Хөлгөний зээлд суутган авах шийдвэр гарсан. Хэрэв шийдвэрийн энэ хэсгийг нууцлахаар шийдсэн бол Б.О -д онцгойлон анхааруулсан болохоо хариуцагч нотлоогүй. Зээлийн дэд хорооноос гарсан шийдвэр нь зээлдэгч Б.Хөлгөн, Б.Отгонбаатар нарын хэн алинд хамааралтай, тэдгээрийн эрх ашиг хөндөгдсөн шийдвэрийг журмын дагуу харилцагч нарт танилцуулсныг буруутгах боломжгүй. 

 

Харин уг шийдвэрийг харилцагч нарт танилцуулсан нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр илэрхий болсон, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаярт Б.Хөлгөн тухайн үед гомдол гаргаснаас хойш 1 сар 9 хоногийн дараа ажилтанд нууц задруулсан асуудлаар хариуцлага тооцож ажлаас чөлөөлжээ. /2-р хх-ийн 11/

Түүнчлэн МИК-д худалдагдсан төлөвтэй байсан зээлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний хуралдаанд худалдагдаагүй гэж буруу мэдээлсэн, удирдлагуудыг буруу мэдээллээр хангасан гэж ажилтныг буруутгасан. Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2.ё-д зааснаар “..,ангилагдсан зээлийг мэдээлэхгүй нуун дарагдуулах, удирдлагыг буруу мэдээллээр хангах” тухай дурдсан байх бөгөөд Б.Хөлгөний зээл нь ангилагдаагүй байсанд талууд маргаагүй болно. /1-р хх-ийн 49-84/

 

Мөн Хөдөлмөрийн гэрээний 7.4.2 буюу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн” гэх заалт нь хэт ерөнхий байхаас гадна ноцтой зөрчлийн нэг шинж болох ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан зүйлгүй, хэргийн 189 дүгээр талд Б.Хөлгөний “..,117 230 000 төгрөгийг 100 хувь хасалт хийсэн” гэх бичгийн баримтыг хариуцагч няцаагаагүй. Мөн хэргийн 190, 192, 193 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд уг ипотекийн барьцаанд байгаа байр, зээлийн асуудал МИК-д шилжсэн байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. 

 

Харин шүүх ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлаагүй байна. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  10-ны өдрийн 182/ШШ2017/02155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “хэрэгсэхгүй болгож” гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т Б - ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 580 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                              ШҮҮГЧИД                                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                     Ш.ОЮУНХАНД