Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/01519

 

 

 

 

 

2020 06 08

181/ШШ2020/01519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  МУДБЭТ -т холбогдох

ДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.004.296 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гэрч Б.Д , Н.О , Г.Э , А.Б нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т би МУДБЭТ т 2018 оны 01 дүгээр сараас эхлэн уран сайхны удирдагчийн ажилд томилогдсон ба ажилд орсон цагаасаа байгууллагын хөрөнгө мөнгийг завшиж, зориулалтын бусаар зарцуулж байгаа байдал, хуучирсан арга барил, үзэл суртал, зохион байгуулалтын асуудлаар дотооддоо маш олон удаа санал, хүсэлт гаргаж байсан боловч удирдлагын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан тул харъяа яамны дотоод хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргаж хууль бус үйлдлийг нь тогтоолгосон.

Гэтэл энэ асуудлыг хөндсөний төлөө, шударгаар ажиллах гэсэн хүсэл зорилгыг үгүйсгэж, байгууллагаараа миний эсрэг зохион байгуулалттайгаар дайрч 2018 оны 11 дүгээр сард ажлаас халсан.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халсан нь тогтоогдож, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа эргэн орсон.

Үүнээс хойш театрын захирал Ц.Т нь байнгын шахалт дарамт үзүүлж, ажлаа хийх боломж нөхцөлийг санаатайгаар хаан боогдуулж, хамт олныг миний эсрэг чиглүүлж, ажлын талаар ярилцах, санал солилцох, ажлаа гүйцэтгэх боломж олгохгүйгээр асуудалд хандаж ирсэн. Шүүхэд хандаж, хөдөлмөрлөх эрхээ эдэлснээс болж үргэлж л миний үг, үйлдлийг хянаж, гуйвуулж, ялихгүй зүйлээр шалтаг хийн намайг ажлаас халах санаа зорилгоо шат дараатайгаар хэрэгжүүлсэн

1. Б.Т миний бие 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 11-нийг дуустал Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдах Олон Улсын бүжгийн тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс төлөөлж балетын шүүгчээр оролцохоор болсон тул чөлөө олгохыг хүсэж, театрын захирал Ц.Т тэй утсаар ярихад миний туслахад өргөдлөө өгчих гэсэн.

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өргөдлөө бичгээр гарган захирлын туслахад өгөөд энэ талаараа захирал Ц.Т рүү ярьж хэлэх гээд 5 удаа залгахад утасаа аваагүй тэгэхээр нь би мессэж илгээсэн.

Ингээд тус тэмцээний шүүгчээр ажиллаад иртэл театрын захирал Ц.Т нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б/173 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан.

Тус тушаалын 1-д театрын уран сайхны удирдагч ажилтай Болдын Түвшинбат нь 7 дугаар сарын 04-10-ны ажлын өдөр албан ёсоор чөлеө олгоогүй байхад ажпын 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулсан.

Тухайн үед би захиралтай уулзаж, таньтай утсаар ярьж хэлсэн шүү дээ, та намайг өргөдлөө бичээд туслахад маань үлдээчих гэсэн болохоор чинь би өргөдлөө таны туслахад үлдээгээд явсан гэхэд захирал би нэгэнт гаргасан тушаалаа цуцлах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд захирал хоёулаа одооноос үл ойлголцолоо засаж нэг баг болж ажиллая гэхэд нь байгууллагын удирдлага, нэг байгууллагад ажилладаг хүн юм чинь дахин шүүх энэ тэр гээд гээд яахав гэж бодоод өнгөрөөсөн.

2.Гэтэл театрын захирал Ц.Т нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар Б.Т ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тушаалын 1-д Тус театрын уран сайхны удирдагч ажилтай Болдын Түвшинбат нь байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны дотор танилцуулах удирдлагаас өгсөн хугацаатай үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь МУДБЭТ ын тухайн жилийн уран бүтээлийн төлөвлөгөө нь хичээлийн жилийн улиралтай адилаар буюу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны театрт тоглогдох бүхий л уран бүтээлийн хөтөлбөр нь батлагдаж, номоор хэвлэгдэн гарчихаад байхад намайг уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ажлаас халсанд гомдолтой байна.

Мөн ажлаас халах тушаалд дурдсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б/173 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал нь үндэслэлгүй тушаал байсан. Тухайн үед би чөлөө хүсэх өргөдлөө бичгээр гарган, БНСУлсад болсон Олон Улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон.

Гэтэл хариуцагч хариу тайлбартай хамт өгсөн баримтууд дотор ДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ шийтгэлийг надад өмнө нь огт мэдэгдээгүй, танилцуулаагүй, гардуулж өгөөгүй.

Хариуцагч хариу тайлбартаа Б.Т намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш гаргасанд тооцон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна

Иймд ДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Т намайг МУДБЭТ ын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг МУДБЭТ т даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1. Тус театрын уран сайхны удирдагч Б.Т нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан тул ДБЭТ ын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот тушаалаар уг зөрчилд нь Б.Т ын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

2.2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус театрын балет ангийн уран бүтээлчдээс театрын уран сайхны удирдагч Б.Т ад холбогдуулан түүнийг балет ангийн уран бүтээлчдийн нэр хүндэд ноцтой халдаж, үг хэлээр гутаан доромжилсон үйлдэл гаргасан тухай гомдлыг захирлын нэр дээр ирүүлсэн.

Мөн балетын бүжигчин Б.Төгөлдөр болон П.Түвшинзаяа нараас Б.Т нь тэдний нэр төр, алдар хүндийг олон хүний өмнө гутаан доромжилсон үйлдлийг хийсэн тул ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү гэсэн гомдлыг ирүүлсэн байсан.

Захиргааны зүгээс эдгээр гомдол үндэстэй эсэхийг шалгаж театрын захирал Ц.Т болон Хүний нөөцийн менежер Б.Д нар нь балет ангийн бүжигчид болон Б.Т тай уулзаж ярилцахад 2019 оны 11 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд Б.Т нь гомдол гаргасан уран бүтээлчдийг хэл амаар доромжилж ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, Б.Т өөрөө ч энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн.

Уран сайхны удирдагч Б.Т нь балет ангийн уран бүтээлчидтэй зүй бусаар харьцаж, балетын жүжигчин Б.Төгөлдөр, П.Түвшинзаяа нарыг хамт олны өмнө гутаан доромжилсон байх ба энэ үйлдэл нь ажлын байрны тодорхойлолтод заасан театрын болон уран бүтээлчдийн харилцаа ёс зүй, соёлыг боловсронгуй болгох ажпын байрны үндсэн үүрэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахин биелүүлж театрын уран бүтээлч, ажилтнууд болон харилцагч үзэгчидтэй зөв боловсон харилцах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх уран сайхны удирдагчийн ажлын байрны зорилтыг тус тус зөрчсөн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар балет ангийн уран бүтээлчдээс Б.Т ад холбогдуулан гаргасан гомдлыг хэлэлцээд, уг гомдол нь үндэслэлтэй болохыг тогтоож түүнийг театрын удирдах албан тушаалтан уран сайхны удирдагч хүний хувьд байж боломгүй үйлдэл гаргасан байх тул түүний гаргасан зөрчилд сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

Б.Т нь балетын бүжигчин Б.Төгөлдөрийг "Пизда минь чамайг ална шүү, цөм цохино шүү, миний гутал чиний бандаашнаас цэвэрхэн, баастай бандааш минь явж, цагаан хорхойн шинжилгээ өг" гэх зэргээр үг хэлээр хамт олны өмнө гутаан доромжилсон, балетын бүжигчин П.Түвшинзаяагийн гэр бүлийг аав нь архичин, ээж нь өвчтэй, дүү нь тахир дутуу гэх зэргээр хэлж ярьсан байсан ба гомдол гаргасан эдгээр уран бүтээлчидтэй зүй бусаар харьцсан, доромжилсон үйлдлийг гаргасан болох нь балетын ангийн уран бүтээлчидтэй уулзах ярилцсанаар тогтоогдсон болно.

Б.Т нь энэ үйлдлээрээ театрын уран сайхны удирдагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан театрын болон уран бүтээлчдийн харилцаа ёс зүйг боловсронгуй болгох, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахин биелүүлж, театрын зан бүтээлч, ажилтнууд болон харилцагч үзэгчидтэй зөв боловсон харилцах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх уран сайхны удирдагчийн ажпын байрны үндсэн үүрэг, зорилтоо зөрчсөн сахилгын зөрчил гаргасан болно.

Б.Т ын гаргасан энэ зөрчилд нь ДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийн заалтыг баримтлан Сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ба уг шийдвэрт Б.Т нь гомдол гаргаагүй болно. Түүнд ийнхүү сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай Б.Т болон балет ангийн уран бүтээлчдэд театрын захирал Ц.Т , Хүний хүний нөөцийн менежер Б.Д нар тухайн үед нь танилцуулсан, Б.Т сануулах сахилгын шийтгэл хүлээсэн болохоо мэдсэн болно.

3. Тус театрын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар 2020 онд театрын нийт ажиллагсдыг ээлжийн амралтын хугацааг 7 дугаар сард байсныг өөрчилж 2 дугаар сард амраахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбоотойгоор өмнө нь батлагдсан байсан 2019-2020 оны театрын 57 дахь улирлын уран бүтээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тул театрын уран сайхны удирдагч Б.Т ад байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг боловсруулж 2020 оны 1 дүгээр сарын 16-ны дотор танилцуулах үүргийг өгсөн байсан.

Иймд Б.Т нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны театрт тоглогдох уран бүтээлийн хөтөлбөр батлагдаж, номоор хэвлэгдэн гарчихаад байхад, намайг уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, үүрэгт ажпыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ажлаас халах ёсгүй гэж үзсэнийг зөвшөөрөх үндэслэлгүй юм аа.

Учир нь өмнөх батлагдсан төлөвлөгөөнд 2020 оны 2 дугаар сард театрт уран бүтээлийн тоглолт хийгдэхээр тусгагдсан байсан, мөн театрын уран бүтээлчдийг 2020 оны 7, 8 дугаар сард амраан энэ хугацаанд ямарваа нэгэн тоглолт, уран бүтээл хийгдэхгүй байдлаар тусгасныг өөрчлөх ажлын шаардлага, нөхцөл байдал үүссэн тул уран сайхны удирдагч Б.Т ад хугацаатай үүргийг өгсөн боловч тэрээр энэ үүрэгт ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд өөрөө энэ ажлыг хийж гүйцэтгээгүй болохоо нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Б.Т нь уран сайхны удирдагчийн болон уран сайхны зөвлөлийн 2019 оны ажлын тайланг гаргах хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй

Ийм учраас Б.Т ын гаргасан энэхүү зөрчилд нь ДБЭТ ын захирлын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш гаргасанд тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.9, 10 дугаар зүйлийн 10.1 а,в заалтуудыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд Улсын ДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Улсын ДБЭТ ийн уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Н.О , Б.Дашаваа, Г.Э , А.Б нарын мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь МУДБЭТ т холбогдуулан Б.Т ад Сахилгын шийтгэл оногдуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгож, МУДБЭТ ын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.004.296 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

МУДБЭТ ийн уран сайхны удирдагч Б.Т ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлээр буюу сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тус театрын захирлын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар ажлаас нь халжээ. /хх-ийн 5-р хуудас/

НЭГ: Үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20%-иар бууруулах сахилгын шийтгэлийн тухайд:

Тус театрын уран сайхны удирдагч Б.Т ыг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд албан ёсоор чөлөө олгоогүй байхад ажлын 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчилд нь түүний үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 25-р хуудас/

ДБЭТ ын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.14.-ийн а. ДБЭТ ын зөвшөөрлөөр бодлогын дагуу гадаад улс оронд мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох бол 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно гэж,

в. ДБЭТ ын бодлогоор биш хувиараа гадаад улс орон, дотоодод тоглолт хийх, хамтарсан тоглолтод орох, уралдаан тэмцээнд бэлтгэх бол ажлын 14 хүртэлх өдөр цалинтай чөлөө олгож болно гэж тус тус заасан байна./хх-ийн 33-51-р хуудас/

Нэхэмжлэгч /ажилтан/ Б.Т нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдах олон улсын бүжгийн тэмцээнд балетын шүүгчээр оролцох тул цалинтай чөлөө олгоно уу гэсэн хүсэлтийг гаргаж түүнд албан ёсоор чөлөө олгоогүй байхад тус тэмцээнд оролцож 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 14, 30, 88-89-р хуудас/

Нэхэмжлэгч Б.Т ын дээрх зөрчилд нь ДБЭТ ын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаартай тушаалаар түүний үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг сахилгын шийтгэлд ажилтан Б.Түвшинтөгс нь гомдол гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа өнгөрсөн байна.

ХОЁР: Сануулах сахилгын шийтгэлийн тухайд:

Тус театрын уран сайхны удирдагч Б.Т нь балет ангийн уран бүтээлчидтэй зүй бусаар харьцаж, балетын жижигчин Б.Төгөлдөр, П.Түвшинзаяа нарыг хамт олны өмнө доромжилж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, зорилтыг зөрчсөн үндэслэлээр ДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ./хх-ийн 26-р хуудас/

Дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргасан.

Уг тушаалыг ажилтан Б.Т нь мэдээгүй, надад гардуулж өгөөгүй гэж маргаж байгаа боловч уг тушаалыг тухайн өдөрт нь түүнд танилцуулсан болох нь гэрч Б.Д , Б.Төгөлдөр нарын мэдүүлэг, Захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 93, 108-111, 114-р хуудас/

ДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч /ажилтан/ Б.Т ад сахилгын арга хэмжээ авсан ДБЭТ ын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалуудад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3.-т заасны дагуу сэргээн тогтоож болох боловч түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

ГУРАВ: Ажлаас халах сахилгын шийтгэлийн тухайд:

Ажилтан Б.Т ыг ДБЭТ ын захирлын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 5-р хуудас/

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2.-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-5-р хуудас/

Ажил олгогч МУДБЭТ ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.9.-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд 2 буюу түүнээс дээш гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг цуцална гэж,

10.1.а.-д ДБЭТ ын үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль, ДБЭТ ын дүрэм, ДБЭТ ын Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтны хүлээх үүргийг биелүүлээгүй буюу зөрчсөн бол,

в.-д Тухайн уран бүтээлч ажилтанд удирдлагаас өгсөн тусгай болон хугацаат үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй бол хөдөлмөрийн сахилга зөрчсөнд тооцож сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэжээ./хх-ийн 32-51-р хуудас/

Нийгмийн болон цаг үеийн байдлаас хамааран МУДБЭТ ын ажилтан, уран бүтээлчдийн 2020 оны ээлжийн амралтыг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эдлүүлэх тухай тус театрын захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/03 дугаартай тушаал гарсантай холбоотойгоор театрын уран бүтээлийн төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 63-70, 71-75, 112, 113-р хуудас/

Аливаа байгууллагын хийж гүйцэтгэх ажлын дараалал, хугацаа, хариуцах эзнийг тогтоосон баримт бичгийг төлөвлөгөө гэнэ.

МУДБЭТ ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар тус театрын удирдагч Б.Т ад тус театрын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор театрын энэ оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах, мөн уран сайханы зөвлөлийн ажиллах журмыг шинээр боловсруулж төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны дотор танилцуулахыг үүрэг болгожээ./хх-ийн 71-75-р хуудас/

МУДБЭТ ын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар тус театрын уран сайханы зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг томилж, тус зөвлөлийг ажиллах журмыг баталсан байна. /хх-ийн 171-174-р хуудас/

Дээрх журмын 1.2.-т Уран сайхны зөвлөл нь театрын урын сан, уран бүтээлийн хэтийн болон ойрын зорилго, бодлогыг боловсруулж, барьж, улирлаж, уран бүтээлийн чанар, уран бүтээлчдийн өсөлт, ур чадварт мэргэжлийн талаас үнэлэлт, дүгнэлт өгч, уран бүтээлийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг гаргаж мөрдөн ажиллах Улсын Дуурь бүжгийн эрдмийн тетрын удирдлагын нэг чухал нэгж мөн гэж,

3.1.-д Уран сайхны зөвлөл нь театрын урын сангийн хэвийн бодлогыг 3 жилээр, ойрын бодлогыг 1 жилээр төлөвлөн удирдаж, үүнд уялдуулан уран бүтээлчдийн ур чадварын өсөлт, боловсон хүчний бодлогод гол анхаарлаа чиглүүлнэ гэж тус тус заажээ./хх-ийн 172,173-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд МУДБЭТ ын уран бүтээлийн төлөвлөгөө, уран сайханы зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн байна.

МУДБЭТ ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар тус театрын удирдагч Б.Т ад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг авч хэлэлцэхэд Б.Т нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төлөвлөгөө боловсруулж ирүүлээгүй, хугацаатай үүрэгт ажлыг биелүүлээгүй байсан тул түүнд сахилгын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болох нь зохигчийн тайлбар мөн өдрийн захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, гэрч Х.Одгэрэл, Б.Д нарын мэдүүлэг, уран сайханы зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны протокол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 81-93, 104-107, 108-109, 157-170-р хуудас/

Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд Б.Т ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр түүнд сахилгын ажлаас халах шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна

Иймд МУДБЭТ ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.004.296 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Б.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Т нь театрын энэ оны уран бүтээлийн төлөвлөгөө, уран сайханы зөвлөлийн ажиллах журмыг боловсруулсан гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Т ад Сахилгын шийтгэл оногдуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгож, МУДБЭТ ын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.004.296 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГзЧ Ч.ИЧИНХОРЛОО