Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/02389

 

 

 

 

 

 

  2017 оны 9 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

           Хууль зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Б. нь 2015 оны 01 сарын 08-ны өдөр Ингүүмэл инвест ББСБ-аас бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд зориулж 63.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13-р хороо, 3 дугаар хороолол, 2 д байрны 88 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан 3 сарын хугацаатай зээлсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас гэрээнд заасан хугацаанд авсан зээоээ төлж чадаагүй юм. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 4548 тоот шүүгчийн захирамжаар тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэж байх явцад зээлийн гэрээний барьцаанд хураагдсан 147.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах санал гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг буруулсан нь миний хууль ёсны эрх ашиг сонирхолыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 4548 дугаар захирамжаар Баатарын ээс 99.446.391 төгрөгийг гаргуулж Ингүүмэл инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2205014466 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 2д байрны 88 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 17/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 17/02 тоот тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасныг танилцуулан талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч 147.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг төлбөр авагч Ингүүмэл инвест ББСБ ХХК-д танилцуулахад уг үнэлгээг хүлээн зөвшөөрч анхны албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцон 102.900.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож болохыг төлбөр төлөгчид 2017 оны 3/5634 дугаар мэдэгдэлээр мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.    

 

        Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, Хууль зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

         Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

        Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

        Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4548 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 17250208 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны хөрөнгийн үнийн талаар өмчлөгч буюу төлбөр төлөгч Б. Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 2д байрны 88 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцаа 147.000.000 төгрөгөөр үнэлж байгаа талаар хүсэлтээр бичгээр гаргасан, түүнийг нь төлбөр авагч “Ингүүмэл инвест ББСБ” ХХК-д танилцуулахад уг саналыг нь хүлээн зөвшөөрч байгаа талаар саналаа тус тус хүргүүлж, дуудлага худалдааг яаралтай явуулж өгөхийг хариуцагч байгууллагаас хүсчээ. /хх-ийн 33-34 дүгээр тал/

       Шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Б.д 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 3/5634 дүгээр албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 147.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 102.900.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдэлээр хүргүүлж, 2017 оны 02 сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдсэн байна. /хх-ийн 35-36 дугаар тал/

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаарзүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэсэн заалтын дагуу төлбөр төлөгч Б. нь шийдвэр гүйцэтгэгчээс 2017 оны 02 сарын 15-ны өдөр мэдэгдэлийг хүлээн авснаас хойш буюу 2017 оны 02 сарын 20-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 1, 4 дүгээр тал/

       Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч болох өмчлөгч Б. нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 2д байрны 88 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцаа 147.000.000 төгрөгөөр үнэлж байгаа хүсэлтээ бичгээр гаргасан, үүнийг нь үүрэг гүйцэтгүүлэгч “Ингүүмэл инвест ББСБ” ХХК-д танилцуулахад уг үнийн саналыг нь хүлээн зөвшөөрсөн саналаа тус тус хүргүүлж, дуудлага худалдааг яаралтай явуулж өгөхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт тус тус гаргасан байна. Тэдгээрийн хүсэлтийг үндэслэн хариуцагч байгууллага нь харилцан тохиролцсон үнэ болох 147.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 102.900.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдэлээр хүргүүлсэн ажиллагаа нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдож байна.

       Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ.                                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Хууль зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн тухай Б.ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТҮМЭНЦЭЦЭГ