Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02956

 

 

 

 

 

2020 12 17

181/ШШ2020/02956

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  О ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.У  холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 85.535.231 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгон, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Мөнхцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.У нь тус ББСБ-д хандан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өөрийн болон У.Т нарын өмчлөлийн Ү-2203016194 улсын бүртгэлийн дугаартай, 000175512 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот хаягт байрлах 117,63 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот хаягт байрлах 9.6 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалан 70.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 2.9%-ийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан.

Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд иргэн Д.У д 24 сарын хугацаатай, сарын 2.9%-ийн хүүтэйгээр 70.000.000 төгрөгийг 19/2056 тоот Зээлийн гэрээ болон 19/4056 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан нотариат болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 70.000.000 төгрөгийг Д.У гийн дансанд шилжүүлсэн.

Д.У гийн тус ББСБ-тай байгуулсан 19/2056 тоот Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Зээлдэгч Д.У нь өнгөрсөн хугацаанд 13.871.670 төгрөгийг гэрээнд заасны дагуу хүүнд төлсөн байгаа болно.

Иймд: Д.У гаас

1. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 70.000.000 төгрөг, зээлийн хүү 14.683.664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839.067 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 85.535.231 төгрөг нэхэмжилж байна.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Д.У нарын хооронд байгуулсан 19/2056 тоот Зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9%-иар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Д.У төлөх үүрэгтэйг тогтоож өгнө үү.

3.Төлбөрийг төлөөгүй тохиолдолд тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Ү-2203016194 улсын бүртгэлийн дугаартай, 000175512 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 32-А байрны 7 тоот хаягт байрлах 117,63 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхрын 58 тоот хаягт байрлах 9.6 м.кв талбай бүхий авто зогсоолоос үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Коронатай холбоотой асуудал бол 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн яригдах байх, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээний талууд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 19/2056 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 70.000.000 төгрөгийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийг 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авсан.

Хариуцагч Д.У нь нэхэмжлэгчид нийт 13.871.670 төгрөгийг төлсөн бөгөөд ажлын шугамаар 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Унгар улс руу явж тэндээ ажиллаж байтал шинэ коронавирусийн халдвараас болж эх орондоо ирэх боломжгүй болж хорионд орсон.

Зээлийн гэрээ байгуулагдсан үеэс эхлэн Засгийн газраас арга хэмжээ авах хүртэлх хугацаа буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрийг хэвийн төлж байсан.

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарган Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт тус тус зөвлөсөнг ба хариуцагчийн хувьд зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтэй байдаг.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний төлбөрийн хугацаанд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулалгүйгээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

Монгол Улсын Засгийн газраас авч байгаа арга хэмжээний хүрээнд зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хойшлуулан Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой байна.

Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т ... Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ ... гэж зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан ч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд, талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2-т ... Д.У нь энэхүү гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний зүйл, заалтанд заасан үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн бол гэрээг зөрчсөн гэж ББСБ тооцож, хугацаанаас нь өмнө цуцлана ... гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, шаардсан гэх зүйл огт байхгүй.

Улс орны хэмжээнд цар тахлын нөхцөл байдал бий болж 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон байхад энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх хэрэгжүүлээгүй буруутай байгаа тул нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна.

Талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар Зээлийн гэрээний 2.4-т ... Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө ... гэж заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т ... Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй ... гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т ... Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ ... гэж зааснаар хариуцагчаас төлсөн нийт 13,871,670 төгрөгийн төлбөрийг үндсэн үүрэгт тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчид төлсөн 13.871.670 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцвол үндсэн төлбөрт 56.128.330 төгрөг, зээлийн хүүнд 21.151.744 төгрөг, нийт 77.280.074 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь харагдаж байна.

Нотариатын зардалтай холбоотой баримт огт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн ... анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Д.У нарын хооронд байгуулсан 19/2056 тоот Зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын 2.9 %-иар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Д.У төлөх үүрэгтэйг тогтоож өгнө үү... гэж нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болгон шаардсаныг огт хүлээн зөвшөөрөхгүй. Энэ шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахтай холбоотой шаардлагад тусгайлсан тайлбар байхгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8,255,157 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч О ХХК нь зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 85.535.231 төгрөгийг нэхэмжилж, зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгон, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч О ХХК, хариуцагч Д.У нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 13ы өдөр 19/2056 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 70.000.000 /далан сая/ төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцон зээл авч зээлийн барьцаанд:

иргэн Д.У , У.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203016194 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот авто зогсоол зэргийг барьцаалан, мөн өдөртөө 19/4056 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, 19/2056 дугаартай Зээлийн гэрээ, 19/4056 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээ, 11-1491769 дугаартай Барьцаалбар, 70.000.000 төгрөгийг Д.У гийн дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, зээл төлөлтийн хуваарь, О -ын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 7,12, 13-18-р хуудас /

Дээрх зээлийн гэрээгээр О ХХК нь 70.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч Д.У нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 13,14-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар болон уг гэрээний дагуу 13,871,670 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн талаар маргаагүй болно.

Мөн дээрх зээлийн барьцаанд Д.У , У.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203016194 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот авто зогсоол зэргийг барьцаалан 19/4056 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээ, 11-1491769 дугаартай Барьцаалбар үйлдсэн талаар болон тэдгээрийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд О ХХК-иас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

О ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 19/2056 дугаартай Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 13, 14, 18-р хуудас/

Зээлийн гэрээнд заасан үүргээ О ХХК биелүүлсэн учир зээлдэгчээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Д.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 13-14, 31-37, 49-51-р хуудас/

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Зээлдэгч Д.У нь зээлдүүлэгч О -тай байгуулсан 19/2056 дугаартай Зээлийн гэрээний хавсралтаар 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн хүү төлөх, хугацааны эцэст буюу 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээл 70.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролсон байх тул зээлдэгч Д.У гийн төлж байсан 13,871,670 төгрөгийг үндсэн зээл төлж байсан гэж тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 19/2056 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 14.683.664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839.067 төгрөг, нийт 85.522.731 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн авсан 70.000.000 төгрөгийн үндсэн хүүг тооцоолоход 14.751.330 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн болно.

/2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 63 хоног, 2.030.000 төгрөг :30хоног= 67.666 төгрөг, 67.666 төгрөг х 63 хоног=4.262.958 төгрөг, 24.360.000 төгрөг+ 4.262.958 = 28.623.000 төгрөг, 28.623.000 төгрөг 13.871.670 = 14.751.330 төгрөг/

Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ баримт бичгүүдийг нотариатаар батлуулсаны зардалд төлсөн 12.500 төгрөгийн төлбөрийг гэрээний талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг цуцлаж уг гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн атлаа зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Д.У гаас 85.522.731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Мөн хариуцагч Д.У нь дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөс хангуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.У гаас 85.522.731 /наян таван сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж О ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.У , У.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203016194 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот авто зогсоол зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726026,16 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 585.563 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО