Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00675

 

С.Пагмадуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2020/00838 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 213/МА2020/00019 дүгээр магадлалтай,

С.Пагмадуламын нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Цэвэр хот ОНӨААТҮГ-т холбогдох 

Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 1,005,673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Пагмадулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Цэвэр хот ОНӨААТҮ газарт 2012 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж ирсэн юм. Ажиллаж байх хугацаандаа хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, гаргасан алдаа дутагдалгүй хамт олон, оршин суугчидтайгаа эв найртай ажилласаар ирсэн. Би ер нь хүнтэй маргалдая гэж боддоггүй. Урьд нь мөр зэрэгцээд ажиллаж байсан ачигч, жолооч хүртэл байгаа. Гэтэл 2018 оноос н.Баярмаа гэх хүн орон сууцны үйлчлэгч нарын ахлагчаар ирснээс хойш ажилчиддаа ялгавартай харьцахаас гадна, намайг хэл амаар доромжлох, цалингаас хүртэл худлаа үнэн шалтаг тоочиж байж хасуулсан. Сүүлийн үед доромжилж давшилж байгаа нь хэрээс хэтэрч юм л бол миний талаар худлаа ярих нь их болсон. Сая 2020 оны 03 дугаар сарын цалин 100,000 төгрөг хассан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд 2-р сард 3 хоног ажил тасалсан, 03 сарын 09-нд бас ажил тасалсан учраас гэж хэлсэн. Би 2-р сард бие өвдөөд үзүүлэхэд 3 хоногийн акт бичиг аваачиж өгсөөр байтал н.Баярмаа нь надад өгөөгүй болохоор тасаар авна гэсэн. Дараа нь 03 сарын 09-нд ажлаа хийгээд байрнаасаа үйлчилгээний дэвтэр дээр бичүүлсээр байтал намайг архи уусан мэтээр доромжилсон. 10-р байранд 03-р сарын эхээр цэвэрлэгээ хийгээд явж байтал уг байрны оршин суугчаас нэг хүн гарч ирээд та нар сайн цэвэрлэж байдаг, тэгтэл та нарыг шалгаад нэг хүүхэн явж байна лээ. Тэр хүүхэн сая надаас утсаар үйлчлэгч цэвэрлэгээ ямар хийж байна гэхээр нь сайн хийж байгаа гэхэд үнэхээр сайн гэж үү гээд асуугаад байсан. Би юу гэж хүнийг хийгээгүй гэж худлаа хэлхэв дээ. Ер нь та нарыг шалгаад байдаг хүн чинь чамайг л лав хийдэггүй гэж хэлүүлэх гээд байдаг юм шиг байна лээ гэсэн. Бас 74-р байранд очиж хүртэл худлаа юм бичүүлж авсан байна лээ. Тэр байрныхан бол чамайг цэвэрлэгээ хийснээс хойш сайжирсан сайхан цэвэрлэсэн байгаад баярлалаа гэдэг юм. Ер нь бид нарын цэвэрлэдэг байрны тоо тэгш гэж байгаа боловч талбай бага, хүн ам цөөтэй. Зарим байр 5 айлынх байхад над мэтэд хүн ам нягтаршилтай гадна дотор талбай том ийм л байрнууд байдаг. Би бол өдөртөө байруудаа дийлэхгүй явахад Эрдэнэчимэг, Шинээ мэтийн улсууд ажлаа хийцэн, хийгээгүй нь мэдэгдэхгүй сар бүр урамшуулал авдаг. Би өдөр бүр цагаа бүртгүүлэх гээд ороход шүүр тосгуур барьж яваа мэтээр хашигчиж суудаг. Тэгээд авгай минь чам шиг юмтай юу ярихав дээ, ажлаас чинь халах гэж байгаа зул бөхөхийн өмнө бадамладаг юм гээд бах нь ханасан царайтай инээгээд сууж байсан. Энэ хүн намайг ингэж доромжилж байхад дарга нь намайг ойлгодоггүй. 04 сарын 13-нд тушаал гаргасан гэхээр нь даргатай уулзахад Баярмаагаас уучлал гуй тэгвэл ажилд чинь авна гэсэн. Би энэ хүнээс хэчнээн миний буруу байгаагүй ч гэсэн дандаа уучлал гуйдаг байсан. Өвөл бид нарт гутал авч өгсөн юм байна лээ. Байгууллагаас мөнгө нь гараад 01 сард хурал дээр Баярмаагаас өмд гуталны мөнгөө асуухад гутал 35,000 төгрөг, өмд 40,000 төгрөг гэж ярьж байсан. Өмдийг нь бүр захиалж хийлгэсэн гээд бүр ичих ч үгүй ярьж байсан. Тэгтэл өмд нь бөөгнөрсөн нэг газмертай, одоо дотор тал нь урагдсан, комисс үнэртсэн үрчийсэн өмд байсан. Хаа сайгүй зарагддаг 8000-10000 үнэтэй гутал, ул нь хагарсан, оёосоороо задарсан ийм л юм авч өгсөн. Энэ хүнд хууль үйлчилдэггүй, надад болохоор хэчнээн шударгаараа яваа мөртөө ажлаас халагдаад байгааг ойлгохгүй байна. Сүүлдээ нэг өрөөнд орж суухаас хүртэл айдаг болсон. Миний хувьд ажил тасалсан, ажлын байран дээр архи уусан, эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй учраас захирлын 2020 оны А/20, Б/11 тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд Баянхонгор аймаг Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020.03.30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламд цалингийн хувиар арга хэмжээ авах тухай, 2020.04.14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад: Би ажилгүй байсан хугацааны буюу 2020.04.13-ны өдрөөс 2020.06.04-ний өдөр хүртэл цалин 1,005,673 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Тус газарт ажиллаж байсан С.Пагмадулам нь орон сууцны үйлчилгээний ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа оршин суугч иргэдийнхээ өмнөөс хэрэлддэг өөрийн зөрчил дутагдлын талаар хэлэхэд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, удирдлагын үгийг хүлээн авдаггүй, аливаа хурал зөвлөгөөнд хүндэтгэлтэй ханддаггүй, хаалга үүд саван гардаг, элдэв хэл амаар доромжилдог зэрэг ёс зүйн доголдол, зөрчлийг байнга гаргаж ажилладаг. Энэ байдлыг засаж залруулахын тулд өөртэй нь биечлэн уулзаж, алдаа дутагдлын талаар олон удаа ярилцаж засаж залруулах талаар бүхий л арга хэмжээг авч ажилласан боловч үр дүнгээ өгөөгүй өдийг хүргэсэн. Энэ нь байгууллага хамт олны дунд муугаар нөлөөлж, хамт олны дунд эвгүй уур амьсгалыг төрүүлсэн. Байгууллагын удирдлагын хувьд ажилтнуудаа ямар нэгэн байдлаар ялгаварлан үзэж, харьцсан удаа байгаагүй. 2020 оны 01 сард ажлын 22 өдөртэй байсан бөгөөд 28-ны өдрөөр тасалбар болгон цагийн тооцоог гаргаж цалинг бүрэн оруулсан. 1 дүгээр сарын 29-31-ний өдрийн ажлын цагийг 2 дугаар сарын цагийн тооцоонд шилжүүлэн олгосон. С.Пагмадулам ажил шалтгаангүйгээр тасалсан өдөр 74 дүгээр байрны оршин суугч Өлзийбадрах, Нандинчимэг нар авто грашаасаа машин гаргаж байхдаа ажлын цагаар ажлаа хийлгүй, ажлын байран дээрээ архи ууж байсан талаар гомдол ирүүлсэн тул 10 хувиар 1 сарын хугацаатай хассан. С.Пагмадулам ажилдаа хариуцлагагүй хандаж, оршин суугч иргэдээс хэл ам гарган, тэдэнтэй хэрэлдэж байнгын бүдүүлэг зан авир гарган, үйлчилгээний ажилтнуудтайгаа таарч тохирохгүй, хурал уулзалтаар нууцаар бичлэг хийдэг зэрэг үйлдэл нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул сахилгын шийтгэлийг давхардуулан олгосон гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүх хуралдааны шатанд Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020.03.30-ны өдрийн А/20 дугаартай орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламд цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын 2020.04.14-ний Б/11 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Учир нь ажилтан С.Пагмадуламд удаа дараа сахилгын арга хэмжээ авсан байдаг. 2020 оны 02 сард сануулах, 2020 оны  03 сард цалингийн хувиар бууруулах арга хэмжээ авсан байдаг. 2020.04.14-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалууд энэ хүний гаргасан 1 зөрчилд хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримт албан бичгүүд өмнө нь арга хэмжээ авагдсан баримт гэж үзэж байна. Иргэдээс ирүүлсэн нотлох баримт гээд байгаа нь 2020.01.29-ний өдөр, 2020.01.31-ний өдөр  л гомдол ирсэн байна. Манай үйлчлүүлэгчийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хэрэгт хэд хэдэн хурлын тэмдэглэл авагдсан байдаг. Зарим хурлын тэмдэглэл нь манай гомдлын шаардлагатай хамааралгүй нотлох баримт авагдсан байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч манай үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй зүйл. Ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны 1,005,637 төгрөг олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баримт материал, хавтас хэргийг бүрдүүлээд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Удаа дараа зөрчил гаргаагүй, ажил таслаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үзэж байх шиг байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг шүүх үнэлэн, нотлох баримтуудыг үндэслэлтэй, бодитой байна гэж үзээд хавтас хэрэгтээ авч баримтжуулсан байх гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаагаар удаа дараа зөрчил гаргаж ажил тасалсан согтууруулах ундаа хэрэглэсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна. Ийм учраас шүүх өөрөө үнэлээд шаардлага хангасан гэж байгаа учраас дээрх сануулах болон цалингийн хувь хасах, ажлаас халах тушаал хууль зүйн үндэслэлтэй. Ажил олгогч, ажилтан 2 хөдөлмөрийн гэрээг байгуулснаар тухайн ажиллах эрх нээгддэг. Мөн гэрээг цуцлах нь ажил олгогч ажилтны санаачилга байдаг. Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах буюу 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. С.Пагмадуламтай хамт ажиллаж байгаа ажилтнууд ч хэлж байна. Ажиллахад хэцүү өөрийн хийсэн ажлаа дөвийлгөж, хэрүүл хийдэг...гэх зэргээр тайлбар гаргасан байна. Аливаа зөрчил хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Нэг өдөр хэдэн ч сахилгын зөрчил гаргаж, шийтгэл оногдуулж болно. Бүх авсан арга хэмжээ хуулийн дагуу авагдсан. Ажлаас нь халах гэж байгаа тухай 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн байгаа. Иймд дээрх асуудал байгаа учраас Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2020.04.14-ний өдрийн Б/11 тоот тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2020/00838 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгч С.Пагмадуламын Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан тус газрын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 213/МА2020/00019 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 131/ШШ2020/00838 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пагмадуламын Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан тус газрын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, орон сууцны үйлчлэгчийн ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 1.005.673 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, С.Пагмадуламыг орон сууцны үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: 2020.09.11-ний өдрийн Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 213 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд. Баянхонгор аймгийн Цэвэр хот ОНӨААТҮГазрын захирал Ц.Баясгалан нь 2020.04.14-ний өдөр Б/11 тоот тушаалаар Орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг чөлөөлсөн. Анхан шатны шүүх 2020.02.10-ны өдөр тус газрын захирлын А/09 тушаалаар сануулах, 2020.03.30-ны өдрийн А/20 дугаар тушаалаар цалингийн хувь бууруулах арга хэмжээ тус тус авагдсан нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэн С.Пагмадуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захирлын тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Давж заалдах шатны магадлалд Тус үйлдвэрийн газарт хоорондоо таарамжгүй харилцаанаас үүдэлтэй 1 хүний шахалт шаардлагаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдалтай байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлгүй тул 2020.04.14-ний өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв гэж хоёр шатны шүүхийн шийдвэр өөр өөр гарсан нь эргэлзээ төрүүлж хэргийг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн байна гэж өмгөөлөгч, хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул орон сууцны үйлчлэгч нарыг хариуцсан хэсгийн ахлах ажилтан А.Баярмаагийн гаргасан хүсэлт, цуглуулсан баримт тодорхойлолтуудыг шүүхийн шатанд шалгаж тогтоох ажиллагааг шүүх бие даан гүйцэтгэж, үнэлэх дүгнэх ёстой. Харин А.Баярмаа гаргасан хүсэлт, цуглуулсан баримт тодорхойлолтоо батлах, нотлох үүрэг хүлээхгүй, зохих хуулийн байгууллагаар шалгуулж үнэн зөвийг олуулах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан байна гэж дүгнэсэн. 2020.07.02-ны өдрийн 131 тоот анхан шатны шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж хариуцагч талаас үзэж гомдол гаргаж байна. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Пагмадуламыг орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгасан Давж заалдах шатны 2020.09.11-ний өдрийн 213 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 131 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Пагмадулам нь хариуцагч Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулж орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламд цалингийн хувиар арга хэмжээ авах тухай тус газрын захирлын 2020.03.30-ны өдрийн А/20 дугаар тушаал,  С.Пагмадуламыг ажлаас чөлөөлөх тухай 2020.04.14-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, орон сууцны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1,005,673 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

Үндсэн цалинг 10 хувиар, нэг сар бууруулах арга хэмжээ авсан 2020.03.30-ны өдрийн А/20 тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр татгалзсан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Пагмадуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал 2020.04.14-ний өдрийн Б/11 дугаартай орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, С.Пагмадуламыг орон сууцны үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3-д нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Баянхонгор аймгийн Цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020.02.10-ны өдрийн А/09 тушаалаар С.Пагмадуламд сануулах арга хэмжээ, 2020.03.30-ны өдрийн А/20 тушаалаар  үндсэн цалинг 10 хувиар нэг сар бууруулах арга хэмжээ, 2020.04.14-ний өдрийн Б/11 тушаалаар С.Пагмадуламыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрүүд гарчээ.

Ажил олгогчоос ажилтан С.Пагмадуламд авсан сахилгын арга хэмжээнүүдийн хооронд нэг сар, сар гаруй хугацаатай байх бөгөөд нийт 3 удаа арга хэмжээ авахдаа  үйлчлэгч нарыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Баярмаагаас бүрдүүлж ирүүлсэн материалуудыг үндэслэсэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг ажил тасалсан гэж арга хэмжээ авсан боловч С.Пагмадулам нь эмчийн бичиж өгсөн 3 хоногийн акт авчирч өгөхөд үйлчлэгч нарыг хариуцан даргаар ажилладаг А.Баярмаа үл тоож ажил тасалснаар авна гэж хэлээд тасалснаар авсан гэж нэхэмжлэгч тайлбар гаргасан, мөн ажлын цагаар архи уусан гэж арга хэмжээ авсан боловч энэ талаар шалгаж тогтоосон баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

Ажил олгогч нь орон сууцны үйлчлэгч нарыг хариуцcан дарга А.Баярмаа гэдэг хүний хүсэлт, иргэдээс цуглуулж бичүүлж авсан тодорхойлолтуудыг үндэслэж нэхэмжлэгчид арга хэмжээ авсан байх бөгөөд дээрх баримтуудын  бичигдсэн огноо нь сахилгын зөрчил гаргасан гэж арга хэмжээ авсан тушаалынхаа огноотой зөрүүтэй байх тул С.Пагмадуламын гаргасан нэг зөрчилд хэд хэдэн удаа сахилгын арга хэмжээ авсан байх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт болох С.Пагмадуламын талаар иргэдийн бичсэн гэх тодорхойлолтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, ажилтныг ажил тасалсан, ажлын цагаар архи уусан зөрчлүүд гаргасныг шалгаж тогтоосон баримт байхгүй, ийм баримтыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар С.Пагмадуламын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хуульд нийцсэн байх тул магадлалыг хүчингүй болгох тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Харин С.Пагмадуламын цалин орлоготой холбоотой бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин 1,005,673 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг тодорхойлсон, нэхэмжлэгчийн 1-4 сар хүртэл хугацааны цалингийн дэлгэрэнгүй хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтууд авагдсан, нэхэмжлэгч 2020.04.13-ны өдрөөс 2020.06.04-ний өдөр хүртэл цалинтай тэнцэх олговрыг 1,005,673 төгрөг гэж нэхэмжилснийг хариуцагчаас баримтаар няцаагаагүй байна. /хх-5,87,99/

Иймээс хяналтын шатны шүүхээс 2020.04.13-ны өдрөөс 2020.06.04-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,005,673 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 213/МА2020/00019 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2020/00838 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Цэвэр хот ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 тоот орон сууцны үйлчлэгч С.Пагмадуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, С.Пагмадуламыг орон сууцны үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Баянхонгор аймгийн Цэвэр хот ОНӨААТҮГ-аас 1,005,673 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Пагмадуламд олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг Баянхонгор аймгийн Цэвэр хот ОНӨААТҮГ-т даалгасугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Цэвэр хот ОНӨААТҮГ-аас 28,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж найруулж, магадлалын 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД