Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00496

 

“О И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02956 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0350 дугаар магадлалтай,

“О И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Уд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 85,535,231 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгон, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “О И ББСБ” ХХК нь Д.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85,535,231 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгон, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02956 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Угаас 85.522.731 /наян таван сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж О И ББСБ ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.У, У.Тэмүүжин нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот авто зогсоол зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726026,16 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 585.563 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0350 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 235 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчаас гомдол гаргасны дагуу магадлал гаргасан байна. ...Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэгт “...Хяналтын журмаар дараахь үндэслэлээр гомдол гаргана: ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэж заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 85,522,731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 15,522,731 (арван таван сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин нэг) төгрөгийн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад үндэслэлтэй гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “... Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ ...” гэж зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан ч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд, талуудын байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “... Д.У нь энэхүү гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний зүйл, заалтанд заасан үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн бол гэрээг зөрчсөн гэж ББСБ тооцож, хугацаанаас нь өмнө цуцлана...” гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, хугацаа хэтрүүлсэн талаар ямар ч үйлдэл хийгээгүй, шаардсан гэх зүйл огт байхгүй ба үүнтэй холбоотой ямар ч баримт байхгүй байх тул гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй байдал бий болоход гэрээнд зааснаар гэрээг цуцлан дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй ба давж заалдах шатны шүүхээс эрхийг үүрэгжүүлэн ойлгох боломжгүй гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улс орны хэмжээнд цар тахлын нөхцөл байдал бий болж 2020.03.09-ний өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон байхад энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байгаа ба түүнээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,522,731 (арван таван сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин нэг) төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тодруулбал, зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болохыг ялгамжтай тодорхойлоогүй, анхан шатны шүүхээс энэ байдлыг тодруулж, шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул эдгээрийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр байдгийг анхаарч шаардлага тус бүрийг тодруулсны эцэст эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Харин нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар санал гарган төлөгдсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасан шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хүүг хуримтлуулан төлвөл 77,280,074 (далан долоон сая хоёр зуун наян мянга далан дөрөв) төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэсэн. Талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар зээлийн гэрээний 2.4-т “...Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө...” гэж заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т “...Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй...” гэж заасныг баримтлана гэсэн тайлбар гаргасан. Ийм байдлаар тооцоход шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 8,255,157 (найман сая хоёр зуун тавин таван мянга нэг зуун тавин долоо) төгрөг хасагдахаар буюу нэхэмжлэгчид ашигтай байтал нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 12,500 төгрөг болон зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай хэсгийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрийн 15,522,731 (арван таван сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин нэг) төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгон нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр хянаад, хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “О ИББСБ” ХХК нь хариуцагч Д.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 14,683,664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839,067 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 85,535,231 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...цар тахлын улмаас хил хаагдаж, хэвийн төлөлт зөрчигдсөн, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ББСБ гэрээнд өөрчлөлт оруулаагүй, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай, гэрээний 2.4-т “зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчсөн, төлсөн 13,871,670 төгрөгийг үндсэн зээлээс хасвал хүүгийн хамт нийт 77,280,074 төгрөгийн үлдэгдэлтэй” гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 85,522,731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

8. Талууд 2019.08.13-ны өдөр гэрээ байгуулж 70,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлэх, үүргийн гүйцэтгэлд Д.У, У.Тэмүүжин нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот авто зогсоолыг барьцаалахаар тохирсон, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасны дагуу дүгнэжээ. “О ИББСБ” 70,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн бол Д.У нь 13,871,670 төгрөгийг буцааж төлсөн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

9. Хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн буруутай бөгөөд үүнд нэхэмжлэгчийн гэрээг цуцлах ёстой байсан гэх үйлдэл нөлөөлөөгүй, үүнээс болж хариуцагч гэрээний үүргээ зөрчөөгүй юм. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний 6.2-т заасан “гэрээг цуцлан, дуусгавар болгох зээлдүүлэгчийн эрх”, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02956 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0350 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 235,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ