Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00815

 

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/00815

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг 9 хороо, 7 хороолол, 281 Хоймор оффис ... тоотод байрлах “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 15 хороо, Бумба гранд хотхон, ... тоотод байрлах, “Б” ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 125.817.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б /0983/, гэрч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь цутгамал төмөр бетон карказан барилга угсралтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. 2015-8-28-ны өдөр “Б” ХХК-тай Баянгол дүүрэг, 4 хороонд гаалын ерөнхий гзарын ажилчдын 12 давхар барилгын карказ угсралтыг хийж тохиролцохоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 621.539.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барилгын карказ угсралтын ажлыг 2015-08-01-нээс эхлэн гүйцэтгэж 2016-08-01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээний нөхцөлд заасны дагуу манай компани заасан хугацаанд карказ угсралтын ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж тухайн ажлыг хүлээлгэн өгсөн боловч Б ХХК нь гэрээний төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлөөгүй, удаа дараа шаардсан боловч өнөөдөр, маргааш өгнө төлбөрийн оронд байр өгнө гэх зэргээр удаашруулж ирсэн. Гэрээний төлбөрт тооцон арматур төмөр, байр, блок, машин болон нийт 441.721.500 төгрөгийн авлага авсан.Улмаар 2017-12-31-ний өдөр Б ХХК-тай тооцоо нийлж дээрх бүгд авсан, өгсөн тооцоог тулган нийт 179.817.500 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2018-5-4-ний өдөр Голомт банкны дансаар 54.000.000 төгрөгийн төлбөр орж ирсэн тул үлдэгдэл төлбөр 125.817.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барилгын карказ угсралтын ажлыг бүрэн биелүүлж хүлээлгэн өгсөн боловч Б ХХК-н гэрээний төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байна. Гэрээний нийт төлбөрөөс 441 791 500 төгрөгийг авч 2017 оны 12 дугаар сарын 31-нд хариуцагчтай тооцоо нийлж үлдэгдэл 179 817 500 төгрөг үлдсэн боловч 2018 оны 5 дугаар сарын 4, 14-нд хоёр удаагийн гүйлгээгээр 54 000 000 төгрөгийн төлсөн тул 125 817 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Улсын комисс хүлээж авах явцад энэхүү доголдол гарсан байдаг. Гэтэл улсын комисст зөвхөн манай гүйцэтгэсэн карказын ажлыг хийж гүйцэтгэдэггүй юм. Тухайн барилгыг иж бүрнээр нь хүлээлгэн өгдөг. Сантехник, цахилгаан, дулаан, техник, тоног төхөөрөмж, шал, хаалга гэх зэрэг үндсэн шаардлага хангасан тохиолдолд улсын комисс давхар болгоны карказын ажлыг хийж гүйцэтгэж хүлээж авдаг. Тухайн үед хүлээлгэж өгөөд захиалагч талаас хяналтын инженер оруулаад бүрэн хүлээгээд авсны дараа инженерийн шугам сүлжээний бүх ажлууд хийгдсэн байгаа. Хэрвээ тухайн үед засварын ажил оруулсан бол манай талд мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл тухайн үед ямар нэгэн байдлаар Сүрлэг Уул ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээс татгалзах, ажлаа хүлээлгэж өгөөгүй явчихсан зүйл байхгүй. Тооцоо нийлэхдээ хүртэл захирал нь хоорондоо ямар нэгэн байдлаар доголдлыг талаар огт хэлээгүй бөгөөд шүүхийн шатанд ирээд үлдэгдэл төлбөр нэхэхэд танайх чанарын шаардлага хангаагүй, дам нуруу нь хазайлттай, ан цав үүссэн гэх зэрэг асуудлууд яриад эхэлсэн. Тухайн үед үнэхээр ажлын доголдолтой байсан бол тэр асуудлыг тавих эрх нь нээлттэй байсан. Эрхээ хэрэгжүүлээгүй мөртлөө төлбөр тооцооны асуудал гарахад ийм баримтууд гаргаж ирээд байгаа нь үндэслэлгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2015 оны 8 дугаар сарын 28-нд “С” ХХК-тай Баянгол дүүргийн 3 хороонд байрлах, гаалын ерөнхий газрын 60 айлын орон сууц болох 12 давхар барилгын карказ угсралтын ажлыг материалтай нь хамт хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Уг барилга нь төмөр бетон карказ, гадна дүүргэлтийн хана нь бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлийг хослуулсан барилга бөгөөд карказ угсралтын ажилд нил суурь, зоорийн давхар, 1-12 давхар, техникийн давхар, парпед, тагт, тагтны түшиц хана, гадна довжоо, шат зэрэг төмөр бетон орсон ажлууд багтсан байсан.Ажил гүйцэтгэх 2015 оны 8 сарын 28-ны өдрөөс 2017 оны 8-р сарын хугацааны явцад захиалагч байгууллагын санхүүжилт цаг тухайдаа хийгдээгүйгээс шалтгаалан гэрээний төлбөр тооцоог хийхэд хүндрэл гарч байсан ч “С” ХХК-тай тухай бүрд нь харилцан тохиролцож санхүүжилтийг хийж байсан. Гэвч барилгын ажил гүйцэтгэж байх хугацаандаа тус компани нь санхүүжилт хийгдээгүй удааширсан зэрэг байдлаар шалтаглан барилгын ажлыг зогсоох, санаатайгаар удаашруулах зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж байсан тул манайд хохирол учирсан. Нэхэмжлэгч нь барилгын ажил эхлээд удаагүй байхад тоног төхөөрөмж болох арматур тасдагч, арматур матагч хангалтгүй байсан учир компаний захиралууд ажлын гүйцэтгэл төлбөрөөс хасуулахаар аман тохиролцоо хийж, манай байгууллагын 380В-ын арматур тасдагч, арматур матагч тус бүр 4.200.000 төгрөгийн үнэтэй нийт 8.400.000 төгрөгийн тоног төхөөрөмж авсан. Мөн арматур тасдагчийн шатсан моторыг орооно гэж 200.000 төгрөг бэлнээр авсан. 2016 оны 8 сараас 11 сарын хугацаанд барилгын карказ угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр болоход 6 давхараас дээш 7 давхрын угсралтын ажил хийхэд үндсэн материал авах мөнгөгүй гээд ажил явуулж чадахгүй, материал авч өгвөл ажлаа үргэлжлүүлж хийнэ гээд 2016 оны 8 сарын 03-нд 6.950.000 төгрөгийн хар фанер, брусс мод, хэв хашмалын төмөр утас, 9 сарын 13-нд 6.950.000 төгрөгийн хар фанер, брусс мод, хэв хашмалын утас гэх зэрэг материалыг манай компаниар авахуулж 7-12 дугаар давхар, техникийн давхрын карказ угсралын ажлыг дуусгасан. 2017 оны 5 сард барилга угсралтын ажил үргэлжлүүлэхэд барилгын тагтны хашлага, довжоо, шат цутгах ажлаа хийж дуусгах шаардлагыг удаа дараа тавьсан ч хийхгүй, ажиллах хүч байхгүй, өөр газар ажилтай гэх зэрэг шалтаг тоочиж дээрх ажлуудыг хийж гүйцэтгээгүй. Бид гаалын ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу ажлаа дуусгавар болгохын тулд 10-12 дугаар давхар, техникийн давхрын карказ угсралтын ажлыг хийж дуусгасан тус компанийн туслан гүйцэтгэгч Ц.Сэргэлэнгийн бригадаар орон сууцны айлуудын 60 ширхэг, шатны хонгилын 12 ширхэг, нийт 72 ширхэг тагтны хашлага цутгалтын ажлыг хийлгээд нийт 7.200.000 төгрөгийн төлбөрийг төлж карказ угсралтын ажлыг хийж дуусгуулсан. Нэхэмжлэгч компанийн барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх явцад гарсан карказ угсралтын алдаа дутагдал, доголдлыг тухай бүрд нь хэв халшмалыг хуулсны дараагаар засварлах арга хэмжээ аваагүйгээс үүдэн гарсан бетоны илүүдэл, гажиг доголдлыг засахыг удаа дараа хэлж, шаардахад тухай бүрт шалтаг, зовлон тооцож засч залруулаагүй. Энэ нь улмаар дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл учруулж байсан тул дотор заслын гэрээт бригадаар нэмэлт ажлын гэрээ хийж бетоны доголдлыг засч залруулан компанид төлөвлөөгүй 6.347.675 төгрөгийн зардал гаргаж хохирол учруулсан. Манай компани гаалын ерөнхий газрын захиалгатай орон сууцны барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө 2017-10-05-нд зураг төслийн “Интеллект тауэр” ХХ-иас зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргуулахаар хандахад зураг төсөл зохиогчдийн хяналтыг сүүлийн байдлаар барилга дээр ажиллах болсон. “Интеллект тауэр” компаний инженер, техникийн ажилтнууд барилга дээр хяналт хийх явцдаа барилгын үндсэн бүтээц /карказ/-д 7-11-р давхрын хучилт, дам нуруу хотойж аюултай байдал үүссэн гэсэн дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн тул улсын комисс ажиллуулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан тул энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгчид компаний удирдлагад хэлж гарсан зардлыг гэрээний төлбөрөөс хасч тооцох тухай мэдэгдсэн. Бид төсөл зохиогч “Интеллект тауэр” компаний шаардсаны дагуу мэргэжлийн хяналтын газар, ШУТИС БАС-ийн оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв-д хүсэлт гарган хэмжилт хийлгэж дүгнэлт гаргахаар болсон. Мэргэжлийн хяналтын газар, Реконстракшн төвийн гаргасан дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байна, хэмжилт хийсэн багана, дам нуруу, хучилт нь хангалтгүй гэсэн учир дахин 7-11-р давхруудад багана, хучилт, дам нурууг бүхэлд нь хэмжиж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн тул “Топкад” ХХК-иар 1 удаа, БАС-ийн оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөр 2017-10-16, 2017-11-7, 2017-11-13-нд тус тус 3 удаа хэмжилт хийлгэн дүгнэлт гаргуулсан. Дээрх байгууллагуудын дүгнэлтээр барилга угсралтын явцад хучилт, дам нурууны бүтээцийн хотойлт нь хэв хашмал, тулаасны алдаанаас болсон гэж үзсэн байдаг. Дүгнэлт гаргуулахад Реконстракшн төвд 3.000.000 төгрөг,  “Топкад” ХХК-д 660.000 төгрөг, барилгын материалын төлбөрт 756.500 төгрөг, Заслын ажлын төлбөрт 1.057.536 төгрөгийн зардал гарсан бөгөөд тус компанитай хийсэн гэрээний 2.3, 4.2.13, 4.2.14-т заасныг үндэслэн манай компанид учруулсан хохирол 27.165.863 төгрөг, бараа материал, тоног төхөөрөмжийн төлбөр 22.500.000 төгрөг, нийт 49.665.863 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцуулан, үлдэгдэл 76.151.637 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ажил гүйцэтгэх гэрээг байгуулса, гэрээний үнийн дүнтэй холбоотой ажлыг Сүрлэг уул ХХК хийж гүйцэтгэсэн. Гэхдээ энэ хугацаанд төлбөр тооцооны асуудлыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зөвхөн төлбөр тооцооны асуудлаар харилцан тохиролцож тооцоо нийлэхэд 179 817 500 төгрөгийн тооцоо үлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд ерөнхий гүйцэтгэгчтэй нэгэн адил улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл нэгэн адил үүрэг хүлээхийг гэрээгээр тохиролцсон. Улсын комисст хүлээлгэн өгөхөд доголдолууд гарч эхэлсэн тул үүнтэй холбоотойгоор нэмэлт 49 665 463 төгрөгийн ажлыг хийсэн. Доголдол гарсан тохиолдолд буруутай тал нь арилгахаар гэрээнд тохиролцсон тул 49 665 463 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох ёстой. Гэрээ байгуулагдсанаас хойш 2015 онд 60 000 000 төгрөгийг Б ХХК-ийн зөвлөх н.Энхтүвшин нь н.Баярсайхан гэдэг хүнд бэлнээр ямар нэгэн баримтгүйгээр өгсөн байгаа. Үүнийгээ өмнөх шүүх хуралдаан дээр ч хэлсэн байгаа. Тооцоо нийлсэн акт бол 2017 онд хэдэн төгрөгийг  өглөг, авлаг байна, нийт тооцоо хэд болсон талаар нийлсэн. 60 000 000 төгрөгийг өгсөн байгаа учир үүнийг бас хасуулна. Үлдэгдэл мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Тухайн үед зөрчил гарсан талаар Баярсайхан захиралд мэдэгдээд явсан учир Баярсайханыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан. Талуудын хооронд 2015 оны 12 дугаар 31-ний өдөр хийгдсэн тооцоо нийлсэн акт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан баримт мөн үү, талууд ажил гүйцэтгэх болон ямар нэгэн гэрээний явцад үүссэн өр авлагыг баталгаажуулж, хоёр талын нягтлан бодогч гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн эрх зүйн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтанд зөвхөн нэхэмжлэгчийн тамга дарагдсан, хариуцагчийн тамга байхгүй байна. Санхүүгийн тэмдэг дарагдаагүй байна. Мөн нягтлан бодогч-г гээд өөр хүн гарын үсэг зурсан байна. Талуудын хооронд ажил хэргийн энгийн сайхан харилцаа байсан, Баярсайханд 2015 онд 60 000 000 төгрөгийг төлсөн, зөвхөн 2017 оны баримт гаргаж ирээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс 18 161 637 төгрөгийг төлөхөд маргахгүй. 125 817 500 төгрөгөөс 49 665 863 төгрөгийг хасаад, 78 161 637 төгрөг гарч байгаа. Үүнээсээ 2015 онд авсан 60 000 000 төгрөгийг хасахаар 18 161 637 төгрөг гарч байгаа. Улсын комисс хүлээж авахдаа дүгнэлт гаргуулж, комиссын гишүүд өөрсдөө хэмжээд дүгнээд, энэ дамнуур буруу хийгдсэн байна, үүнийг засаж өг гэдгийг мэргэжлийн байгууллагад дүгнэлтээ гаргасан нь хэрэгт авагдсан байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар энэ бол ажил гүйцэтгэх, үйлчилгээний доголдлыг зассан зардлыг шаардаж байгаа. Татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж байгаа гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан БГА-2015/08А дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 125.817.500 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...БГА-2015/08А дугаартай гэрээгээр тохиролцсон карказ угсралтын ажлаа хийж хүлээлгэн өгсөн, гэрээгээр тохиролцсон төлбөрийг буюу хийсэн ажлын хөлсийг төлөөгүй тул хоёр тал 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэгдэлийг 179.817.500 гэж тохирсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 04-нд 50 сая төгрөг, 5 дугаар сарын 14-нд 4 сая төгрөг тус тус төлсөн тул ажлын хөлсний үлдэгдэл шаардаж байна... гэж тайлбарласан.

Хариуцагч тал татгалзлаа ...ажил гүйцэтгэх гэрээ байгуулсанд маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 49.665.863 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгч компани карказ угсралтын ажил гүйцэтгэж байхдаа манай компаний хөрөнгөөр тоног төхөөрөмж, хар фанер, брусс мод, хэв хашмалын төмөр утас зэргийг авахуулж байсан, улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө зураг төслийн “Интеллект тауэр” компаниас зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргуулахаар барилга дээр ажиллахад гарсан зөрчлийг арилгуулах, засварлах, дүгнэлт гаргуулахад гарсан зардал, компанид учруулсан хохирол зэрэгт нийт 49.665.863 төгрөгийг хасч тооцуулах хүсэлттэй... гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг О.Энхбаярт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр нэг жилийн хугацаатай /хх-150/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг компаний захирал нь өмгөөлөгч Ч.Атарболдтой байгуулсан /хх-13-14/, хариуцагч “Б” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлж оролцох эрхийг Ц.Эрдэнэчулуунд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр хугацаагүй /хх-31/ олгосон байх бөгөөд өмгөөлөгчөөр О.Баясгаланг оролцуулах хүсэлтийг компаний захирал бичгээр гаргасан байна /хх-156/.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БГА-2015/08А дугаартай гаалийн ерөнхий газрын албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажлын гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч “С” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд гаалийн ерөнхий газрын албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төсөвт өртөг, график, төлөвлөгөөний дагуу 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна. Харин хариуцагч “Б” ХХК нь захиалагчийн хувьд ажлын хөлс 621.539.000 төгрөгийг барилга угсралтын ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрснээр санхүүжилтийн 30 хувь болох 186.461.700 төгрөгийг, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрснээр санхүүжилтийн 30 хувь болох 186.461.700 төгрөгийг, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрснээр санхүүжилтийн 30 хувь болох 186.461.700 төгрөгийг, барилгын ажлыг хүлээлгэн өгснөөр санхүүжилтийн 5 хувь болох 31.076.950 төгрөгийг, барилга угсралтын ажлыг хүлээлгэж өгсний дараа барилгын баталгаат хугацааны 5 хувь болох 31.076.950 төгрөгийг гэсэн хуваарийн дагуу санхүүжилтийг бүрэн хийж дуусгахаар үүрэг хүлээсэн байна /хх-7-8/.

 

Зохигчийн дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг болно.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж гаалийн ерөнхий газрын албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа зохигчид 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр БГА-2016/08А дугаартай буюу ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулсан байх болов уг гэрээний агуулга нь 2015 онд байгуулагдсан БГА-2015/08А дугаартай гэрээний агуулга адилхан байх бөгөөд гагцхүү гүйцэтгэх ажлын хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэж тохирсон байна /хх-36-39/.

 

Хэргийн үйл баримтаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “С” ХХК нь гаалын ерөнхий газрын албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчид буюу захиалагчид 2017 оны 8 дугаар сард хүлээлгэн өгсөн, барилга байгууламжийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/551 дугаартай улсын комиссын дүгнэлтээр зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн гэж үзэн байнгын ашиглалтад оруулсан байх бөгөөд хариуцагч буюу захиалагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг гүйцэт төлөөгүй, 2017-12-31-ний өдрийн тооцоогоор үлдэгдэл төлбөрийг 179.817.500 төгрөг гэж тооцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон байна /хх-71-74, 11/.

 

Гагцхүү хариуцагч тал буюу захиалагч нь гүйцэтгэгч компаний хийсэн ажлыг засварлахтай холбоотой нэмэлт зардал гарсан, ирж ажлаа дуусгаж засварлах талаар удаа дараа шаардсан боловч ирээгүй тул гуравдагч этгээдээр засварын ажил хийлгэсэн, үүнтэй холбоотой гарсан нэмэлт зардлыг хасч тооцуулахаар маргасан.

 

Зохигчийн гэрээнд зааснаар буюу 2.3-т “баталгаат хугацаанд гарсан тухайн ажлын гүйцэтгэл, чанартай холбоотой аливаа эвдрэл, гэмтлийг гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр үнэ төлбөргүй хуанлийн 10 хоногийн дотор засварлаж өгнө”, 4.1.3-т “захиалагч нь ажил гүйцэтгэж буй материалын чанар, зарцуулалтад хяналт тавьж, ...чанарын шаардлага хангаагүй материалаар гүйцэтгэсэн нь тогтоогдсон тохиолдолд гүйцэтгэгчийн зардлаар дахин хийлгэх эрхтэй”, 4.1.4-т “ажлыг актаар хүлээн авсны дараа гарсан эвдрэл гэмтэл нь тухайн ажлыг зураг төсөв, технологийн дагуу гүйцэтгээгүйгээс гарсныг захиалагч болон гүйцэтгэгч талын төлөөлөгч хамтран шалгаж тогтоосон эсвэл мэргэжлийн экспертизийн байгууллага тогтоовол гэмтлийг өөр мэргэжлийн байгууллагаар засуулж гарсан зардлыг гүйцэтгэгчээс нэхэмжлэх буюу гүйцэтгэгч өөрийн зардлаар сэргээн засварлана, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тохиролцжээ /хх-7/.

 

Гэтэл ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн 2017 оны 10 дугаар сарын 16-нд гаргасан дүгнэлтээр ...барилгын төмөр бетон каркасын бетоны бат бөх В20-В25 ангийн бетоны шаардлагыг хангаж байна, бүтээцүүдийн хэв гажилт БНБД-д заасан шаардагдах хэмжээн дотор байна, ан цав байхгүй байна, бүтээцийн арматурчлал зураг төслийн дагуу арматурчлагдсан. Зарим хучилтын хавтангийн дээд хэсгийн хамгаалалтын бетоны үеийн зузаан зураг төслөөс их байна... гэжээ /хх-49-56/,

барилгын зураг төслийн “Интеллект тауэр” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийн барилга бүтээц ...тус барилгын төмөр бетон бүтээцийн цутгалтын ажил 2015 оны 8-р сараас эхлэн хийгдсэн, нийт 10 удаа зохиогчийн хяналт хийсэн, 2017-10-05-ны өдөр барилгын 7-11 давхрын зарим хэсгийн хучилт дамнуруу хэвийн хэмжээнээс их /50 мм хүртэл/ хотгор хийгдсэн нь ажиглагдсан, иймд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шаардлага тавьсан гэжээ /хх-62-70/,

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10-р сарын 19-ний өдрийн 02-07-089/1123 тоот дүгнэлтэд ...Реконстракшн төвийн тайлангийн хуудас 4-д тодорхойлсон дам нурууны хотойлт нь барилгын норм ба дүрэм цутгамал бетон, төмөр бетон бүтээц БНБД 52-02-05-ын 14.2 хүлээн авах цутгамал төмөр бетон бүтээцийн овор хэмжээний хүлцэл нь 13 дугаар хүснэгтэнд зааснаас хэтрээгүй байвал зохино заалтыг хангаж хүлцэл хэмжээнд байна. Төмөр бетон каркасын 8-11 дүгээр давхарын хучилтын хавтангийн дээд үеийн арматурын хамгаалалтын бетон үеийн зузаан 20-80 мм байна гэж дүгнэсэн бөгөөд барилгын норм ба дүрэм цутгамал бетон, төмөр бетон бүтээц БНБД 52-02-05-ын 3.6 ...хамгаалалтын үеийн зөрүүгийн хязгаарыг 4-р хүснэгтэд зааснаар авбал зохино, 3-4-В-С, 2-3-С-D зөрчигдсөн байна... гэсэн дүгнэлтүүд гарсан байна /хх-47-48/.

 

Дээрх байгууллагуудын дүгнэлт 2017 оны 10-р сарын 16, 11-р сарын 14, 10-р сарын 19-ний өдрүүдэд гарсан байхад зохигчид 2017 оны 12-р сарын 31-ний өдөр хийсэн  ажлын хөлсний үлдэгдэл тооцоог дүгнэж 179.817.500 төгрөг гээд “С” ХХК нь “Б” ХХК-иудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулсан, хариуцагчаас нэхэмжлэгчид 2018 оны 05-р сарын 04-нд 50.000.000 төгрөг, 5-р сарын 14-нд 4.000.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан мемориалын 386992, 642877 дугаартай баримтаар тогтоогдож байна /хх-11, 9-10/.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчийн шаардлага гаргах эрхийг зохицуулсан боловч ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд уг зохицуулалт хамаарахаар байна. Гэтэл хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдлын талаар нэхэмжлэгч талд шаардлага гаргасан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор шаардлага гаргахаар хугацаа заасан. Өөрөөр хэлбэл зохигчид 2015-08-28-ны өдөр гаалын ерөнхий газрын албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг 2016-08-01-ний өдөр дахин байгуулсан, гэрээнийн 5-д тохирсон баталгаа нь хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн ажлын үр дүнгийн баталгаа биш, гэрээний 4.1.4-т буюу захиалагчийн эрх үүрэгт ...захиалагч болон гүйцэтгэгч талын төлөөлөгч хамтран шалгаж тогоосон ...гэмтлийг өөр мэргэжлийн байгууллагаар засуулж гарсан зардлыг гүйцэтгэгчээс нэхэмжлэх буюу гүйцэтгэгч өөрийн зардлаар сэргээн засварлана, учруурлсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тохирсон.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2017 оны 10-р сарын 19-ний өдөр гарсан байх бөгөөд гүйцэтгэгч талын ажлыг шалгахдаа гүйцэтгэгчээс оролцуулаагүй, догодол чанарын талаар гэрээнд хугацаа заагаагүй, гэрээний 4.1.4-т хугацаа заагаагүй байх тул Иргэний хуулийн 349.1-д зааснаар мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй танилцсанаас хойш 6 сарын дотор шаардлага гаргах эрхтэй байжээ.

 

Хариуцагч тал гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүнгийн талаар шаардлага гаргаагүй боловч гүйцэтгэсэн ажлын доголдол, зөрчлийг гуравдагч этгээдээр засварлуулсан зардал хохирлыг ажлын хөлснөөс харилцан тооцож хасуулах тухай татгалзсан тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах...” зарчмыг шүүх хөндөх эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлэн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх нь уг гэрээний талуудын тохиролцоо байхад ажлын хөлснөөс хохирол тооцон хасах, үндсэн нэхэмжлэлийн хамт харилцан тооцуулах сөрөг шаардлага гаргаагүй байхад шүүх гэрээний эрх чөлөөг зөрчих нь хуульд үл нийцнэ.

 

Тиймээс нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд зохигчдын тайлбар нь өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрчээр А.Золзаяагаас гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр авсан ба гэрч нь гаалын ерөнхий газрын 60 айлын орон сууцны барилгын дотор шавардлага, хана таазны хар, цагаан замаскны ажил хийж гүйцэтгэх явцдаа нэмэлт гэрээ тохиролцоогоор каркасын ажлын алдааг засварлах ажил хийж гүйцэтгэсэн талаар, уг ажлыг Б ХХК-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгэсэн талаар мэдүүлж /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/ байх боловч хэрэгт авагдсан баримтаар 2016-10-12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч нь А.Золзаяатай байгуулсан /хх-84-87/ А.Золзаяагийн замаск татах боломжгүй шаврын ажлаар тэгшилгээ хийж гаргахаар болсон тул нэмэлт гэрээгээр гүйцэтгэх тухай хүсэлтийг 2016-10-18-ны өдөр гаргасан байхад ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн дүгнэлт 2017 оны 10 дугаар сарын 16-нд, “Интеллект тауэр” ХХК-ийн дүгнэлт 2017 оны 11 дүгээр сарын 14-нд, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт 2017 оны 10-р сарын 19-нд тус тус гарсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хариуцагч тал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарласан боловч зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон бөгөөд гэрээнээс татгалзсан талаар шаардлага гаргаагүй, дээрх хуулийн зохицуулалт нь гэрээний нэг тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг тодорхойлсон байхад ажил гүйцэтгэх гэрээний талуудын хүлээсэн үүрэг биелэгдсэн, ажлын үр дүнг хүлээн авсан тохиолдолд хэлэлцэн тохирсон ажлын хөлсөө шаардаж байгааг гэрээнээс татгалзсан гэж эсхүл гүйцэтгэсэн ажлын доголдолыг арилгахтай холбоотой гарсан зардал нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол ч гэж дүгнэх боломжгүй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх нь ерөнхий үүрэг тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч буюу хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 787.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 787.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2018/10768 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав /хх-18/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 349 дүгээр зүйлийн 349.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б” ХХК -иас гүйцэтгэсэн ажлын хөлс 125.817.500 /нэг зуун хорин таван сая найман зуун арван долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 787.050 /долоон зуун наян долоон мянга тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн авж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2018/10768 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.Я