Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00135

 

Т.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03174 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б, Б.Б нарт холбогдох,

 

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Бтэй байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б.Б, Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Л ХХК-ийн Төв аймаг дахь арматурын үйлдвэрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013 онд Л ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2015.10.22-ны өдөр Б.Б зээл өгөх нэрийдлээр Төв аймгийн Б сумын Фермийн хороо Ч баг Хадаасны үйлдвэрийн 1-1 тоот хаягт орших Төмрийн үйлдвэр болон Л ХХК-ныг мэхлэн авсан. Б.Б нь компани болон үйлдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр төрсөн ах Бын Б шилжүүлсэн тул 2017.02 сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, иргэний хэрэг үүсгэн хянагдаж байгаа. Хариуцагч нар нь хугацаа хожих, эд хөрөнгө тоног төхөөрөмжийг зөөх, үйлдвэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж бусдад шилжүүлэх, Л ХХК-ны хувьцааг худалдахаар завдаж байна. Компаний 2015 оны баланст тусгагдсан өөрийн хөрөнгийн хэмжээ нь 1 454 182 400 төгрөг байсан. 2015 онд Б.Б нь 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр болсон. Харин зээлийн барьцаа болгож Л ХХК-г өөрийнхөө нэр дээр шилжүүлж, банканд барьцаанд байгаа компанийг дахиж барьцаалж болдоггүй, мөнгөө төлөөд компаниа буцаагаад авчих гэсэн. Б.Бийн зөвлөснөөр 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Б гэдэг хүнтэй 600 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Бодит байдалд  Б.Б, Т.С хоёрын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн хувьцаа болон эрхийг түүнд худалдах, шилжүүлэх, худалдаж авах зэрэг хүсэл зориг байгаагүй. Компанийн эд хөрөнгөтэй хамт нэхэмжлэгчийн орон байр, газар зэрэг зүйлүүд хамт барьцаанд байдаг юм. Тухайн үед нэхэмжлэгч компаниа Б.Бд худалдаагүй гэдгийг баталгаажуулахын тулд гэрээнд Т.С гүйцэтгэх захирлаар ажиллана гэж бичсэн. Б.Б нь Л ХХК-г залилж авсан асуудлаар цагдаагийн байгууллагад, эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, Л ХХК-г барьцаа болгон шилжүүлж авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон. Мөн төрсөн ах Б.Бийн нэр дээр компанийг дүр үзүүлэн шилжүүлсэн нь эрүүгийн хэргийн нотлох баримтаар тогтоогддог. Тиймээс хариуцагч Б.Бтэй 2015.10.22-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Компанийн эрх шилүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлийн хэлбэрийг агуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Б.Б нь зээлсэн мөнгөний баталгаа болгож барьцаа болгон түүний нэр дээр түр шилжүүлсэн. Б.Б компанийг удирдаж байгаа болохыг үйл баримтаар тодорхой нотлогддог. Тиймээс Б.Б болон Б.Б нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасанд хамаарч байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2015.11.30-ны өдөр дуусахаар байсан. Гэрээ байгуулсан өдөр 300 сая төгрөг, маргааш нь компаний эрх шилжиж, үлдэх 300 сая төгрөгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд хэлцэл байгуулагдсан. Хэлцэл байгуулахдаа талууд хүсэлт зоригоо хангалттай биелүүлсэн. Үйл ажиллагаа явуулах зорилгоор Т.Сийг гүйцэтгэх захирлаар ажиллуулсан. Талуудын тохиролцоогоор Л ХХК-ийн хувьцаа 100 хувь Б.Бд, гүйцэтгэх захирлаар Т.С бүртгэгдсэн. Хэлцэлд хэн нэгэн дүр үзүүлсэн, гадаад хэлбэрээр хийгээгүй гэдэг нь тодорхой харагдана. Учир нь хувьцаа 100 хувь Б.Бд шилжсэн. Компани Чинд өртэй, үүнээс гадна иргэдтэй бас өглөгтэй байсан. Иргэд Б.Бэс ирж шаардсан байдалтай байсан. Т.С гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компани болон Б.Бэс их хэмжээний мөнгө авч байсан. Үйл ажиллагаа явуулаад М.Бгээс авсан 600 сая төгрөгийг буцаан өгөх боломжгүй зүйлийг тайлбарлаж эхэлсэн. Зээлийн гэрээ бол тухайн үедээ төлөгдөөгүй. Үйлдвэр бол Б.Бийн эзэмшилд хэвээр үлдсэн. Өнөөдрийн байдлаар 600 сая төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Б.Бийн зүгээс Т.Сийг хуурч мэхлэх, үйлдвэрийн хувьцааг шилжүүлсэн зүйл байхгүй. Үйлдвэрт тухайн үед их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ажиллуулах гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.3.13-ны өдөр Б.Бтэй хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах саналыг Б.Б тавьсан. Санал тавихдаа М.Бд 600 сая төгрөгийн өртэй, энэ компанийг би цаашид ажиллуулах боломжгүй гэсэн. Компанийг шилжүүлэн авах үед үйлдвэрийн ажил зогссон. Ажилчид нь цалин хөлсөө аваагүй, санхүү замбараагүй байдалтай байсан. Хувьцааг худалдаж авахдаа хууль ёсны дагуу авсан. 2018.03.13-ны өдөр гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2018.03.14-ний өдөр би өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон. Энэ компанийг аваад өр төлбөрийн төлсөн. 2013 онд Т.С үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулснаас хойшхи төлбөрийг төлөөгүй байсныг би төлсөн. Чинд 600 сая төгрөгийн өртэй байсныг нь 2016.03.13-ны өдрийн гэрээгээр тус өрийг хүлээн авч Чинд 85 403 000 төгрөг төлсөн, 2017 онд шүүхээс шийдвэр гарснаас хойш би төлөлт хийгээгүй. Тухайн үед намайг авахад гэрчилгээнд Б.Бийн өмч гэсэн нотолгоо байсан. Би өөрийгөө шударга өмчлөгч гэж үзэж байна. Энэ хэрэг эцэслэн шийдэх хүртэл компани Б.Бийн өмч мөн байсан гэдгийг мэдэх боломжгүй. 2017 оны 02 дугаар сард Т.С, түүний өмгөөлөгч Д.Т болон хамгаалалтын албаны 40 гаран хүн үйлдвэрийн хашаа руу дайрч ороод, 3 сар гаран хугацаатай үйлдвэрийг эзэмшсэн. Би хууль бус бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэлт өгсөн. Улсын бүртгэлийн газар аудитын шалгалт хийгээд 2017.3.31-ний өдөр хуурамч бүртгэлийг хүчингүй болгож, миний бүртгэлийг сэргээж өгсөн. Би Б.Бэс 600 сая төгрөгөөр үйлдвэрийг авсан. Одоо М.Бтэй ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Би 600 сая төгрөгийг бөөнд нь өгөөгүй, цувуулан өгсөн. Хэрэг маргааныг мэдсэнээс хойш бөөнд нь өгсөн зүйл байхгүй. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч ХХК-ийн төлөөлөгч Э.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн хувьд хэрэгт сүүлд оролцсон. Шүүх хуралдаанд 3, 4 удаа суусан. Энэ хугацаанд Т.С шүүх хуралдаанд нэг ч удаа ирсэнгүй. Хэдийгээр төлөөлөх эрхтэй хүн байгаа ч гэсэн өөрөө ирээд тайлбар хэлээд, нотлох баримтыг бүрдүүлээд, өөрөө шүүх хуралдаа орох боломж байсан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа эхний гэрээ хүчин төгөлдөр бус учир дараагийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлах гэж байна. 600 сая төгрөгийн өгөх хариуцлагыг Т.С өөрөө хүлээнэ. Үүнтэй холбоотойгоор Б.Б уулзаад тодорхой хэмжээний төлбөр төлсөн үйл баримт байна уу. Эдгээр зүйлийг анзаарч үнэлэлт дүгнэлт хийж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Б.Б нь манай нөхрийн дүү бөгөөд 2015 оны 10 сарын сүүлээр Т.С гэх залуутай хамт ирж уулзаад Т.Сид 600 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлчих, зээлийн эргэн төлөлттэй холбоотой хариуцлагыг би хүлээнэ гэсэн. Миний зүгээс зээл эргэн төлөгдөх ямар нэгэн баталгаа байхгүй нөхцөлд ийм их хэмжээний мөнгийг зээлдүүлэх боломжгүй гэхэд Т.С нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн 100 хувийн эзэмшлийн Лел метал ХХК-ийн хувьцааг Б.Бд шилжүүлэхээр тохиролцсон учраас би түүнд зээл олгохоор болсон.Т.Сид 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгийг 2015.11.30-ны өдөр хүртэл хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болж 2015.10.21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 300 000 000 төгрөг өгсөн. Үүний маргааш нь буюу 2015 оны 10 сарын 22-ны өдөр Т.С нь Б.Бтэй Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Бд шилжүүлсэн тул үлдсэн 300 000 000 төгрөгийг өгсөн. Т.С нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй, зээлээс нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Иймд зээлийг яаралтай төлж барагдуулахыг Б.Бэс шаардахад тэрээр Т.Соос шилжүүлэн авсан Л ХХК-ийн хувьцааг өөрийн ах Б.Б худалдсан, Б.Бөөс орж ирсэн мөнгөнөөс зээлийг төлнө гэж хэлсэн. Улмаар Б.Б нь надад зээлийн төлбөрийг төлөхөөр болж, гурвалсан гэрээ байгуулан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Т.Сийн хариуцагч Б.Бтэй 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.Б, Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Л ХХК-ийн Төв аймаг дахь арматурын үйлдвэрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 768 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хавтаст хэрэгт цугларсан баримттай харьцуулан бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй, хариуцагч талын өмнөх шүүхийн мэтгэлцээний явцад огт гаргаагүй, өөрсдөдөө ашигтайгаар илтэд зохион байгуулалттайгаар сүүлд өөрсдийн гаргасан тайлбарт нийцүүлэн нөхөж бэлтгэсэн, хяналтын шатны шүүх хуралдааны дараа гаргаж өгсөн баримтуудыг нь зөвхөн хариуцагч талын эрх ашигт нийцүүлэн үнэлж шийдвэрлэсэн. Хэлбэрийн төдий гэрээ байгуулсан үйл баримт нь хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Гэтэл шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг нотолж дүгнэсэн атлаа энэхүү зээлийн гэрээний барьцаа болох 2015.10.22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь яагаад байгуулагдах болсон учир шалтгааны талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй. Шүүх эрх зүйн хэм хэмжээг өөрийн дураар хэт явцууруулан тайлбарлаж ойлгомжгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн байгууллагад гэрчээр иргэн Б.Г, Б.Б нарын сэжигтэн яллагдагчаар Б.Бийн өгсөн мэдүүлгүүд" зэргээр Т.С, Б.Б нарын хооронд байгуулсан 2015.10.22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг зээлийн гэрээний барьцаа болгож үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсоор байхад шүүх эдгээр баримтыг цохон дурдаад харин ч бүр эсрэгээр нь үнэлж, "Л" ХХК-ийг зээлийн гэрээний үүрэгт шууд шилжүүлсэн мэтээр дүгнэж, мөн "М.Б нь Т.Сид зээлсэн мөнгөө Б.Бэс авсан нь хууль зөрчөөгүй" гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн. Шүүх 2016.05.23-ны өдөр Б.Б, Т.С, нарын хооронд үйлдсэн “Баталгаа” гэх баримтыг огт үнэлээгүй. Энэхүү баталгаагаар Т.С нь Б.Бд компанийг худалдах хүсэл зорилгогүй байсныг нотолно. М.Б, Б.Б, Б.Б нарын 2016.03.15-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ” гэх баримтыг хэргийг хянан шийдвэрлэх гол нотолгоо болгон үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан Б.Бтэй 2015 оны 10 сарын 22-ний өдөр байгуулсан  “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ, “Компанийн эрх шилжүүлэх гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцуулах, арматурын үйлдвэрт үйл ажиллагаа явуулахыг хориглож, үйлдвэрийн байрыг чөлөөлөхийг даалгах, арматурын үйлдвэрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Т.Сийн өмчийн хаягдал төмрөөр барилгын арматур Т хийж борлуулсны ашгаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, Т.Сийг Л ХХК-ийн өмчлөгчөөр тогтоолгох, Б.Б, Б.Б нарын хоорондын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ , Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л ХХК-ийн хувьцаа болон эрхийг Т.Сид буцаан шилжүүлэхийг Б.Б, Б.Б нарт даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. / 1хх-ийн 1, 14-15, 23-24, 39, 136-137, 3хх-ийн 31, 141, 161-162/

 

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Бтэй зээлийн гэрээ байгуулж 600 000 000 төгрөг авсан, Л ХХК-ийг дээрх зээлийн барьцаа болгох зорилгоор Б.Бийн нэр дээр шилжүүлсэн, бүрмөсөн худалдах хүсэл зориг байгаагүй, М.Бгээс авсан мөнгөө бусдад залилуулан алдсан, арматурын үйлдвэрийг өөрөө удирдаж, ажиллуулахаар тохиролцсон байсан ч хариуцагч Б.Бтэй гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчийг үйлдвэрт нэвтрэхийг хориглож, дангаараа үйлдвэрлэл явуулж ашиг олох болсон, нэхэмжлэгчийн өмч болох үйлдвэрийг  бусдад худалдсан зэрэг үндэслэлийг дурджээ. / 1хх-ийн 1, 39, 136-137/

 

Хариуцагч Б.Б нь “Л” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдаж авсан, гэрээний хэлбэрийн хувьд бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд хувьцаа эзэмшигч солигдсон бүртгэлийг хийлгэж, компанийн дүрмийг шинэчлэн баталж, гэрчилгээ тамгаа хэрэглэж байгаа, 2015, 2016 онуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, 2016 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн Т.Сийн хүсэл зориг байхгүй гэж тайлбарласан хэлцлээс хойш 8 сарын дараа “Баталгаа” гэх баримт үйлдэж, Б.Бэс Л ХХК-нд оруулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтыг баталгаажуулж, Т.С дахин үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн, арматурын үйлдвэрийг чөлөөлөх шаардлагын тухайд Б.Бийн өмчлөлөөс гараад Б.Бийн өмчлөлд шилжсэн тул хариуцагч биш гэх үндэслэлийг гаргасан. /1 хх-ийн 23-24/

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг Б.Б, Б.Б нарт даалгасан захирамж гарсан, уг захирамж хүчин төгөлдөр байхад шүүхийн шийдвэрт энэ талаар заахгүй орхигдуулжээ. /1-р хх 93/

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан дээр дурдсан олон нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, уг шаардлагуудаасаа татгалзаагүй, багасгаагүй, өөрчлөөгүй байхад анхан шатны шүүх зөвхөн 4 шаардлагыг шийдвэрлэж үлдэх хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан. /3хх-186-195/

 

Тухайн хэрэгт Ч, Л ХХК-ийн хоорондын 600 000 000 төгрөгийн зээлийн гэрээ,Ч, Л ХХК, Х.Т, Т.С нарын хоорондын барьцааны гэрээ, 600 000 000 төгрөгийг М.Бгээс зээлсэн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх, Компанийн хувьцаа худалдах худалдан авах зэрэг нийт 7 гэрээ авагдсан. /1-р хх 6-8 116-117, 115, 3-р хх 19,20/ Дээрх гэрээнүүд хэргийн үйл баримттай хэрхэн холбогдож байгаа болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчдын татгалзал, үндэслэлд дүгнэлт өгч хэргийг бүрэн хянан шийдвэрлэх шаардлагатай байжээ.

 

Мөн зохигч маргаантай асуудлаас аль асуудлаар нь иргэний шүүхэд, аль асуудлаар нь эрүүгийн журмаар шалгуулахаар хандсан, тухайн маргаанууд энэ маргааны үндэслэлтэй ямар холбоотойг ялгаж дүгнэх шаардлагатай.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлага дотроос 1 000 тн Т үйлдвэрийн хашаанд байсныг хариуцагч нар авч ашигласан гэх асуудлаар эрүүгийн цагдаад хандсан гэх бөгөөд хувьцаа болон  үйлдвэрийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлсэн бүртгэл хийхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт  даалгуулах шаардлагаас татгалзсан байхад шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй байна.

 

Мөн хариуцагч талаас анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тухай бүрийд улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн, нэмж төлөөгүй талаар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурджээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 гэрээний үнийн дүн тодорхойгүй, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан. Нийт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж буй гэрээний үнийн дүн хэд болох нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид хэдэн төгрөг дутуу төлсөнд шүүх нэгэнт нэхэмжлэлийг хүлээж авсан бол үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай.

 

Армутурын үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахыг зогсоох, хориглох, энэ үйлдвэрийг чөлөөлөх, хаягдал төмрийн ашгаар гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, нэхэмжлэгчийг компанийн өмчлөгчөөр тогтоолгох, компаний хувьцаа, эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах гэх мэт бие даасан шаардлагад тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэхийг шүүх тодруулах үүрэгтэй. Гэтэл ийм үйл ажиллагаа явуулаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсаны дараа нэхэмжлэлийн шаардлага  тус бүрийг хэрэв шүүхийн харьяаллын асуудал гэж үзэж хүлээн авсан бол шийдвэрлэх ёстой байтал бүрэн шийдвэрлэгдээгүй байна. Хэргийн 3-р хавтасны 184 дүгээр талд нэхэмжлэлийн шаардлагыг биш шаардлага, үндэслэлээ тодруулсан тайлбарын шинжтэй тодруулгыг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 65 дугаар зүйлийн 65.1-д нийцэхгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцээн явагдаагүй, шүүхийн эрх зүйн дүгнэлт хийгдээгүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлээр нь хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03174 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 728 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                           ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД