Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1672

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдох

 

ХХХХ нь “ХХХХ” гэх нэрийг “ХХХХХХ” ХХК-аас тэргүүн ээлжид эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч  “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд “ХХХХ” гэх нэрийг хэн эзэмших, түрүүлж баталгаажуулах эрхтэй болох талаарх маргаан гарсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолд “... “ХХХХ” гэх нэр давхардсан гэж маргаагүй, ... энэ нэрийг хэн эзэмших ёстой талаар маргасан, уг маргаан иргэний журмаар шийдэгдээгүй байна” гэж тухайн маргааныг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхээр хэргийн харьяаллыг тогтоосон. Энэ маргааны гол агуулга нь “ХХХХ” гэх нэр бөгөөд “ХХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ХХХХийн төрсөн эцэг болох профессор ХХХХХ нь Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших “ХХХХ”-ийн шанаа гэх газар төрсөн. ХХХХ нь 1996 онд “ХХХХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан байдаг. “ХХХХ” ХХК-ийн 1996 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4089 дугаартай, оноосон нэрийн зөвшөөрлийн “Удирдлагын оноосон нэр” гэсэн хэсэгт “ХХХХ” ББХХ гэжээ. Мөн 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “ХХХХХ” ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний оролцогч нь нэг талаас “ХХХХ” ХХК-ийг төлөөлж ХХХ, нөгөө талаас ХХХХ, ХХХХ нар байна. Үүнээс үзэхэд “ХХХХ” ББХХ нь “ХХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “ХХХХ” ХХК нь “ХХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч байна. “ХХХХХ” ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний 5.4-т зааснаас үзэхэд “ХХХХ” хэмээх нэр нь “ХХХХ” ХХК-тай хамааралгүй, харин ч “ХХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ХХХХ буюу “ХХХХ” ХХК уг нэрийг эзэмших, ашиглах онцгой эрхтэй болохыг нотолж байна. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭ-13-01 дугаар “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу “ХХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч “ХХХХ” ХХК нь хувьцаа эзэмшигч байхаа больсон байдаг. Иймд “ХХХХ” ХХК нь өөрийн хүсэл сонирхлын дагуу “ХХХХ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр “ХХХХ” гэх нэрийг оролцуулан өөрийн хуулийн этгээд байгуулах эрхгүй ба энэ нь хуулиар хориглосон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 742 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журмын 1.6-д заасны дагуу ХХХХ “ХХХХ” нэрийг баталгаажуулсан. Энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны зүйлийн 23 дугаар тогтоолд дурдсан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тодорхойлолт, нотлох баримт гаргуулан авах боломжтой. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгч ХХХХ нь “ХХХХ” гэх нэрийг хариуцагчаас тэргүүн ээлжид эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тус компанийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой ямар эрх нь зөрчигдсөн болон “ХХХХ” ХХК-ийн зүгээс “ХХХХ” ХХК-ийн яг ямар эрх ашиг сонирхлыг яаж хөндсөн зэрэг нь тодорхойгүй. Хувь хүн, хуулийн этгээдэд нэр эзэмшүүлэх, олгохтой холбоотой асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд энэ асуудлаар шүүх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаас үзвэл хэргийн харьяаллын талаар гарсан маргааныг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх, хэргийн харьяаллын талаар маргаан гарсан байх, тус хэргийн харьяаллын талаар гарсан маргааныг шийдвэрлүүлэхээр шүүх болон танхимын аль нэг нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх хууль зүйн урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол гаргах үндэслэл болсон “ХХХХ” ХХК-ийн тухайн үеийн нэхэмжлэлийн шаардлага нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ХХХХХХХХ, ХХХХХХХХ дугаар бүхий “ХХХХ” нэртэй хуулийн этгээд буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газар “ХХХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХХХгийн үүсгэн байгуулсан “ХХХХ”-ийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын байцаагчид даалгах байсан. Улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар Иргэний танхим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай тогтоолд тайлбарласнаар Шүүхийн магадлалд хэргийн харьяалал зөрчигдсөн байдал, үндэслэлийг тодорхой зааж, харьяалах шүүхэд хандах эрхийг тусгана. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 450 дугаар магадлалд хэргийн харьяаллын талаар дүгнэлт хийгээгүй байна. Мөн тогтоолд нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх явуулж дууссан үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болохгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлаар, талууд болон шүүх, танхим аль аль нь хэргийн харьяаллыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй, маргаан гараагүй байхад Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолд хийсэн дүгнэлтээр хэргийн харьяалал тогтоосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар нь нэр эзэмшихтэй холбоотой маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах, нэрийн давхардалтай холбоотой харилцааг зохицуулах тусгай хууль, хуульчилсан актууд батлагдан мөрдөгдөж байна. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоолд “ХХХХ” гэх нэрийг хэн анх баталгаажуулсан талаар дурдсан зүйл байхгүй ба харин ч ХХХХийн нэр дээр “ХХХХ” ХХК-ийг бүртгэсэн хууль бус Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “ХХХХ” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн охин, хараат компаниудыг оруулсан “ХХХХ” гэх нэрээр үйл ажиллагаа явуулж олонд танигдсан. “ХХХХ” ХХК нь өөрийн компаниудын нэгдлийг компанийн дүрэмд “ХХХХ” гэж тусгаж Улсын бүртгэлд бүртгүүлснээс гадна Оюуны өмчийн газраас олгосон “ХХХХ” барааны тэмдгийн улсын гэрчилгээг эзэмшдэг. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар тус нэрийг бусад хуулийн этгээд эзэмшиж, ашиглах нь хуультай зөрчилдсөн асуудал үүсгэнэ. Иймд тус хэрэг нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан ХХХХ нь “ХХХХ” гэх нэрийг хариуцагчаас тэргүүн ээлжид эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч ХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам, болон Монгол Улсын олон улсын гэрээ болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үйл баримтын үндэслэлд ямар ч дүгнэлт хийгээгүй ба үндэслэл хэсэгтээ “... Иймд дээрх хуулийн зохицуулалтаар “ХХХХ” гэх оноосон нэрийг хэн авах эрхтэй, уг эрхийг хэнийх нь хувьд баталгаажуулах асуудлыг зохицуулсан байна” гэж дүгнэсэн атлаа “ХХХХ” гэх нэрийг хэн авах эрхтэй болох, хэн нь баталгаажуулах эрхтэй болох талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Мөн “ямар эрх ашиг нь хөндөгдөж буй нь тодорхойгүй” гэж дүгнэсэн атлаа “ХХХХ” гэх оноосон нэрийг хэн авах эрхтэй, уг эрхийг хэнийх нь хувьд баталгаажуулах асуудлыг зохицуулсан” гэж дүгнэснээрээ ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар ойлгож дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцааны объект нь иргэний эрх зүйн маргаан гарах үндсэн шалтгаан болж байгаа, шүүхэд иргэний журмаар хамгаалуулж, шийдвэрлүүлэх шаардлагатай болсон эдийн болон эдийн бус баялаг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх, эрх чөлөө, ашиг сонирхол байдаг билээ. “ХХХХ” гэх нэр нь мөнгөөр үнэлж болох олон нийтэд танигдсан, бизнесийн чухал ач холбогдолтой нэр болсон байх ба энэ нэрийг эзэмшиж, ашиглах эрх нь эдийн бус баялаг бөгөөд иргэний эрх зүйн харилцааны объект болж байгаа юм. Уг нэрийг эзэмшиж, ашиглах эрхийг олж аван, бизнесийн үйл ажиллагаа явуулах гэтэл маргаан гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл, шалтгаан болсон билээ. Уг маргаан нь захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “захиргааны маргаан бус иргэний эрх зүйн маргаан” гэж шийдвэрлэсний дагуу иргэний шүүхэд хандтал иргэний шүүхээс тодорхойгүй, бодит бус үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрх ашгийг зөрчиж байгаа юм. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хэрэглэсэн хуулийн зүйл заалтыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тайлбарлаагүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсгийг барьж хэргийг шийдвэрлэсэн нь тус зүйл заалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа нь ойлгомжгүй, хууль ёсны бус болсон байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг нь эзэмшил хэрхэн үүсэх талаарх зохицуулалт болохоос биш эзэмших эрхийг тодорхойлох, шаардах эрхийн үндэслэл болох заалт биш юм. Эзэмшил нь гагцхүү эд юмст үүсэх боломжтой байдаг ба шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. “ХХХХ” ХХК нь “ХХХХ” гэх нэрийг бусдаас тэргүүн ээлжинд эзэмшиж ашиглах эрхтэй болох талаарх дараах үйл баримт, эрх зүйн үндэслэлүүд байгаа ба үүнийг шүүгч анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь хэсэгт заасны дагуу ХХХХ нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ХХХХХХХХ, ХХХХХХХ дугаар бүхий “ХХХХ” гэсэн нэртэй хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар ч мөн иргэн ХХХХийн үүсгэн байгуулсан “ХХХХ” ХХК-д уг нэрийг баталгаажуулах зөвшөөрөл олгохдоо шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, болон Оюуны өмчийн газартай зөвшилцсөний үндсэн дээр “ХХХХ” гэх нэрийг “ХХХХ” ХХК-д олгосон. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журмын 1.6-д заасныг иш үндэс болгон “ХХХХ” ХХК-ийн нэрийг ХХХ 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, “ХХХХ” ХХК-ийн нэрийг ХХХ, ХХХХ, ХХХХ нар 1993 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулж, хуулийн этгээдийг бүртгүүлсэн огноог харгалзан “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХийн хүсэлтийг ханган “ХХХХ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн. Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмаар хуулийн этгээдийн нэрийг олгохдоо анхдагч огноог баримталж олгох агуулгатайгаар зохицуулж өгсөн. Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 5-д заасны дагуу “ХХХХ” ХХК нь анхдагч болж байгаа. Монгол Улсын Олон Улсын гэрээ болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйл нь аж ахуйн нэгжийн нэр нь барааны тэмдгийн гэрчилгээтэй эсэхээс үл хамааран хамгаалагдахаар зохицуулагдсан. “ХХХХ” хэмээх нэр нь бүртгэлгүйгээр хамгаалагдах төдийгүй, анх 1991 онд “ХХХХ” хоршоо гэдэг хуулийн этгээд үүсгэн байгуулагдсанаар хамгаалагдсан юм. “ХХХХ” гэх үндсэн нэрний гарал үүсэл нь иргэн ХХХХийн төрсөн эцэг, эхтэй шууд холбоотой бөгөөд тэрээр анхлан “ХХХХ” нэртэй хуулийн этгээдийг үүсгэн байгуулж байсан тул тус нэрийг хэн нэгэн иргэн, хуулийн этгээд эзэмших нь хууль, зүй ёсонд нийцэхгүй байна. Улмаар “ХХХХХ” ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний 5.4-т “салбар болон харьяа компани нь нэрэндээ “ХХХХ” гэсэн тодотгол хэрэглэж болно" гэж зааснаас үзэхэд “ХХХХ” хэмээх нэр нь “ХХХХ” ХХК-тай хамааралгүй, харин ч “ХХХХ” ХХК-ийг үүсгэн байгуулагч ХХХХ, ХХХ буюу “ХХХХ” ХХК уг нэрийг эзэмших, ашиглах онцгой эрхтэй болохыг нотолж байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт "анхан шатны шүүх хэргийг 60" хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал шүүгч шийдвэрлэлгүй хойшлуулсаар байсан. Нотлох баримт хангалттай цугларч, хэрэг хянан хэлэлцэх шүүх хурлын товыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр товлож, талуудад шүүх хурлын зарыг мэдэгдсэн байсан. Гэтэл шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдааныг хойшлуулж, нэг талын ашиг сонирхолыг илүүд үзсэн болно. Мөн түүнчлэн уг маргааныг өмнө нь шийдвэрлэж байсан захиргааны хэргийн шүүхэд цугларсан нотлох баримтаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангалтгүй орхисон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан иргэн ХХХХ нь “ХХХХ” гэх нэрийг “ХХХХХХ” ХХК-аас тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч компанийн ямар эрх, ашиг сонирхлыг хариуцагч компанийн зүгээс зөрчсөн нь тодорхойгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг тодорхой дурдах журамтай. Иргэний хэрэг үүсгэсний дараа шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд шүүхээс тодруулах шаардлагатай болохоос хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж буй этгээд байх бөгөөд “ХХХХ” ХХК-ийн ямар эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүйгээс гадна хэрэв иргэн ХХХХийн нэрийн өмнөөс зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж буй бол түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасан итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

 

Хуулийн этгээдийн нэртэй холбоотой эдийн бус баялгийн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд “ХХХХ” эсхүл “ХХХХ” гэх нэрийн алинтай нь холбоотойгоор маргаж байгаа нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... ХХХХ ХХК нь “ХХХХ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр “ХХХХ” гэх нэрийг оролцуулан өөрийн хуулийн этгээд байгуулах эрхгүй ...” /хх.3/ гэж дурдсан атлаа шүүх хуралаанд гаргасан тайлбартаа “ХХХХ” гэх нэрийг ашиглах, эзэмших эрхтэй холбоотой талаар тайлбарласан байна. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн хувьд “ХХХХ” эсхүл “ХХХХ” гэх нэрийн алинтай нь холбоотойгоор шаардлага гарган маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй болжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлсноор маргааны үйл баримтын талаар талуудын нотлох үүрэг тодорхой болох учиртай. Хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцсэн хэмжээнд нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй зүйлийн агуулгыг тодорхойлох боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                                  ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ