Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/00223

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02748 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 125 817 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь цутгамал төмөр бетон карказан барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг. “Б” ХХК-тай 2015.8.28-ны өдөр 12 давхар барилгын карказ угсралтыг хийхээр гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүнг 621 539 000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээгээр угсралтын ажлыг 2015.08.01-нээс эхлэн гүйцэтгэж 2016.08.01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр заасан. С ХХК нь ажлыг хугацаандаа хийж хүлээлгэн өгсөн. Б ХХК нь төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй. Удаа дараа шаардсан ч удаашруулсан.Төлбөрт тооцон арматур төмөр, байр, блок, машин нийт 441 721 500 төгрөгийн авлага авсан. Улмаар 2017.12.31-ний өдөр тооцоо нийлж нийт 179 817 500 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн.  Голомт банкны дансаар 2018.5.4-ны өдөр 54 000 000 төгрөгийн төлбөр орж ирсэн тул үлдэгдэл 125 817 500 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2015.8.28-нд “С” ХХК-тай гэрээ байгуулсан. Захиалагчийн санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс төлбөр тооцоог хийхэд хүндрэл гарч байсан ч тухай бүрд нь санхүүжилтийг хийсэн. Гэвч нэхэмжлэгч нь санхүүжилт хийгдээгүй гэж барилгын ажлыг удаашруулж хохироосон. Нэхэмжлэгч нь манай 380В-ын арматур тасдагч, арматур матагч тус бүр 4 200 000 төгрөгийн үнэтэй нийт 8 400 000 төгрөгийн төхөөрөмж авсан. Мөн арматур тасдагчийн шатсан моторыг орооно гэж 200 000 төгрөг авсан. Карказ угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр 2016.8.03-нд 6 950 000 төгрөгийн хар фанер брусс мод, хэв хашмалын төмөр утас, 9.13-нд 6 950 000 төгрөгийн хар фанер брусс мод, хэв хашмалын утас зэрэг материалыг манайхаар авахуулж ажлыг дуусгасан. 2017 оны 5 сард ажлаа хийж дуусгах шаардлагыг тавьсан ч хийхгүй, ажиллах хүч байхгүй, өөр газар ажилтай гэх зэрэг шалтаг тоочиж хийж гүйцэтгээгүй. Бид  туслан гүйцэтгэгч Ц.Сэргэлэнгийн бригадаар орон сууцны 60 ширхэг, шатны хонгилын 12 ширхэг, нийт 72 ширхэг тагтны хашлага цутгалтын ажлыг хийлгээд 7 200 000 төгрөг төлж карказ угсралтын ажлыг дуусгуулсан. Нэхэмжлэгчээс гарсан доголдлыг засахыг шаардахад тухай бүрт засаагүйгээс компанид төлөвлөөгүй 6 347 675 төгрөгийн зардал гарсан. “Интеллект тауэр” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд барилга дээр хяналт хийх явцдаа барилгын үндсэн бүтээцэд аюултай байдал үүссэн, ажиллуулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. “С” ХХК-ийн захирал Ц.Баярсайханд хэлж гарсан төлбөрөөс хасч тооцохыг мэдэгдсэн. Гарсан зардал “Реконстракшн төв”-д 3 000 000 төгрөг, “Топкад” ХХК-д 660 000 төгрөг, барилгын материалын төлбөрт 756 500 төгрөг, Заслын ажлын төлбөр 1 057 536 төгрөг, учруулсан хохирол 27 165 863 төгрөг, бараа материал, тоног төхөөрөмжийн төлбөр 22 500 000 төгрөг, нийт 49 665 863 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцуулан, 76 151 637 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “Б” ХХК-иас /РД:5971551/ ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 125 817 500 төгрөг гаргуулан, “С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 787 050 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Д.Гийг оролцуулаагүй, шүүхэд тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй. Хариуцагчийн өмгөөлүүлэх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 125 817 500 шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “... нэхэмжлэгч нь барилгын ажлыг доголдолтой гүйцэтгэснээс компанид 49 665 863 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлыг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох ёстой” гэж маргажээ. /хх-ийн 1-2, 32-34/

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг бүрэн мэтгэлцүүлж, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангасан гэх байдал хэргийн баримтаас тогтоогдохгүй байна. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй.

 

Анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарч, мөн өдөр шүүх хуралдаан товлогдсон нь зохигчид шүүх хуралдаанд бэлтгэх боломжит хугацаа олгоогүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзнэ. /хх-ийн 27/ Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талд хэргийн материал танилцуулж, хариуцагч хэргийн материалтай огт танилцаагүй, хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзнэ. /хх-ийн 119/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгч Д.Гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД