Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2017/00791

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2017/00791

*******-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00023/и

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн Х...........байрлах Ц.Х- ХХК /РД: ./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймаг, ...... тоотод оршин суух Б. овогт Л. Э. /РД: ../-д холбогдох,

 

Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол 43,753,600 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Ц-, хариуцагч Л.Э-, түүний өмгөөлөгч Ө.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х- ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Э- нь 2013 оны 10 сарын 25-ны өдөр Ц.Х- ХХК-ийн удирдан төлөөлөх 1,800,000 төгрөгийн хувьцаа бэлэглэх гэсэн хуурамч хэлцэл хийн төөрөгдөлд оруулан бидний үйл ажиллагаа явуулж байсан компанийг шунахай зорилго агуулж өөрийн эрх мэдэлдээ ашиглан хохироосноос анх үүдэлтэй юм. Бид Л.Э-тай хийгдсэн гэх хэлцлийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлэн хүчин төгөлдөр бусад тооцуулсан. Хүчин төгөлдөр бусад тооцуулахдаа Л.Э-ын энэ компаниас олсон ашиг орлогыг тодорхойлж нэхэмжилж чадаагүй тул одоо эрх зүйн үндэслэл бүхий нэхэмжлэл гаргаж байна.

2013 оны 10 сарын 30-ны өдөр *******-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргатай мод бэлтгэх гэрээ хийсэн баримт, *******-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 05 сарын 19-ний өдрийн тодорхойлолт, мөн хэлтсийн даргаас Дээд шүүхэд гаргаж байсан 2016 оны 04 сарын 11-ний өдрийн тайлбар, Ц.Х- ХХК нь 2013 оны 420 м.куб хэрэглээний мод бэлтгэж ашигласан, үүний төлбөрт 4,018,800 төгрөгийг татварт тушаасан зэрэг нотлох баримтууд олдлоо. Иймд Л.Э-ын 420 м.куб хэрэглээний мод бэлтгэсэн тухай түүнээс олсон ашгийг Хонгор сумын ойн анги болон мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, тооцуулан Л.Э-аас 43,753,600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Л.Э- нь Ц.Х- ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авсан байсныг тус шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх мөн хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон бол Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байгаа юм. Улсын дээд шүүхийн тогтоолд энэ эрхийг маань зааж өгсөн байгаа. Иймээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс компанид учирсан хохирлыг тус компанийн нэр дээр гарсан байсан 420 м/куб хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийн дагуу Л.Э- нь гэрээ хийн тус модыг бэлтгэж ашиг олсон 43,753,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хүн ашиг орлого олоогүй гэдэг боловч Татварт 4,018,800 төгрөг төлсөн байгаа нь ийм хэмжээний ашиг олсныг харуулж байна. Хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг хувь хүнд олгодоггүй юм. Л.Э- нь компанийн үйл ажиллагаанаас олсон мөнгийг өөртөө зарцуулж байсан. Тэгэхээр Л.Э- өөрөө 180 м/куб хэрэглээний мод, Ц.М-гээр бэлтгүүлсэн 216 м/куб мод нийлээд 396 м/куб модыг Ц.Х- ХХК-ийн нэр дээр бэлтгэсэн тул компанийг хууль бусаар авсан Л.Э-аас энэ олсон орлогыг хохирол гэж үзэж нэхэмжилж байна. Шүүх дээр миний бие хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 39,661,953 төгрөгийн ашиг олсон гэж тогтоосон тул хохиролд дүгнэлтээр гарсан 39,661,953 төгрөгийг гаргуулахад татгалзахгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж шийдвэрлэж болно. Анхнаасаа Л.Э-тай компани шилжүүлэх гэрээ ерөөсөө хийгээгүй, Л.Э- миний бие муу байдлыг далимдуулан манай компанид мод бэлтгэх ажил хийе гэж хүссэний дагуу ажиллуулахаар тохирсон боловч ажил хийхэд компанийн бичиг баримт хэрэгтэй байна гэж авч яваад өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан юм. Түүнээс тухайн үед энэ хүнд ямар ч мөнгө байгаагүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй гэж заасан бөгөөд энэ хуулийн заалтын дагуу Ц.Х- ХХК-д Л.Э- нь хохирол төлөх үндэслэлтэй. 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэдгийг тогтоосон байгаа тул хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болж байгаагаараа хэлцэл хийсэн Л.Э-ын буруутай байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Л.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол болох 43,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан М.Б- нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимд шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваад 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 193 дугаартай шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Б-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, ... шүүхийн тогтоол байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байтал иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ компанийг анхнаасаа худалдаж авах саналыг М.Б- өөрөө надад тавьж байсан. Тэгээд бид үнэн дээрээ тохироогүй тул би татгалзсан. Гэтэл М.Б- компани шилжүүлэх үнийг багасгаж дахин дахин хүсэлт тавьсан тул би нөхөртэйгөө ярилцаж авахаар болсон. Тэгээд 5,000,000 төгрөг эхлээд өгсөн. Үүнээс хойш 2013 оны 10 сарын эхээр компанийг шилжүүлэх гэрээ хийсэн. Нотариат дээр очиход ямар гэрээ хийх вэ гэхэд М.Б- өөрөө бэлэглэлийн гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд гэрээ хийж компанийг шилжүүлэн авсан. Намайг компани шилжүүлэн авсан талаар удаа дараа эрүү, иргэний хэргээр шүүхэд өгч байсан. Компани шилжүүлэх гэрээ хйихэд миний буруутай зүйл байхгүй. Түүний саналаар хийсэн. Миний бие 2013 оны 4 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 823,000 төгрөг, модны гоожинд 4,118,800 төгрөг, нийт 5,080,900 төгрөгийн тайланг татварт тайлагнасан. Ц.Х- ХХК нь 420 м/куб хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Ц.М- тус компанийн хувь нийлүүлэгч бөгөөд ойн ангитай гэрээ байгуулахад намайг эрхгүй хүн гээд Ц.М- гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Би 180 м/куб мод бэлтгэх зөвшөөрлийг надад өгсөнөөс 100 м/куб модыг бэлтгэсэн. Тухайн үед би өөрийн хүмүүстэй нийлсэн ойн нөхөрлөлтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Мод бэлтгэснээс ашиг гараагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Энэ хүн өөрөө очиж гэрээ хийхгүй бол би дангаараа компанийг өөр дээрээ шилжүүлэн авах ямар ч боломжгүй шүү дээ. Энэ хүний хүсэлтийн дагуу компанийг шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг үндэслэн нэхэмжилж байна. Гэтэл энэ заалтад хэлцэл хийсэн буруутай этгээд хохирлыг төлөхөөр заасан. 3 шатны шүүхийн шийдвэр гарсан гэж яриад байгаа боловч энэ шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн байна гэж бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Түүнээс Л.Э-ын буруутай үйлдлээс хэлцэл хийгдсэн байна гэдгийг тогтоогоогүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- нь хариуцагч Л.Э-д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд нийт 43,753,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- болон түүний өмгөөлөгч Б.Ц- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Л.Э- нь Ц.Х- ХХК-ийн хувьцааг бэлэглэх гэсэн хуурамч хэлцэл хийж, компанийг хууль бусаар шилжүүлэн авч, биднийг хохироосон бөгөөд энэхүү үйлдлийг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар Ц.Х- ХХК-ийн авсан 420 м/куб хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийн дагуу тус модыг бэлтгэж олсон ашгийг хохиролд тооцож 43,753,600 төгрөгийг нэхэмжилж байна гэж, хариуцагч Л.Э- болон түүний өмгөөлөгч Ө.Г- хэлцэл хийхэд Л.Э-ын буруутай үйлдэл байхгүй, 420 м/куб модыг би бэлтгээгүй, ашиг олоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарладаг болно.

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн 913 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц.Х- ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Л.Э-аас Ц.Х- ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-т олгож, нэхэмжлэгч М.Б-ээс 17,600,000 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Э-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг *******-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 138 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 1089 дүгээр тогтоолоор анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2 жилийн ашиг орлого гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу гэж дүгнээд магадлалын тогтоох хэсгийн нэг, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын нэхэмжлэгчийн 11,350,000 төгрөг гаргуулах гэсний ард 2 жилийн ашиг орлого гаргуулах гэснийг нэмж өөрчлөн, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 26-36 дугаар хуудас/

 

Дээр дурдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 1089 дүгээр тогтоолын хянавал хэсэгт А.А- нь 2013 оны 07 сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр М.Б-т Ц.Х- ХХК-ийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, компанитай холбоотой бичиг баримтанд гарын үсэг зурах эрх олгосныг үндэслэн М.Б- нь Л.Э-тай 2013 оны 10 сарын 25-ны өдөр хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн удирдах, төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- нь шүүх хуралдаанд Ц.Х- ХХК-ийн бичиг баримтыг Л.Э- ажил явуулахад хэрэг болоод байна гэж түр аваад тус бичиг баримтыг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч түүний энэхүү тайлбар нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- нь компанийг Л.Э-д шилжүүлэх зорилгогүй байсан болон Л.Э- нь хууль бусаар хэлцэл хийн шилжүүлэн авсан байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д: Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д: үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Дээрх хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд буюу өөрөөр хэлбэл М.Б-, Л.Э- нарын хооронд хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд хариуцагч Л.Э-ын буруутай байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- Ц.Х- ХХК нь Л.Э-ыг компани шилжүүлэн авахаас өмнө 420 м/куб хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг авсан байсан бөгөөд энэхүү зөвшөөрлийн үндсэн дээр Л.Э- компанийн нэр дээр гэрээ хийж, дээрх хэмжээний модыг бэлтгэж, 43,753,600 төгрөгийн ашиг олсон нь манай компанийн олох ёстой байсан орлого тул хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 39,661,953 төгрөгийг хохиролд тооцож гаргуулахад татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт 2013 оны 10 сарын 30-ны өдрийн 04, 2013 оны 12 сарын 09-ний өдрийн 07 дугаартай Мод бэлтгэх гэрээ авагдсан байх бөгөөд эдгээр гэрээнүүдэд Ц.Х- ХХК-ийг төлөөлж, Ц.М- гэж гарын үсэг зурсан байна.

Мөн дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 1089 дүгээр тогтоолын хянавал хэсэгт дурдсанаас үзэхэд Ц.М- нь Ц.Х- ХХК-ийн хувь нийлүүлэгч байх бөгөөд хариуцагч Л.Э-ыг энэхүү гэрээний дагуу 420 м/куб модыг бэлтгэн, ашиг олсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Л.Э- нь шүүх хуралдаан дээр 420 м/куб мод бэлтгэх зөвшөөрлөөс 180 м/куб модыг би бэлтгэхээр тохирсон бөгөөд үүнийг бэлтгэхийн тулд татвар, зөвшөөрлийн төлбөр /гоожинд/ нийт 5,080,000 төгрөг болсон, үүнийг татварт тайлагнасан гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан 2014 оны 02 сарын 03-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Ц.Х- ХХК-иас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 323,000 төгрөг, 2014 оны 01 сарын 10-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Ц.Х- ХХК-иас ойн нөөц ашигласны төлбөрт 2,250,000 төгрөг, ойгоос мод бэлтгэсний төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан *******-Уул аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, Ц.Х- ХХК-ийн тайлангууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байна.

 

Хариуцагч Л.Э- нь Ц.Х- ХХК-ийн нэр дээр 180 м/куб модыг бэлтгэхээр тохирсноос 100 м/куб модыг бодитоор бэлтгэж, холбогдох төлбөр, хураамжийг төлсөн гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд гэрч Ц.М-гийн ... *******-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 416 м/куб модыг Ц.Х- ХХК-д бэлтгэх зөвшөөрөл олгосон тогтоол гарсан. 180 м/куб модны гоожинг Л.Э-, М.Б- хоёрт өгсөн. ... Хонгор сумын Засаг даргатай би өөрөө гэрээ хийж, 416 м/куб мод бэлтгэх гэрээ хийсэн тул би өөрөө өөрийнхөө ажлыг хийж гүйцэтгэсэн. Л.Э- туслан гүйцэтгэгчээр орж ирсэн тул 180 м/куб мод бэлтгэх зөвшөөрлийг түүнд өгсөн.. гэсэн мэдүүлэг, зохигчдын тайлбараас үзэхэд ийнхүү Ц.Х- ХХК-ийн хувь нийлүүлэгч Ц.М-гийн Хонгор сумын Ойн ангитай байгуулсан гэрээний дагуу тодорхой хэмжээний мод бэлтгэснийг Ц.Х- ХХК-ийн 420 м/куб мод бэлтгэснээс олох байсан орлого гэж үзэж хохиролд тооцон, хариуцагч Л.Энхжрагалаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- Улсын дээд шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 193 дугаартай М.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай тогтоолоор нэхэмжлэгч талд хохирол нэхэмжлэх эрхийг зааж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч тус тогтоолын хянавал хэсэгт ...нэхэмжлэгчийн гаргасан эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй учир хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад шүүхийн шийдвэр, магадлал тогтоол саад болохгүй гэж заасан нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд хариуцагч Л.Э-ын буруутай үйлдэл байсан гэдгийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.Х- ХХК-ийн Л.Э-аас хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд нийт 43,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Г-, Ш.Э- нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан Ц.Х- ХХК-ийн Л.Э-аас хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд нийт 43,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,720 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ