Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00350

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00350

 

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02956 дугаар шийдвэртэй

О ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Уд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 85 535 231 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгон, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн О ХХК-ийн захирал ........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь Д.Утай19/2056 тоот Зээлийн гэрээ болон 19/4056 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ-г байгуулан 24 сарын хугацаатай, сарын 2.9%-ийн хүүтэйгээр 70 000 000 төгрөгийг зээлүүлж, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 70 000 000 төгрөгийг Д.Угийн дансанд шилжүүлсэн. Д.Угийн тус ББСБ-тай байгуулсан 19/2056 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Зээлдэгч Д.У нь өнгөрсөн хугацаанд 13 871 670 төгрөгийг гэрээнд заасны дагуу хүүнд төлсөн. Иймд Д.Угаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 14 683 664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839 067 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 85 535 231 төгрөг нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Д.У нарын хооронд байгуулсан 19/2056 тоот Зээлийн гэрээ-ний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9%-иар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Д.У төлөх үүрэгтэй. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Ү-2203016194 улсын бүртгэлийн дугаартай, 000175512 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 32-А байрны 7 тоот хаягт байрлах 117,63 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхрын 58 тоот хаягт байрлах 9.6 м.кв талбай бүхий авто зогсоолоос үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Коронатай холбоотой асуудал бол 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн яригдах байх, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний талууд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 19/2056 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан. Хариуцагч Д.У нь нэхэмжлэгчид нийт 13 871 670 төгрөгийг төлсөн бөгөөд ажлын шугамаар 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Унгар улс руу явж тэндээ ажиллаж байтал шинэ коронавирусийн халдвараас болж эх орондоо ирэх боломжгүй болж хорионд орсон. Зээлийн гэрээ байгуулагдсан үеэс эхлэн Засгийн газраас арга хэмжээ авах хүртэлх хугацаа буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрийг хэвийн төлж байсан. Хариуцагчийн хувьд зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтэй байдаг. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний төлбөрийн хугацаанд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулалгүйгээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газраас авч байгаа арга хэмжээний хүрээнд зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хойшлуулан Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой байна. Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан ч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд, талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2-т ... Д.У нь энэхүү гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний зүйл, заалтанд заасан үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн бол гэрээг зөрчсөн гэж ББСБ тооцож, хугацаанаас нь өмнө цуцлана ... гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, шаардсан гэх зүйл огт байхгүй. Улс орны хэмжээнд цар тахлын нөхцөл байдал бий болж 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон байхад энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх хэрэгжүүлээгүй буруутай байгаа тул нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар Зээлийн гэрээний 2.4-т ... Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө ... гэж заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т ... Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй ... гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас төлсөн нийт 13 871 670 төгрөгийн төлбөрийг үндсэн үүрэгт тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчид төлсөн 13 871 670 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцвол үндсэн төлбөрт 56 128 330 төгрөг, зээлийн хүүнд 21 151 744 төгрөг, нийт 77 280 074 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь харагдаж байна. Нотариатын зардалтай холбоотой баримт огт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Д.У нарын хооронд байгуулсан 19/2056 тоот Зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын 2.9 %-иар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Д.У төлөх үүрэгтэйг тогтоож өгнө үү... гэж нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болгон шаардсаныг огт хүлээн зөвшөөрөхгүй. Энэ шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахтай холбоотой шаардлагад тусгайлсан тайлбар байхгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8,255,157 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Угаас 85.522.731 /наян таван сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Ориент-Инвест ББСБ ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.У, У.Тэмүүжин нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203016194 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот авто зогсоол зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч о ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726 026,16 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 585 563 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 85 522 731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгээс 15 522 731 төгрөгийн хэсгийг эс зөвшөөрч байна. Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, зээлийн гэрээний 6.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, хугацаа хэтрүүлсэн талаар ямарч үйлдэл хийгээгүй, шаардсан гэх зүйл огт байхгүй ба үүнтэй холбоотой ямар ч баримт байхгүй байх тул гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй байдал бий болоход гэрээнд зааснаар гэрээг цуцлан дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Улс орны хэмжээнд цар тахлын нөхцөл байдал бий болж 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон байхад энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байгаа ба түүнээс хойшх хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15 522 731 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар санал гарган төлөгдсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасан шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хүүг хуримтлуулан төлбөл 77 280 074 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэсэн. Талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар зээлийн гэрээний 2.4-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэж заасныг баримтлана гэсэн тайлбар гаргасан. Ийм байдлаар тооцоход шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 8 255 157 төгрөг хасагдахаар буюу нэхэмжлэгчид ашигтай байтал нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 12 500 төгрөг болон зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай хэсгийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 15 522 731 төгрөгийг хэрэгсэхгүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээн нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Д.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 14 683 664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839 067 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 85 535 231 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 27-30/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Д.Утай 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 19/2056 дугаар Зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлүүлсэн, мөн өдрөө 19/4056 дугаар Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж Д.У, У.Тэмүүжин нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203016194 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-А байрны 7 тоот орон сууц, 32-В байрны 1 дүгээр давхарын 58 тоот авто зогсоол зэргийг тус тус барьцаалсан байна. /хх.13-17/

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон талуудын байгуулсан гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар болон уг гэрээний дагуу 13 871 670 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн талаар маргаагүй болно. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон байна. /хх.31-36/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх зээлдүүлэгч байгууллагын гаргасан нотлох баримт болох зээл, хүүгийн тооцоололд үндэслэж хариуцагчаас 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 19/2056 тоот гэрээгээр зээл 70 000 000 төгрөг, хүү 14 683 664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 839 067 төгрөг нийт 85 522 731 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх заалттай нийцсэн байна гэж үзлээ. Мөн зээлийн төлбөрийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэйг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, гэрээний 6.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, хугацаа хэтрүүлсэн талаар ямарч үйлдэл хийгээгүй, шаардсан гэх зүйл огт байхгүй ба үүнтэй холбоотой ямар ч баримт байхгүй байх тул гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй байдал бий болоход гэрээнд зааснаар гэрээг цуцлан дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэл заажээ.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан.

Үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширч, эсхүл үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх боломжгүй болдог. Үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс үүргийг тогтоосон газар хугацаанд нь хүлээж аваагүйн улмаас зохих ёсоор гүйцэтгэх байсан гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд саад учруулсан, эсхүл үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгэгчийн оролцоо шаардлагатай байсан бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй зэргийг ойлгох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч гэрээг цуцлах дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. Эрхийг үүрэгжүүлэн ойлгох боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 235 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО