Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02395

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02395

 

 

 

 

 

2017 11 22 210/МА2017/02395

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнээр үнэлж дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХ нь 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ХХХХ ХХК-иас бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд зориулж 63 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай өөрийн өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ байрны ХХ тоот 44 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан 3 сарын хугацаатай зээлсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлж чадаагүй юм. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 сарын 1-ний өдрийн 4548 тоот шүүгчийн захирамжаар тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд ХХХХ-д шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэж байх явцад зээлийн гэрээний барьцаанд хураагдсан 147 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах санал гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг буруулсан нь миний хууль ёсны эрх ашиг сонирхолыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 4548 дугаар захирамжаар ХХХээс 99 446 391 төгрөгийг гаргуулж ХХХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол ХХ байрны ХХ тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 17/02 тоот тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасныг танилцуулан талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч 147 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг төлбөр авагч ХХХ ХХК-д танилцуулахад уг үнэлгээг хүлээн зөвшөөрч анхны албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцон 102 900 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож болохыг төлбөр төлөгчид 2017 оны 3/5634 дугаар мэдэгдлээр мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч ХХХ-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан   ХХХХ-д холбогдох хууль зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хучингүй болгуулахыг хүссэн ХХХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн зүгээс ХХХХ-д барьцаа хөрөнгө болох ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот 40 мкв талбайтай орон сууцыг 147 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээг өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх үнэлгээний 70 хувиар үнэлж 102 900 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үнэлгээг эс зөвшөөрч зохих журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд ХХХХны зүгээс ямар шалгуур, үзүүлэлтийг үндэслэл болгон дээрх үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээч томилох эрх зүйн зохицуулалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зөрчсөн байдаг. Нэхэмжлэгч ХХХ-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон үнэлгээ илт зөрүүтэй, маргаан бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд өөрөө олж авах, гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өөрийн бие даасан эрх зүйн нарийвчилсан зохицуулалттай харилцаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдах ёстой юм. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг удирдлага болгосон нь хууль хэрэглээний илт алдаатай шийдвэр болсон. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнээр үнэлж дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/04548 дугаар шүүгчийн захирамжаар ХХХ нь ХХХХ ХХК-д 98 794 484 төгрөгийг 6 сарын дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон байна. Тус шүүхийн 2017  оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  бичигдсэн 163 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн ХХХХ 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  үүсгэн,  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  төлбөр төлөгч ХХХ-ийн өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ байрны ХХ тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 17/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 12-32 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны санал болгох үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авч, тэдгээр нь хоорондоо тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухау хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилдог.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ХХХ нь барьцааны хөрөнгө болох ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ байрны ХХ тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий орон сууцыг 147 000 000 төгрөгөөр үнэлж саналаа Нийслэлийн шийлдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн, төлбөр авагч ХХХХ ХХК нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна. ХХХХ нь талуудын тохиролцсон үнэ болох 147 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 102 900 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон талаар тус албаны 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/5634 дугаар мэдэгдлийг талуудад мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 33-36 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан бөгөөд талуудын тохиролцсон үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч ХХХ нь анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу хугацаанд гаргасан байх боловч уг үнэлгээг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО