Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1356

 

 “О”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01293  дугаар шийдвэртэй, “О” ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-, Л.Н- нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 191 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Тус байгууллага нь хариуцагч нарт 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд барилгын 5-6 нэр төрлийн 13 191 000 төгрөгийн өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагч нар хүлээн авсан барааны мөнгийг удаа дараа өгөхгүй хожимдуулж байсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар тохиролцсон атлаа  2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 3 191 000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 191 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч тал тайлбартаа: “О” ХХК ХХК-ийн нэхэмжилсэн бараа материалын анхан шатны баримтыг судалж үзэхэд 2 талын санхүүгийн баримт зөрүүтэй байна. Мөн төлбөр хийгдсэн дүнд НӨАТ-ын падаан өгөөгүй, бэлэн мөнгөөр төлсөн баримтыг нэхэмжилсэн дүнд оруулж тооцоогүй гэх мэт зөрүүтэй байгаа тул 3 191 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нар “О” ХХК ХХК болон иргэн Д.М- нартай барилгын бараа материал худалдах, худалдан авах харилцаанд орж, тусдаа төлбөр тооцоо хийгээд явдаг байсан. 2014 оны тооцоо нийлсэн актанд дурдагдсан дүн бол Д.М-оос худалдан авсан бараа материалын тооцоо учраас бид Д.М-ийн хувийн дансанд төлбөр хийж байсан. Иймд “О” ХХК ХХК нь нэхэмжлэгчийг төлөөлж шаардлага гаргах эрхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б.С-, Л.Н- нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт    3 191 000 төгрөг гаргуулах тухай “О” ХХК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 606 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “...Зарлагын баримт гэх баримтын байгууллагын нэр хэсэгт “О” ХХК ХХК гэж гараар бичсэн байх боловч “О” ХХК ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг дарагдаагүй байна...” гэж нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлж, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

Шүүх хэрэгт авагдсан баримт буюу өөрийнх нь үнэлж байгаа зарлагын баримт, тооцоо нийлсэн актуудад “О” ХХК ХХК гэсэн бичээс байгаа бөгөөд Д.М- нь энэ компанийг байгуулсан цагаас захирлаар нь ажиллаж байгаа, тухайн нийлүүлсэн бараа   бүтээгдэхүүн нэхэмжлэгчийн хөрөнгөнөөс гарсан бүтээгдэхүүн байхад иргэдийн хооронд гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг хуульд зааснаар цуглуулах, хэргийн оролцогчид танилцуулах, улмаар мэтгэлцэх боломж олгоогүй.

Шүүх шийдвэртээ “...Худалдаа хөгжлийн банкны “Орлогын ордер-оос үзэхэд Наранцацралаас Даваагийн Мигэддоржид 10 000 000 төгрөгийг “Наранцацралаас материалын үнэ” гэсэн утгатайгаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна...” гэж дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугар зүйлийн 6.4 дэх хэсэгт зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх шүүх хуралдаанд оролцох, 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж тус тус хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж талуудаас нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчийн зүгээс нотлох баримт байхгүй гэж хариулсан бөгөөд хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэж байхад хариуцагчаас дээрх “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгөх бөгөөд шүүх хүсэлт шийдвэрлэж байхад тус баримтыг хүлээн авч надад танилцах боломж өгөхгүй, танилцуулахгүй шууд хурлыг үргэлжүүлэн хийхдээ тус баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэлэхэд хэргийн материалтай танилцаж Мигэддоржийн дансанд төлбөр орсон эсэх, дахин нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг солих эсэх олон асуудал байсаар байхад нотлох баримтыг огт танилцуулалгүй хэргийг шийдвэрлэж, мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад зарлагын баримт гаргаж өгнө гэж олон удаа хуралд хэлэх боловч  гаргаж өгөлгүй, тухайн өдрийн шүүх хуралд өөрийнх нь гаргасан хүсэлтийг хэлэлцэж байхад шууд шүүхэд гаргасан.

Дээрх зарлагын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт зааснаар өмнө гаргах боломжгүй хүндэтгэн үзэх ямар шалтгаан, тийм нотлох баримт байсан эсэх асуудлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хамгаалах, сэргээлгэх эрхийг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “О” ХХК ХХК нь хариуцагч Б.С-, Л.Н- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 191 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нарт 3 221 000 төгрөгийн, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 286 000 төгрөгийн, мөн өдөр 3 658 000 төгрөгийн, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2 505 000 төгрөгийн, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 521 000 төгрөгийн, нийт 13 191 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн, төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 3 191 000 төгрөгийг шаардаж байна гэж тайлбарлажээ. /хх1,9-11/

 

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй, иргэн Д.М-той  худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул “О” ХХК ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан байна. /хх 21/

 

Хэрэгт авагдсан “Зарлагын баримт” /хх9-11/-ын байгууллагын нэр хэсэгт “О” ХХК ХХК гэсэн байх бөгөөд тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн захирлаар Даваа овогтой Мигэддорж 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн, энэ бүртгэл өөрчлөгдсөн талаарх баримт авагдаагүй. /хх8/

 

Түүнчлэн, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Б.С-, Л.Н- нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарлагын баримтаар хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрт төлөгдөөгүй үлдэгдэл 12 670 000 төгрөг байгаа талаар тооцоо нийлж /хх12-13/ талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна.

 

Анхан шатны шүүх, дээрх зарлагын баримт болон тооцоо нийлсэн актад компанийн тамга, санхүүгийн тэмдэг дарагдаагүй тул “О” ХХК ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иймд худалдагч тал болох “О” ХХК ХХК нь худалдан авагч буюу хариуцагч нараас дээрх гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2014 оны 11 дүгээр сарын 9, 10, 11, 17-ны өдрүүдэд нийт 13 191 000 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн худалдан авснаас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Даваа овогтой Мигэддоржийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дах 456069888 тоот дансаар 10 000 000 төгрөг шилжүүлсэн тул 3 191 000 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ үлдэгдлийг талууд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталгаажуулсан гэх боловч хэргийн 14 дүгээр талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актад хариуцагч Б.С-, Л.Н- нар гарын үсэг зураагүй буюу гэрээний нэг тал болох “О” ХХК ХХК-ийн тэмдэгтэй баримт байгааг тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Харин, талуудын гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн тухай актын /хх12,13/ дүн 12 670 000 төгрөгөөс зохигчдын маргаагүй эргэн төлөлт болох 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2 670 000 төгрөгийг хариуцагч Б.С-, Л.Н- нараас гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.С-, Л.Н- нараас 2 670 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК ХХК-д олгохоор өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01293 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.С-, Л.Н- нараас 2 670 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК ХХК-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 606 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.С-, Л.Н- нараас 57 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА