Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 15

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01382/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1507 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Боржигон овогтой Найдансүрэнгийн О-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч Боржигон овогтой Мягмарын Т-од холбогдох

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг зээлийн хүү 2,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

Хариуцагч М.Т-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч М.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, Б.Баярмагнай нараас:

2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг М.Т-од 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн 10,000,000 төгрөгийг Б.Баярмагнайгийн данснаас шилжүүлсэн. М.Т- нь гэрээнд заасны дагуу мөнгөө төлж чадахгүй байсан тул гэрээг дахин сунгаж нийт 3,000,000 төгрөгийн хүү төлсөн. Иймд үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг зээлийн хүү 2,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулах тухай зээлийн төлбөр 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Т-оос:

2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.О-аас 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүнд нийт 4,000,000 төгрөг төлсөн. Н.О- нь надаас 800,000 төгрөгийн үнэ бүхий зуурмагийн машин түр хугацаагаар хэрэглэхээр аваад буцаан өгөөгүй зуурмагийн машины үнэ, бага багаар хүүнд 500,000, хүүнд 4,000,000 төгрөг нийт хүүнд 5,300,000 төгрөгийг төлсөн.Иймд хүүг бүрэн төлж барагдуулсан бөгөөд үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сараас эхлэн хэсэгчлэн төлөх саналтай байна. Алданги төлөхөөс татгалзаж байна гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1507 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар М.Т-оос үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 15,933,324 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,066,676 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид 237,617 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

    Хариуцагч М.Т- давж заалдсан гомдолдоо:

    Миний бие Н.О-аас 10 сая төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд хүүнд 4 сая төгрөг төлж, 800,000 төгрөгний үнэтэй зуурагч машин өгсөн, нийт хүүнд 5,300,000 төгрөг төлсөн боловч анхан шатны шүүх хүүнд төлсөн мөнгийг бүрэн хэмжээгээр хасаж тооцолгүй үндсэн зээлийн 50 хувиар тооцож 5 сая төгрөгийн алданги гаргуулсан нь надад хохиролтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 15,933,324 төгрөгнөөс 5,000,000 төгрөгний алдангийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Н.О- хариуцагч М.Т-од 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлж, бичгээр гэрээ байгуулж, 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэл 38 хоногоор сунгасан болох нь хэргийн 4,5 дугаар талд авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд 10.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар,хэргийн 32 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус нотлогдоно.

Гэрээний 3 дахь заалтаар зээлдүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцэж байна.

Зээлдэгч М.Т- зээлийн хүүд нийт 4.000.000 төгрөг төлсөн нь хэргийн 33-35 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулга болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог бөгөөд харин 800.000 төгрөгийн үнэ бүхий зуурмагийн машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Анх 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ 2 сарын хугацаатай хийгдэж, 11 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан баримт хэрэгт авагдсан бөгөөд гэрээт хугацааны хүүгийн төлбөрийн тооцоог анхан шатны шүүх зөв тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэж байгаа бөгөөд гэрээний дагуу алданги тооцож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хариуцагчийн алданги 5.000.000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч М.Т-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 1507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                                    

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧИД                                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       Л.АМАРСАНАА