Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00056

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 727 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Б.М-т холбогдох,

6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэгмидийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б , нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэвэгмид нь нэхэмжлэгчийн эхнэр. Бид хүнсний лангуу ажиллуулахаар сонирхон хайж байхад Б.М  таарч, лангуу ажиллуулж чадахгүй байна, худалдаад авчихвал түрээсийн төлбөр гэж төлөхгүй гэж ойлгуулсан. Ингээд Б.М  павилоноо шилжүүлэн өгсөн бөгөөд 2016 оны 12 сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авч, үүнээс 6.000.000 төгрөгийг павилоны үнэд Б.М-т шилжүүлэн өгсөн. Гэтэл Дархан захын зохион байгуулагч ирээд түрээсийн төлбөр төл, энэ павилон Б.М ийн өмч биш тул худалдах ёсгүй гэсэн. Аргагүй байдалд орж Д.Б  Дархан захын зохион байгуулагчтай түрээсийн гэрээ байгуулж, одоо сар бүр 535.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж хохирч байна.

Иймд Б.М-т өгсөн 6.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М  шүүхэд гаргасан тайлбартаа: Би өмнө нь тус павилоныг худалдан авсан, бага насны хүүхэдтэй учир ажиллуулж чадахгүй байгаа тул худалдах тухай хэлсэн. Гэхдээ түрээсийн төлбөр тусдаа,  сарын эхэнд төлдөг талаар хэлсэн. Ингээд түрээсийн гэрээгээ Д.Б од шилжүүлж, гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Д.Б  нь Б.М ээс лангууны түрээсийн гэрээг шилжүүлэн авахдаа Дархан захын удирдлагад ямар нөхцөлтэйгөөр шилжүүлэн авч байгаагаа нэн даруй мэдэгдэж, шалгуулах эрх нь нээлттэй бөгөөд Б.М  нь жинхэнэ өмчлөгч биш түрээслэгч биш гэдгийг мэдсээр байж өөрөө сайн дураараа 6.000.000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М ээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс  улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б од олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.М ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэгмид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.11-ний 123 тоот магадлал нь хууль ёсны бус бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.06.27-ны 727 тоот шийдвэртээ хэргийн бодит байдлыг сайтар судлан үзэж нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр худалдах, худалдан авах харилцаа үүссэнийг тогтоосон. Б.М  нь анхнаасаа павьеолоныг худалдах асуудал ярьсан болохоор үүнээс өөр харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Иймээс магадлалд дурдсан өөрийн өмчлөлийн эд зүйлийг худалдсан уу эсвэл тус павьеолоны түрээслэх эрхийг худалдсан уу гэдгийг тодруулах шаардлагагүй бөгөөд түрээслэх эрхийг худалдах гэсэн ойлголт байхгүй. Б.М-т бусдын өмчлөлийн эд зүйлсийн түрээслэх эрхийг худалдах эрх байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Иймээс дээрх зүйлийг тодруулах гэж анхан шатны шүүх рүү буцаан хохирсон иргэн надад чирэгдэл учруулж байгааг эс зөвшөөрч байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байгааг анхааран үзэж шүүхийн 727 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны 123 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь Ц.Цэвэгмидийг төлөөлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Б.М  павилоныг урьд нь худалдаж авсан, 2 хүүхэдтэй тул ажиллуулж чадахгүй байна... гэсэн тул түрээс төлөхгүй юм байна гэж ойлгоод худалдан авсан, гэтэл уг павилон Дархан захынх байсан...” тул павилоны үнэд  төлсөн 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “... лангууг түрээсэлж байсан, нэхэмжлэгч нь лангууны түрээсийн гэрээг шилжүүлэн авсан, ингэхдээ Дархан захад мэдэгдэж, шалгуулах бүрэн боломжтой” гэсэн тайлбар гаргаж, маргажээ. 

Маргааны зүйл болох павилон Б.М ийн өмчлөлийнх эсхүл тэрээр түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ тохиолдолд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т зааснаар үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх уг хуулийн заалтууд нэгэн адил хамаарах ба эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй  талаар мөн зүйлийн 260.3-т заасан.

Хариуцагч нь түрээсэлж байсан лангуугаа нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар тайлбартаа дурдсан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлох боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ