Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2020/00838

 

2020 оны 07 сарын 02 өдөр Дугаар 131/ШШ2020/00838 Баянхонгор аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох

Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаал, ******* дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******ыг ажпаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг тус тус хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Л.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номингоо нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие С.******* нь ******* ОНӨААТҮ газарт 2012 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж ирсэн юм. Ажиллаж байх хугацаандаа хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, гаргасан алдаа дутагдалгүй хамт олон, оршин суугчидтайгаа эв найртай ажилсаар ирсэн. Би ер нь хүнтэй маргалдая гэж боддоггүй. Урьд нь мөр зэрэгцээд ажиллаж байсан ачигч, жолооч хүртэл байгаа. Гэтэл 2018 оноос Баярмаа гэх хүн орон сууцны үйлчлэгч нарын ахлагчаар ирснээс хойш ажилчиддаа ялгавартай харьцахаас гадна, намайг хэл амаар доромжлох, цалингаас хүртэл худлаа үнэн шалтаг тоочиж байж хасуулсан. Сүүлийн үед доромжилж давшилж байгаа нь хэрээс хэтэрч юм л бол миний талаар худлаа ярих нь их болсон. Сая 2020 оны 03 дугаар сарын цалин 100.000 төгрөг хассан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд: 2-р сард 3 хоног ажил тасалсан, 3-р сарын 9-нд бас ажил тасалсан учраас гэж хэлсэн. Би 2-р сард бие өвдөөд үзүүлэхэд 3 хоногийн акт бичиг аваачиж өгсөөр байтал Баярмаа нь надад өгөөгүй болохоор тасаар авна гэсэн. Дараа нь 3-р сарын 9-нд ажлаа хийгээд угаасаа байрнаасаа үйлчилгээний дэвтэр дээр бичүүлсээр байтал намайг архи уусан мэтээр доромжилсон. Би сая 10-р байранд цэвэрлэгээ \3-р сарын эхээр хийгээд явж байтал 10-р байрны оршин суугчаас нэг хүн гарч ирээд та нар сайн цэвэрлэж байдаг, тэгтэл та нарыг шалгаад нэг хүүхэн явж байна лээ. Тэр хүүхэн сая надаас утсаар үйлчлэгч цэвэрлэгээ ямар хийж байна гэхээр нь сайн хийж байгаа гэтэл, үнэхээр сайн гэж үү гээд асуугаад байсан. Би юу гэж хүнийг хийгээгүй гэж худлаа хэлхэв дээ. Ер нь та нарыг шалгаад байдаг хүн чинь чамайг л лав хийдэггүй гэж хэлүүлэх гээд байдаг юм шиг байна лээ.. гэсэн.

Бас 74-р байранд очиж хүртэл худлаа юм бичүүлж авсан байна лээ Тэр байрныхан бол чамайг цэвэрлэгээ хийснээс хойш сайжирсан сайхан цэвэрлэсэн байгаад баярлалаа гэдэг юм. Ер нь бид нарын цэвэрлэдэг байрны тоо тэгш гэж байгаа боловч талбай бага, хүн ам цөөтэй. Зарим байр 5 айлынх байдаг байхад над мэтэд хүн ам нягтаршилтай гадна дотор талбай том ийм л байрнууд байдаг. Би бол өдөртөө байруудаа дийлэхгүй явахад Эрдэнэчимэг, Шинээ мэтийн улсууд ажпаа хийцэн, хийгээгүй нь мэдэгдэхгүй сар бүр урамшуулал авдаг. Би өдөр бүр цагаа бүртгүүлэх гээд ороход шүүр тосгуур барьж яваа мэтээр хашигчиж суудаг. Тэгээд авгай минь чам шиг юмтай юу ярихав дээ, ажлаас чинь халах гэж байгаа зул бөхөхийн өмнө бадамладаг юм гээд бах нь ханасан царайтай инээгээд сууж байсан. Энэ хүн намайг ингэж доромжилж байхад дарга нь намайг ойлгодоггүй. 4-р сарын 13-нд тушаал гаргасан гэхээр нь даргатай уулзсан чинь: Баярмаагаас уучлал гуй тэгвэл ажилд чинь авна гэсэн. Би энэ хүнээс хичнээн миний буруу байгаагүй ч гэсэн дандаа уучлал гуйдаг байсан. Өвөл бид нарт гутал авч өгсөн юм байна лээ. Байгууллагаас мөнгө нь гараад 1-р сард хурал дээр Баярмаагаас өмд гуталны мөнгөө асуухад гутал 35000 төгрөг, өмд 40000 төгрөг гэж ярьж байсан. Өмдийг нь бүр захиалж хийлгэсэн гээд бүр ичих ч үгүй ярьж байсан. Тэгтэл өмд нь бөөгнөрсөн нэг газмертай, одоо дотор тал нь урагдсан, комисс үнэртсэн үрчийсэн өмд байсан. Хаа сайгүй зарагддаг 8000-10000 үнэтэй гутал, ул нь хагарсан, оёосоороо задарсан ийм л юм авч өгсөн. Энэ хүнд хууль үйлчилдэггүй, надад болохоор хичнээн шудрагаараа яваа мөртөө ажлаас халагдаад байгааг ойлгохгүй байна. Зул бөхөхийн өмнө бадамладаг юм даа авгай минь гэж надруу залгаад доромжилсон. Ийм байдлаас болж би хэсэг дотроо нэр хүндгүй ганцаардмал зожиг болсон. Сүүлдээ нэг өрөөнд орж суухаас хүртэл айдаг болсон. Миний хувьд ажил тасалсан, ажлын байран дээр архи уусан. эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй учраас захирлын 2020 оны А/20. Б/11 тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд Баянхонгор аймаг ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай, ******* дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.******* миний бие ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 04 сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 сарын 04-ний өдөр хүртэл цалин 1.005.673 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахыг хүсэж байна..гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаал хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагаасаа татгалзаж байна. Харин бусад шаардлыг хүлээн зөвшөөрвөл эвлэрэх болно. Миний хувьд 2012 оны 12 сараас ******* орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газарт ажилласан. Энэ хугацаанд олон даргын нүүр үзсэн. 9 дэх жилдээ ажилласан. Баярмаа над руу хашигчиж элдвээр хэлдэг. Би Даргадаа хэлхээр чиний буруу чи дуугай яв гэдэг байсан. Баярмаа сүүлд намайг зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг авгай минь одоо чамайг тэртээ тэргүй ажлаас халах гэж байгаа. Чи ажил хийсний хэрэггүй гэсэн. Доромжлох болгонд нь дуугай байдаг байсан. 2020 оны 02 сарын 07-ны өдөр бие өвдөөд ханиад хүрээд гэртээ хэвтэж байхад актаа авчирч өг гэхэд нь бичиг хэргийн ажилтанд өгөөд явсан чинь орой нь залгаад чи актаа бичиг хэрэгт өгчиж байгаа юм уу надад өгөхгүй яасан юм. Та нар контор оффис руу орохгүй хэлэх юм байвал надад л хэлж байгаарай гэж дандаа дарамталдаг. 3 хоногийн акт бичиг хэрэгт өгөхөд 3 хоног тасалсан болгоод цалингийн 10% хассан. 3 сарын 9-нд би ажлаа хийгээд явж байхад архи уусан гэсэн. Аль ч байрны оршин суугчид та нарыг ахлаж байгаа хүн ямар сонин юм бэ ажлыг чинь зүгээр шалгаад явчихгүй шалгаагаад байдаг. Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 4 сарын 13-ны өдрөөс 7 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа нөхүүлж авмаар байна.. гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус газарт ажиллаж байсан С.******* нь орон сууцны үйлчилгээний ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа оршин суугч иргэдийхээ өмнөөс хэрэлддэг өөрийн зөрчил дутагдлын талаар хэлэхэд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, удирдлагын үгийг хүлээн авддаггүй, аливаа хурал зөвлөгөөнд хүндэтгэлтэй ханддаггүй, хаалга үүд саван гардаг, элдэв хэл амаар доромжилдог зэрэг ёс зүйн доголдол, зөрчлийг байнга гаргаж ажилладаг. Энэ байдлыг засаж залруулахын тулд өөртэй нь биечлэн уулзаж, алдаа дутагдлын талаар олон удаа ярилцаж засаж залруулах талаар бүхийл арга хэмжээг авч ажилласан боловч үр дүнгээ өгөөгүй өдийг хүргэсэн. Энэ нь байгууллага хамт олны дунд муугаар нөлөөлж, хамт олны дунд эвгүй уур амьсгалыг төрүүлсэн. Байгууллагын удирдлагын хувьд ажилтнуудаа ямар нэгэн байдлаар ялгаварлан үзэж, харьцсан удаа байгаагүй.2020 оны 01 сард ажлын 22 өдөртэй байсан бөгөөд 28-ны өдрөөр тасалбар болгон цагийн тооцоог гаргаж цалинг бүрэн оруулсан. 1 дүгээр сарын 29-31 ний өдрийн ажлын цагийг 2 дугаар сарын цагийн тооцоонд шилжүүлэн олгосон. С.******* ажил шалтгаангүйгээр тасалсан өдөр 74 дүгээр байрны оршин суугч Өлзийбадрах, Нандинчимэг нар авто грашаасаа машин гаргаж байхдаа ажлын цагаар ажлаа хийлгүй ажлын байран дээрээ архи ууж байсан талаар гомдол ирүүлсэн тул 10 хувиар 1 сарын хугацаатай хассан. С.******* ажилдаа хариуцлагагүй хандаж, оршин суугч иргэдээс хэл ам гарган, тэдэнтэй хэрэлдэж байнгын бүдүүлэг зан авир гарган, үйлчилгээний ажилтнуудтайгаа таарч тохирохгүй, хурал уулзалтаар нууцаар бичлэг хийдэг зэрэг үйлдэл нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул сахилгын шийтгэлийг давхардуулан олгосон...гэжээ. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ажилд орохоос өмнө С.******* манай байрны үйлчлэгч байсан. Орцонд таарахад хэлэх хэлэхгүй үгээр хэлж байсан. Ажлаа хүлээж авснаас хойш С.*******д би өдөр болгон хүнтэй эвтэй бай, хамт олонтойгоо эв найртай бай гэж байнга хэлдэг байсан. Хүнтэй таардаггүй. Өнөөдөр ч гэсэн шүүх хуралд нүүр нь улайхгүй худлаа ярьж байна. Ажлаас халах тушаал гарахад амралтын мөнгийг нь бодож тооцож гаргаж өгсөн. Би Баярмаатай очиж уулзаж уучлалт гуй гэж хэлж байгаагүй. С.*******ыг хамт олонтойгоо тойрч суугаад ярилц чиний буруу байвал хамт олноосоо уучлалт гуй гэсэн. С.*******тай ажилладаг 6-7 ажилтан С.*******тай таардаггүй. Байнга хов ярьдаг. Хамт олноороо суугаад хоол идэхээр С.******* гараад явчихдаг. Хурал хийгээд цуглаан дээр С.*******д чи ийм байна гэж хэлэхээр хаалга саваад гараад явчихна. 3-4 удаа ийм үйлдэл гаргаж байсан. С.*******д би зөндөө удаан анхаарал тавьсан. Цаашдаа энэ хамт олонд сөрөг хүн байлгах зохимжгүй гэж бодож байна..гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч С.******* нь Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаал, ******* дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******ыг ажпаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг тус тус хүсэн шаардсан. Шүүх хуралдааны шатанд Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 14-ний Б/11 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж байна. Учир нь ажилтан С.*******д удаа дараа сахилгын арга хэмжээ авсан байдаг. 2020 оны 02 сард сануулах, 2020 оны  03 сард цалингийн хувиар бууруулах арга хэмжээ авсан байдаг. 2020 оны 04 сарын 14 ний өдөр ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалууд энэ хүний гаргасан 1 зөрчилд хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримт албан бичгүүд өмнө нь арга хэмжээ авагдсан баримт гэж үзэж байна. Иргэдээс ирүүлсэн нотлох баримт гээд байгаа нь 2020 оны 01 сарын 29-ний өдөр, 2020 оны 01 сарын 31-ний өдөр  л гомдол ирсэн байна. Манай үйлчлүүлэгчийн яриад байгаа үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хэрэгт хэд хэдэн хурлын тэмдэглэл авагдсан байдаг. Зарим хурлын тэмдэглэл 2020 оны 02 сарын 05-ны өдрийн тэмдэглэл нь манай гомдлын шаардлагатай хамааралгүй нотлох баримт авагдсан байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч манай үйлчлүүлэгчийн ажлаас чөлөөлөх үндэслэлээ тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй зүйл. Ажилд эргүүлэн томилж ажилгүй байх хугацааны 1.005.637 төгрөг олгуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна..гэв. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баримт материалыг бүрдүүлж хавтас хэргийг бүрдүүлээд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын  хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Удаа дараа зөрчил гаргаагүй, ажил таслаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үзэж байх шиг байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг  шүүх үнэлэн, нотлох баримтуудыг үндэслэлтэй, бодитой байна гэж үзээд хавтас хэрэгтээ авч баримтжуулсан байх гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаагаар удаа дараа зөрчил гаргаж ажил тасалсан согтууруулах ундаа хэрэглэсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна. Ийм учраас шүүх өөрөө үнэлээд шаардлага хангасан гэж байгаа учраас дээрх сануулах болон цалингийн хувь хасах, ажлаас халах тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Ажил олгогч ажилтан 2 хөдөлмөрийн гэрээг байгуулснаар тухайн ажиллах эрх нээгддэг. Мөн гэрээг цуцлах нь ажил олгогч ажилтны санаачилга байдаг. Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах буюу 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. *******тай хамт ажиллаж байгаа ажилтнууд ч хэлж байна. Ажиллахад хэцүү өөрийн хийсэн ажлаа төвийлгөж, хэрүүл хийдэг...гэх зэргээр тайлбар гаргасан байна. Аливаа зөрчил хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Нэг өдөр хэдэн ч сахилгын зөрчил гаргаж, шийтгэл оногдуулж болно. Бүх авсан арга хэмжээ хуулийн дагуу авагдсан. Ажлаас нь халах гэж байгаа тухай 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн байгаа. Иймд дээрх асуудал байгаа учраас Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн Б/11 тоот тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаал, ******* дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******ыг ажпаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг тус тус хүсэн шаардаж, шүүх хуралдааны шатанд Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.******* нь нь Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын орон сууцны үйлчлэгчээр 2012 оноос хойш ажиллаж байгаа гэж тайлбарлан, 2020 оны 03 сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн бол зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар нэхэмжэгч нь хариуцагч байгууллагад орон сууцны үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ******* дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. С.******* нь ажлаас чөлөөлсөн тушаалыг боломжит хугацаанд гардан авч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогч Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ******* дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг буюу ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр С.*******ыг ажлаас чөлөөлсөн байна. Шүүх дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, нотлох баримт, үйл баримтанд тулгуурласан эсэхийг хянахад С.******* нь ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 сарын 10-ны өдөр тус газрын захирлын А/09 дугаар тушаалаар сахилгын сануулах, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаалаар сахилгын цалингийн хувь бууруулах арга хэмжээ тус тус авагдсан, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна. Дээрх тушаалууд хүчин төгөлдөр болсон бөгөөд ажилтнаас тушаалуудын хууль зүйн үндэслэлийг шалгуулах, хүчингүй болгуулах зэргээр шүүх болон хариуцагч байгууллагын дээд шатны байгууллага албан тушаалтанд хандаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа шүүх хуралдаан эхлэхийн өмнө татгалзсан болно. Иймд шүүх нэхэмжлэгч, гомдол гаргагчийн нэхэмжлэл, шаардлагагүйгээр сахилгын арга хэмжээ тооцсон тушаалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах, хүчингүйд тооцох зэрэг эрх хуулиар олгогдоогүй тул хүчин төгөлдөр хууль зүйн үйл баримтыг үгүйсгэх, үнэлэхгүй байх боломжгүй юм. Нөгөө талаар ажил олгогчийн С.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хэлбэр, агуулга, хууль хэрэглээний хувьд Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байна. Түүнчлэн тушаалд согтууруулах ундааны зүйл ажлын байран дээр хэрэглэсэн, удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлийг дурдсан байгаа ч дээрх үндэслэлүүд нь энэ тушаал гарах болсон сахилгын зөрчил давтан гаргасан гэх зөрчилд хамааралгүй тул дээрх зөрчлүүдийг ажил олгогчоос шалгаж тогтоосон эсэх, нотлох баримтаар нотлогдсон эсэхэд шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдол, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28700 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгч С.*******ын Баянхонгор аймгийн ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан тус газрын захирлын ******* дугаартай орон сууцны үйлчлэгч С.*******ыг ажпаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ