Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2748

 

                               

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02748                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 125,817,500 /нэг зуун хорин таван сая найман зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баярсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.     

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь цутгамал төмөр бетон карказан барилга угсралтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Б” ХХК-тай Баянгол дүүрэг, 4 хороонд ГЕГ-ын ажилчдын 12 давхар барилгын карказ угсралтыг хийж тохиролцохоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 621.539.000 төгрөг байхааар 2 тал харилцан тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барилгын карказ угсралтын ажлыг 2015.08.01-нээс эхлэн гүйцэтгэж 2016.08.01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээний нөхцөлд заасан. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу С ХХК нь заасан хугацаанд карказ угсралтын ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж тухайн ажлыг хүлээлгэн өгсөн боловч Б ХХК нь гэрээний төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн төлөөгүй байна. Удаа дараа шаардсан ч өнөөдөр, маргааш өгнө төлбөрийн оронд байр өгнө гэх зэргээр удаашруулж ирсэн. Гэрээний төлбөрт тооцон арматур төмөр, байр, блок, машин болон нийт 441.721.500 төгрөгийн авлага авсан. Улмаар 2017.12.31-ний өдөр Б ХХК-тай тооцоо нийлэн дээр бүгд авсан өгсөн тооцоог тулган нийт 179.817.500 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2018.5.4 -ны өдөр Голомт банкны тоот дансаар 54.000.000 төгрөгийн төлбөр орж ирсэн тул үлдэгдэл төлбөр 125.817.500 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2015 оны 8 дугаар сарын 28-нд “С” ХХК-тай Баянгол дүүргийн 3 хороонд байрлах ГЕГ-ын 50 айлын орон сууц болох 12 давхар барилгын карказ угсралтын ажлыг материалтай нь хамт хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Уг барилга нь төмөр бетон карказ, гадна дүүргэлтийн хана нь бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлийг хослуулсан барилга бөгөөд карказ угсралтын ажилд суурь, зоорийн давхар, 1-12 давхар, техникийн давхар, парпед, тагтны түшиц хана, гадна довжоо, шат зэрэг төмөр бетон орсон ажлууд байсан. Ажил гүйцэтгэх 2015 оны 8 сарын 28 өдрөөс 2017 оны 8 сарын хугацааны явцад захиалагч байгууллагын санхүүжилт нь цаг тухайдаа хийгдээгүйгээс шалтгаалан гэрээний төлбөр тооцоог хийхэд хүндрэл гарч байсан ч “С” ХХК-тай тухай бүрд нь харилцан тохиролцож санхүүжилтийг хийж байсан. Гэвч барилгын ажил гүйцэтгэж байх хугацаандаа тус компани нь санхүүжилт хийгдээгүй удааширсан байдлаар шалтаглан барилгын ажлыг санаатай удаашруулах үйлдлийг удаа дараа гаргаж доор дурдах хохирлыг манайд учруулсан. Нэхэмжлэгч нь барилгын ажил эхлээд удаагүй байхад тоног /арматур тасдагч, арматур матагч/ хангалтгүй байсан учир захирал Баярсайхан, Галт нар ажлын гүйцэтгэл төлбөрөөс хасуулахаар аман тохиролцоо хийж, манай байгууллагын 380В-ын арматур тасдагч, арматур матагч тус бүр 4,200,000 төгрөгийн үнэтэй нийт 8,400,000 төгрөгийн төхөөрөмж авсан. Мөн арматур тасдагчийн шатсан моторыг орооно гэж 200,000 төгрөг бэлнээр авсан. 2016 оны 8 сараас 2016 оны 11 сарын хугацаанд барилгын карказ угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр болоход 6 давхараас дээш 7 давхрын угсралтын ажил хийхэд үндсэн материал авах мөнгөгүй гээд ажил явуулж чадахгүй, материал авч өгвөл ажлаа үргэлжлүүлнэ гээд 2016 оны 8 сарын 03-нд 6,950,000 төгрөгийн хар фанер брусс мод, хэв хашмалын төмөр утас, 9 сарын 13-нд 6,950,000 төгрөгийн хар фанер брусс мод, хэв хашмалын утас гэх зэрэг материалыг манай компаниар тус тус авахуулж 7-12 дугаар давхар, техникийн давхрын карказ угсралын ажлыг дуусгасан. 2017 оны 5 сард барилга угсралтын ажил үргэлжлүүлэхэд барилгын тагтны хашлага, довжоо, шат цутгах ажлаа хийж дуусгах шаардлагыг удаа дараа тавьсан ч хийхгүй, ажиллах хүч байхгүй, өөр газар ажилтай гэх зэрэг шалтаг тоочиж дээрх ажлуудыг хийж гүйцэтгээгүй. Бид ГЕГ-тай хийсэн гэрээний дагуу ажлаа дуусгавар болгохын тулд 10-12 дугаар давхар, техникийн давхрын карказ угсралтын ажлыг хийж дуусгасан тус компанийн туслан гүйцэтгэгч Ц.Сэргэлэнгийн бригадаар орон сууцны 60 ширхэг, шатны хонгилын 12 ширхэг, нийт 72 ширхэг тагтны хашлага цутгалтын ажлыг хийлгээд нийт 7,200,000 төгрөгийн төлбөрийг төлж карказ угсралтын ажлыг хийж дуусгуулсан. Нэхэмжлэгч компанийн барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх явцад гасан карказ угсралтын алдаа дутагдал, доголдлыг тухай бүрд нь хэв халшмалыг хуулсны дараагаар засварлах арга хэмжээ аваагүйгээс үүдэн гарсан бетоны илүүдэл, гажиг доголдлыг засахыг захирал Баярсайхан, гүйцэтгэх захирал Ё.Галт, талбайн инженер Сүхцэрэн нарт удаа дараа хэлж шаардахад тухай бүрт шалтаг, зовлон тооцож засч залруулаагүй. Энэ нь улмаар дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл учруулж байсан тул дотор заслын гэрээт бригадаар нэмэлт ажлын гэрээ хийж бетоны доголдлыг засч залруулан компанид төлөвлөөгүй 6,347,675 төгрөгийн зардал гаргаж хохирол учруулсан. Манайх ГЕГ-ын захиалгатай орон сууцны барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө 2017.10.05-нд зураг төслийн “Интеллект тауэр” ХХ-иас Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргуулахаар хандахад зураг төсөл зохиогчдийн хяналтыг сүүлийн байдлаар гаргахаар барилга дээр ажиллах болсон. “Интеллект тауэр” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд барилга дээр хяналт хийх явцдаа барилгын үндсэн бүтээцэд \карказ\ 7-11-р давхрын хучилт, дам нуруу хотойж аюултай байдал үүссэн гэсэн дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн бөгөөд ажиллуулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Энэхүү нөхцөл байдлыг “С” ХХК-ийн захирал Ц.Баярсайханд хэлж гарсан төлбөрөөс хасч тооцох тухайгаа мэдэгдсэн. Бид төсөл зохиогч “Интеллект тауэр” ХХК-ийн шаардсаны дагуу МХГ, ШУТИС БАС-ийн оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв-д хүсэлт гарган хэмжилт хийлгэж дүгнэлт гаргахаар болсон. МХГ, “Реконстракшн” төвийн гаргасан дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байна, хэмжилт хийсэн багана, дам нуруу, хучилт нь хангалтгүй гэсэн учир дахин 7-11-р давхруудад багана, хучилт, дам нурууг бүхэлд нь хэмжиж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн тул хэмжилт, зураг төслийн “Топкад” ХХК-иар 1 удаа, БАС-ийн оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөр 2017.10.16, 2017.11.7, 2017.11.13-нд тус тус 3 удаа хэмжилт хийлгэн дүгнэлт гаргуулсан. Дээрх байгууллагуудын дүгнэлтээр барилга угсралтын явцад хучилт, дам бүтээцийн хотойлт нь хэв хашмал, тулаасны алдаанаас болсон дүгнэсэн. Дүгнэлт гаргуулахад гарсан зардал “Реконстракшн төв”-д 3,000,000 төгрөг,  “Топкад” ХХК-д 660,000 төгрөг, барилгын материалын төлбөрт 756.500 төгрөг, Заслын ажлын төлбөр 1,057,536 төгрөг, Тус коммпанитай хийсэн гэрээний 2.3, 4.2.134.2.14-т заасныг үндэслэн манайд учруулсан хохирол 27,165,863 төгрөг, бараа материал, тоног төхөөрөмжийн төлбөр 22,500,000 төгрөг, нийт 49,665,863 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцуулан, 76,151,637 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“С” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 125,817,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 76,151,637 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 49,665,863 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ 8,400,000 төгрөгийн төхөөрөмж авсан, 200,000 төгрөг бэлнээр авсан, 13,900,000 төгрөгийн хар фанер брусс мод, хэв хашмалын төмөр утас авсан гэж нийт 22,500,000 төгрөг, учруулсан хохиролд 27,165,863 төгрөг төлсөн гэж маргалаа.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д.Гандорж ирсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулна гэж тайлбарласан, төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

“С” ХХК нь “Б” ХХК-тай Баянгол дүүргийн 3 хороонд байрлах ГЕГ-ын албан хаагчдын орон сууцны барилгын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээний дагуу Хавтан суурь 522.9 м2 талбайн /1 м2-100,000 төгрөг/ ажлыг 26,145,000 төгрөг, 1-12 давхар болон техникийн давхрын тэнхлэг дагуух нийт 5530.34 м2 талбайн /1 м2-100,000 төгрөг/ ажлыг нийт 553,034,000 төгрөг буюу нийт гэрээний үнийн дүнг НӨАТ-тай 621,539,000 төгрөгөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 8 дугаар сард ажлыг хүлээлгэн өгсөн, барилга байгууламжийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/551 дугаар Улсын комиссын дүгнэлтээр зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн гэж үзэн байнгын ашиглалтад оруулсан байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.3-т баталгаат хугацаанд гарсан тухайн ажлын гүйцэтгэл, чанартай холбоотой аливаа эвдрэл, гэмтлийг гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр үнэ төлбөргүй хуанлийн 10 хоногийн дотор засварлахаар, гэрээний 4.1.3-т захиалагч нь ажил гүйцэтгэж буй материалын чанар, зарцуулалтад хяналт тавьж, чанарын шаардлага хангаагүй материалаар гүйцэтгэсэн нь тогтоогдсон тохиолдолд гүйцэтгэгчийн зардлаар дахин хийлгэх, 4.1.4-т актаар хүлээн авсны дараа гарсан эвдрэл, гэмтлийг талууд хамтран шалгаж тогтоосон, эсвэл мэргэжлийн экспертийн байгууллага тогтоовол учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тохиролцжээ.

 

ШУТИС-ын БАС-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр барилгын төмөр бетон карказын бат бөх В20-В25 ангийн бетоны шаардлага хангасан, бүтээцэд ан цав үүсээгүй, хэв гажилт шаардагдах хэмжээний дотор гэж дүгнэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн барилгын зураг төслийн “Интеллект тауэр” ХХК-ийн Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд 2015.08.31-ний өдрөөс эхлэн баригдсан давхар бүрт хяналт тавьж, 2017.10.06-ны өдөр барилгын 7-11 давхрын зарим хэсгийн хучилт дамнуруу хэвийн хэмжээнээс их /50 мм/ хотгор хийгдсэн гэж, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017.10.19-ний өдрийн 02-07-089/1123 тоот дүгнэлтэд 8-11 давхрын 3-4-В-С, 2-3-С-D зөрчигдсөн гэж дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчийн шаардлага гарах эрхийг зохицуулсан ба энэхүү шаардлагыг 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гаргахаар хугацаа заажээ.

 

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр хариуцагч нь доголдлын талаар гомдлын шаардлага гаргах байсан бөгөөд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй байдлаас дүгнэхэд энэхүү тооцоонд хариуцагчийн маргаж буй 49,665,863 төгрөг нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоогоор дээрх хугацаанд гаргасан зардал болон хохирлыг тооцсон талаархи нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Дээрх гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрснээр санхүүжилтийн 30 хувь болох 186,461,700 төгрөгийг, ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрснээр санхүүжилтийн 30 хувь болох 186,461,700 төгрөгийг, ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрснээр санхүүжилтийн 30 хувь болох 186,461,700 төгрөгийг, барилгын ажлыг хүлээлгэн өгснөөр 5 хувь болох 31,076,950 төгрөгийг, барилгын ажлыг хүлээлгэн өгсний дараа барилгын баталгаат хугацааны 5 хувь болох 31,076,950 төгрөгийг хийж, санхүүжилтийг дуусгах үүргийг хүлээжээ.

 

“С” ХХК нь “Б” ХХК-тай хийсэн гэрээт ажлын тооцоогоор хариуцагч 179,817,500 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тооцож, 2 компанийн нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулжээ.

 

Энэхүү тооцоо нийлснээс хойш “Б” ХХК-иас барилгын угсралтын ажлын төлбөрт 2018.05.04-ний өдөр 50,000,000 төгрөг, 2018.05.14-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь үлдэх 125,817,500 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 787,050 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “Б” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 125,817,500 /нэг зуун хорин таван сая найман зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулан, “С” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 787,050 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ