Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2017/00742

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2017/00742

 

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01382/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... тоотод оршин суух Б. овогт Н.О. /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух Б. овогт М. Т. /РД: ..../-д холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-, хариуцагч М.Т-, хариуцагчийн өмгөөлөгч З.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг М.Т-од 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн 10,000,000 төгрөгийг Б.Б-гаас Н.О- нь авч, шилжүүлэн өгсөн. М.Т- нь гэрээнд заасны дагуу мөнгөө төлж чадахгүй байсан учир гэрээний хугацааг сунгасан. М.Т- нь нийт 3,000,000 төгрөгийн хүү төлсөн. Энэ мөнгө нь Б.Б-н дансанд орж ирсэн. Түүнээс өөр ямар ч мөнгө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, төлөөгүй 2 сарын хүү 2,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангийг үндсэн төлбөрөөс тооцож 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч Н.О- нь зээлийн төлбөрийг мөнгө дамжуулан авсан Б.Б-д олгохоор шүүхийн шийдвэрт заах талаар хүсэлт гаргаж байсан бөгөөд энэхүү хүсэлтээсээ татгалзсан. Н.О- нь Б.Б-гаас авч, хариуцагч М.Т-од зээлүүлсэн мөнгөө Б.Б-д төлсөн, тооцоо дууссан тул гэрээний дагуу Н.О- нь өөрөө нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.О-аас 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүнд нийт 4,000,000 төгрөг төлсөн. 3,000,000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт байгаа боловч 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгөөгүй. Иймээс зээлж авсан үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд алданги тооцох талаар заалт байсныг би мэдээгүй. Тэгээд одоогийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ нөхцөлд хүү, алданги төлөх төлбөрийн чадвар байхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О- нь гэрээний дагуу шаардах эрхтэй этгээд биш юм. Учир нь зээлийн гэрээнд Н.О-, М.Т- нар гарын үсэг зурсан боловч зээлийн мөнгийг Н.О- шилжүүлэн өгөөгүй, мөн зээлийн хүүгийн төлөлт Б.Б-гийн дансанд орсон байгаа зэрэг нөхцөл байдлыг харахад Н.О- нь энэхүү шаардлага гаргах эрхгүй этгээд байна. Мөн гэрээний сунгалтыг шүүх анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Гэрээний сунгалт хийсэн баримт нь үндсэн гэрээний хугацаа дууссанаас 20 гаран хоногийн дараа хийгдсэн байдаг. Гэрээний хугацаа дуусмагч сунгалтын асуудал хийгдэх ёстой. Иймээс сунгасан хугацааны хүүгийн асуудал яригдахгүй гэж үзэж байна. Хариуцагч М.Т-ын хувьд 10,000,000 зээлж авсанаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү тайлбарыг дэмжиж байна. Хүү, алданги авах эрхгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч М.Т-од холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.Т- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүүг төлж дууссан тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.О- нь 10,000,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай , нэг сарын 10 хувийн хүүтэйгээр хариуцагч М.Т-од зээлсэн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 09 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, хариуцагч М.Т-ын шүүх хуралдаанд гаргасан: ... Би Н.О-ыг таньдаг байсан бөгөөд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 10,000,000 төгрөгийг Н.О-аас авсан. Б.Б-г танихгүй, мөнгө төгрөг өгөлцөж авалцсаны дараа л Б.Б- гарч ирсэн. Тухайн үедээ зээлийн хүүг бид 10 хувь байхаар тохирсон. Алдангийн талаар гэрээнд заасан байсныг би мэдээгүй гэсэн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохигчид зээлийн гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-өөр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Н.О-, М.Т- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Энэхүү хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.О- нь гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг хариуцагч М.Т-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хариуцагч М.Т-ын шүүх хуралдаанд гаргасан ... зээлийн гэрээ байгуулж, Н.О-аас 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тиймээс зээлж авсан 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Т- нь зээлийн гэрээ болон тус гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан хугацаанд 3 сарын хүү болох 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд харин зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэлд зээлийн гэрээг 2 удаа сунгаж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дууссан гэж дурдсан боловч мөн өдөр хүртэл сунгасан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Нөгөө талаас хариуцагчийн өмгөөлөгч З.Э- зээлийн гэрээний сунгалтыг гэрээний хугацаа дууссанаас хойш 20 гаран хоногийн дараа сунгасан байгаа нь гэрээний сунгалт гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан 2014 оны 11 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр талууд тохиролцон 2014 оны 09 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд дараах байдлаар нэмэлт өөрчлөлтийг хийв гээд тус гэрээний 1-д: зээлийн гэрээний 1 дүгээр заалтын зээлийн гэрээний хугацааг 2014 оны 12 сарын 31-ний өдөр болгон сунгав гэж заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үндсэн хугацаа 2014 оны 11 сарын 03-ны өдөр дууссан хэдий ч гэрээний сунгалтыг мөн өдрөөс эхлэн, 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тооцох тухай тохиролцоог 2014 оны 11 сарын 23-ны өдөр хийсэн байгааг хүчин төгөлдөр бус, гэрээ сунгагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2.1-д: талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэхээр тус тус заасан байх бөгөөд талууд гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцож, бичгээр хэлцэл хийж, гарын үсэг зурсан байгаа болон хариуцагч Н.Төртогтогтохын шүүх хуралдаанд гаргасан ... би гэрээг сунгах талаар санал тавиагүй. Харин тухайн үед Н.О- надад гэрээг сунгах талаар санал тавьсны дагуу гэрээнд би гарын үсэг зурсан... гэсэн тайлбар зэргээр гэрээний сунгалт нь дээрх хуульд нийцсэн байна гэж үзэхээр байна.

 

Иймд зээлийн гэрээний хугацааг хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч М.Т-оос гэрээний үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны доторх хүүгийн төлбөрийн хамт шаардах эрхтэй байна.

Хариуцагч М.Т- нь хүүнд нийт 4,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд харин хүүгийн төлбөрт өгсөн гэх 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.О-т төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч дээрх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тайлбарынхаа үндэслэлийг нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хүүгийн төлбөрт нийт 4,000,000 төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Э- нь зээлийн гэрээний зүйл болох 10,000,000 төгрөг нь Н.О-ынх биш, Б.Б- гэх хүний өмчлөлийн зүйл бөгөөд зээлийн хүүгийн төлбөрийг Б.Б-д төлж байсан байдал зэргээр Н.О- нь гэрээний үүргийг М.Т-оос шаардах эрхгүй гэж тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэгч Н.О- нь шүүхэд М.Т-од зээлүүлсэн мөнгө миний мөнгө биш Б.Б-н мөнгө тул нэхэмжлэлийн шаардлага болох 17,000,000 төгрөгийг Б.Б-д олгуулахаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ ...Б.Б- бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн холбогдолтой тооцоо байдаг бөгөөд 17,000,000 төгрөгийг би өөрөө Б.Б-д тооцоогоор шилжүүлсэн тул 2014 оны 09 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний эрх үүргийг хууль ёсны дагуу шүүхээр шийдвэрлүүлж авах хүсэлтэй байна. Гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөг Б.Б-д хамааралгүй болсон болно... гэж тодруулжээ.

 

Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 09 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг Б.Б-гаас нэхэмжлэгч Н.О-ын дансанд шилжин орсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд Б.Б-гаас авсан энэхүү 10,000,000 төгрөгийг мөн өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч М.Т-од шилжүүлэн өгсөн болох нь дээр дурдсан зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Н.О-ыг зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-ийн 32 дугаар тал/

Нөгөө талаас хариуцагчийн өмгөөлөгч зээлийн хүү Б.Б-гийн дансанд шууд шилжиж байгаа нь Н.О- гэрээний дагуу шаардах эрхгүй болохыг илэрхийлж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгснийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заажээ.

Хариуцагч М.О- нь зээлийн хүүнд төлсөн 3,000,000 төгрөгийг Б.Б-гийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү хүү 3,000,000 төгрөгийг Б.Б-д хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч Н.О- хүлээн зөвшөөрч, энэхүү 3,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж тооцож байх тул дээрх хуульд заасан гэрээний үүрэгт тооцох үндэслэлтэй юм. /хх-ийн 33-35 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.О- нь алданги 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч М.Т- зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-т Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т: хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т: анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д: хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр талууд тохирсон нь дээрх хуульд заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч Н.О- нь төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 10,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 5,000,000 төгрөгийг хариуцагч М.Т-оос нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Т-оос зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 933,324 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,933,324 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,066,676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүүгийн төлбөрийг тооцохдоо хэрэгт авагдсан зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцож үзэхэд хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээл авснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 3 сарын хугацааны хүүнд 3,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд мөн өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах хугацаа буюу 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 28 хоногийн хугацаанд хүүг тооцоход 933,324 төгрөг болсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Т-оос үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 15,933,324 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,066,676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид 237,617 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ