Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2018/03153

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр

 

Дугаар 101/ШШ2018/03153

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххх тоотод оршин суух, Бүдрагчаагийн Аын /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдох

Бхххххххххх байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, хууль болон MNS 6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг *******т даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ххххххххххххххххххх дугаар захирамжаар Б.А надаас 45.000.000 төгрөг гаргуулан Б.Бат-Өлзийд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн*******,*******,*******,******* тоотын 40 м.кв орон сууц барьцаалагдсан. Уг орон сууцыг маань ******* үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгон 90.000.000 төгрөгөөр үнэлүүлэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний 70 хувь болох 63.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан.

Мөн миний байрыг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 90.000.000 төгрөгийн тал хувь буюу 45.000.000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулахаар Засгийн газрын мэдээ сонины 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн байна.

Хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой *******т хандахад намайг хаягийн өөрчлөлтөө тэмдэглүүлээгүй байсан тул хуучин хаягаар чинь шууданд хийсэн, өөрийн чинь буруутай үйл ажиллагааг бид хариуцахгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд Б.А миний бие уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж байна.

Уг орон сууцыг 1983 онд аавд ажлын газраас нь өгсөн, гал голомт минь юм. Тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээн дээр талбайн хэмжээг нь 40 м.кв гэж тусгасан боловч миний тооцоогоор коридор, гал тогоо, ариун цэврийн өрөөний талбайг нэмж оруулан тооцвол 60 м.кв орчим болох ёстой. Манайх уг байранд амьдарснаас хойш засвар хийгээгүй хэдий ч ийм багаар үнэлэгдэх ёсгүй.

Миний өмчлөлийн дээрхи орон сууц нь сүүлд баригдсан 3 өрөө орон сууцтай харьцуулшгүй зай талбай томтой, байршил сайтай орон сууц юм.

Миний хувьд Б.Бат-Өлзийд 2018 оны 2 дугаар сард 1.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 4.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газрын дансаар дамжуулан төлсөн.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны авулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө гэж заасан ба Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг баталж, заавал мөрдөхөөр тогтоожээ.

Энэхүү MNS6058:2009 стандартад зааснаар орон сууцны барилгын доторхи сууцны ариун цэврийн өрөө, тагт, харанхуй өрөө, хонгилын талбай зэргийг ашигтай талбайд тооцохоор заасан. Уг хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж гаргадаг.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлгээний компани ийм хэмжилт байхгүй байхад өөрсдийн барагцаагаар таамагласан шинжтэй үнэлгээ тогтоосон нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ өмчлөгч миний эрх, ашигт харшилж байна.

Мөн тус үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалд нийцээгүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг тусгаагүй учраас мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Бхххххххххх байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон MNS6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг *******т даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус албанд холбогдуулан нэхэмжлэгч Б.Аын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2017/17015 дугаар захирамжаар Б.Ааас 45.000.000 төгрөгийг гаргуулж Б.Бат-Өлзийд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Бхххххххххх байр, 84 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх эд хөрөнгийг 90.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч нарт 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4/5146 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна.

Тус албанаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулсан боловч үнийн санал ирээгүй бөгөөд албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч Б.Ат мэдэгдсэн болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч *******т холбогдуулан Бхххххххххх байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон MNS6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг *******т даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Өргөдөл гаргагч Б.Бат-Өлзийд эвлэрэлд уригдсан тал Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг төлөхөөр,

төлөөгүй тохиолдолд Б.Аын өмчлөлийн*******,*******,*******, 33 дугаар байрны 84 тоотын эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17015 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 9-10, 30, 44 дүгээр тал/

 

Дээрх шийдвэр болон 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17884 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 1753 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17262174 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

/ХХ-ийн 7-8, 11, 28-31 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч Б.Ат шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 20, 2017 оны 11 дүгээр сарын 29, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус мэдэгдэж байжээ.

/ХХ-ийн 55-57 дугаар тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17262174/2 тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.Аын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан*******,*******,*******, 33 дугаар байрны 84 тоотын эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.

/ХХ-ийн 32-33 дугаар тал/

 

Хариуцагч ******* 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17262174/3 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээр дурьдсан битүүмжилсэн хөрөнгийг хураан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 34-36 дугаар тал/

 

Баянгол дүүрэг,*******,*******, 33 дугаар байрны 84 тоотын эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц төлбөр төлөгч Б.Аын өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны 517 тоот албан бичгээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 42, 44 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч Б.А нь өөрийн өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр худалдан борлуулах хүсэлтэй байгаагаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад уламжилж, худалдан борлуулах 1 сарын хугацааг олгохыг хүссэн хүсэлт гаргаж байжээ.

/ХХ-ийн 35, 37 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 36 тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.Аын өмчлөлийн төлбөрт хураагдсан*******,*******,*******,33-84 тоотын орон сууцанд зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийг томилон, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

/ХХ-ийн 39 дүгээр тал/

 

Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 82 тоот хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:

-Баянгол дүүрэг,*******,*******,33-84 тоотын 1984 онд ашиглалтанд орсон угсармал орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээ нь 40 м.кв гэж бичигдсэн боловч хэмжилтээр 75 м.кв байна,

-мөн дүүрэг дэхь ижил төстэй байрлалтай, 3 өрөө угсармал орон сууц, ашиглалтанд орсон он, талбайн хэмжээ, засал, байршил зэргээс үүдэн 1 м.кв талбайн үнэ зах зээлийн жишиг үнэ 1.200.000 төгрөг байна.

Баянгол дүүрэг,*******,*******, 33-84 тоот орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ /75 м.кв *1.200.000 төгрөг/ 90.000.000 төгрөг болно гэжээ.

/ХХ-ийн 44-49 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг баримтлан төлбөр төлөгч Б.Ат 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг танилцуулан тэмдэглэл үйлдэн, хүсэлтийг нь авсан байна.

Төлбөр төлөгч Б.А 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төлбөр авагч Б.Бат-Өлзийгийн барьцаанд байгаа*******,*******,*******, 33-84 тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө байрны үнэлгээтэй танилцав. Үнэлгээний талаар гомдол гаргахгүй тул надад төлбөр төлөх боломжит хугацаа олгоно уу. Энэ хугацаанд төлбөрөө бүрэн төлнө. Төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаанд оруулахад гомдолгүй гэх хүсэлтийг гаргажээ.

/ХХ-ийн 40, 41 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т  Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 90.000.000 төгрөгийн 70 хувиар буюу 63.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4/5146 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Б.Ат уг өдөр нь гардуулсан байна.

/ХХ-ийн 43 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/12 тоот тогтоолоор дээрхи орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ 90.000.000 төгрөгийн 70 хувь буюу 63.000.000 төгрөгөөр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу албадан дуудлага явуулах хугацааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлжээ.

/ХХ-ийн 50-51 дүгээр тал/

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ 90.000.000 төгрөгийн 70 хувь буюу 63.000.000 төгрөгөөр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 4/7505 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Б.Ат Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29 дүгээр байр, 250 тоот хаягаар нь шуудангаар хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 52 дугаар тал/

 

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй, үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ 90.000.000 төгрөгийн 50 хувь буюу 45.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоожээ.

Ингээд хоёр дахь албадан дуудлага худалдааг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагт зохион байгуулахаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/9252 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ат дээр дурьдсан хаягаар нь шуудангаар хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 54 дүгээр тал/

 

******* Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг баримтлан үнэлгээчний тогтоосон үнэ 90.000.000 төгрөгийн 50 хувь буюу 45.000.000 төгрөгийн хэмжээнд дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2018 оны 6 дугаар 8-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/4 тоот тогтоолоор шийдвэрлэн энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлжээ.

/ХХ-ийн 6, 53 дугаар тал/

 

2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн ч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 10644 дугаартай захирамжаар Б.Аын нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг шийдвэрлэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17015 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул Б.Аын тухайд уг ажиллагаа явагдаагүй ажээ.

 

Төлбөр төлөгч буюу хариуцагч Б.А нь үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Цэнд-Аюуш 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 4/39 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол-оор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ 90.000.000 төгрөгийн 70 хувь буюу 63.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан нь, 50 хувь буюу 45.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн нь хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17015 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч Б.Ааас 45.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бат-Өлзийд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

 

******* нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгч Б.Ат мөн өдөр нь зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талын хуульд заасан эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг нийт 5 удаа хойшлуулсан болно.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг нь өвчний улмаас эмнэлгийн чөлөөтэй учир ирэх боломжгүй гэж Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв салбарын эмнэлгийн магадлагаа ирүүлсэн бөгөөд уг магадлагаа нь Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан Иргэнд эмнэлэгийн хуудас олгох журам-д заасны дагуу олгогдсон эсэх нь тодорхой бус байна.

Тухайлбал: магадлагааг хэзээ олгосон нь тодорхойгүй, өвчтэй гэх боловч ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхой бус, магадлагааг олгосон гэх эмч Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн төв салбарт ажилладаг эсэх нь тодорхойгүй учраас түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******т холбогдох Бхххххххххх байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон MNS6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг *******т даалгах тухай Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 10644 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН