Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00353

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02395 дугаар магадлалтай

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

“Н”-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнээр үнэлж дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярын  хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д- нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Ингүүмэл инвест ББСБ” ХХК-иас бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөнд зориулж 63 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Д байрны 88 тоот 44 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан 3 сарын хугацаатай зээлсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлж чадаагүй юм. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4548 тоот шүүгчийн захирамжаар тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд “Н”-нд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэж байх явцад зээлийн гэрээний барьцаанд хураагдсан 147 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах санал гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа бодит үнийг тогтоосны үндсэн дээр тухайн ажиллагааг гүйцэтгэх, төлбөл зохих төлбөрийг барагдуулсны дараа худалдан борлуулсан үнээс үлдэх төлбөрийг зохих журмын дагуу надад шилжүүлэх эрх зүйн зохицуулалттай байхад дур мэдэн бодит үнийг бууруулсан нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4548 дугаар захирамжаар Б.Д-ээс 99 446 391 төгрөгийг гаргуулж “Ингүүмэл инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2205014466 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 2д байрны 88 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17/02 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт заасныг танилцуулан талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч 147 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг төлбөр авагч “Ингүүмэл инвест ББСБ” ХХК-д танилцуулахад уг үнэлгээг хүлээн зөвшөөрч анхны албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцон 102 900 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож болохыг төлбөр төлөгчид 2017 оны 3/5634 дугаар мэдэгдлээр мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан “Н”-нд холбогдох хууль зөрчиж бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн тухай  Б.Д-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02395 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02395 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүсэлтийг хангаагүйн улмаас шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04548 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Б.Д-ээс 99 446 391 төгрөгийг гаргуулж “Ингүүмэл инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Уг шийдвэрийн дагуу “Н”-наас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014466 дугаар бүхий Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Д дугаар байрны 88 тоот 40 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/01 тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17/02 эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “Н”-нд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар хороолол 2Д дугаар байрны 88 тоот 40 метр квадрат талбайтай орон сууцыг 147 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээг өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх үнэлгээний 70 хувиар үнэлж 102 900 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үнэлгээг эс зөвшөөрч зохих журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд “Н”-ны зүгээс ямар шалгуур, үзүүлэлтийг үндэслэл болгон дээрх үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2-д “Дараах тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” 37.2.5-д “шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч зөвшөөрөхгүй байгаа” гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээч томилох эрх зүйн зохицуулалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зөрчсөн байдаг.

Нэхэмжлэгч Б.Д-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон үнэлгээ илт зөрүүтэй, маргаан бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан байдаг.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд өөрөө олж авах, гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өөрийн бие даасан эрх зүйн нарийвчилсан зохицуулалттай харилцаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдах ёстой юм. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг удирдлага болгосон нь хууль хэрэглээний илт алдаатай шийдвэр болсон.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02395 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь “Н”-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа зах зээлийн бодит үнээс илтэд доогуур үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 102/ШШ2016/04548 дугаар шүүгчийн захирамжаар Б.Д- нь 98 794 484 төгрөгийг Ингүүмэл инвест ББСБ ХХК-д төлөхийг зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2д байрны 88 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч 147 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрсөн тул талуудын харилцан тохиролцсон үнийн дүнгийн 70 хувь болох 102 900 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, төлбөр төлөгчид мэдэгдсэнийг төлбөр төлөгч эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ... 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасан байх тул харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоон, төлбөр төлөгчид мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн үнийн санал авах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 02 дугаар сард гүйцэтгэгдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр байхад анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сараас үйлчилж эхэлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж засаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн төлбөр төлөгчийн үнэлгээг төлбөр авагч зөвшөөрсөн тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлэх шаардлагагүй бөгөөд талуудын харилцан зөвшилцсөн үнийн 70 хувиар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн доод үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй тул үнэлгээг зөвшөөрөхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөгчөөс санал болгосон үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх явцад шүүхээс хөрөнгийг дахин үнэлэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр шинжээч томилох хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2. дахь заалтыг зөрчөөгүй байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02395 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02389 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “.../2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5., 55 дугаар зүйлийн 55.7.-д” гэснийг “.../2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД