Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00133

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нт холбогдох,

 

Б дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45 000 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэхийг Нт даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 101/ШШ2017/017015 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс 45 000 000 төгрөг гаргуулан Б.Бд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн Б дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33-р байрны 84 тоотын 40 м.кв орон сууц барьцаалагдсан. Уг орон сууц Н үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгон 90 000 000 төгрөгөөр үнэлүүлэн 2018.05.11-ний өдөр үнэлгээний 70 хувиар 63 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Мөн 2018.6.8-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 90 000 000 төгрөгийн тал хувь буюу 45 000 000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулахаар Засгийн газрын мэдээ сонины 2018.5.28-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой Нт хандахад намайг хаягийн өөрчлөлтөө тэмдэглүүлээгүй байсан тул хуучин хаягаар чинь шууданд хийсэн, өөрийн чинь буруутай үйл ажиллагааг бид хариуцахгүй гэсэн хариуг өгсөн. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж байна. Уг орон сууцыг 1983 онд аавд ажлын газраас нь өгсөн, гал голомт минь юм. Тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээн дээр талбайн хэмжээг нь 40 м.кв гэж тусгасан боловч миний тооцоогоор коридор, гал тогоо, ариун цэврийн өрөөний талбайг нэмж оруулан тооцвол 60 м.кв орчим. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны авулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө гэж заасан ба Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг баталж, заавал мөрдөхөөр тогтоожээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлгээний компани ийм хэмжилт байхгүй байхад өөрсдийн барагцаагаар таамагласан шинжтэй үнэлгээ тогтоосон нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ өмчлөгч миний эрх, ашигт харшилж байна. Мөн тус үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Б дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон MNS6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг Нт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ааас 45 000 000 төгрөгийг гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2205001010 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байр, 84 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх эд хөрөнгийг 90 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч нарт 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4/5146 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна. Тус албанаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулсан боловч үнийн санал ирээгүй бөгөөд албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч Б.Ат мэдэгдсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нт холбогдох Б дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон MNS6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг Нт даалгах тухай Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ныөдрийн 10644 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх өмгөөлүүлэх эрхийг хангалгүй шийдвэрлэсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримтыг үнэлсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг хүлээн аваагүй байхад хүлээн авсан гэж буруу дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад үнэлгээ хийх шинжээч томилсон үйл ажиллагааны хуульд нийцсэн байдалд дүгнэлт хийлгүйгээр тус үйл баримтыг нотолж буй нотлох баримтыг хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчин үнэлсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Нт холбогдуулан Б дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, орон сууцыг дахин үнэлүүлэхийг Нт даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 26-27/

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17015 дугаар захирамжаар төлбөр төлөгч Б.А нь 45 000 000 төгрөгийг Б.Бд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2205001010 дугаартай, Б дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, 33 дугаар байр 84 тоот, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Төлбөр төлөгч Б.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Y-2205001010 дугаартай, Б дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, 33 дугаар байр 84 тоот, 3 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17262174/2 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17262174/2 тоот тогтоолоор тус орон сууцыг хурааж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 36 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 28-36 39/

 

Төлбөр төлөгч нь дээрх орон сууцыг 120 000 000 худалдан борлуулах хүсэлтэй болохоо хариуцагч байгууллагад мэдэгдсэн, эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 4/7505 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Б.Аын хаягаар шуудангаар хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан. Уг шууданг ирсэн тухай нэхэмжлэгч нь “ шуудан ирсэн тухай хэлсэн, би тухайн үед очиж авч чадаагүй” гэж тайлбарласнаас үзвэл хариуцагчийг албадан дуудлага худалдааны талаар зохих журмын дагуу мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 52, 106/

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч талд зохих журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өвчтэй байсан гэх байдлыг нотлох эмнэлгийн магадлагаа эргэлзээтэй болох нь тус магадлагааг гаргасан гэх Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хх-97-98/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Аын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                           ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД