Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 123

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00588/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 727 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Авир овогтой Д-гийн Б-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Тайж овогтой Б-ын М-т холбогдох

          “Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэд өгсөн 6.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

           Хариуцагч Б.М-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэгмидээс:

Би нөхөртэйгээ хүнсний лангуу ажиллуулахаар сонирхож байхад  Б.М- таарч, бидэнд миний павильоныг худалдаж ав, би бага насны хүүхэдтэй учир ажиллуулж чадахгүй гэсэн санал тавьсан. Худалдаж авсан тохиолдолд түрээсийн төлбөр төлөхгүй гэж бидэнд ойлгуулсан. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авч уг мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг  Б.М-т шилжүүлсэн. Үлдсэн мөнгөөр хүнсний зүйл худалдан авч байрлуулаад удаагүй байтал Дархан захын зохион байгуулагч нь ирээд түрээсийн төлбөрөө төл гэж хэлсэн. Би энэ павилоныг худалдаж авсан гэхэд энэ хувийн өмчлөлийнх биш манай компаний зүйлийг худалдах ёсгүй гэж хэлсэн. Хариуцагч нь анхнаасаа өөрийн павилон гэж ойлгуулж, бидэнд компаний павильоныг зарсан байна. Одоо Д.Б- нь павилоны эзэнтэй түрээсийн гэрээ байгуулан түрээсээ төлөөд ажиллаж байгаа тул Б.М-т өгсөн 6.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаагаас:

Нэхэмжлэлд дурдсанаар Д.Б-ын эхнэр Ц.Цэвэгмид Дархан захын худалдааны төвд лангуу ажиллуулахаар сонирхож байсан, Б.М-  өмнө нь тус павилоныг худалдаж авсан, бага насны хүүхэдтэй ажиллуулж чадахгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл түрээсийн төлбөр тусдаа сарын эхэнд төлдөг талаараа  нэхэмжлэгч талд хэлсэн байна. Түрээсийн гэрээ байгуулаад, төлбөрөө төлөөд явж байгаа нь тогтоогдож байна. Дархан захын лангууг төлбөр төлж авах шаардлага байхгүй бөгөөд нэхэмжилж буй 6.000.000 төгрөгийг хүч хэрэглэж аваагүй, Д.Б- өөрөө сайн дураараа өгсөн.Нэхэмжлэгч Д.Б- Б.М-ээс лангууны түрээсийн гэрээг шилжүүлэн авахдаа Дархан захын удирдлагад ямар нөхцөлтэйгөөр шилжүүлэн авч байгаа талаар нэн даруй мэдэгдэж, шалгуулах эрх нь нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс 6.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг, гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-од олгож шийдвэрлэжээ. 

         Хариуцагч Б.М- давж заалдсан гомдолдоо:

         Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Дархан захад лангуу олддоггүй юм байна гэж надад 6.000.000 төгрөгийг өгч миний амьдралаа залгуулж байсан хүнсний павильоныг авсаныхаа дараа өөр зүйл ярьж өгсөн мөнгөө буцааж шаардан шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч  өөрсдөө сайн дураараа надаас гуйж 6.000.000 төгрөг авчирч өгсөн. Одоо үйл ажиллагаагаа явуулаад ажиллуулж байна. Гэтэл би анх 6.000.000 төгрөг төлж Дархан захтай гэрээ байгуулж байсан. Одоо ажлын байргүй болж хохирч үлдэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Б.М-т холбогдуулж хүнсний павильон худалдан авахад төлсөн 6.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.М- тус хүнсний павильоныг түүний өмч биш гэдгийг нэхэмжлэгч нь мэдэж байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 6.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн болсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад шүүх түүнийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл Дархан захын хүнсний павильоныг амаар хэлэлцэн тохирч, 6.000.000 төгрөгөөр худалдсан, талууд энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч Б.М- урьд нь тус захад хүнсний павильон ажиллуулж байгаад нэхэмжлэгч Д.Б-од худалдахдаа өөрийн өмчлөлийн эд зүйлийг худалдсан уу эсхүл тус павильоны түрээслэх эрхийг худалдсан уу гэдгийг бусад нотлох баримтуудаар зайлшгүй тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь хууль хэрэглээний ач холбогдолтой тул тэдгээрийг шүүхээс тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.М-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ 

                                     ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                        Л.АМАРСАНАА