Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00832

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03153 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар магадлалтай, 

Б.А-ын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг 45.000.000 төгрөгөөр үнэлсэнийг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 101/ШШ2017/017015 дугаар захирамжаар 45.000.000 төгрөг гаргуулан Б.Бат-Өлзийд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33-р байрны 84 тоотын 40 м.кв орон сууц барьцаалагдсан. Уг орон сууцыг 90.000.000 төгрөгөөр үнэлүүлэн 2018.05.11-ний өдөр үнэлгээний 70 хувиар 63.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Мөн 2018.6.08-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 90.000.000 төгрөгийн тал хувь буюу 45.000.000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулахаар Засгийн газрын мэдээ сонины 2018.5.28-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад намайг хаягийн өөрчлөлтөө тэмдэглүүлээгүй байсан тул хуучин хаягаар чинь шууданд хийсэн, өөрийн чинь буруутай үйл ажиллагааг бид хариуцахгүй гэсэн хариуг өгсөн. Уг орон сууцыг 1983 онд аавд ажлын газраас нь өгсөн, гал голомт минь юм. Тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээн дээр талбайн хэмжээг нь 40 м.кв гэж тусгасан боловч 60 м.кв орчим. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө гэж заасан ба Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг баталж, заавал мөрдөхөөр тогтоожээ. Гэтэл үнэлгээний компани ийм хэмжилт байхгүй байхад өөрсдийн барагцаагаар таамагласан шинжтэй үнэлгээ тогтоосон нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ өмчлөгч миний эрх, ашигт харшилж байна. Мөн тус үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг 45.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон MNS6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.А-аас 45.000.000 төгрөгийг гаргуулж Б.Бат-Өлзийд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2205001010 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байр, 84 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж зааснаар Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх эд хөрөнгийг 90.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч нарт 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4/5146 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна. Тус албанаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулсан боловч үнийн санал ирээгүй бөгөөд албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч Б.А-т мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон MNS6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхтэй атал шүүх өмгөөлөгчийн өвчтэй байсныг нотлох баримтад дүн шинжилгээ хийснээр миний өмгөөлүүлэх эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ирээгүй шалтгаан нь миний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчих, хангахгүй байх, надад Үндсэн хуулиар олгосон хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчих үндэслэл болохгүй атал шүүх тус үндэслэлээр миний үндсэн эрхийг илтэд зөрчиж, шүүх хуралдаан явуулж, шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйн хариуцлагыг өмгөөлөгчтэй бус надтай, ялангуяа миний үндсэн эрхтэй тооцсон нь үндэслэлгүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний 120.000.000 төгрөгөөр үнэлж байсан орон сууцыг хариуцагчаас шинжээчээр томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” 90.000.000 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасанчлан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзээгүй, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зарчим, журмаар үнэлээгүй “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гэх баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Шүүх намайг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа мэдэгдлийг хүлээн авсан хэмээн дүгнэсэн байх боловч би тус мэдэгдлийг хүлээн аваагүй бодит үйл баримтыг зөв үнэлэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт энэхүү үйл баримтыг нотолсон баримт байхгүй. Шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийх шинжээч томилсон үйл ажиллагааны хуульд нийцсэн байдалд дүгнэлт хийлгүйгээр тус үйл баримтыг нотолж буй нотлох баримтыг хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчин үнэлж, дүгнэлт хийн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд гомдлыг хүлээн авч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А-, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 84 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг 45.000.000 төгрөгөөр үнэлсэнийг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор хянаж, гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо, “...өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ирээгүй хариуцлагыг өмгөөлөгчтэй бус надтай тооцсон, ...шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй”   гэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/017015 дугаар захирамжаар Б.А- 45.000.000 төгрөгийг Б.Бат-Өлзийд төлөх үүргийг хүлээж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хийсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба талууд харилцан тохиролцож чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн  тодорхойлно” гэж заажээ.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хөрөнгөд, зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн   орон сууцны зах зээлийн үнийг 90.000.000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Б.А- нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нөгөө талаар нэхэмжлэгч дээрх үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 63.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаа зарлагдсан боловч үнийн санал ирээгүйгээс хоёрдох дуудлага худалдаа явуулахаар үнэлгээг 50 хувиар бууруулж 45.000.000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасан дуудлага худалдааны үнэ тогтоох үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаагүй байна. Өмнө нь хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан 5 удаа хойшлогдсон, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч “өвчтэй” гэж ирээгүй боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай нь баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг зөрчөөгүй байна. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ