Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/02167

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, Б ХХК

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух  Л-ийн Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах Б и ХХК/Регистрийн дугаар:2040433/-д холбогдох,

Б ХХК, Л.Б  нар Бодь Групп, Бодь Корпораци, Бодь Корпорашион, Бодь Нэгдэл, Бодь Консерциум, Бодь Холдинг гэх мэтээр Бодь орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид Б ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, Бодь интерэншнл ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Бодь гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах, Б ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Бодь интерэншнл ХХК-ийн нэр дээр буй БОДЬ групп, BODI group гэх №10153, №10252 дугаартай барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б ийн төрсөн эцэг болох С.Лувсанвандан нь Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших Бодь-ын санаа гэдэг газар төрж, 1989 онд Бодь гэсэн хоршоог үүсгэн байгуулж, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг шинэчилж Бодь бүрэн бус хариуцлагатай хоршооны нэрээр авсан. Нэхэмжлэгч Л.Б  нь 1996 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Бодь гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг баталгаажуулж, өөрийн төрсөн ах Л.Болдтой цуг Б ХХК-г үүсгэн байгуулсан байна. Үүний дараа, удалгүй Бодь Интернэшнл гэх оноосон нэрийг баталгаажуулж, тус компанийг байгуулсан. Ингэхдээ, тус компанийг М.Зоригт, Д.Баясгалан болон Б ХХК-ийг төлөөлж Л.Болд нар хамтран үүсгэн байгуулсан. Тус компанийг анх үүсгэн байгуулахдаа Бодь гэх нэрийг компанийн оноосон нэрэндээ ашиглах, цаашид байгуулах охин, хараат компанид ашиглах зөвшөөрлийг нэхэмжлэгч нар дүрмээрээ олгосон. Улмаар хамтарч бизнес хийх хугацаандаа "Бодь гэх нэр орсон хэд хэдэн компанийг байгуулж явж байсан боловч 2013 оны компанийн үүсгэн байгуулагчид бизнесээ хуваахаар тохиролцсон. Ингэхдээ Бодь Интернэшнл ХХК-ийн хувьцааг иргэн Д.Баясгаланд бүрэн шилжүүлж, харин Бодь Цамхаг, Бодь Даатгал компанийн хувьцааг нэхэмжлэгч Л.Б , түүний ах Л.Болд нар шилжүүлж авсан байна. Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь мөн адил тэдгээр хүмүүс хэвээр үлдсэн. Ийнхүү компанийн хувьцааг шилжүүлэхдээ нэрийн асуудлыг гэрээгээр зохицуулаагүйгээс цаашид Бодь Групп, Бодь Нэгдэл гэх зэрэг хуулийн этгээдийг аль тал нь үүсгэн байгуулах эрхтэй эсэх талаар маргаан гарсан. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, уг захиргааны хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ, тус маргааныг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг хийсэн. Тодруулбал, Бодь Групп гэх оноосон нэрийг хэн нь авах эрхтэй, уг эрх хэнийх нь хувьд хамгаалагдсан эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудалнэрийг хэн эзэмших ёстой талаарх маргааныг иргэний журмаар шийдвэрлэгдээгүй байхад улсын бүртгэлийн байгууллага шийдвэр гаргасан нь буруу гэж дүгнэсэн. Иймд хуулийн этгээдийн оноосон нэрийг зохигчдын аль нь авах, баталгаажуулах эрхтэй эсэх, хуулийн этгээдийн оноосон нэрний эрхийг хэн эзэмших эсэх талаарх маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон тул дараах шаардлагыг гаргаж байна.

1.Бодь Групп, Бодь Корпораци, Бодь Корпорашион, Бодь Нэгдэл, Бодь Консерциум, Бодь Холдинг гэх мэт хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх (тогтоолгох):

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасны дагуу аливаа этгээд нэхэмжлэгч "Бодь" ХХК-ийн оноосон нэртэй давхардсан, ижил, төсөөтэй оноосон нэр бүхий хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, байгуулах эрхгүй. Энэ ч үүднээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.5 дахь заалтын дагуу Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.10-т Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй гэж, журмын 3.11-т Энэ заалт тухайн нэрийг анх баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй гэж заасан. Журмын тус заалт, түүний тайлбарын дагуу "Бодь гэх оноосон нэртэй компани байгаа нөхцөлд Бодь Групп, Бодь Холдинг, Бодь Нэгдэл, Бодь Корпораци, Бодь консерциум зэрэг хуулийн этгээдийн нэрийг өөр этгээдэд баталгаажуулахгүй, харин анх оноосон нэрээр байгуулагдсан компани нь цаашид тухайн оноосон нэртэй хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, үүсгэн байгуулах эрхтэй байх юм. Иймд нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч Бодь Интернэшнл ХХК-иудын аль нь цаашид Бодь Групп, Бодь Холдинг, Бодь Нэгдэл, Бодь Корпораци, Бодь консерциум зэрэг хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, үүсгэн байгуулах эрхтэй болохыг шийдвэрлэхэд анх Бодь гэх оноосон нэрийг авсан, баталгаажуулсан компанийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, журмын 3.11 дэх заалтын дагуу анх Бодь гэх оноосон нэрийг авсан хуулийн этгээд цаашид дээрх оноосон нэр бүхий хуулийн этгээд байгуулах эрхтэй байх юм.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Б  нь анх Бодь гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг авч, баталгаажуулж, одоогийн Бодь гэх компанийг үүсгэн байгуулсан. Үүний дараа иргэн М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтран Бодь Интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулсан нь тус компанийг үүсгэн байгуулах гэрээнээс тодорхой харагддаг. Энэ талаар зохигчид маргахгүй байгаа. Иймд Б ХХК анхдагч тул цаашид Бодь Групп, Бодь Холдинг, Бодь Нэгдэл, Бодь Корпораци, Бодь консерциум зэрэг хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй.

Бодь Интернэшнл болон Бодь Цамхаг Бодь Даатгал Бодь Системс зэрэг Бодь гэх нэр орсон олон хуулийн этгээдийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Учир нь тэдгээрийг Бодь гэх оноосон нэрийг анх баталгаажуулж, үүсгэн байгуулагдсан Б ХХК зөвшөөрсөн буюу өөрөө оролцож, үүсгэн байгуулсан явдал байсан. Хэрэв Бодь Интернэшнл ХХК-ийг Б ХХК үүсгэн байгуулаагүй бол бусад хэн нэгэн этгээд тухайн нэрээр хуулийн этгээд үүсгэн байгуулах эрхгүй.

Бодь гэх оноосон нэрээр анх бүртгэгдсэн хуулийн этгээд бол нэхэмжлэгч Б ХХК бөгөөд түүний үүсгэн байгуулагч нь Л.Б  нар тул тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр цаашид хэн нэгэн Бодь гэх нэр орсон хуулийн этгээд байгуулах эрхгүй юм. Хариуцагч компани нь Бодь Групп гэх мэтээр хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулахыг зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байх тул Иргэний хуулийн 9.4 дэх хэсэгт Иргэний эрхийг дараах аргаар хамгаална гэж, 9.4.1 дэх заалтад эрхийг хүлээн зөвшөөрөх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар Бодь Групп, Бодь Холдинг, Бодь Нэгдэл, Бодь Корпораци, Бодь консерциум. Бодь Корпорашион гэх мэтээр Бодь гэх үг орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү хуулийн этгээд үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

2.Цаашид Б ХХК-тай ижил, төсөөтэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах шаардлагын хувьд:

Иргэний хуулийн 27.3 дахь хэсэгт Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасны дагуу аливаа этгээд өмнө үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардсан, ижил, төсөөтэй оноосон нэр бүхий хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, байгуулах эрхгүй. Тус журам нь Б ХХК-ийн хувьд ч нэгэн адил хамаарна. Гэвч, хариуцагч "Бодь Интернэшнл гэх ХХК байгаа нөхцөлд Иргэний хуулийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлага тавих эрхийг тус хоёр компанийн хэн нь эдлэхийг тодруулах шаардлагатай. Үүнд, дээрхтэй ижил байдлаар буюу хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан огноо, дарааллын дагуу шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Бодь гэх нэр орсон оноосон нэр бүхий компани байгуулах, нэрийн баталгаажуулалт хийлгэх эрхийг анхдагч байдлаар нэхэмжлэгч Б ХХК эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагыг аливаа этгээдэд гаргах эрхтэй, харин Бодь интерэншнл ХХК гаргах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 27.3, Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 1.1, 3.1, 5.1 дэх заалтуудын дагуу тус тус цаашид Б ХХК-тай ижил, төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

3.Бодь Интернэшнл ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Бодь гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах шаардлагын хувьд:

Хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдын зүгээс Б ХХК болон Бодь Интернэшнл ХХК-иудын нэртэй холбоотой төөрөгдөх байдал үүсдэг. Тухайн компаниуд нэг адил салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа. Иймд Бодь Интернэшнл ХХК-ийг өөрийн нэрээ Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, цаашид хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Бодь гэх үгийг ашиглахгүй байхыг даалгахыг хүсч байна.

4.Б ХХК-ийн нэр нь барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Монгол Улс Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцид 1989 онд нэгдэн орсон байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан. Үүнээс үзвэл аж ахуйн нэрийг барааны тэмдэг мөн ч бай биш ч бай, барааны тэмдгээр бүртгүүлэх мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж тодорхой зааж өгсөн. Иймд Б ХХК-ийн нэр нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан байх тул тогтоож өгнө үү.

5.Бодь интернэшнл ХХК-ийн нэр дээр буй Бодь групп 10252, Bodi group 10153 дугаартай барааны тэмдгийг Б ХХК-д шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

"Бодь" ХХК, "Бодь даатгал ХХК, "Бодь цамхаг ХХК-тай холбоогүй, тус компаниудад хувьцаа эзэмшдэггүй Б и ХХКнь дээрх компаниудын нэр бүхий барааны тэмдэгтүүдийг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд "Бодь интернэшнл ХХК-ийн эзэмшиж буй барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргааныг Улсын дээд шүүх хяналтын журмаар 2017 оны 11 дүгээр сарын 01-нд эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Захиргааны хэргийн шүүхээс барааны тэмдэгтэй холбогдуулж Компаниудын хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шилжүүлэхдээ тус компаниудын үйл ажиллагааны чиглэлд хамаарах барааны тэмдгийг хамт шилжүүлэх эсэх, барааны тэмдгийг хэн эзэмших талаар гэрээнд заагаагүй, барааны тэмдгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд эхлээд энэ талаар талууд шийдвэрлэх, хэрвээ тохиролцон шийдвэрлэх боломжгүй бол барааны тэмдгийг эзэмших эрхийн талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсний эцэст оюуны өмчийн байгууллагад хандан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.4-т зааснаар барааны тэмдгийг эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэх боломжтой байна гэсэн дүгнэлтийг хийсэн.

Хувьцаа эзэмшигч нар нэг ашиг сонирхолтой хамтарч ажиллаж байх үедээ 2012 онд Бодь интернэшнл ХХК-ийн нэр дээр Бодь групп, Bodi group гэх дүрс бүхий барааны тэмдгийг бүртгүүлж 10252, 10153 тоот барааны тэмдгийн гэрчилгээг авсан. Хувьцаа эзэмшигч нар хамтарч ажиллахаа больсноос хойш тус компани эзэмшиж байгаа үйлдэл нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т Бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй, 5.2.8-т Бараа үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах .... гэх заалтуудыг зөрчиж байгаа. Энэ талаар шүүх хуралдааны явцад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч (итгэмжлэгдсэн төлөөлөгч нь) хүртэл Б и ХХКнь өөрт хамааралгүй Бодь групп 10252, Bodi group 10153 тоот барааны тэмдэгтүүдийг эзэмшиж, ашиглах нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан үйлдэл мөн болохийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг барааны тэмдгийн гэрчилгээнд групп гэх үг хамгаалагдаагүй тухай дурдсан бөгөөд хоёр байгууллага өнөөг хүртэл уг дүрсийг адилхан ашиглаж хэрэглэж байгаа. Манай зүгээс уг барааны тэмдгийн хууль ёсны жинхэнэ эзэмшигч гэж үзэж байгаа бөгөөд хуулийн этгээдийн нэр барааны тэмдэгтэйгээ салшгүй холбоотой тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Б ХХК-ийн эрх ашгийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож, дээрх хоёр 10252, 10153 дугаарт бүртгэгдсэн барааны тэмдэгтийг Б ХХК-д шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч Л.Б ийн хувьд Б ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэн компанитай адил шаардлагыг шүүхэд гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс анх Бодь интернэшнл ХХК-г байгуулахад дүрмээр олгосон нэр ашиглах зөвшөөрлийг дэмжихгүй байгаа бөгөөд компанид оруулсан хөрөнгө гэж үзэж байна. Хариуцагч бодитоор хэрэглэгч төөрөгдөөгүй гэж байгаа ч бодитоор хэрэглэгч төөрсөн баримт байж хохирол учирсан байхыг шаардахгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэргийн шүүхэд иргэн, хуулийн этгээд өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор ханддаг. Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тус компанийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой ямар эрх зөрчигдсөн болон Бодь интернэшнл ХХК-ийн зүгээс Б ХХК-ийн яг ямар эрх ашиг сонирхлыг яаж хөндсөн нь тодорхойгүй байна. Хувь хүн, хуулийн этгээдэд нэр эзэмшүүлэх, олгохтой холбоотой асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд энэ асуудлаар иргэний шүүх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Л.Б  анх Бодь групп гэх нэрийг баталгаажуулсан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолд дурдсан байна. 2015 оны 01 сарын 26-ны өдрийн 23 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд Бодь групп гэх нэрийг хэн анх баталгаажуулсан талаар дурдсан зүйл байхгүй. Харин ч Л.Б ийн нэр дээр Бодь групп ХХК-ийг бүртгэсэн хууль бус Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд талуудыг маргаанаа иргэний журмаар эвийн байдлаар шийдвэрлэх гэж дурдсанаас бус иргэний шүүх шийдвэрлэнэ гэж харьяалал заагаагүй.

Хуулиар хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах эрх хэнд ч нээлттэй. Түүнчлэн нэр авах, баталгаажуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг захиргааны байгууллага шийдвэрлэнэ. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүх шийдвэрлэхгүй.

Анх Бодь интернэшнл ХХК-г үүсгэн байгуулахад үүсгэн байгуулагч нарын нэг нь Б ХХК байсан гэдэгт маргахгүй. Тухайн үед компанийн дүрмийн 5.4-т бодь гэсэн тодотгол хэрэглэж болно гэж заасан нь нэхэмжлэгч зөвшөөрөл олгосон гэсэн үг биш. Тус компанийн 1996, 2004, 2014 оны дүрэмд ч нэр ашиглах тухай заасан байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтаар оноосон нэрэндээ Бодь гэх үг орсон, нэрийн баталгаажилт хийлгэсэн 200 гаран хуулийн этгээд байхад зөвхөн тус байгууллагад хандан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ хэрэглэгч төөрөгдөлд орсон гэдэг ч үүнийг нотлосон баримтгүй. Бодитоор хичнээн хэрэглэгч яаж төөрөгдөөд хохирсон тухай баримтгүй.

Нэгэнт үүсгэн байгуулагчид хөрөнгө хуваахаас өмнө Б и ХХКгэсэн нэрийг авсан байсан. Түүнчлэн компанийн дүрмийн 5.1-д Бодь интерэшнл ХХК нь өөрийн охин болон хараат компанийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор компаниудын нэгдэл буюу Бодь групп-ийг байгуулж болно гэж заасан. Улмаар Бодь групп нэгдлийн дүрмийг 2011 онд баталж, компанийн засаглалын бичиг баримтыг баталсан. Үүгээр Б ХХК өөрөө Бодь интернэшнл ХХК-ийн нэг хэсэг тул толгой компани нь Бодь интерэншнл ХХК байсан. 2009 оноос эхлэн бодь групп гэсэн домэйн нэр, брэндбүүк номыг ашиглаж байгаа. 2012 онд бүртгэлийн байгууллагад компанийн нэгдэл болохтой холбоотойгоор нэрийн баталгаажилтыг Бодь интернэшнл ХХК-аас хийлгэсэн. Мөн компанийн нэр биет бус хөрөнгө гэж үзэх боломжгүй, биш. Иймд компанийн нэрийг өөрчлөхийг даалгах, үйлдэл гаргахгүй байхыг даалгах, уг үг орсон нэрийг ашиглахгүй байхыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Б ХХК-ийн нэрийг барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд: Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн 8 дугаар зүйлд аж ахуйн нэгжийн нэр барааны тэмдгээр бүртгүүлэх мэдүүлэг гаргасан эсэхээс үл хамаарч нэгэн адил хамгаалагдахаар заасан. Иймд тус компанийн нэр угаасаа конвенцээр хамгаалагдсан тул иргэний шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх, тогтоолгох шаардлага байхгүй.

№10252, №10153 тоот барааны тэмдгийн тухайд Бодь интернэшнл ХХК-иас 2012 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу Бодь групп гэсэн барааны тэмдгийг баталгаажуулахаар холбогдох газарт хүсэлт гаргасан. Улмаар БОДЬ ГРУПП, BODI GROUP гэх дүрс бүхий барааны тэмдгийг Б и ХХКэзэмших онцгой эрхтэйг баталгаажуулж, 10153, 10252 тоот гэрчилгээг олгосон. Иймд хууль ёсны дагуу барааны тэмдгийг эзэмшиж байгаа. Захиргааны шүүхээс уг асуудлыг хувьцаа эзэмшигч талууд өөрсдөө шийдвэрлэх, улмаар бүртгэх байгууллага бүртгүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн. Түүнчлэн хуулийн этгээдийн нэр, түүнийг олж авах асуудал, барааны тэмдэг, түүнийг эрхийн хамгаалалт хийх асуудал хоёр тусдаа. Конвенцоор Бодь гэсэн оноосон нэрийг хамгаалсан болохоос Бодь гэсэн үг орсон бусад нэрийг болоод барааны тэмдгийг хамгаалсан гэсэн үг биш. Барааны тэмдэг, барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдах обьект ялгаатай. Түүнчлэн хамгаалагдах хэмжээний нэр мөн эсэхийг холбогдох төрийн захиргааны байгууллагын шинжээч дүгнэлт гаргаж тогтоодог болно. Нэхэмжлэгч уг шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар гаргасан гэж тодруулж байна. Манайх уг барааны тэмдгийг зохих журмын дагуу Оюуны өмчийн газраас баталгажуулж авсан тул хууль бусаар эзэмшээгүй болно. Нэхэмжлэгч Л.Б ийн хувьд ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд тэрээр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хувьд шаардлага гаргаагүй байна. Иймд уг маргаан иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан биш, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б ХХК Л.Б  нар Бодь интернэшнл ХХК-д холбогдуулан Бодь Групп, Бодь Корпораци, Бодь Корпорашион, Бодь Нэгдэл, Бодь Консерциум, Бодь Холдинг гэх мэтээр Бодь орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид Б ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, Бодь интерэншнл ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Бодь гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах, Б ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Бодь интернэшнл ХХК-ийн нэр дээр буй 10252, 10153 дугаарт бүртгэгдсэн БОДЬ ГРУПП, BODI GROUP гэх барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхлыг хөндсөн нь тодорхойгүй, тухайн маргаан иргэний хэргийн шүүх шийдвэрлэх маргаан биш гэж маргав.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Б  1996 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Бодь гэх оноосон нэрийг баталгаажуулан авч Б ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэл гэрчилгээг авсан. Улмаар Б ХХК-г төлөөлж Л.Болд нь иргэн Н.Баясгалан, М.Зоригт нартай хамтран 1996 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Бодь интернейшнл ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх 16-20, 86, 87,114-120, 193, 3хх 142, 156-169/

Хэрэгт баримтаар авагдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 425 дугаар тогтоолд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Бодь интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Болд өөрийн эзэмшлийн 33 хувийн хувьцааг худалдаж, төлбөрт нь Бодь цамхаг ХХК-ийн нийт хувьцааны 85 хувийг, Бодь даатгал ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч Б ХХК нь Бодь интернэшнл ХХК-тай хамааралгүй болсон тухай дурджээ. Зохигчид 2013 онд Иргэний хууль, Компанийн тухай хуульд зааснаар Бодь интернэшнл ХХК-ийн хувьд компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөн байгуулах зэргээр хуулийн этгээдийн хувьд өөрчлөлт ороогүй, зөвхөн хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар бусад хувьцаа эзэмшигч нарт худалдах процесс явагдсан гэж тайлбарлаж маргаагүй болно.

а/Б ХХК Л.Б  нар Бодь интернэшнл ХХК-д холбогдуулан Бодь Групп, Бодь Корпораци, Бодь Корпорашион, Бодь Нэгдэл, Бодь Консерциум, Бодь Холдинг гэх мэтээр Бодь орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Бодь гэх үгийг хариуцагч байгууллагаас түрүүлж анхдагчаар олж авсан үндэслэлээр ийм эрхтэй болохыг хариуцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэхээр шаардаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шинээр ... хуулийн этгээд байгуулагдах болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана., мөн зүйлийн 14.2-т Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шаардлага хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна гэж заажээ.

Иймд хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, үүсгэн байгуулах эрх хуулиар иргэн, хуулийн этгээд хэн алинд нь адил тэгш нээлттэй, түүнчлэн бүртгэх эсэх асуудлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхээр хуулиар зохицуулахдаа тодорхой дэс дарааллыг зааж журамласан байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүх шууд харьяалан шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй гэж үзэн, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

б/ Бодь интерэншнл ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Бодь гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах, цаашид Б ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.2-т Хуулийн этгээдийн нэр гэж улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулсан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг хэлнэ гэж, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй гэж заажээ.

Зохигчид 1996 онд анх харилцан тохиролцож Бодь интернэшнл ХХК-г байгуулахдаа Б ХХК үүсгэн байгуулагчаар оролцсон, улмаар шинээр байгуулсан уг хуулийн этгээдийн оноосон нэрэнд Бодь гэх үгийг оруулсан, түүнчлэн дүрмийн 6.4, үүсгэн байгуулах гэрээний 5.4-т цаашид компани салбар болон харьяа компани байгуулах тохиолдолд оноосон нэрэндээ Бодь гэх тодотгол хэрэглэж болох-оор тусгасан, улмаар 2013 онд Бодь интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Б ХХК гарсан үйл баримтад маргаагүй тул Бодь гэх нэрийг хариуцагч компанийг үүсгэн байгуулахад анх хувьцаа эзэмшигчийн хувиар компанид оруулсан биет бус хөрөнгө буюу Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заасан эдийн бус баялагийн эрх гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар Б и ХХКнь үл хөдлөх хөрөнгийн түрээс, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлээр, Бодь" ХХК нь гадаад худалдааны чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Нэгэнт хувьцаа эзэмшигч компанийн хувьцааг эзэмшихээ больж компаниас гарсан тул оруулсан биет бус хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т нэр давхардахгүй, адил төстэй байхыг хориглосон, тус хоёр байгууллага нэг адил чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх хариуцагч хуулийн этгээдийг оноосон нэрэндээ Бодь гэх үгийг цаашид ашиглахгүй байхыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Цаашид Б ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах шаардлагын тухайд дээрх шаардлагатай уялдуулан нэхэмжлэгч шаардах эрхтэй хэдий ч тэрээр ямар хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, ямар компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгахаар шаардаж буй нь тодорхой бус, ирээдүйд хариуцагч байгууллагын үүсгэн байгуулах хуулийн этгээдийг бүхэлд нь хориглох агуулгаар нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцон энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Компанийн оноосон нэрийг өөрчлөх асуудлыг Компанийн тухай хуулийн 59, 62 дугаар зүйлд зааснаар тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэх эрх бүхий төрийн захиргааны байгууллага хууль, журмын дагуу бүртгэхээр зохицуулсан буюу тодорхой дэс дараалал журмыг заасан байх тул Бодь интерэншнл ХХК-ийн оноосон нэрийг ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх асуудлыг шүүх шууд харьяалан шийдвэрлэж, хариуцагч байгууллагад нэрээ өөрчлөхийг даалгах боломжгүй гэж үзэв.

в/Б ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заажээ.

Нэгэнт конвенцээр хуулийн этгээдийн нэрийг бүртгэлгүйгээр хамгаалахаар зохицуулсан тул шүүх хариуцагч байгууллагаар уг эрхийг хүлээн зөвшөөрүүлэх гэж харьяалан шийдвэрлэх шаардлагагүй.

д/Бодь интернэшнл ХХК-ийн нэр дээр буй 10252, 10153 дугаарт бүртгэгдсэн БОДЬ ГРУПП, BODI GROUP гэх барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь энэ шаардлагаа Бодь гэх оноосон нэртэй салгаж үл болох эдийн бус эрх, хариуцагчийн эзэмшил өөрөө хууль бус гэж Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардсан гэж тодруулав.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй гэж заажээ.

Хэрэгт баримтаар авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/447, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0570 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолд Б и ХХКнь 2012 онд БОДЬ ГРУПП, BODI GROUP гэсэн дүрс үг бүхий барааны тэмдгийг бүртгүүлэхээр анхдагч огноотой мэдүүлгийг гаргасан, Монгол Улсын шадар сайдын 2012 оны 18 дугаар тушаалаар дээрх дүрс, үг бүхий барааны тэмдгийн эзэмшигчээр Бодь интернэшнл ХХК-г бүртгэж 10252, 10153 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгосон, ийнхүү эрхийн хамгаалалт хийж, баталгаажуулах үед гуравдагч этгээдээс маргаан үүсгээгүй, захиргааны байгууллага зохих журмын дагуу бүртгэсэн тухай дурджээ. /3хх 91-116/

Дээрх үйл баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримт тул дахин нотлох шаардлагагүй.

Хэдийгээр шүүх Бодь гэх үг орсон хуулийн этгээдийг цаашид Б ХХК ашиглах эрхтэй гэж үзсэн боловч Б ХХК нь Бодь интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байхдаа дээрх барааны тэмдэгтүүдийг Бодь интернэшнл ХХК-ийн нэр дээр хууль, журмын дагуу Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн, хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд эзэмших, ашиглах эрхийг зохих журмын дагуу бүртгүүлж олж авсан, уг хугацаа дуусгавар болоогүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус, хууль бусаар олж авсан гэж үзэх боломжгүй. /3хх 182, 194/

Иймд нэхэмжлэлийн хүрээгээр тооцон энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б ын тухайд хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, харин иргэний хувьд нэхэмжлэл гаргасан, иргэн Л.Б ийн эрх ашиг хөндөгдсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул тэрээр шаардах эрхгүйг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 351.000 төгрөг төлөхөөс 210.600 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 140.400 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 27 дугаар зүйлийн 27.3, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Бодь интернэшнл ХХК-г оноосон нэрэндээ Бодь гэх үгийг цаашид ашиглахгүй байхыг даалгаж, нэхэмжлэгч Л.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Б ХХК-ийн гаргасан Бодь Групп, Бодь Корпораци, Бодь Корпорашион, Бодь Нэгдэл, Бодь Консерциум, Бодь Холдинг гэх мэтээр Бодь орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид Б ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, Бодь интерэншнл ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, Б ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Бодь интернэшнл ХХК-ийн нэр дээр буй 10252, 10153 дугаарт бүртгэгдсэн БОДЬ ГРУПП, BODI GROUP гэх барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 140.400 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ