Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00935

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00935

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181Ш2021/00707 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй, ДБЭТ- / цаашид ДБЭТ гэх /-т холбогдох

 

ДБЭТ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Х.Н, Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дуурийн театрт 1987 онд туслах бүжигчнээр орж 30 гаруй жил ажилласан. 2018 оны 01 дүгээр сараас Уран сайхны удирдагчаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа театрт их зүйлийг өөрчилж шинэчилсэн. Театрын хөрөнгийг ашигтай зарцуулах талаар театрын даргад олон удаа өргөдөл гаргасан ч арга хэмжээ аваагүй. Сүүлдээ яамны дотоод аудит орж асуудлыг тогтоож Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн. Энэ асуудлыг гаргаж тавьсны төлөө, шударгаар ажиллах гэсэн хүсэл зорилгыг үгүйсгэж 2018 оны 8 сард Ц.Төвшинтөгс захирал ажлаас халсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу үндэслэлгүйгээр ажлаас халсан нь тогтоогдож, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа орсон. Үүнээс хойш театрын захирал Ц.Төвшинтөгс нь байнгын шахалт дарамт үзүүлж, ажлаа хийх боломж нөхцөлийг санаатайгаар боогдуулж, хамт олныг миний эсрэг чиглүүлж, ажлын талаар ярилцах, санал солилцох, ажлаа гүйцэтгэх боломж олгоогүй. Миний бие 2019 оны 7 дугаар сарын 04-11-ний өдрийг дуустал Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдах Олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж балетын шүүгчээр оролцох болсон тул чөлөө олгохыг хүсэж, театрын захирал Ц.Төвшинтөгстэй утсаар ярихад ... туслахад өргөдлөө өгчих ... гэсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр захирлын туслахад өгөөд захирал Ц.Төвшинтөгс рүү ярьж хэлэхээр 5 удаа залгахад утсаа аваагүй тул мессеж илгээсэн. Гэтэл захирал Ц.Төвшинтөгс нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан. Миний бие өргөдлөө өгөөд явсан байхад яагаад ингэсэн талаар лавлахад тушаалаа өөрчлөхгүй гэсэн. Мөн захирал Ц.Төвшинтөгс нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаартай Б.Т-ыг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргасан. Тушаалын 1-д тус театрын уран сайхны удирдагч ажилтай Б.Т- нь байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулах удирдлагаас өгсөн хугацаатай үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ДБЭТ-ын тухайн жилийн уран бүтээлийн төлөвлөгөө нь хичээлийн жилийн улиралтай адил буюу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд театрт тоглогдох бүхий л уран бүтээлийн хөтөлбөр нь батлагдаж, номоор хэвлэгдэн гарсан байхад намайг уран бүтээлийн төлөвлөгөө боловсруулаагүй, үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ажлаас халсан. Намайг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уран сайхны зөвлөлийг цуглуулаад уулзаж байхад н.Отгонжаргал хурлын дундуур орж гарчихаад гараа өргөөгүй, шийдвэр гаргаагүй гэж хэлсэнд гайхаж байна. Бүгд л гараа өргөж дэмжсэн. Нарийн бичиггүй тул н.Отгонжаргалыг гуйж тэмдэглэл хөтлүүлж, сүүлдээ аргаа бараад бичлэг хийсэн. Хоёр дахь удаа ногдуулсан гэх сахилгын шийтгэлийг мэдэхгүй. Анхны сахилгын шийтгэлийн талаар шүүхэд хандаагүй. Иймд ДБЭТ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, миний биеийг ДБЭТ-ын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т-ад 3 удаагийн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан тушаал байдаг. Үүнд:

1. Б.Т- нь тус театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. 2019 оны 7 дугаар сарын 04-10-ны өдрийн хооронд 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан тул ДБЭТ-ын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Дуурь бүжгийн эрдмийн театрын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.14-д ДБЭТ-ын захирлын зөвшөөрлөөр гадаад улсад мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох тохиолдолд 10 хүртэл хоногийн буцалтгүй чөлөө олгоно гэж заасан. Б.Т-ын өргөдөл ирсэн. Түүнтэй танилцаад театрын даргаас чөлөө олгохгүй гэж шийдвэрлэсэн талаар Б.Т-ад мэдэгдсэн. Гэтэл дур мэдэн ажил тасалж явсан учраас сахилгын шийтгэл ногдуулсан.

2. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ДБЭТ-ын балет ангийн уран бүтээлчдээс уран сайхны удирдагч Б.Т-ад холбогдуулан түүнийг балет ангийн уран бүтээлчдийн нэр хүндэд ноцтой халдаж, үг хэлээр гутаан доромжилсон үйлдэл буюу балетын бүжигчин Б.Төгөлдөр, П.Түвшинзаяа нараас Б.Т- нь тэдний нэр төр, алдар хүндийг олон хүний өмнө гутаан доромжилсон үйлдлийг хийсэн тул ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү гэсэн гомдлыг ирүүлсэн байсан. Захиргааны зүгээс эдгээр гомдол үндэстэй эсэхийг гомдол гаргасан уран бүтээлчидтэй уулзаж тодруулж захиргааны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар балет ангийн уран бүтээлчдээс Б.Т-ад холбогдуулан гаргасан гомдлыг хэлэлцээд уг гомдол нь үндэслэлтэй гэж түүний гаргасан зөрчилд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг зөрчил нь Б.Т- нь балетын бүжигчин Б.Төгөлдөр, балетийн бүжигчин П.Түвшинзаяагийн гэр бүлийг ёс бус үгээр доромжилсон. Б.Т- нь энэ үйлдлээрээ театрын уран сайхны удирдагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан театрын болон уран бүтээлчдийн харилцаа ёс зүйг боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, театрын уран бүтээлч, ажилтнууд болон харилцагч үзэгчдтэй зөв боловсон харилцах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх гэсэн ажлын байрны үндсэн чиг үүрэг, зорилтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан. Б.Т-ын гаргасан зөрчилд нь Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийн заалтыг баримтлан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг шийдвэрт Б.Т- гомдол гаргаагүй болно.

3. Тус театрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар 2020 онд театрын нийт ажилчдын ээлжийн амралтын хугацааг 7 дугаар сард байсныг өөрчилж 2 дугаар сард амраахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор өмнө нь батлагдсан 2019-2020 оны театрын 57 дахь улирлын уран бүтээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тул театрын уран сайхны удирдагч Б.Т-ад байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор танилцуулах үүргийг өгсөн. Иймд Б.Т- нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны театрт тоглогдох уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй. Учир нь өмнөх батлагдсан төлөвлөгөөнд 2020 оны 02 дугаар сард театрт уран бүтээлийн тоглолт хийгдэхээр тусгагдсан байсан, мөн театрын уран бүтээлчдийг 2020 оны 7, 8 дугаар сард амрах хугацаанд ямар нэгэн тоглолт, уран бүтээл хийгдэхгүй байдлаар тусгасныг өөрчлөх ажлын шаардлага, нөхцөл байдал үүссэн тул Б.Т-ад хугацаатай үүргийг өгсөн боловч тэрээр гүйцэтгээгүй бөгөөд өөрөө нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байна. Иймд Б.Т-ын гаргасан энэхүү зөрчилд нь ДБЭТ-ын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш гаргасанд тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.9, 10 дугаар зүйлийн 10.1 а.в заалтуудыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Б.Т-ын ДБЭТ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ДБЭТ-т даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ДБЭТ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ДБЭТ-ын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 583 904 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан гэх захирлын тушаалаар 1 сарын хугацаатай цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь албан ёсоор чөлөө олгоогүй байхад 2019 оны 7 дугаар сарын 04-10-ны өдрийн хооронд ажил тасалсан гэж үзсэн. Б.Т-ын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр захиралтай уулзаж ... гадаадад олон улсын тэмцээнд шүүгчээр оролцохоор боллоо, 5 хоногийн цалинтай чөлөө авах талаар ... хэлэхэд ...хүсэлтээ туслахад үлдээчих... гэж хэлсэн тул захирлын туслахад үлдээгээд, захирлын утас руу залгахад авахгүй болохоор нь мэссэж бичиж үлдээсэн. Монгол Улсаа төлөөлөн оролцсон олон улсын тэмцээний талаарх баримт, гаргасан амжилтын талаарх баримт, зурган материалын хамт захиралд өгсөн. Гэтэл ажил тасалсан гэдгээр арга хэмжээ авсан тухай тушаал гаргасан. Энэ талаар захиралд тушаалаа цуцалж өгөөч гэсэн гомдол гаргахад шийдвэрлээгүй шүүхэд хандах боломж байсан ч Б.Т-ын зүгээс удирдлагаа байнга шүүхэд өгөх нь зохисгүй санагдаж шүүхэд хандаагүй. Хэдийгээр энэ тушаал хүчинтэй хэвээр үлдсэн ч ямар нөхцөлд Б.Т-ад арга хэмжээ авч, ажлаас халах нөхцөлөө бүрдүүлж байсан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.14-ийн а, в, 4.2.9-ийн в, г заалтуудад чөлөө хүссэн тохиолдолд чөлөө олгохоор зохицуулсан.

Ажил олгогч нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч дээрх тушаалыг Б.Т-ад танилцуулаагүй атлаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ажлаас халах тухай Б/22 тоот тушаалаар ... 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/319 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн гэж бичсэн байсан. Гэхдээ ажил олгогч нь тухайн үед ийм тушаал шийдвэр гаргаагүй, танилцуулаагүй, гардуулаагүй учир Б.Т-ын зүгээс бичгээр гараагүй шийдвэрт гомдол гаргах боломжгүй. Б.Т- нь уг тушаалыг шүүхэд нотлох баримтаар ирсний дараа танилцаж, гомдол гаргах эрх нь нээгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй, эсхүл ажлаас халсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалыг гардаж авсан өдрөөс мэдсэн гэж үзвэл Б.Т- нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг гардаж авсан ба энэ өдрөөс гомдол гаргах хугацааг тоолсон ч гомдол гаргах хугацаа дуусаагүй. Гомдол гаргах хугацаа 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусах байгаа. Гэрч Б.Дашдаваагийн мэдүүлэгт ... гардуулж өгсөн гэж хэлээгүй. Уг тушаалыг Б.Т-ын ширээн дээр тавьсан... гэж худал хэлсэн. Түүнчлэн тушаалд дурдагдсан ёс зүйн зөрчлийг тогтоосон талаар ямар нэгэн баримт байхгүй, ёс зүйн хороог хуралдаагүй, шийдвэр гаргаагүй атлаа Б.Т-ын удирдлага дор ажиллаж байсан 2 ажилтны өргөдөл гэх зүйлээр сахилгын арга хэмжээ авсан гэж тайлбарласан нь сахилгын зөрчил тогтоогдсон байх шаардлагыг зөрчсөн. Ажил олгогч давуу байдлаа ашиглан нөхөж гаргасан байхад уг тушаал нь хэзээ хэрхэн гарсан болох, ёс зүйн зөрчил тогтоогдсон эсэх, тушаалыг ажилтанд танилцуулсан эсэх зэрэг үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн уг тушаалтай холбогдуулан ажилтанд гомдол гаргах эрхээ эдлэх боломж байсан эсэх, тушаалд заасан үндэслэл бодитой тогтоогдсон эсэхийг нэг бүрчлэн үнэлж дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй.

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Б.Т-ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан шаардлагыг хангаагүй хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ДБЭТ-ын тухайн жилийн уран бүтээлийн төлөвлөгөө нь хичээлийн жилийн улиралтай адил буюу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны театрт тоглогдох бүхий л уран бүтээлийн хөтөлбөр нь батлагдаж, номоор хэвлэгдэн гарсан байхад Б.Т-ыг уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Б.Т- нь Уран сайхны зөвлөлийн хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулж, уран бүтээлийн төлөвлөгөөг баталсан, мөн удирдлагын зүгээс өгсөн бусад үүрэг даалгавар болох зарим туршилтын ажилчдыг театрын үндсэн ажилтнаар авах асуудлыг шийдвэрлэж, театрын дарга Ц.Төвшинтөгсөд шийдвэрийг хүлээлгэн өгсөн. Энэ талаар уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл болон шийдвэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. ДБЭТ-ын дарга Ц.Төвшинтөгс уран сайхны зөвлөлөөс гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай шийдвэрт заасны дагуу зарим туршилтаар ажиллаж байсан ажилчдыг театрын үндсэн ажилтнаар ажилд авах тухай тушаал гаргасан. атлаа Б.Т-ыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэн ажлаас халж байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр ажил олгогч нь Б.Т-ын Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх үүрэг өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг хориглох, 31.1-д заасан Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэх хориглох заалтыг зөрчиж, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар хэрэгт хавсаргасан уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр болон гэрч нарын мэдүүлэг, өргөдөл гэх мэт хэрэгт ач холбогдолтой хэд хэдэн баримтыг гаргаж өгсөн байхад энэхүү баримтуудыг үнэлээгүй. Харин хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хариуцагчтай нэгдмэл сонирхол бүхий гэрч Х.Одгэрэл, Б.Дашдаваа нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн, мөн хариуцагчийн зүгээс нотлох баримтаар ирүүлсэн Удирдах зөвлөлийн хурлын протокол гэх баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан. Иймд Б.Т-ыг ДБЭТ-ын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч ДБЭТ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд хариуцагч эс зөвшөөрч, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь ДБЭТ-т уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад тус театрын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны дотор танилцуулах удирдлагаас өгсөн хугацаатай үүрэгт ажлыг хугацаанд биелүүлээгүй, 2019 оны ажлын тайлан гаргах үүргээ биелүүлээгүй, мөн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирлын тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/319 дугаар тушаалаар сануулах шийтгэл тус тус хүлээсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 7.3, 7.3.9, 10.1 а в, захиргааны зөвлөлийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс цуцалсан байна. /хх-ийн 5/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална... гэж заасан.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 7.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адлтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно гэж, 7.3.9-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш гаргасан бол гэж тус тус зааснаар үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзжээ.

 

1.Б.Т- нь 2019 оны 7 дугаар сарын 04-нөөс 11-ний өдрүүдэд Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдах олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн шүүгчээр оролцох болсон тул чөлөө олгохыг хүссэн өргөдөл ДБЭТ-ын захирал Ц.Төвшинтөгсөд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргасан ба уг өргөдөлд албан ёсны урилга байхгүй тул чөлөө олгох боломжгүй гэсэн тэмдэглэл хийгдсэн баримт хэрэгт авагдсан /хх-ийн 30/ байх боловч энэ талаар түүнд хэрхэн мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Улмаар ДБЭТ-ын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар тушаалаар Б.Т- нь 7 дугаар сарын 04-10-ны ажлын өдөр албан ёсоор чөлөө олгоогүй байхад 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 25 /

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Б.Т- нь дээрх тушаалын талаар шүүхэд гомдол гаргаагүй тул уг тушаал хүчин төгөлдөр гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч уг тушаалын талаар гомдол гаргаагүй нь Б.Т-ыг 2019 оны 7 дугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, харин Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдах олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн шүүгчээр оролцсон үйл баримт тогтоогдсон ба энэ үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул түүнийг шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэхгүй.

2.Хариуцагч ДБЭТ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 10.2, 4.4.1, 4.4.2, хөдөлмөрийн гэрээний 3.1.8.1 а-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Т-ад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогч дээрх тушаалыг Б.Т-ад гардуулан өгөөгүй, нэхэмжлэгч анх шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан, ажлаас халсан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан үеэс мэдсэн гэж тайлбарласныг хариуцагч үндэслэл бүхий тайлбар, баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй байдлаас үзвэл 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 115-116/

Анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан гэрч Б.Дашдаваа, Б.Т- нарын хэнд холбогдох сахилгын арга хэмжээний талаар ярьж буй нь тодорхой бус харилцан ярианы агуулгыг үндэслэн нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Гэрч Б.Дашдаваа, Б.Төгөлдөр нарын мэдүүлэг өөр баримтаар давхар нотлогдоогүй байхаас гадна Б.Төгөлдөр, П.Түвшинзаяа нарыг зүй бус, зохисгүй үг хэллэгээр доромжилсон талаар ДБЭТ-ын захиралд гаргасан тэдний өргөдөл хэрэгт авагдсан байх боловч эдгээр өргөдлийг театрын захиргаа хэрхэн хүлээн авч, шалгасан, зөрчлийг нь хэлэлцсэн талаарх нотлох баримтыг хариуцагч гаргаж ирүүлээгүй байна. /хх-ийн-27-29/

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 6.1-т Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана гэж тус тус зохицуулжээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын хөдөлмөрийн дотоод журмын 2.1.2-т Захирлын дэргэд зөвлөх үүрэгтэй орон тооны бус Уран сайхны зөвлөл, Захиргааны зөвлөл, Ёс зүйн хэсгийн хороо, Мэдээлэл мэргэжил арга зүйн зөвлөл, Ахмадын зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөл ажиллана гэж заасан байна.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 6.3-т Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана гэж зохицуулсан.

Гэтэл дээрх хууль болон журамд заагдсан ёс зүйн хороогоор хэлэлцэлгүй ДБЭТ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны Б/319 дугаар тушаалаар Б.Т-ад сануулах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй тул уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

3.Дуурь бүжгийн эрдмийн театрын захиргааны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор театрын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах, мөн уран сайхны зөвлөлийн ажиллах журмыг шинээр боловсруулж, төслийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулахыг уран сайхны удирдагч Б.Т-ад үүрэг болгожээ. /хх-ийн 71-75/

Гэвч нэхэмжлэгч Б.Т- нь дээрх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2019 оны ажлын тайлан гаргах үүргээ биелүүлээгүй болох нь захиргааны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл, гэрч Х.Одгэрэл, Б.Дашдаваа, Э.Төгөлдөр нарын мэдүүлэг, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 81-94, 105-114, 2хх-ийн 6-35/ Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг зөв гэж үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Т- нь 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах, мөн уран сайхны зөвлөлийн ажиллах журмыг шинээр боловсруулах ажлыг гүйцэтгээгүй, 2019 оны ажлын тайланг гаргаж өгөөгүй эс үйлдэхүйгээр сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож байх боловч уг зөрчил нь түүнийг ажлаас халах шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан давтан зөрчилд хамаарахгүй юм.

Б.Т- нь Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.9-д заасан давтан зөрчил гаргаагүй, 10.1 а, в д заасан сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх боловч энэ нь мөн журмын 10.2, 10.3-т тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын зөрчилд тооцогдох үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийг хангаж, ДБЭТ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг тус театрын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Т-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацааг ажлаас халагдсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож нэхэмжлэлийг хангасан магадлал гарсан 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцоход 1 жил, 13 сар, 18 хоног байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцвол нэг сарын дундаж цалин хөлс /991 058+979 058+1 326 986/3=/1 099 034 төгрөг, нэг хоногийн цалин хөлс /1 099 034/21,5=/51 117 төгрөг болох ба нийт 17 405 616 төгрөгийг /1 жил= 13 188 408+ 3 сар= 3 297 102+ 18 хоног=766 755/ хариуцагч ДБЭТ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Т-ад олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Т-ын гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Нэхэмжлэл хангагдаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00707 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Т-ыг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 17 405 616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Т-ад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамжийг нөхөн төлж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж,

2 дахь заалтын ...нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг, нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагч Дуурь бүжгийн эрдмийн театраас 244 978 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуу19лан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ