Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2017/00727

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2017/00727

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00588/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ....... тоотод оршин суух А. овогт Д. Б. /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан ..... тоотод оршин суух Т. овогт Б.М- /РД: ....../-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэд өгсөн 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц-д миний бие нэхэмжлэгч Д.Б-ын эхнэр юм. Бид хоёр хүнсний лангуу ажиллуулахаар сонирхож хайж байхад Б.М- таарч, бидэнд миний павилоныг худалдаж ав, би бага насны хүүхэдтэй учир ажиллуулж чадахгүй байна гэсэн санал тавьсан. Худалдан авчихвал түрээсийн төлбөр гэж төлөхгүй гэж бидэнд ойлгуулсан. Тэгээд Д.Б-од Б.М- павилоноо шилжүүлэн өгсөн. Бичиг баримт нь удахгүй гарна гэж байсан болохоор гэрчилгээ шиг баримт өгөх байх гэж бодсон. Тэгээд Д.Б- 2016 оны 12 сарын 21-ний өдөр худалдаа хөгжлийн банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авч, хамтран зээлдэгчээр би гарын үсэг зурсан юм. Тэр мөнгөнөөсөө 6,000,000 төгрөгийг павилоны үнэд Б.М-т шилжүүлэн өгсөн. Үлдсэн мөнгөөр нь хүнсний зүйлээ худалдан аваад байрлуулаад байтал удалгүй Дархан захын зохион байгуулагч гээд хүн ирээд түрээсийн төлбөр төл гэсэн. Тэгэхээр нь бид худалдан авсан тухайгаа хэлэхэд энэ павилон Б.М-ийн өмч биш, манай компанийх тул хүний юмыг худалдах ёсгүй гэсэн. Тэгээд банкнаас зээл аваад, түүгээрээ хүнсний бүтээгдэхүүн авсан тул банкны зээлээ төлөхийн тулд аргагүй байдалд орж Д.Б- Дархан захын зохион байгуулагчтай түрээсийн гэрээ байгуулж, одоо сар бүр 535,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж хохирч байна. Б.М- нь анхнаасаа өөрийн юм гэж ойлгуулж, бидэнд хүний юмыг өгөөд 6,000,000 төгрөг авсаныг залилсан гэж үзэж байна. Одоо Д.Б- нь павилоны эзэнтэй түрээсийн гэрээ байгуулаад түрээсээ төлөөд ажиллаж байгаа тул Б.М-т өгсөн 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-ын нэхэмжлэлд дурдсанаар анх түүний эхнэр Ц.Ц-д Дархан захын худалдааны төвд лангуу ажиллуулахаар сонирхож байсан, Б.М- нь өмнө нь тус павилоныг худалдан авсан, бага насны хүүхэдтэй учир ажиллуулж чадахгүй байгаа тул худалдах тухай хэлсэнээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ түрээсийн төлбөр тусдаа сарын эхэнд 5-нд төлдөг талаар хэлсэн байдаг. Тэгээд түрээсийн гэрээгээ Д.Б-од шилжүүлж, гэрээ байгуулуулсан байдаг. Тэгээд үүнийг зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулаад, төлбөрөө төлөөд явж байгаа нь тогтоогдож байна. Мөн Дархан захын лангууг төлбөр төлж худалдан авах алба байхгүй бөгөөд 6,000,000 төгрөгийг хүч хэрэглэж аваагүй, Д.Б- өөрөө сайн дураараа өгсөн. Тэгээд одоо 6,000,000 төгрөг буцаан нэхэж байгааг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Д.Б- нь Б.М-ээс лангууны түрээсийн гэрээг шилжүүлэн авахдаа Дархан захын удирдлагад ямар нөхцөлтэйгөөр шилжүүлэн авч байгаагаа нэн даруй мэдэгдэж, шалгуулах эрх нь нээлттэй боломжтой байсан бөгөөд Б.М- нь жинхэнэ өмчлөгч биш түрээслэгч биш гэдгийг мэдсээр байж өөрөө сайн дураараа 6,000,000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.М-ээс хүнсний павильон худалдан авахаар төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.М-ээс Дархан захад байршилтай, 7 дугаар павильоныг 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнэ болох 6,000,000 төгрөгийг эхнэр Ц.Ц-дээр дамжуулан өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2016 оны 12 сарын 23-ны өдрийн кассын зарлагын ордер зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Б.М- нь 6,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрдөг болно.

 

Харин хариуцагч Б.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө- нь тус хүнсний павильон нь Б.М-ийн өмч биш гэдгийг нэхэмжлэгч Д.Б- анхнаасаа мэдэж байсан боловч үнийг төлсөн тул мөнгөө буцаан гаргуулахаар шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т зааснаар алдсан тул 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.М- нь нэхэмжлэгч Д.Б-од Дархан захад байрлах хүнсний худалдаа эрхлэх зориулалттай павильоныг 6,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, үнэ болох 6,000,000 төгрөгийг хүлээн авсан, гэрээний зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Б-ын эзэмшил, ашиглалтанд хариуцагч Б.М- нь 2016 оны 12 сарын 26-ны өдөр шилжүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

Талуудын тохиролцоо, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрч Ш.О. ... 2016 оны 12 дугаар сард Б. эхнэр Ц. надтай таарч лангуу ажиллуулмаар байна, 6,000,000 төгрөгт багтаан лангуу худалдан авмаар байна гэхээр нь би бэр М. танайх цэцэрлэгийн хүүхэдтэй, 1 дүгээр ангийн хүүхэдтэй ачаалал ихтэй байгаа тул лангуугаа ажиллуулахаа болиод зарсан нь дээр юм уу гэсэн санал хэлсэн. Тэгээд зарахаар болж, Ц.н нөхөр Б. ирж М. павильоныг 6,000,000 төгрөгөөр худалдан авч, нэр дээрээ шилжүүлж авсан гэсэн мэдүүлэг зэргийг дүгнэж үзэхэд Д.Б-, Б.М- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Дээрх хуульд заасны дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Б- нь эд хөрөнгийн үнэ болох 6,000,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Б.М-т төлөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Б.М- нь эд хөрөнгийг Д.Б-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө-гийн шүүх хуралдаанд гаргасан Б.М- нь түрээслэгч болохоос өмчлөгч нь биш... гэсэн тайлбар, хэрэгт авагдсан 2017 оны 01 сарын 05-ны өдрийн Т Д- ХК болон Д.Б- нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө- татгалзлаа эд хөрөнгө хүлээн авах үедээ эрхийн доголдолтой гэдгийг мэдсээр байж хүлээн авч, үнийг төлсөн тул үнийг буцаан шаардах эрхээ алдсан гэж Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан зохицуулалтад хамааруулж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.М-ийг дээрх хуульд заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээний үүрэг болон доголдлын талаар шаардлага гаргаагүй, харин гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн үнэ 6,000,000 төгрөгөө шаардаж байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д: Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 226 дугаар зүйлийн 226.1.1-д: ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэрээнээс татгалзах эрхтэй байхаар тус тус заажээ.

 

Гэрээний зүйл болох эд хөрөнгө нь хариуцагч Б.М-ийн өмчлөлийнх биш болох нь тодорхой байгаа, Б.М- нь нэхэмжлэгч Д.Б-ын өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлэх бодит боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Д.Б- нь гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн 6,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Харин шилжүүлэн авсан гэх эд хөрөнгийн хувьд Д.Б- нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдтэй нь хууль, тогтоомжийн дагуу түрээсийн гэрээ бичгээр байгуулан, түрээсийн төлбөрөө төлж байгаа болох нь хэрэгт авагдсан 2017 оны 01 сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт болох кассын орлогын ордероор тус тус тогтоогдож байх тул тус эд хөрөнгийг хариуцагч Б.М-т буцаан шилжүүлэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-д нь өөрөө шаардлага гаргаж байгаа мэт агуулга харагдаж байгаа хэдий ч шүүх хуралдааны явцад энэ талаар тодруулахад нэхэмжлэгч Д.Б-ын эхнэр, гэр бүлийн бизнес хийх зорилгоор хамтдаа хүнсний лангуу хөөцөлдөж байсан, Д.Б- нь өрхийн тэргүүний хувиар гэрээ хэлцэл хийсэн учир нэхэмжлэлийг Д.Б- гаргасан, би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа гэж тайлбарладаг болохыг дурдаж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.М-ээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-од олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ