Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2019/01293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  О ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.С

Хариуцагч:  Л. Н нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,191,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, хариуцагч бөгөөд хариуцагч Б.С төлөөлөгч Л.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус байгууллага нь хариуцагч иргэдтэй 2014 оны 11 сарын 09-17-ны өдрийн хооронд 5-6 төрлийн барилгын 13,191,000 төгрөгийн өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Тус иргэд хүлээн авсан барааны мөнгийг удаа дараа өгөхгүй хожимдуулж байсан бөгөөд 2014 оны 11 сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаах тохиролцсон.

Гэвч хариуцагчид 2015 оны 01 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 3,191,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.

Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,191,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******-ийн нэхэмжилсэн бараа материалын анхан шатны баримтыг судлаж үзэхэд 2 талын санхүүгийн баримт зөрүүтэй байна. Мөн төлбөр хийгдсэн дүнд НӨАТ-ын падаан өгөөгүй, бэлэн мөнгөөр төлсөн баримтыг нэхэмжилсэн дүнд оруулж тооцоогүй гэх мэт зөрүүтэй байгаа тул шүүхэд нэхэмжилсэн 3,191,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч тал нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нар нь ******* болон иргэн Д.Мигэддорж нартай барилгын бараа материал худалдах, худалдан авах харилцаанд орж байсан. Тус тусдаа төлбөр тооцоо хийгээд явдаг байсан.

2014 оны тооцоо нийлсэн актанд дурдагдсан дүн бол Д.Мигэддоржоос худалдан авсан бараа материалын тооцоо байгаа юм. Тийм ч учир бид Д.Мигэддоржийн хувийн дансанд төлбөр тооцоо хийж байсан.

Иймд ******* нь нэхэмжлэгчийг төлөөлж шаардлага гаргах эрхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Л.Наранцацрал нарт холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,191,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Л.Наранцацрал нартай худалдах, худалдан авах хэлцэл хийж, халааж наах зориулалт бүхий дээврийн хар цаас нийлүүлсэн бөгөөд 2014 оны 11 сарын 14-ний өдөр тооцоо нийлж 12,670,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг баталгаажуулсан, харин 2014 оны 11 сарын 17-ны өдрийн байдлаар нийт 13,191,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байснаас хариуцагч нар 10,000,000 төгрөгийг төлсөн учир одоо 3,191,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг бол хариуцагч *******, Л.Наранцацрал нар нь *******-тай худалдах, худалдах хэлцэл хийж байсан боловч халааж наах зориулалт бүхий дээврийн хар цаасыг иргэн Д.Мигэддоржоос худалдан авсан, тооцоо нийлсэн актыг Д.Мигэддоржтой хийсэн, 10,000,000 төгрөгийг Д.Мигэддоржийн данс руу тушаасан учир 3,191,000 төгрөгийг ******* шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт Тооцоо нийлсэн тухай акт гэх баримт авагдсан байх ба уг баримтанд иргэн *******, Л.Наранцацрал нар нь иргэн Д.Мигэддоржид 2014 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар халааж наах зориулалт бүхий дээврийн хар цаасны үнэ 12,670,000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан талаар дурдаж, *******, Л.Наранцацрал, Д.Мигэддорж нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-12х/

 

Харин хэргийн 13, 14-р хуудаст авагдсан Иргэн Д.Мигэддорж, *******, Л.Наранцацрал нарын хоорондын тооцоог нийлсэн акт гэх баримтанд *******-ийн тамга дарагдаж, Д.Мигэддорж гарын үсэг зурсан байх боловч *******, Л.Наранцацрал нар гарын үсэг зураагүй байна. /хх-13х, 14х/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Зарлагын баримт гэх баримтын байгууллагын нэр гэх хэсэгт ******* гэж гараар бичсэн байх боловч *******-ийн тамга, санхүүгийн тэмдэг дарагдаагүй байна. /хх-9-11х/

 

Худалдаа, хөгжлийн банкны Орлогын ордер-оос үзэхэд Наранцацралаас Даваагийн Мигэддоржид 10,000,000 төгрөгийг Наранцацрал-с материалын үнэ гэсэн утгатайгаар 2016 оны 01 сарын 08-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд *******-ийн шаардаж буй 3,191,000 төгрөгийг ******* болон *******, Л.Наранцацрал нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцлийн үлдэгдэл төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэхүү шийдвэр нь иргэн Д.Мигэддоржийн зүгээс иргэн *******, Л.Наранцацрал нарт холбогдуулан, худалдах, худалдан авах хэлцэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******, Л.Наранцацрал нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,191,000 төгрөг гаргуулах тухай, *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,606 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР