Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00004

 

“Б” ХХК, Л.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/02167 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2503 дугаар магадлалтай,

“Б” ХХК, Л.Б- нарын нэхэмжлэлтэй,

“Б И” ХХК-д холбогдох

Б” ХХК, Л.Б- нар “Б Групп”, “Б Корпораци”, “Б Корпорашион”, “Б Нэгдэл”, “Б Консерциум”, “Б Холдинг” гэх мэтээр “Б” орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид “Б” ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, “Б И” ХХК-ийн оноосон нэрийг “Б” ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ “Б” гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах, “Б” ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, “Б И” ХХК-ийн нэр дээр буй Б групп, В- group гэх №10153, №10252 дугаартай барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Г.Т, өмгөөлөгч Л.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК, Л.Б- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч Л.Б-ийн төрсөн эцэг болох С.Л- нь Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших Б-ын санаа гэдэг газар төрж, 1989 онд Б гэсэн хоршоог үүсгэн байгуулж, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг шинэчилж Б бүрэн бус хариуцлагатай хоршооны нэрээр авсан. Нэхэмжлэгч Л.Б- нь 1996 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг баталгаажуулж, өөрийн төрсөн ах Л.Б-той цуг “Б” ХХК-ийг үүсгэн байгуулсан байна. Үүний дараа, удалгүй “Б И” гэх оноосон нэрийг баталгаажуулж, тус компанийг байгуулсан. Ингэхдээ, тус компанийг М.З-, Д.Б- болон “Б” ХХК-ийг төлөөлж Л.Б- нар хамтран үүсгэн байгуулсан. Тус компанийг анх үүсгэн байгуулахдаа Б гэх нэрийг компанийн оноосон нэрэндээ ашиглах, цаашид байгуулах охин, хараат компанид ашиглах зөвшөөрлийг нэхэмжлэгч нар дүрмээрээ олгосон. Улмаар хамтарч бизнес хийх хугацаандаа “Б” гэх нэр орсон хэд хэдэн компанийг байгуулж явж байсан боловч 2013 оны компанийн үүсгэн байгуулагчид бизнесээ хуваахаар тохиролцсон. Ингэхдээ “Б И” ХХК-ийн хувьцааг иргэн Д.Б-д бүрэн шилжүүлж, харин Б Цамхаг, Б Даатгал компанийн хувьцааг нэхэмжлэгч Л.Б-, түүний ах Л.Б- нар шилжүүлж авсан байна. “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь мөн адил тэдгээр хүмүүс хэвээр үлдсэн. Ийнхүү компанийн хувьцааг шилжүүлэхдээ нэрийн асуудлыг гэрээгээр зохицуулаагүйгээс цаашид Б Групп, Б Нэгдэл гэх зэрэг хуулийн этгээдийг аль тал нь үүсгэн байгуулах эрхтэй эсэх талаар маргаан гарсан. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, уг захиргааны хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ, тус маргааныг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг хийсэн. Иймд хуулийн этгээдийн оноосон нэрийг зохигчдын аль нь авах, баталгаажуулах эрхтэй эсэх, хуулийн этгээдийн оноосон нэрний эрхийг хэн эзэмших эсэх талаарх маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон тул дараах шаардлагыг гаргаж байна.

1.Б Групп, Б Корпораци, Б Корпорашион, Б Нэгдэл, Б Консерциум, Б Холдинг гэх мэт хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасны дагуу аливаа этгээд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн оноосон нэртэй давхардсан, ижил, төсөөтэй оноосон нэр бүхий хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, байгуулах эрхгүй. Энэ ч үүднээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтын дагуу Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.10-т Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй гэж, журмын 3.11-т Энэ заалт тухайн нэрийг анх баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй гэж заасан. Журмын тус заалт, түүний тайлбарын дагуу Б гэх оноосон нэртэй компани байгаа нөхцөлд Б Групп, Б Холдинг, Б Нэгдэл, Б Корпораци, Б консерциум зэрэг хуулийн этгээдийн нэрийг өөр этгээдэд баталгаажуулахгүй, харин анх оноосон нэрээр байгуулагдсан компани нь цаашид тухайн оноосон нэртэй хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, үүсгэн байгуулах эрхтэй байх юм. Иймд нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч “Б И” ХХК-иудын аль нь цаашид Б Групп, Б Холдинг, Б Нэгдэл, Б Корпораци, Б консерциум зэрэг хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, үүсгэн байгуулах эрхтэй болохыг шийдвэрлэхэд анх Б гэх оноосон нэрийг авсан, баталгаажуулсан компанийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, журмын 3.11 дэх заалтын дагуу анх Б гэх оноосон нэрийг авсан хуулийн этгээд цаашид дээрх оноосон нэр бүхий хуулийн этгээд байгуулах эрхтэй байх юм. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Б- нь анх Б гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг авч, баталгаажуулж, одоогийн Б гэх компанийг үүсгэн байгуулсан. Үүний дараа иргэн М.З-, Д.Б- нартай хамтран “Б И” ХХК-ийг үүсгэн байгуулсан нь тус компанийг үүсгэн байгуулах гэрээнээс тодорхой харагддаг. Энэ талаар зохигчид маргахгүй байгаа. Иймд Б ХХК анхдагч тул цаашид Б Групп, Б Холдинг, Б Нэгдэл, Б Корпораци, Б консерциум зэрэг хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй.

“Б И” болон Б Цамхаг Б Даатгал Б Системс зэрэг Б гэх нэр орсон олон хуулийн этгээдийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Учир нь тэдгээрийг Б гэх оноосон нэрийг анх баталгаажуулж, үүсгэн байгуулагдсан “Б” ХХК зөвшөөрсөн буюу өөрөө оролцож, үүсгэн байгуулсан явдал байсан. Хэрэв “Б И” ХХК-ийг “Б” ХХК үүсгэн байгуулаагүй бол бусад хэн нэгэн этгээд тухайн нэрээр хуулийн этгээд үүсгэн байгуулах эрхгүй. Б гэх оноосон нэрээр анх бүртгэгдсэн хуулийн этгээд бол нэхэмжлэгч “Б” ХХК бөгөөд түүний үүсгэн байгуулагч нь Л.Б- нар тул тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр цаашид хэн нэгэн Б гэх нэр орсон хуулийн этгээд байгуулах эрхгүй юм. Хариуцагч компани нь Б Групп гэх мэтээр хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулахыг зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Иргэний эрхийг дараах аргаар хамгаална гэж, 9.4.1 дэх заалтад эрхийг хүлээн зөвшөөрөх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар Б Групп, Б Холдинг, Б Нэгдэл, Б Корпораци, Б консерциум, Б Корпорашион гэх мэтээр Б гэх үг орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү хуулийн этгээд үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

2.Цаашид “Б” ХХК-тай ижил, төсөөтэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах шаардлагын хувьд, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасны дагуу аливаа этгээд өмнө үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардсан, ижил, төсөөтэй оноосон нэр бүхий хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, байгуулах эрхгүй. Тус журам нь “Б” ХХК-ийн хувьд ч нэгэн адил хамаарна. Гэвч, хариуцагч “Б И” гэх ХХК байгаа нөхцөлд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлага тавих эрхийг тус хоёр компанийн хэн нь эдлэхийг тодруулах шаардлагатай. Үүнд, дээрхитэй ижил байдлаар буюу хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан огноо, дарааллын дагуу шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 1.1, 3.1, 5.1 дэх заалтуудын дагуу тус тус цаашид “Б” ХХК-тай ижил, төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

3.“Б И” ХХК-ийн оноосон нэрийг “Б” ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Б гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах шаардлагын хувьд, хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдын зүгээс “Б” ХХК болон “Б И” ХХК-иудын нэртэй холбоотой төөрөгдөх байдал үүсдэг. Тухайн компаниуд нэг адил салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа. Иймд “Б И” ХХК-ийг өөрийн нэрээ “Б” ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, цаашид хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Б гэх үгийг ашиглахгүй байхыг даалгахыг хүсч байна.

4.“Б” ХХК-ийн нэр нь барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Монгол Улс Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцид 1989 онд нэгдэн орсон байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан. Иймд “Б” ХХК-ийн нэр нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан байх тул тогтоож өгнө үү.

5.“Б И” ХХК-ийн нэр дээр буй Б групп 10252, В- group 10153 дугаартай барааны тэмдгийг “Б” ХХК-д шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, “Б” ХХК, “Б даатгал” ХХК, “Б цамхаг” ХХК-тай холбоогүй, тус компаниудад хувьцаа эзэмшдэггүй “Б И” ХХК нь дээрх компаниудын нэр бүхий барааны тэмдэгтүүдийг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд “Б И” ХХК-ийн эзэмшиж буй барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргааныг Улсын дээд шүүх хяналтын журмаар 2017 оны 11 дүгээр сарын 01-нд эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Захиргааны хэргийн шүүхээс барааны тэмдэгтэй холбогдуулж Компаниудын хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шилжүүлэхдээ тус компаниудын үйл ажиллагааны чиглэлд хамаарах барааны тэмдгийг хамт шилжүүлэх эсэх, барааны тэмдгийг хэн эзэмших талаар гэрээнд заагаагүй, барааны тэмдгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд эхлээд энэ талаар талууд шийдвэрлэх, хэрвээ тохиролцон шийдвэрлэх боломжгүй бол барааны тэмдгийг эзэмших эрхийн талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсний эцэст оюуны өмчийн байгууллагад хандан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.4-т зааснаар барааны тэмдгийг эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэх боломжтой байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Хувьцаа эзэмшигч нар нэг ашиг сонирхолтой хамтарч ажиллаж байх үедээ 2012 онд “Б И” ХХК-ийн нэр дээр Б групп, В- group гэх дүрс бүхий барааны тэмдгийг бүртгүүлж 10252, 10153 тоот барааны тэмдгийн гэрчилгээг авсан. Хувьцаа эзэмшигч нар хамтарч ажиллахаа больсноос хойш тус компани эзэмшиж байгаа үйлдэл нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т Бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй, 5.2.8-т Бараа үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах... гэх заалтуудыг зөрчиж байгаа. Энэ талаар шүүх хуралдааны явцад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч хүртэл “Б И” ХХК нь өөрт хамааралгүй Б групп 10252, В- group 10153 тоот барааны тэмдэгтүүдийг эзэмшиж, ашиглах нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан үйлдэл мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг барааны тэмдгийн гэрчилгээнд групп гэх үг хамгаалагдаагүй тухай дурдсан бөгөөд хоёр байгууллага өнөөг хүртэл уг дүрсийг адилхан ашиглаж хэрэглэж байгаа. Манай зүгээс уг барааны тэмдгийн хууль ёсны жинхэнэ эзэмшигч гэж үзэж байгаа бөгөөд хуулийн этгээдийн нэр барааны тэмдэгтэйгээ салшгүй холбоотой тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд “Б” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож, дээрх хоёр 10252, 10153 дугаарт бүртгэгдсэн барааны тэмдэгтийг “Б” ХХК-д шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч Л.Б-ийн хувьд “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэн компанитай адил шаардлагыг шүүхэд гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс анх “Б И” ХХК-ийг байгуулахад дүрмээр олгосон нэр ашиглах зөвшөөрлийг дэмжихгүй байгаа бөгөөд компанид оруулсан хөрөнгө гэж үзэж байна. Хариуцагч бодитоор хэрэглэгч төөрөгдөөгүй гэж байгаа ч бодитоор хэрэглэгч төөрсөн баримт байж хохирол учирсан байхыг шаардахгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б И” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Иргэний хэргийн шүүхэд иргэн, хуулийн этгээд өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор ханддаг. “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тус компанийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой ямар эрх зөрчигдсөн болон “Б И” ХХК-ийн зүгээс “Б” ХХК-ийн яг ямар эрх ашиг сонирхлыг яаж хөндсөн нь тодорхойгүй байна. Хувь хүн, хуулийн этгээдэд нэр эзэмшүүлэх, олгохтой холбоотой асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд энэ асуудлаар иргэний шүүх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Л.Б- анх Б групп гэх нэрийг баталгаажуулсан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолд дурдсан байна. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд Б групп гэх нэрийг хэн анх баталгаажуулсан талаар дурдсан зүйл байхгүй. Харин ч Л.Б-ийн нэр дээр “Б групп” ХХК-ийг бүртгэсэн хууль бус Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд талуудыг маргаанаа иргэний журмаар эвийн байдлаар шийдвэрлэх гэж дурдсанаас бус иргэний шүүх шийдвэрлэнэ гэж харьяалал заагаагүй. Хуулиар хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах эрх хэнд ч нээлттэй. Түүнчлэн нэр авах, баталгаажуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг захиргааны байгууллага шийдвэрлэнэ. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүх шийдвэрлэхгүй. Анх “Б И” ХХК-ийг үүсгэн байгуулахад үүсгэн байгуулагч нарын нэг нь “Б” ХХК байсан гэдэгт маргахгүй. Тухайн үед компанийн дүрмийн 5.4-т Б гэсэн тодотгол хэрэглэж болно гэж заасан нь нэхэмжлэгч зөвшөөрөл олгосон гэсэн үг биш. Тус компанийн 1996, 2004, 2014 оны дүрэмд нэр ашиглах тухай заасан байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтаар оноосон нэрэндээ Б гэх үг орсон, нэрийн баталгаажилт хийлгэсэн 200 гаран хуулийн этгээд байхад зөвхөн тус байгууллагад хандан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн үндэслэлдээ хэрэглэгч төөрөгдөлд орсон гэдэг ч үүнийг нотолсон баримтгүй. Компанийн дүрмийн 5.1-д “Б интерэшнл” ХХК нь өөрийн охин болон хараат компанийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор компаниудын нэгдэл буюу Б группийг байгуулж болно гэж заасан. Улмаар Б групп нэгдлийн дүрмийг 2011 онд баталж, компанийн засаглалын бичиг баримтыг баталсан. Үүгээр “Б” ХХК өөрөө “Б И” ХХК-ийн нэг хэсэг тул толгой компани нь “Б И” ХХК байсан. 2009 оноос эхлэн Б групп гэсэн домэйн нэр, брэндбүүк номыг ашиглаж байгаа. 2012 онд бүртгэлийн байгууллагад компанийн нэгдэл болохтой холбоотойгоор нэрийн баталгаажилтыг “Б И” ХХК-иас хийлгэсэн. Иймд компанийн нэрийг өөрчлөхийг даалгах, үйлдэл гаргахгүй байхыг даалгах, уг үг орсон нэрийг ашиглахгүй байхыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн 8 дугаар зүйлд аж ахуйн нэгжийн нэр барааны тэмдгээр бүртгүүлэх мэдүүлэг гаргасан эсэхээс үл хамаарч нэгэн адил хамгаалагдахаар заасан. Иймд тус компанийн нэр угаасаа конвенцээр хамгаалагдсан тул иргэний шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх, тогтоолгох шаардлага байхгүй. №10252, №10153 тоот барааны тэмдгийн тухайд “Б И” ХХК-иас 2012 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу Б групп гэсэн барааны тэмдгийг баталгаажуулахаар холбогдох газарт хүсэлт гаргасан. Улмаар Б групп, В- group гэх дүрс бүхий барааны тэмдгийг “Б И” ХХК эзэмших онцгой эрхтэйг баталгаажуулж, 10153, 10252 тоот гэрчилгээг олгосон. Иймд хууль ёсны дагуу барааны тэмдгийг эзэмшиж байгаа. Захиргааны шүүхээс уг асуудлыг хувьцаа эзэмшигч талууд өөрсдөө шийдвэрлэх, улмаар бүртгэх байгууллага бүртгүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн. Түүнчлэн хуулийн этгээдийн нэр, түүнийг олж авах асуудал, барааны тэмдэг, түүнийг эрхийн хамгаалалт хийх асуудал хоёр тусдаа. Конвенцоор Б гэсэн оноосон нэрийг хамгаалсан болохоос Б гэсэн үг орсон бусад нэрийг болоод барааны тэмдгийг хамгаалсан гэсэн үг биш. Барааны тэмдэг, барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдах объект ялгаатай. Түүнчлэн хамгаалагдах хэмжээний нэр мөн эсэхийг холбогдох төрийн захиргааны байгууллагын шинжээч дүгнэлт гаргаж тогтоодог болно. Нэхэмжлэгч уг шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар гаргасан гэж тодруулж байна. Манайх уг барааны тэмдгийг зохих журмын дагуу Оюуны өмчийн газраас баталгаажуулж авсан тул хууль бусаар эзэмшээгүй болно. Нэхэмжлэгч Л.Б-ийн хувьд ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд тэрээр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хувьд шаардлага гаргаагүй байна. Иймд уг маргаан иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан биш, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02167 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 27 дугаар зүйлийн 27.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б И ХХК-ийг оноосон нэрэндээ Б гэх үгийг цаашид ашиглахгүй байхыг даалгаж, нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Б ХХК-ийн гаргасан Б Групп, Б Корпораци, Б Корпорашион, Б Нэгдэл, Б Консерциум, Б Холдинг гэх мэтээр Б орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид Б ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, Б И ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, Б ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Б И ХХК-ийн нэр дээр буй 10252, 10153 дугаарт бүртгэгдсэн Б групп, В- group гэх барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 140.400 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2503 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б И ХХК-д холбогдох, Б Групп, Б Корпораци, Б Корпорашион, Б Нэгдэл, Б Консерциум, Б Холдинг гэх мэтээр Б орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид Б ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, Б И ХХК-ийн оноосон нэрийг Б ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ Б гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах, Б ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Б И ХХК-ийн нэр дээр буй Б групп, В- group гэх №10153, №10252 дугаартай барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай Л.Б- болон Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280.800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ... Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь дараах байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан боловч давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Б И” ХХК-ийн дүрмийг үндэслэн хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн бичиг баримт бичиг мөн” гэж заасан. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр батлагдсан хууль) 3.1.5-д “Үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг” гэж заасан байх бөгөөд үүнээс үзвэл компанийн дүрэмд “Б групп” гэдэг нэрийг ашиглаж болно гэж тусгах нь тухайн нэрийг баталгаажуулах, ашиглах онцгой эрхийг олж авах үндэслэл болохгүй бөгөөд компанийн нэр авах, баталгаажуулах харилцааг хуулиар зохицуулдаг. Тухайлбал Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ", Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно.”, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шинээр, өөрчлөн байгуулах замаар шинээр хуулийн этгээд байгуулагдах болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу “Б групп”, “Б холдинг”, “Б консерциум”, “Б корпораци” зэрэг нэрийг авахын тулд заавал улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр тухайн нэрийг ашиглах онцгой эрх нь үүсэх юм. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс “Б И” ХХК-ийн дүрэмд “Б групп” гэдэг нэрийг ашиглахаар тусгасан, дүрэмд заасны дагуу “Б групп" гэх нэрийг ашиглаж компани байгуулах нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй гэж дүгнэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй болно” гэсэн олон улсын гэрээний заалтыг иш татан шийдвэрлэсэн байх боловч энэ заалтыг хэрхэн ойлгож хэрэглэсэн, хэрхэн дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулж байна. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс өөрийн нэрийг аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу бүртгэлгүйгээр хамгаалагдаж байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл конвенцийн 8 дугаар заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн бүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд олон улсын гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалтын хэрэглээний тухай. “Б” ХХК болон “Б И” ХХК-иудын хувьцаа эзэмшигчид болох иргэн Л.Б-, Л.Б-, Баясгалан нар нь хамтарч бизнес эрхэлж, “Б”, “Б Даатгал”, “Б И”, “Б цамхаг”, “Б Констракшн” зэрэг компаниудын хувьцааг хамтран эзэмшиж байсан. “Б” гэх нэр орсон компаниудын хувьцааг хамтран эзэмшиж байсан тул хуулийн этгээдийн нэрний талаар маргаан байгаагүй. Гэвч, 2014 онд компаниудын хувьцааг шилжүүлж, бизнесээ хуваан “Б” ХХК, “Б Даатгал", “Б цамхаг”, “Б Констракшн” зэрэг компаниудын хувьцааг зуун хувь иргэн Болдхуяг, түүний ах Л.Б- нар эзэмшиж, нөгөө талаас “Б И” ХХК-ийн хувьцааг иргэн Д.Б- нар эзэмшсэн үеэс эхлэн “Б” гэх нэрний эрхийг аль компани ашиглах онцгой эрх эдлэх эсэх нь маргаантай болсон. Тухайлбал, 2014 оны 05 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нар нь “Б Групп” нэртэй компани байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд хариуцагчийн зүгээс тус бүртгэлийг Иргэний хуулийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахыг хүсч маргасан байдаг. Энэ нь талуудын хооронд маргаан байгаа болохыг нотлох зүйл юм. Тус маргааныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас эцэслэн шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар аль аль нь “Б” гэх нэр орсон хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Б групп” гэх нэр давхардсан гэж маргаагүй, тус нэрийг хэн эзэмших ёстой талаар маргасан бөгөөд уг маргаан иргэний журмаар шийдэгдээгүй байна” хэмээн, “Б Групп” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн маргааныг шийдвэрлэхийн тулд талууд талуудын хэн нь нэрний хувьд анхдагчаар, онцгой эрх эзэмшиж буй болохыг иргэний хэргийн шүүхэд хандаж тогтоолгох нь зүйтэй” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь “Б” гэх тодотголтой хуулийн этгээдийн нэрийг хэрэглэж байгаа тул хэн тус нэрний хувьд онцгой эрхтэй болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай. Учир нь, аль нэг тал нь “Б Групп” гэх нэртэй компани байгуулахад Иргэний хуулийн 27.3 дахь заалт, Хуулийн этгээдэд нэр олгох, баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10-т тус тус заасны дагуу зохигчдын хэн шаардлага гаргах эрхтэй болохыг тогтоох нь чухал. “Б” болон “Б групп” гэх нэрийг аль тал хэрэглэх онцгой эрхтэй болохыг шийдвэрлэхгүй бол цаашид зохигчдын аль нэг тал “Б” гэх нэр орсон компани байгуулахад зохигчдын хооронд маргаан гарсаар байх болно. Тухайлбал, талуудын аль нэг тал “Б банк” ХХК, “Б арт” “Б финанс”, “Б групп” зэрэг нэртэй компани байгуулах нөхцөлд нөгөө тал нь Иргэний хуулийн 27.3 дахь заалт, журмын дээрх заалтын хүрээнд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэх болно. Иймд талуудын хооронд нэрний талаар маргаан байхгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 8 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь “Б” гэх нэр барааны тэмдгийн хамгаалалтыг эдлэх бөгөөд тус нэрийг хэрэглэх замаар өөрийн компанийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ялгах юм. Өөрөөр хэлбэл, “Б” гэдэг бол бренд юм. Барааны тэмдэг эзэмшигч нь өөрийн барааны тэмдгийг ашиглах онцгой эрх эдэлдэг бөгөөд түүнтэй төстэй барааны тэмдэг ашиглалтыг таслан зогсоохыг шаардах эрх эдэлдэг. (Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3 дахь заалт) Барааны тэмдэг нь хэрэглэгчдийн дунд нэрд гарсан брендийг илэрхийлэх тул барааны тэмдэг нь эзэмшигчдээ бизнесийн хувьд өрсөлдөөний давуу байдал авчрах билээ. Тухайлбал, хэрэглэгчид дэлхий даяар “Samsung”, “Apple”, “Adidas” зэрэг компаниуд, брендүүдийн бүтээгдэхүүнүүд нь чанартай гэж, Монголчууд “Эрдэнэт хивс” компанийн хивс, “Шилмэл буйдан" компанийн буйдангууд, “Дархан нэхий” компанийн нэхий бүтээгдэхүүнүүд чанартай гэж боддог тул тус компаниудын бүтээгдэхүүн хурдан борлогдож, өрсөлдөөнд давуу тал олж авдаг. Гэтэл, хэн нэгэн тэдгээр компани, брендүүдтэй төстэй нэртэй “Samsung products, “Apple group”, “Adidas Asia” гэх зэрэг, эсвэл “Эрдэнэт Монгол хивс" гэх зэрэг компани байгуулах нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, улмаар барааны тэмдэг, бренд эзэмшигчийн борлуулалтын орлогыг багасгах тул барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн хэрэг болно. Иймд нэхэмжлэгч болоод хариуцагч нарын хэн нь “Б” гэх хуулийн этгээдийн нэрийг ашиглах онцгой эрхтэй болохыг тогтоох нь “Б” брендийг хэнд үлдээх тухай ч маргаан тул “талуудын хооронд маргаан байхгүй” гэж үзэх, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж буй шиг эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд зохигчдын аль тал нь “Б" гэх хуулийн этгээдийн нэрийг ашиглах онцгой эрхтэй болохыг тогтоох, шийдвэрлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Бид үүнтэй холбоотой Иргэний хуулийн 9.4.1 дэх хэсэгт иргэний эрхийг “эрхийг хүлээн зөвшөөрүүлэх” замаар хамгаалж болох тухай заасны дагуу нэрний тухай маргаж буй тал болох “Б И" ХХК-ийг хариуцагчаар татаж, маргасан болно.

Хэрэглэвэл зохих хуулийн тухай. Нэхэмжлэгч нарын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, тус зүйлд үндэслэн гарсан Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.10, 3.11 дэх хэсгийг тайлбарлан дараах байдлаар хуулийг хэрэглэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу аливаа этгээд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн оноосон нэртэй давхардсан, ижил, төсөөтэй оноосон нэр бүхий хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, байгуулах эрхгүй. Энэ ч үүднээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.5 дахь заалтын дагуу Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.10 дахь заалтад “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй. Жич: Төмөр нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр Корпораци", “Төмөр групп”, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт хуулийн этгээдийг бүртгэхгүй” гэж тайлбартайгаар заасан байна. Журмын тус заалт, түүний тайлбарын дагуу “Б" гэх оноосон нэртэй компани байгаа нөхцөлд “Б Групп”, “Б Холдинг”, “Б Нэгдэл”, “Б Корпораци”, “Б консерциум” зэрэг хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахгүй юм. Журмын 3.11 дэх заалтад “Энэ журмын 3.10 дахь заалт тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй” гэж заасны дагуу анх тухайн оноосон нэрийг авсан хуулийн этгээдэд журмын 3.10-т заасан хязгаарлалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, анх “Төмөр" гэх оноосон нэрээр байгуулагдсан компани нь цаашид “Төмөр Корпораци”, “Төмөр групп”, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт оноосон нэртэй хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах, үүсгэн байгуулах эрхтэй байх юм. Иймд нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч “Б И” ХХК-иудын аль нь цаашид “Б Групп”, “Б Холдинг”, “Б Нэгдэл”, “Б Корпораци”, “Б консерциум” зэрэг хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, үүсгэн байгуулах эрхтэй болохыг шийдвэрлэхэд анх “Б” гэх оноосон нэрийг авсан, баталгаажуулсан компанийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, журмын 3.11 дэх заалтын дагуу анх “Б” гэх оноосон нэрийг авсан хуулийн этгээд цаашид дээрх оноосон нэр бүхий хуулийн этгээд байгуулах эрхтэй байх юм. Хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд зохигчдын маргахгүй байгаа зүйл бол нэхэмжлэгч Л.Б- нь анх “Б” гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг авч, баталгаажуулж, одоогийн “Б” гэх компанийг үүсгэн байгуулсан явдал юм. Үүний дараа иргэн М.З-, Д.Б- болон “Б” ХХК нар “Б И” ХХК-ийг үүсгэн байгуулсан нь тус компанийг үүсгэн байгуулах гэрээнээс тодорхой харагддаг. Иймд журмын 3.11 дэх заалт ёсоор “Б” ХХК нь цаашид “Б Групп”, “Б Холдинг”, “Б Нэгдэл”, “Б Корпораци”, “Б консерциум” зэрэг хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй юм. Иргэний хуулийн албан бус, эрдэмтдийн тайлбарт Иргэний хуулийн 27.3 дахь заалтыг тайлбарлахдаа "Бид “Эрэл” ХК Эрэл сургууль Эрэл банк, Эрэл даатгал зэрэг нэг өмчлөгчтэй хэд хэдэн хуулийн этгээд байдгийг мэднэ. Энэ тохиолдолд “Эрэл” гэдэг нэрийг хэд хэдэн хуулийн этгээд ашиглах явдлыг уг өмчлөгч өөрөө зөвшөөрсөн бөгөөд хуулийн этгээдийн төрөл, хэлбэр нь өөрөөр байгаа тул бүртгэх байгууллага уг нэрээр бүртгэсэн байна. ...Харин “Эрэл” хайгуул, шинжилгээний хүрээлэн гэдэг нэрээр бүртгүүлэх юм бол Эрэл нэрийг ашиглаж байгаа хууль ёсны эзэмшигч зөвшөөрөхгүй тохиолдолд бүртгэх байгууллага бүртгэх боломжгүй юм” гэж тайлбарласан байна. “Б И” болон “Б Цамхаг” “Б Даатгал” “Б Системс” зэрэг “Б” гэх нэр орсон олон хуулийн этгээдийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн учир нь тэдгээрийг “Б” гэх оноосон нэрийг анх баталгаажуулж, үүсгэн байгуулагдсан “Б” ХХК зөвшөөрсөн буюу өөрөө оролцож, үүсгэн байгуулсан явдал юм. Хэрэв “Б И” ХХК-ийг “Б” ХХК үүсгэн байгуулаагүй бол бусад хэн нэгэн этгээд тухайн нэрээр хуулийн этгээд үүсгэн байгуулах эрхгүй билээ. “Б” гэх оноосон нэрээр анх бүртгэгдсэн хуулийн этгээд бол нэхэмжлэгч “Б” ХХК бөгөөд түүний үүсгэн байгуулагч нь Л.Б- нар тул тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр цаашид хэн нэгэн “Б” гэх нэр орсон хуулийн этгээд байгуулах эрхгүй юм. Хариуцагч компани нь дээр тэмдэглэсэнчлэн нэхэмжлэгчийн зүгээс “Б Групп” гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулахыг зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байх тул Иргэний хуулийн 9.4, 9.4.1 дэх заалтад тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь “Б Групп”, “Б Холдинг”, “Б Нэгдэл”, “Б Корпораци”, “Б консерциум”, “Б Корпорэшион” гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            “Б” ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Б- нар “Б И” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...Б гэдэг үг орсон хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, уг нэр бүхий компани байгуулах эрхтэйг хүлээн зөвшөөрүүлэх... оноосон нэрээ өөрчилж, “Б” нэрийг ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах... “Б” ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх... “Б И” ХХК-ийн нэр дээр буй Б групп, В- group гэх №10153, №10252 дугаартай барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгах...”-г шаарджээ. 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, “нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж буй нь тодорхой бус, “Б И” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн хараат болон охин компаниудыг оруулсан” Б групп” гэх нэрээр үйл ажиллагаа явуулж олонд танигдсан, өөрийн компаниудын нэгдлийг компанийн дүрэмд “Б групп” гэж тусгаж улсын бүртгэлд бүртгүүлсэн, Оюуны өмчийн газраас олгосон “ Б групп” барааны тэмдгийн гэрчилгээг эзэмшдэг” ” гэж маргасан байна.

           Анхан шатны шүүх “Б” нэрийг ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

           Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  байна.

            1. ”Б” гэдэг  үг  орсон хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, уг нэр бүхий компани байгуулах эрхтэйг хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлагын талаар  хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            а/ Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах асуудал нь улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамаарах тул “...оноосон нэр авах, баталгаажуулах...”-тай холбоотой шаардлагыг аж ахуйн нэгжид, тухайлбал “Б И” ХХК-д холбогдуулан гаргасныг хангах нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасантай нийцэхгүй юм.   

            Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг бүртгэхдээ, хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээд гаргасан эсэх, өргөдөлд заавал тусгавал зохих мэдээллийг заасан эсэх, шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэр хангасан эсэхийг харгалзан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 18, 19-р зүйлийн дагуу хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэсэн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хуулийн этгээдийн талаархи мэдээллийг улсын бүртгэлийн нэгдсэн санд оруулж, бүртгэлийг хөтлөх тул “...нэр бүхий компани байгуулах эрхтэйг хүлээн зөвшөөрүүлэх...” шаардлагатай холбоотой хийсэн  шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

                б/ Түүнчлэн, хэрэгт цугларсан баримтаар Л.Б- 1996.04.03-ны өдөр “Б” ХХК-г үүсгэн байгуулан 1996.04.12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Мөн, “Б” ХХК-г төлөөлж Л.Б- болон Д.Б-, М.З- нар 1996.04.17-ны өдөр “Б И” ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996.04.25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогджээ. 

            “Б” ХХК-г төлөөлж Л.Б- болон Д.Б-, М.З- нарын хамтран байгуулсан “Б И” ХХК-ийн үүсгэн байгуулах гэрээний 5.4, дүрмийн 6.4-т заахдаа “...цаашид компани салбар болон харъяа компани байгуулах тохиолдолд оноосон нэрэнд “Б” гэх тодотгол хэрэглэж болох...”-г тусгасан байгаагаас гадна “Б” гэх оноосон нэрийг тэргүүн ээлжид эзэмших, ашиглах эрхийн талаар хувьцаа эзэмшигч нарын хооронд ямар нэг тохиролцоо хийгдээгүй байна.

            в/  Компанийн үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд зааснаар “Б И” ХХК нь  хараат болон охин компани байгуулахдаа оноосон нэрэнд “Б” тодотгол хэрэглэсэн  талаар зохигч маргаагүй байна.

            г/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” тухай зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэж, “Б” ХХК болон “Б И” ХХК-тай хамааралгүй боловч “Б” гэх нэр орсон өөр компаниудыг бүртгэсэн тухай баримт хэрэгт авагджээ.

           Иймд Д.Б-, М.З- нартай хамтран хуулийн этгээд үүсгэн байгуулах /“Б И” ХХК/-с өмнө “Б” гэх оноосон нэртэй хуулийн этгээд байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэлтэй байсан нь, мөн “Б” гэх оноосон нэрийг “Б” ХХК-г байгуулахдаа авах болсон шалтгаан, түүх зэрэг нь “эрхийг хүлээн зөвшөөрүүлэх”, “эрх зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх” иргэний эрх зүйн хамгаалалтыг шаардах эрхийг нэхэмжлэгч нарт үүсгэхгүй байна. 

           2. Хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилж, “Б” нэрийг ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. 

            а/. “Б И” ХХК-г өөрчлөн байгуулах шийдвэрийг хувьцаа эзэмшигч нар гаргасан гэх баримтгүй тул хариуцагчийн оноосон нэрийг өөрчлөх эсхүл бусад иргэн хуулийн этгээдэд шилжүүлэх асуудал буюу Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.2-т заасан зохицуулалт энд хамаарахгүй.   

            б/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Б” ХХК /Л.Б-/-г төлөөлж Л.Б-   “Б И” ХХК-ийн 33 хувийг эзэмшиж байгаад 2013.11.12-ны өдөр өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдсан байна.

            Л.Б- “Б И” ХХК-ийн 33 хувийн хувьцааны төлбөрт “Б цамхаг“ ХХК-ийн хувьцааны 85 хувь, “Б даатгал” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг авсан байх бөгөөд “Б цамхаг“ ХХК-ийн хувьцааны 85 хувийг Л.Б-, 15 хувийг “Спейшл корпораци” ХХК, “Б даатгал” ХХК-ийн хувьцааны тус бүр 50 хувийг Л.Б-, Л.Б- нар, “Б И” ХХК-ийн хувьцааны 77 хувийг Д.Б-, 23 хувийг “Коллвей консалтинг” ХХК тус тус эзэмших болжээ.

            Дээрх байдлаас “Б” ХХК, Л.Б-, Л.Б- нар “Б И” ХХК-тай  хамааралгүй болсон нь тогтоогдсон байна.

          Харин “Б И” ХХК-ийн эзэмшлийн хувьцаагаа Л.Б- худалдсан нь  Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-5.5 дах хэсэгт зааснаар зохицуулагдах тул энэ нь компанийн оноосон нэрийг өөрчлөх, шилжүүлэн авах үндэслэл болохгүй.   

            в/ Л.Б- нь “Б И” ХХК-ийн эзэмшлийн хувьцаагаа худалдаж, хувьцааны үнэд “Б цамхаг“ ХХК, “Б даатгал” ХХК-ийн хувьцааны зохих хувийг шилжүүлэн авах үед “Б” оноосон нэрийг цаашид хэн эзэмшиж, ашиглах талаар “Б И” ХХК, түүний хувьцаа эзэмшигч нар, “Б” ХХК, “Б цамхаг” ХХК, “Б даатгал” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Л.Б-, Л.Б- нар харилцан тохиролцоогүй байна.

           г/ Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүйг заажээ.

           Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ...хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана, мөн зүйлийн 14.2-т улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шаардлага хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна.

       “Б“ ХХК, “Б И“ ХХК-иуд 1996 онд тус тусын оноосон нэрийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэгдснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болж, уг хугацаанаас хойш зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулж  иржээ. Мөн  “Б” гэх нэр орсон 279 хуулийн этгээд бүртгэгдснээс 194 нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа үүнээс “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Б-ийн үүсгэн байгуулсан 8, М.З-ын үүсгэн байгуулсан 2, “Б И” ХХК-ийн үүсгэн байгуулсан 5 хуулийн этгээд Монгол улсад бүртгэлтэй байгаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын лавлагаагаар тогтоогджээ. Иймд “...нэр давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй...” үндэслэлээр оноосон нэрээ өөрчлөх, “Б” нэрийг ашиглахгүй байхыг зөвхөн “Б И” ХХК-д холбогдуулан эрх зөрчсөн гэж үзэж буйг хангах боломжгүй байна.

            д/ Анхан шатны шүүх, “Б И” ХХК-г үүсгэн  байгуулахад “Б” ХХК нь “Б” оноосон нэрээр буюу биет бус хөрөнгөөр компанид хөрөнгө оруулсан гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна. Хэрэгт ийм баримт байхгүй, зохигч энэ талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

              3. “Б” ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх мөн “Б И” ХХК-ийн нэр дээр буй “Б групп”, “В- group” гэх №10153, №10252 дугаартай барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгах тухай   шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. 

            а/ Нэхэмжлэгч нар “Б И” ХХК-д холбогдуулан “Б” ХХК-ийн нэр нь барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд заасан “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэснийг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгожээ.

           “Б” ХХК-ийн оноосон нэр нь Олон улсын конвенцийн дагуу барааны тэмдэгтэй адил хамгаалагдах бол “Б И” ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь ач холбогдолгүй байна. Нөгөө талаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг бөгөөд “Б” ХХК оноосон нэрээ эзэмших, ашиглах эрхийг хариуцагч “Б И” ХХК зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт  хууль зөрчөөгүй гэж үзэв.

       б/ Нэхэмжлэгч нар нь ”Б интернэйшнл” ХХК-ийн нэр дээр буй Б групп 10252, В- group 10153 дугаартай барааны тэмдгийг “Б” ХХК-д шилжүүлэхийг даалгахыг шаардаж, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэжээ.

         “Б” ХХК-г төлөөлж Л.Б- болон Д.Б-, М.З- нар хамтран ажиллаж байх үедээ 2012 онд “Б И” ХХК-ийн нэр дээр Б групп, В- group гэх дүрс бүхий барааны тэмдгийг бүртгүүлж 10252, 10153 тоот барааны тэмдгийн гэрчилгээг авсан байна. 

         “Б И” ХХК нь дээр дурдсан барааны тэмдэгүүдийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмших, ашиглах онцгой эрхтэй, нэхэмжлэгч “Б” ХХК болон Л.Б- нь “Б” оноосон нэрийг тэргүүн ээлжид дангаар эзэмших, ашиглах эрхтэй нь тогтоогдоогүй тул тухайн барааны тэмдэгүүдийг уг нэртэй дагалдах эрх гэж үзэж шаардсан нь хуульд нийцээгүй байна.

            4. Дээр дурдснаар ашиг сонирхол нэгтэй хамтран ажиллаж байсан этгээдүүдийн хувьд өмнө нь харилцан зөвшөөрч “Б” гэх оноосон нэр орсон компаниудыг байгуулж үйл ажиллагаа явуулж байсан нөхцөлд, компанийн хувьцаагаа худалдах замаар компаниас гарахдаа харилцан тохиролцож шийдвэрлээгүй асуудлаар хожим маргаан үүсгэн эрх зөрчсөн гэж, эрхийг зөвшөөрүүлэх, эрх зөрчсөн үйлдлийг зогсоолгохыг шаардах үндэслэлгүй байна.

            Иймд “Б” ХХК, Л.Б- нарын “Б И” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2503 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 351.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ