Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 19

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны  7 дугаар сарын 02-ний  өдрийн 131/ШШ2020/00838  дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч С.П  

     Хариуцагч  Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт  холбогдох 

     Орон сууцны үйлчлэгч С.П д цалингын хувиар арга хэмжээ авах тухай Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын  захирлын  2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн  А/20 дугаар тушаал,  орон сууцны үйлчлэгч С.П ыг ажлаас чөлөөлөх тухай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр  тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах,  орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1.005.673 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг тус тус хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  нэхэмжлэгч С.П ын давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 8 дүгээр сарын 12-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.П , өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг төлөөлж тус үйлдвэрийн газрын захирал  Ц.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр, нарийн бичгийн дарга  Д.Чимэдцэрэн    нар оролцов. 

Нэхэмжлэгч С.П аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

 Миний бие С.П  нь Цэвэр хот ОНӨААТҮ газарт 2012 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж ирсэн юм. Ажиллаж байх хугацаандаа хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, гаргасан алдаа дутагдалгүй хамт олон, оршин суугчидтайгаа эв найртай ажилсаар ирсэн. Би ер нь хүнтэй маргалдая гэж боддоггүй. Урьд нь мөр зэрэгцээд ажиллаж байсан ачигч, жолооч хүртэл байгаа. Гэтэл 2018 оноос А.Баярмаа гэх хүн орон сууцны үйлчлэгч нарын ахлагчаар ирснээс хойш ажилчиддаа ялгавартай харьцахаас гадна, намайг хэл амаар доромжлох, цалингаас хүртэл худлаа үнэн шалтаг тоочиж байж хасуулсан. Сүүлийн үед доромжилж давшилж байгаа нь хэрээс хэтэрч юм л бол миний талаар худлаа ярих нь их болсон. Бас миний цэвэрлэгээ хийдэг  74- дүгээр  байранд очиж хүртэл худлаа юм бичүүлж авсан байна лээ Тэр байрныхан бол чамайг цэвэрлэгээ хийснээс хойш сайжирсан сайхан цэвэрлэсэн байгаад баярлалаа гэдэг юм.

А.Баярмаа гэдэг энэ хүнд хууль үйлчилдэггүй, надад болохоор хичнээн шудрагаараа яваа мөртөө ажлаас халагдаад байгааг ойлгохгүй байна. Зул бөхөхийн өмнө бадамладаг юм даа авгай минь гэж надруу залгаад доромжилсон. Миний хувьд ажил тасалсан, ажлын байран дээр архи уугаагүй. Эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй учраас захирлын 2020 оны А/20. Б/11 тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч С.П  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.П д цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаал хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагаасаа татгалзаж байна. Харин бусад шаардлыг хүлээн зөвшөөрвөл эвлэрэх болно. Миний хувьд 2012 оны 12 сараас Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газарт ажилласан. Энэ хугацаанд олон даргын нүүр үзсэн.  А.Баярмаа над руу хашигчиж элдвээр хэлдэг. Би байгууллагын даргад хэлхээр чиний буруу чи дуугай яв гэдэг байсан. А.Баярмаа сүүлд намайг зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг авгай минь одоо чамайг тэртээ тэргүй ажлаас халах гэж байгаа. Чи ажил хийсний хэрэггүй гэсэн. Доромжлох болгонд нь дуугай байдаг байсан.

Нэхэмжлэгч С.П  шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

С.П  миний бие ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цалин 1.005.673 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахыг хүсэж байна  гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг төлөөлж тус үйлдвэрийн газрын захирал  Ц.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Тус газарт ажиллаж байсан С.П  нь орон сууцны үйлчилгээний ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа оршин суугч иргэдийхээ өмнөөс хэрэлддэг өөрийн зөрчил дутагдлын талаар хэлэхэд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, удирдлагын үгийг хүлээн авддаггүй, аливаа хурал зөвлөгөөнд хүндэтгэлтэй ханддаггүй, хаалга үүд саван гардаг, элдэв хэл амаар доромжилдог зэрэг ёс зүйн доголдол, зөрчлийг байнга гаргаж ажилладаг. Энэ байдлыг засаж залруулахын тулд өөртэй нь биечлэн уулзаж, алдаа дутагдлын талаар олон удаа ярилцаж засаж залруулах талаар бүхийл арга хэмжээг авч ажилласан боловч үр дүнгээ өгөөгүй өдийг хүргэсэн. Байгууллагын удирдлагын хувьд ажилтнуудаа ямар нэгэн байдлаар ялгаварлан үзэж, харьцсан удаа байгаагүй.

 Байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул сахилгын шийтгэлийг давхардуулан олгосон гэжээ. 

Хариуцагч Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг төлөөлж тус үйлдвэрийн газрын захирал  Ц.Баясгалан  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Намайг ажилд орохоос өмнө С.П  манай байрны үйлчлэгч байсан. Орцонд таарахад хэлэх хэлэхгүй үгээр хэлж байсан. Ажлаа хүлээж авснаас хойш С.П д би өдөр болгон хүнтэй эвтэй бай, хамт олонтойгоо эв найртай бай гэж байнга хэлдэг байсан. Хүнтэй таардаггүй. Өнөөдөр ч гэсэн шүүх хуралд нүүр нь улайхгүй худлаа ярьж байна. Ажлаас халах тушаал гарахад амралтын мөнгийг нь бодож тооцож гаргаж өгсөн. Би Баярмаатай очиж уулзаж уучлалт гуй гэж хэлж байгаагүй. С.П ыг хамт олонтойгоо тойрч суугаад ярилц чиний буруу байвал хамт олноосоо уучлалт гуй гэсэн. С.П тай ажилладаг 6-7 ажилтан С.П тай таардаггүй. Байнга хов ярьдаг. Хамт олноороо суугаад хоол идэхээр С.П  гараад явчихдаг. Хурал хийгээд цуглаан дээр С.П д чи ийм байна гэж хэлэхээр хаалга саваад гараад явчихна. 3-4 удаа ийм үйлдэл гаргаж байсан. С.П д би зөндөө удаан анхаарал тавьсан. Цаашдаа энэ хамт олонд сөрөг хүн байлгах зохимжгүй гэж бодож байна  гэжээ. 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгч С.П ын Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан тус газрын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч С.П ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.П  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би 2012 оноос энэ байгууллагад орон сууцны үйчлэгчээр ажилласан, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдалгүй ажиллахаас гадна 2015 онд сумын засаг даргын жуух, мөн урд нь нэг байгууллагад ажиллаж 2000 онд байгууллагын аврага, 2006 онд өргөмжлөл авч байсан. байгууллага хамт олны итгэлийг алдалгүй явсаар ирсэн. Гэтэл 2017 оноос Ц.Баясгалан нь тус байгууллагын даргаар ирсэн боловч намайг бусдаас илт гадуурхадаг байсан.  Учир нь  Ц.Баясгаланг дарга болоогүй   17 дугаар байрны  оршин суугч байхад нь  тухайн байрны орц цэвэрлэгээний хөлсийг  Ц.Баясгалангаас нэхэх үед  Ц.Баясгалан нь уурлаж   орцны цэвэрлэгчийг салаавч гаргаж доромжилж,   чи муу надаас  400 төгрөг авна гэж байхгүй шүү гэж байсан. мөн дарга болсоныхоо дараа хурал дээр намайг шалтгаангүйгээр аашлаж байсан. энэ бүхнийг нь би дуугай л өнгөрдөг байсан. Одоо А.Баярмаа гэдэг хүн  биднийг хариуцан ажилдаг бөгөөд энэ хүн  намайг бүр илт доромжилдог ажил хийхгүй тосгуур шүүр бариад явж байна яам шиг юмыг цагдаад хэлж 2 сая төгрөгөөр торгуулна гэдэг байснаа хэлж ярьж байгаа нь хэрээс хэтэрч “ авгай минь чамайг ажлаас чинь халах гэж байгаа” зул бөхийнхөө өмнө бадамладаг юм гээд бах нь ханасан царайтай инээж байсан. Би бие өвдөөд эмчийн магадлагаа авчирч өгөхөд тасалсан гэж бүртгэсэн байсан.

 Бүр сүүлдээ 74-дүгээр байранд архи уугаад сууж байна гэсэн юм яриад ямар ч нотолгоо баримтгүйгээр хүний үгээр үг хийж байна. тус 74-р байрны гражид байнга багажаа хийхээс гадна тус байрыг угаахдаа гражаас халуун ус авч угаадаг байсан юм.

 Сүүлээр манай байгууллага нарийн мэргэжпийн эмчийн үзлэгт хамрагдаж биеэ үзүүлэхэд зүрхний цохилт багассан хэм алдсан, даралт бага, биеийн жин зохих хэмжээнээсээ бага, ходоодны шархтай гэж оношлогдсон. Би энэ байгууллагад ажиллахаасаа өмнө өвчин хэлдэггүй байсан. одоо би бие эрхтэй сэтгэл санаа маш их хохирч байна. иймд шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл цэвэр хот ОНӨААТҮгазрын захирлын надтай холбоотой тушаалууд нь тус бүрдээ шалган тогтоосон зүйл байхгүй. Байгууллагаас шүүхэд баримт болгон өгсөн бүх бичиг цаас намайг сануулах арга хэмжээ авсан, дараа нь цалингийн хувиар арга хэмжээ авсан, дараа нь ажлаас халахдаа үндэслэсэн бичиг баримт юм. товчоор хэлбэл нэг л төрлийн баримт албаар цуглуулж над дээр 3 удаагийн арга хэмжээ авсан гэж үзэж байна.Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч С.П  нь хариуцагч  Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт  холбогдуулж   орон сууцны үйлчлэгч С.П д цалингын хувиар арга хэмжээ авах тухай Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын  захирлын  2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн  А/20 дугаар тушаал,  орон сууцны үйлчлэгч С.П ыг ажлаас чөлөөлөх тухай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр  тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах,  орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1.005.673 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын  захирлын  2020 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн  А/09 дүгээр тушаалаар С.П  нь эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргаж, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй, харилцааны ёс суртахуунгүй, орон сууцны оршин суугчидтай байнга хэрэлддэг зэрэг ажлын хэсэг болон иргэдээс ирүүлсэн санал гомдлыг үндэслэн сануулах арга хэмжээ авчээ.

 Мөн тус  үйлдвэрийн газрын  захирлын  2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн  А/20 дугаар тушаалаар  С.П  нь эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гарган ажиллаж, ажил тасалж,  хариуцан ажиллаж байгаа орон сууцны оршин суугч иргэдээс удаа дараа санал гомдол гарч байгаа тул ажлын хэсгийн ахлагчаас ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн үндсэн цалинг  10 хувиар нэг сар бууруулах арга хэмжээ авсан байна. 

Мөн тус  үйлдвэрийн газрын  захирлын  2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн  Б/11 дугаар тушаалаар  С.П  нь сахилгын зөрчлийн давтан гаргаж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан, ажил тасалж, ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн, удаа дараа ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаа тул ажлын хэсгийн ахлагчаас ирүүлсэн өргөдөл гомдол, холбогдох материалыг үндэслэн  үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

Тус  үйлдвэрийн газрын  захирлаас  С.П д авсан арга хэмжээнүүдийн  хооронд нэг сар, сар гарангийн  хугацаатай нийт 3 удаа  арга хэмжээ авахдаа (А.Баярмаа нь үйлчлэгч нарыг хариуцсан даргаар  ажилладаг бөгөөд)   тухайн ажлын хэсгийн ахлагч А.Баярмаагаас ирүүлсэн,  бүрдүүлсэн материалуудыг үндэслэж  арга хэмжээ авчээ.

 Орон сууцны үйлчлэгч С.П ыг  ажил тасалсан  гэж арга хэмжээ авсан байгаа боловч  С.П  нь эмчийн бичиж өгсөн  3 хоногийн  акт авчирч өгөхөд үйлчлэгч нарыг хариуцан даргаар  ажилладаг А.Баярмаагаас ажил тасалсанаар авна гэж  ажил тасалснаар авсан гэж тайлбарладаг.  Мөн ажлын цагаар архи уусан гэж  арга хэмжээ авсан байгаа боловч  архи уусан талаар  шалгаж  тогтоосон зүйл байхгүй байна.

Тухайлбал /хх-ийн 72 дугаар тал/   “…Орон сууцны үйлчлэгч С.П  нь  2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан, 74 дүгээр байрны оршин суугч Сэлэнгэ, Өлзийбаяр нараас  орцны цэвэрлэгээ үйлчилгээ муу байгаа тухай гомдол ирсэн тул  цалингийн 10  хувиар хасаж  өгөхийг хүсч  өргөдөл гаргав…”  гэж  А.Баярмаагаас  тус  үйлдвэрийн газрын  захирал  Ц.Баясгаланд  хандаж  өргөдөл гаргасан байхад тухайн үйл явдлыг   шалгаж тогтоосон зүйлгүйгээр А.Баярмаагийн өргөдөл дээр  хариуцлага тооцож ажиллахыг зөвшөөрөв  гэж  өргөдөлийн буланд нь  бичиж   шийдвэрлэжээ. 

Орон сууцны  үйлчлэгч нарыг хариуцcан дарга   А.Баярмаа гэдэг хүний хүсэлт,  иргэдээс  цуглуулж  бичүүлж авсан тодорхойлолтуудыг үндэслэж  арга хэмжээ авсан байх бөгөөд  эдгээр тодорхойлолтууд нь  бичсэн он, сар, цаг хугацаа нь  2020 оны 1 дүгээр сарын 30-ны үед  бичигдсэн бөгөөд сахилгын зөрчил гаргасан гэж  арга хэмжээ авсан тушаалынхаа огноотой  зөрүүтэй өөрөөр хэлбэл С.П ын гаргасан нэг зөрчилд хэд хэдэн удаа сахилгын  арга хэмжээ авсан байхаар харагдаж байна.  Хэрэгт авагдсан нотлох баримт болох   С.П ын талаар иргэдийн бичсэн гэх  тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд заасан  нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Орон сууцны үйлчлэгч С.П ын ажил тасалсан, ажлын цагаар архи уусан тухай зөрчилүүд нь тус  үйлдвэрийн газрын  захирлын  зүгээс шалгаж тогтоосон баримт нотолгоо байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  Тус  үйлдвэрийн газарт хоорондоо таарамжгүй харилцаанаас үүдэлтэй нэг хүний шахалт шаардлагаар  ажил олгогчийн санаачлагаар  хөдөлмөрийн гэрээг цуцласан байдал харагдаж байна.

Энэ  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар С.П д холбогдуулж  хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзлээ. 

  С.П ын үндсэн цалинг  10 хувиар нэг сар бууруулах арга хэмжээ авсан  2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн  А/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ С.П  нь анхан шатны шүүх хуралдаан дээр татгалзсан байна.  С.П ын цалин орлоготой холбоотой бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин 1.005.673 төгрөгийг  гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд С.П ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  түүний ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Нэхэмжлэгч С.П  нь  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  гаргуулж  С.П д   буцаан олгох үндэстэй гэж  үзлээ.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 7 дугаар сарын 02-ний  өдрийн 131/ШШ2020/00838  дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

 “…Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгч С.П ын Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан тус газрын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч

С.П ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ...”   гэснийг  

“…Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал  2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч С.П ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, С.П ыг  орон сууцны үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний  эрүүл мэндийн болон  нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгасугай ..”   гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч С.П  нь ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 3. Нэхэмжлэгч С.П  нь  давж  заалдах гомдол гаргахдаа улсын

тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  гаргуулж  С.П д    буцаан олгосугай.

4. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.