Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00137

 

 

Ондилт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01293 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1356 дугаар магадлалтай,

 

Ондилт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Самданхүү, Л.Наранцацрал нарт холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.191.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ондилт ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь хариуцагч иргэдтэй 2014 оны 11 сарын 09-17-ны өдрийн хооронд 5-6 төрлийн барилгын 13,191,000 төгрөгийн өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагч нар хүлээн авсан барааны мөнгийг удаа дараа өгөхгүй хожимдуулж байсан бөгөөд 2014 оны 11 сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар тохиролцсон. Гэвч 2015 оны 01 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 3,191,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,191,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Самданхүү, Л.Наранцацрал нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ондилт ХХК-ийн нэхэмжилсэн бараа материалын анхан шатны баримтыг судалж үзэхэд 2 талын санхүүгийн баримт зөрүүтэй байна. Мөн төлбөр хийгдсэн дүнд НӨАТ-ын падаан өгөөгүй, бэлэн мөнгөөр төлсөн баримтыг нэхэмжилсэн дүнд оруулж тооцоогүй гэх мэт зөрүүтэй байгаа тул шүүхэд нэхэмжилсэн 3,191,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна  гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01293 дүгээр шийдвэрээр:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Самданхүү, Л.Наранцацрал нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,191,000 төгрөг гаргуулах тухай, Ондилт ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,606 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1356 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01293 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.Самданхүү, Л.Наранцацрал нараас 2670000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ондилт ХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66606 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Самданхүү, Л.Наранцацрал нараас 57670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ондилт ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 1356 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэгт цугларсан баримт болон хэргийн бодит байдалд Ондилт ХХК-иас бараа, бүтээгдэхүүнийг худалдан аваагүй байдаг бөгөөд Ондилт ХХК-ийн захирал Д.Мигэддоржоос хувь хүнээс нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх захирал нь тул компани нь шаардах эрхтэй мэтээр дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хувь хүнтэй хийсэн хэлцэл, хуулийн этгээдтэй хийсэн хэлцлийн ялгаатай байдлыг анхааралгүй хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хуулийн этгээдтэй хэлцэл хийсэн тохиолдолд худалдан бараа бүтээгдэхүүний дүнд НӨАТ-ын баримт авдаг бөгөөд анхнаасаа ийм баримт гаргахгүй, компани өөрийн тайлан тооцоонд оруулахгүй, өөрсдөө компанийн орлогод тооцуулахгүй, хувь хүнээс худалдаж, худалдан авалт хийсэн болно. Хавтаст хэргийн 12 болон 13 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акт баримтууд нь иргэн Мигэддоржтой хийсэн баримт байтал үүнийг Ондилт ХХК-тай хийсэн баримт байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн акт нь Ондилт ХХК-тай хийсэн мэтээр тамга дарж, хариуцагч нараар гарын үсэг зуруулсан байдлаар хийгдсэн нэг талын баримт байдаг бөгөөд хариуцагч нар Ондилт ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй тул гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Ийм зөрүүтэй баримтууд байхад зөвхөн нэг талд ашигтай байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 01293 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 1356 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Ондилт ХХК нь хариуцагч Б.Самданхүү, Л.Наранцацрал нараас 3.191.000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.

       Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...давж заалдах шатны шүүх хувь хүн, хуулийн этгээдтэй хийсэн хэлцлийн ялгаатай байдлыг анхаараагүй, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэжээ.

 

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Д.Мигэддорж нь Ондилт ХХК-ийн гүйцэтгэх захирал байх ба Б.Самданхүү, Л.Наранцацрал нар 2014 оны 11 дүгээр сард тус компаниас бараа материал авахдаа 5 удаа Зарлагын баримт үйлдэж, гарын үсгээ зурсан, Зарлагын баримтад байгууллагын нэрийг Ондилт ХХК гэж бичигджээ /хэргийн 8-11 дүгээр тал/.

 

Б.Самданхүү, Л.Наранцацрал нар нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар халааж наах зориулалт бүхий дээврийн хар цаасны үнэ болох 12.670.000 төгрөгийн өглөгтэй болохоо баталгаажуулж, мөн өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, уг актад Д.Мигэддорж, Б.Самданхүү, Л.Наранцацрал нар гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлжээ /хэргийн 12 дугаар тал/.

 

Анхан шатны шүүх ...зарлагын баримтад Ондилт ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг дарагдаагүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Зохигч өөрийн шаардлага, татгалзлаа нотлох, үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлж, хариуцагч нар нь Ондилт ХХК-с бараа худалдан авсан, зарлагын баримт болон тооцоо нийлсэн актад компанийн захирал гарын үсэг гэж үзэж, нэхэмжлэлээс 2.670.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үлдэх хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1356 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэлээс 521.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 57.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ