Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01716

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01519 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т хариуцагч Д холбогдуулан тус театрын захирлын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 6 004 296 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т , түүний өмгөөлөгч Б.Ө , Х.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Түвшинбат нь Монгол улсын Д 2018 оны 01 сараас эхлэн уран сайхны удирдагчаар ажилласан. 2018 оны 11 сард ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул шүүхэд хандаж 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс ажилдаа эргэн томилогдсон. Гэтэл театрын захирал Ц.Төвшинтөгс нь байнгын шахалт дарамт үзүүлж, ажлаа хийх боломж нөхцөлийг санаатайгаар боогдуулж, хамт олныг нэхэмжлэгчийн эсрэг чиглүүлж, ажлын талаар ярилцах, санал солилцох, ажлаа гүйцэтгэх боломж олгохгүйгээр асуудалд хандаж ирсэн. Б.Түвшинбат 2019 оны 07 сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийг дуустал Солонгос Улсын Бусан хотод зохион байгуулагдах Олон Улсын бүжгийн тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс төлөөлж балетын шүүгчээр оролцохоор болсон тул чөлөө олгохыг театрын захирал Ц.Төвшинтөгсөөс хүсэхэд туслахад өргөдлөө өгчих гэсэн тул 2019 оны 07 сарын 03-ны өдөр бичгээр гарган захирлын туслахад өгөөд энэ талаар хэлэх гээд 5 удаа залгахад утсаа аваагүй тул зурвас үлдээсэн. Ингээд тус тэмцээний шүүгчээр ажиллаад иртэл 2019 оны 07 сарын 16-ны өдөр Б/173 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан байсан. Уг тушаалд нэхэмжлэгчийг 07 сарын 04-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх ажлын өдөр албан ёсоор чөлөө олгоогүй байхад 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэснийг эс зөвшөөрч захиралтай уулзаж таны хэлснээр өргөдлөө туслахад чинь үлдээгээд явсан гэхэд нэгэнт гарсан тушаал цуцлах боломжгүй, цаашид үл ойлголцохоо больж, хамтран ажиллая гэхэд нь шүүхэд хандаагүй. Гэтэл 2020 оны 02 сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Б.Түвшинбатад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч байна.

Учир нь, Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тухайн жилийн уран бүтээлийн төлөвлөгөө нь хичээлийн жилийн улиралтай адилаар буюу 2019 оны 10 сараас 2020 оны 06 сарыг дуустал хугацааны театрт тоглогдох бүхий л уран бүтээлийн хөтөлбөр нь батлагдаж, номоор хэвлэгдэн гарсан байхад уран бүтээлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, үүрэгт ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ажлаас халсанд гомдолтой байна. Мөн ажлаас халах тушаалд дурдсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанаар 2019 оны 07 сарын 16-ны өдөр Б/173 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал нь үндэслэлгүй байсан. Гэтэл хариуцагчийн шүүхэд гаргасан баримтууд дотор Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал байсан. Энэ тушаалын талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, танилцуулаагүй, гардуулж өгөөгүй.

Иймд Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Б/319 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Түвшинбатыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Тус театрын уран сайхны удирдагч Б.Түвшинбат нь 2019 оны 07 сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан тул Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/173 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

2019 оны 11 сарын 28-ны өдөр тус театрын балет ангийн уран бүтээлчдээс театрын уран сайхны удирдагч Б.Түвшинбатад холбогдуулан түүнийг балет ангийн уран бүтээлчдийн нэр хүндэд ноцтой халдаж, үг хэлээр гутаан доромжилсон үйлдэл гаргасан тухай гомдлыг захирлын нэр дээр ирүүлсэн. Мөн балетын бүжигчин Б.Төгөлдөр болон П.Түвшинзаяа нараас Б.Түвшинбат нь тэдний нэр төр, алдар хүндийг олон хүний өмнө гутаан доромжилсон үйлдлийг хийсэн тул ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү гэсэн гомдлыг ирүүлсэн байсан. Захиргааны зүгээс эдгээр гомдол үндэслэлтэй эсэхийг шалгаж театрын захирал Ц.Төвшинтөгс болон хүний нөөцийн менежер Б.Дашдаваа нар балет ангийн бүжигчид болон Б.Түвшинбаттай уулзаж ярилцахад 2019 оны 11 сарын 23, 24-ны өдрүүдэд Б.Түвшинбат нь гомдол гаргасан уран бүтээлчдийг хэл амаар доромжилж ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Б.Түвшинбат өөрөө ч энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 12 сарын 16-ны өдрийн захиргааны зөвлөлийн хулаар балет ангийн уран бүтээлчдээс Б.Түвшинбатад холбогдуулан гаргасан гомдлыг хэлэлцээд, уг гомдол нь үндэслэлтэй болохыг тогтоож түүнийг театрын удирдах албан тушаалтан уран сайхны удирдагч хүний хувьд байж боломгүй үйлдэл гаргасан байх тул уг зөрчилд нь Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Б/319 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг баримтлан сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ба уг шийдвэрт Б.Түвшинбат гомдол гаргаагүй. Уг сануулах сахилгын шийтгэлийн тухай Б.Түвшинбат болон балет ангийн уран бүтээлчдэд театрын захирал Ц.Төвшинтөгс, хүний нөөцийн менежер Б.Дашдаваа нар тухайн үед танилцуулсан, Б.Түвшинбат мэдсэн болно.

Тус театрын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар 2020 онд театрын нийт ажиллагсдын ээлжийн амралтын хугацааг 07 сард байсныг өөрчилж 02 сард амраахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор өмнө нь батлагдсан 2019-2020 оны театрын 57 дахь улирлын уран бүтээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тул театрын уран сайхны удирдагч Б.Түвшинбатад байгууллагын 2020 оны уран бүтээлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, уран сайхны зөвлөлийн ажиллах шинэ журмын төслийг боловсруулж 2020 оны 01 сарын 16-ны өдрийн дотор танилцуулах үүргийг өгсөн боловч хийж гүйцэтгээгүйг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн. Мөн уран сайхны удирдагчийн болон уран сайхны зөвлөлийн 2019 оны ажлын тайланг гаргах хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймээс Б.Т гаргасан энэхүү зөрчилд Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн Б/22 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш гаргасанд тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.9, 10 дугаар зүйлийн 10.1.а,в заалтуудыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Түвшинбатад сахилгын шийтгэл оногдуулах тухай 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 004 296 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд уг шийдвэр хүчингүй болох дараах үндэслэл тогтоогдож байна. Нэхэмжлэгч Б.Түвшинбат Монгол Улсын Д уран сайхны удирдагчийн ажилд орсон цагаас байгууллагын хөрөнгө мөнгийг завшиж, зориулалт бусаар зарцуулдаг хэсэг бүлэг хүмүүсийг, хөгжил дэвшилд мөнхийн чөдөр болсон асуудлыг ил гаргаж шүүмжилж, засаж залруулах талаар хөндсөнөөр энэ байгууллагаас 2 дахь удаагаа үндэслэлгүй халагдсан болно. Шүүхээр үндэслэлгүй халагдсанаа тогтоолгоод эргээд ажилд орсноос хойш удирдлагын хэсэг бүлэг хүмүүс түүний эсрэг зохион байгуулалттайгаар алдаа дутагдалд унагах гэж оролдох болсон.

2019 оны 07 сарын 16-ны өдөр 1 сарын хугацаатай цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийн тухайд хавтаст хэргийн 14, 30, 88-89 дэх талд авагдсан нотлох баримтуудаар үндэслэлгүй нь харагдана. Учир нь удирдлагаас чөлөө хүссэн өргөдлөө туслахад үлдээгээд яваарай гэж амаар зөвшөөрсөн атлаа сахилгын арга хэмжээ авсан нь хууран мэхэлж буй хэлбэр, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.14-ийн а, в, 4.2.9-ийн в, г дэх заалтуудаас харсан ч чөлөө хүссэн тохиолдолд чөлөө олгохоор зохицуулсан байгааг харж болно.

Ажил олгогчийн зүгээс 2019 оны 12 сард нэхэмжлэгчид ямар нэгэн сахилгын арга хэмжээ авсан тухай тушаал гаргаж, танилцуулаагүй атлаа 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Б\319 тоот сануулах шийтгэл оногдуулсан тухай тушаал шүүхэд маргаан үүссэний дараа хэрэгт нотлох баримтаар гаргаж ирсэн. Уг тушаалыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд дурдсан нь үндэслэлгүй. Б/319 тоот тушаалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хэрэгтэй танилцаж мэдсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй юм. Эсхүл ажлаас халсан 2020 оны 02 сарын 13-ны өдрийн тушаалыг гардаж авсан өдрөөс мэдсэн гэж үзнэ гэвэл Б.Түвшинбат 2020 оны 02 сарын 17-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг гардаж авсан ба энэ өдрөөс гомдол гаргах хугацааг тоолсон ч 2020 оны 05 сарын 17-ны өдөр дуусна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа 2020 оны 05 сарын 13-ны өдөр гаргасан болно. Гэрч Б.Дашдаваа тушаалыг ширээн дээр тавьсан гэж худал мэдүүлсэн байхаас гадна тавьсан гэдэг нь гардуулсан гэсэн үг биш юм. Түүнчлэн тушаалд дурдагдсан ёс зүйн зөрчлийг тогтоосон баримт байхгүй, ёс зүйн хороо хуралдаагүй, шийдвэр гараагүй, удирдлагад нь байсан 2 ажилтны өргөдөл гэх зүйлээр сахилгын арга хэмжээ авсан байдаг. Гэтэл энэ 2 ажилтны өргөдлийг үнэхээр тэд өөрсдөө бичсэн эсэх нь нотлогдохгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй асуудлууд байдаг. Хариуцагчийн зүгээс хэзээ ч танилцуулж байгаагүй, нэг тушаал нөхөж гаргаж ирээд сахилгын зөрчлийн тоог нэмэгдүүлээд ажлаас халсан. Шүүх энэ тохиолдолд хэзээ хэрхэн гарсан тушаал болох, уг тушаалыг ажилтанд хэзээ хэрхэн танилцуулсан, гомдол гаргах эрхээ эдлэх боломж байсан эсэх, тушаалд заасан үндэслэл бодитой тогтоогдсон эсэх зэргийг нэг бүрчлэн үнэлж дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй. Ингэж дүгнэвэл үндэслэлгүй халсан гэдэг нь тодорхой харагдана.

2020 оны 02 сарын 13-нь өдрийн Б/22 дугаартай тушаалын 1 дэх заалтыг мөн зөвшөөрөхгүй. Учир нь, Уран сайхны зөвлөл 2020 оны 01 сарын 15-ны өдөр хуралдаж гаргасан шийдвэрээ захиралд өгч танилцуулсан. Гэтэл илтэд гүтгэж уран сайхны зөвлөл шийдвэр гаргаагүй гэж үзэж ажлаас халсан. Энэ -талаар хуурамч нотлох баримт үйлдэж оруулж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл, бичлэгийг нотлох баримтаар гаргаж 29 минут 43 секунд, 30 минут 10 секунд дэх яриаг шинжлэн судлуулсан.

Ер нь бол 2020 оны 01 сарын 10-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр ажил зохион байгуулах гэхээс илүү нэхэмжлэгчид асуудлыг шийдвэрлэх боломжгүй хугацаатай үүрэг өгч ажлаас халах гэсэн оролдлого байсан. Тодруулбал театрын уран бүтээлийн төлөвлөгөө бол хичээлийн жилтэй адил төлөвлөгддөг бөгөөд энэ оны төлөвлөгөө нь өмнөх оны 09 сар гэхэд эцэслэн батлагддаг. Энэ төлөвлөгөө нь хэлэлцэгдэж батлагдахдаа 3-4 сарын ажил байдаг юм. Дээрх уран сайхны төлөвлөгөө боловсруулж танилцуул гэсэн үүрэг нь театрын барилгын засвар хийгдэхтэй холбоотой бүх уран бүтээлчдийг 02 сард зэрэг амраахтай холбогдуулж 02 сарын тоглолтуудыг хэрхэх вэ гэсэн асуудал үүссэн. Үүнийг шийдэх л асуудал байсан. Уран сайхны ажиллах журмыг боловсруулах үүрэг биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлын 2019 оны 09 сарын 23-ны өдөр А\50 тоот захирлын тушаал гарч уран сайхны зөвлөлийн шинэчилсэн журам гаргаж дагаж мөрдөхийг үүрэг болгосон байдаг юм. Үүнийг шинэчлэх шаардлагагүй талаар удирдлагын зүгээс аман чиглэл өгч байсан.

Ажил олгогчийн зүгээс гаргасан тушаал бүрийн хууль зүйн үндэслэл, гардуулсан танилцуулсан хугацаа, гомдол гаргах эрх, тушаалын үндэслэл, гаргасан гэх зөрчил тогтоогдсон эсэх, гаргасан гэх зөрчил нь бодитой эсэх, тогтоосон эсэх, зөрчил гаргасан бол байгууллагад ямар хор хохирол учруулсан, заавал ажлаас халах хэмжээний асуудал мөн эсэх зэрэгт хууль зүйн бодит үнэлэлт дүгнэлт хийж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Түвшинбат нь хариуцагч Д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гаргасан нэхэмжлэлээ /хх 1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус театрын захирлын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Б/319 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаар нэмэгдүүлсэн /хх 114-115/, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт холбогдох шаардлагыг 2020 оны 06 сарын 08-ны өдрийн байдлаар 6 391 673 төгрөг гэж тодруулсан. /хх 189, 199/

 

Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдсан зөрчил, сахилгын шийтгэл тус бүр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргажээ.

 

Талууд өөрсдийн шаардлага, түүнийг татгалзаж буй үндэслэлээ нотлох зорилгоор нэхэмжлэгчээс гаргасан 2020 оны 01 сарын 15-ны өдрийн Уран сайхны зөвлөлийн хурал, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдсан 2020 оны 01 сарын 30-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасан. Зохигчдын хэн аль нь дээрх хурлуудын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг /хх 191,197, 220/ шүүх хүлээн авч хангасан байх ба хх 194, 220/ хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд ...Нэхэмжлэгчийн өгсөн 2 СД, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн 1 СД-нд үзлэг хийж тэмдэглэл үйлдэв... гэж тусгасан байна. /хх 207/. Гэвч анхан шатны шүүх уг ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж 2-оос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, үзлэгээр илэрсэн зүйлийг тэмдэглэл үйлдэж бэхжүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахдаа дээрх байдлаар хуульд заасан журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг зөвтгөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР