Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00031

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03294 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Од холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болон алдангид нийт 16 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Д.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь Д.Отой 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг  сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор зээлдүүлсэн. Д.О эхний саруудын хүүг төлөөд дахин мөнгө төлөлгүй алга болж Японд ажил хийж байгаад ирсэн. Түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон. Өөрөө 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэе гэж гэрээний маягтаа барьж ирсэн. Энэ хүнийг бүтэн 4 жил харсан. Хүүд 5 000 000 орчим төгрөг төлсөн. Иймд Д.О-оос зээл 10 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд  болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч бодит дүнг буруу тооцоолсон. Хариуцагч зээл, хүүд 2014 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл 5 000 000 төгрөг төлсөн.  Зээл 8 579 017 төгрөг, хүү 2 144 754 төгрөг, алданги 4 289 508 төгрөг нийт 15 013 279 төгрөг болж байна. Нэхэмжлэлээс 8 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Зээлийн гэрээний 1-д заасан 10%-ийн хүү нь хариуцагчийн хувьд хэт өндөр, хохиролтойгоор тогтоогдсон.  Зээлдэгч 10 000 000 төгрөгийг сарын 10%-ийн /жилийн 120.0%/ хүүтэйгээр зээлдүүсэн. Гэрээний тэгш байдал болон харилцан ашигтай байх шаардлагатай нийцээгүй. Хүүгийн хэмжээг сарын 5,0%-иар тогтоох хүсэлт гаргаж байна. Сарын 5.0% хүү нь хангалттай өндөр хүү бөгөөд өнөөдөр Монгол улсад сарын 5.0 буюу жилийн 60.0%-иар хүү тооцдог газар зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар байна. Хүүг сарын 5.0 хувиар тооцоход хариуцагчийн төлөх ёстой дүн 8 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Д.О зээл төлөхөөс зайлсхийх санаа зорилго агуулаагүй  2016-2018 оны эхэн хүртэл гадаадад ажиллаж, амьдарч байсан. Иймд 4 000 000 төгрөгийн анзаас чөлөөлж, зээлд 8 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.О-оос 16.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.О-оос 237.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд хүүгийн хэмжээг тохиролцсонтой маргаагүй, харин сарын 10 хувь /жилийн 120 хувь/-ийн хүү нь хариуцагч Д.Од илт хохиролтойгоор тогтоогдсон өндөр хүү. Хүүгийн хэмжээг 5 хувиар тогтоож өгөхийг шүүхээс хүссэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг буруу ойлгож, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Сарын 10 хувийн хүү нь хэт өндөр гэдгийг заавал нотлох баримтаар нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд шүүхийн шийдвэрээс 8 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, талууд бүрэн мэтгэлцсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.О-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сард байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээл 10 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алдангид 5 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон, анзын хэмжээ хэт их” гэж маргажээ. /хх 18-20/

 

Зохигчид 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлвэл хувиар анз тооцохоор зээлийн гэрээг бичгээр байгуулж, 10 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэнд, хариуцагч гэрээний үүрэгт нийт 5 000 000 төгрөг төлсөнд маргаагүй.

 

Түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж, шүүхийн шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилж олсон үйл баримт тогтоогджээ./ хх 1,5,18-20 /Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01957 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж  хаягийг тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм./хх 3-4/

 

Талууд хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон эсэх, анзын хэмжээ илт их эсэхэд маргаж байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдаагүй. Гэхдээ иргэний гүйлгээнд сарын дундаж хүү 3,5-5 хувь байдаг нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд сарын 10 хувийн хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэхээр байна. Иймд талуудын зээлийн сарын хүүг 5 хувиар тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Гэрээгээр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүгээр тооцоход 500 000 төгрөг х 6 сар= 3 000 000 төгрөгийн хүү, зээл 10 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгөөс, төлсөн 5 000 000 төгрөгийг хасч нийт 8 000 000 төгрөгийн үүрэг үлдэж байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз төлөх үүрэгтэй юм. Иймд хариуцагчаас үндсэн үүрэг 8 000 000 төгрөг анз 4 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүү, анзын хэмжээ илт их байгаа талаарх” давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/003294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “ 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4” гэж, “16 000 000” гэснийг “12 000 000” гэж, 2 дах заалтын “237 900” гэснийг “206 950” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                           ШҮҮГЧИД                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД