Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 129

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01382/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 742 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Боржигон овогтой Н-гийн О-ын нэхэмжлэлтэй

          Хариуцагч Боржигон овогтой М-ын Т-од холбогдох

          “Зээл, зээлийн хүү, зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги нийт 17.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч М.Т-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагаас:

2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг М.Т-од 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн 10.000.000 төгрөгийг Б.Баярмагнайгаас Н.О- нь авч, шилжүүлэн өгсөн.  М.Т- нь гэрээнд заасны дагуу мөнгөө төлж чадахгүй байсан учир гэрээний хугацааг сунгасан. М.Т- нь нийт 3.000.000 төгрөгийн хүү төлсөн. Энэ мөнгө нь Б.Баярмагнайгийн дансанд орж ирсэн. Түүнээс өөр ямар ч мөнгө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 10.000.000 төгрөг, төлөөгүй 2 сарын хүү 2.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангийг үндсэн төлбөрөөс тооцож 5.000.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч Н.О- нь зээлийн төлбөрийг мөнгө дамжуулан авсан Б.Баярмагнайд олгохоор шүүхийн шийдвэрт заах талаар хүсэлт гаргаж байсан бөгөөд энэхүү хүсэлтээсээ татгалзсан. Н.О- нь Б.Баярмагнайгаас авч, хариуцагч М.Т-од зээлүүлсэн мөнгөө Б.Баярмагнайд төлсөн, тооцоо дууссан тул гэрээний дагуу Н.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Т-оос:

2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.О-аас 10.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүнд нийт 4.000.000 төгрөг төлсөн. 3.000.000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт байгаа боловч 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгөөгүй. Иймээс зээлж авсан үндсэн төлбөр 10.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд алданги тооцох талаар заалт байсныг би мэдээгүй. Тэгээд одоогийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ нөхцөлд хүү, алданги төлөх төлбөрийн чадвар байхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяагаас:

Н.О- нь гэрээний дагуу шаардах эрхтэй этгээд биш юм. Учир нь зээлийн гэрээнд Н.О-, М.Т- нар гарын үсэг зурсан боловч зээлийн мөнгийг Н.О- шилжүүлэн өгөөгүй, мөн зээлийн хүүгийн төлөлт Б.Баярмагнайгийн дансанд орсон байгаа зэрэг нөхцөл байдлыг харахад Н.О- нь энэхүү шаардлага гаргах эрхгүй этгээд байна. Мөн гэрээний сунгалтыг шүүх анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Гэрээний сунгалт хийсэн баримт нь үндсэн гэрээний хугацаа дууссанаас 20 гаран хоногийн дараа хийгдсэн байдаг. Гэрээний хугацаа дуусмагц сунгалтын асуудал хийгдэх ёстой. Иймээс сунгасан хугацааны хүүгийн асуудал яригдахгүй гэж үзэж байна. Хариуцагч М.Т-ын хувьд 10.000.000 зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү тайлбарыг дэмжиж байна. Хүү, алданги авах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Т-оос үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 15.933.324 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.066.676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид 237.617 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Т- давж заалдсан гомдолдоо:

Би Н.О-аас 10.000.000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд хүүнд 4 сая төгрөг мөн 800.000 төгрөгийн үнэтэй зуурагч машин, бага багаар 500.000 төгрөг нийт 5.300.000 төгрөгийг түүнд буцаан төлсөн боловч анхан шатны шүүх миний төлсөн мөнгийг бүрэн хэмжээгээр хасаж тооцоогүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 15.933.324 төгрөгнөөс 5.933.324 төгрөгийн алдангийг хасаж үндсэн зээл болох 10.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч М.Т-од холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.000.000 төгрөг, зээлийн гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алданги 5.000.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Т- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн төлбөр болох 10.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүүг төлж дууссан тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.О- нь 10.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь эдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө …. шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Гэрээнд заасан үүрийнхээ дагуу нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч М.Т-од 10.000.000 төгрөгийг шилжүүлжээ.

Энэ нь Н.О-аас 10.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн гэсэн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдсон ба хариуцагч үндсэн зээлийг хүлээн аваагүй гэж маргаагүй болно.

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч М.Т-оос гэрээний үндсэн төлбөр 10.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны доторх хүүгийн төлбөрийн хамт шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч М.Т- нь зээлийн хүү болох 3.000.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас Б.Баярмагнайд хүлээлгэн өгсөн хүү 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.О- зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж тооцож хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Харин хариуцагч зээлийн хүүд 4.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч үүнээс 1.000.000 төгрөгийг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч дээрх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүү болон гүйцэтгээгүй үүрэгт тооцох алдангийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хариуцагч М.Т-оос зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 933.324 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.933.324 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.066.676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх баримт тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагч М.Т-ын гаргасан  5.933.324 төгрөгийн хүү, алдангийг хасаж тооцохыг хүссэн  давж заалдсан гомдлыг хангах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч М.Т- давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.884 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ