Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/02479

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 12 10 181/ШШ2021/02429

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:УББ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух, Д.Э-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр зэрэгт 31 158 945 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УББ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УББ ХХК нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Улсын бүртгэлийн 22********** дугаарт бүртгэгдсэн 1755,7 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгыг өмчилдөг бөгөөд хариуцагч Д.Этай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-гээр түүнд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах, ажлын байрны 155 м.кв талбай, өрөөнүүдийг хөлслүүлсэн. Түүнтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцсон 2019 оны 05 сарын 20-ны өдрийн Тооцоо нийлсэн акт /2019.04.20-ны өдрийн байдлаарх/-аар: Гэрээний нэг сарын төлбөрийг 2018.04.30-ны өдрөөс 1 cap х 3,000,000 төгрөг, 2018.05.30-ны өдрөөс 1 cap х 2,800,000 төгрөг, 2018.06.30-ны өдрөөс 2019.04.20-ны өдөр хүртэл 9 cap 20 хоног х 2,500,000 төгрөг болгон тус тус багасгаж тооцсон, мөн түүний засварт зарцуулсан гэж 4,400,000 төгрөг, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн УТХ-д төлсөн гэж 2,254,000 төгрөг, тусгай зөвшөөрөл гаргуулахад зарцуулсан гэх 4,500,000 төгрөг зэрэгт нийтдээ 27,854,000 төгрөгний төлбөрийн хөнгөлөлт эдэлж, төлбөрийн улдэх 6,438,500 төгрөг-ийг төлж барагдуулахаар тохиролцсон байдаг.

Гэтэл, тус шүүхийн 2021.09.09-ны өдрийн 09992 дугаар захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн УБЕГ-ын 2021.09.14-ний өдрийн №10/6351 тоот албан бичгийн хавсралт дахь 12 хуудас; Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021.09.20-ны өдрийн №01/2391 тоот албан бичгийн хавсралт дахь 24 хуудас; зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн хариуцагч Д.Этай байгуулсан 2018 оны 01-р сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10-р сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-нүүд нь хариуцагч Д.Эгийн өөртөө шинээр байгуулж улсын бүртгэлд 2018 оны 06-р сарын 19-ний өдөр цайны газрын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн Энх-эг ХХК-тай огт хамааралгүй, холбогдолгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцсон 2019.05.20-ны өдрийн Тооцоо нийлсэн акт /2019.04.20-ны өдрийн байдлаарх/-ыг үйлдэхдээ нэхэмжлэгчийн ажилтныг хуурч мэхлэн үндэслэлгүйгээр өөртөө шинээр байгуулсан Энх-эг ХХК-ийн нэр дээр согтууруулах ундаагаар уйлчлэх тусгай зөвшөөрөл гаргуулахад 4,500,000 төгрөг, УТХ-д 2,254,000 төгрөг зарцуулсан гэж 6,754,000 төгрөг суутгуулж худал хуурмаг төлбөрийн хенгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн бодит үнэн тогтоогдож байна.

Эдгээрээс гадна, тэрбээр тухайн ажлын байранд үйл ажиллагаа явуулсан 2019.04.20-ны өдрөөс 2019.07.30-ны өдрийн хооронд өмнөх өр төлбөрөө барагдуулах нь битгий хэл, цааш улам даварч уг хугацаанд төлөх гэрээний төлбөрт: 3 cap, 10 хоног х 2,500,000 төгрөг = 8,333,330 төгрөг төлөхөөс ердөө 800,000 төгрөг буюу 2019.06.24-ний өдөр 300,000 төгрөг (хх-ийн 84 дэх тал); 2019.06.28-ны өдөр 200,000 төгрөг (хх-ийн 85 дахь тал); 2019.07.22-ны өдөр 300,000 төгрөг (хх-ийн 86 дахь тал); тус тус төлж, дахин 7,533,330 төгрөгний өр төлбөр үүсгэсэн тул ажлын байрны талбай, өрөөнүүд 2019.08.01 -ний өдөр хураагдсан байдаг.

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу шаардах эрх нь Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх ба зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус хэсгийг түрээсэлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан УББ ХХК -ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ булэгт өөрөөр заагаагуй бол турээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил уйлчилнэ гэж заасан нь Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн зохицуулалтууд адил хамаарах юм.

Иймд, хариуцагч Д.Эгаас:

1. Түүнтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,725,830 төгрөг;

2. Дээрх гэрээний 1.5-д заасан заалтын дагуу төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнд төлөх 0,5 хувийн алдангид 10,362,915 төгрөг;

3. Түүнийг эрэн сурвалжпуулахад шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 70,200 төгрөг; тус тус гаргуулах буюу нийт 31,158,945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Иймд хариуцагч Д.Эгаас гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр зэрэгт 31,158,945 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Эгийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Этай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г санхүүгийн баримтад ашиглана гэж хэлээд гарын үсэг зуруулсан дүр үзүүлж хийлгүүлсэн хэлцэл юм. Харин нэхэмжлэгч нь 2018.07.25-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г манай Энх Эг ХХК-тай байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч уг гэрээнд тусгагдсан олон үүргээ биелүүлээгүй, түрээсийн байр дахин төлөвлөлтөнд орж нураагдсан. Энэ бодит байдлыг нуун дарагдуулсанаас болж манай Энх эг ХХК нь тусгай зөвшөөрлөө ашиглахгүй удаж улмаар үйл ажиллагаа зогссон. Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд караокег заавал тусгай зөвшөөрөлтэй компани ажиллуулдаг. Д.Э нь караоке ажиллуулах эрх бүхий этгээд биш тул гэрээг Энх эг ХХК-тай байгуулсан. Д.Э нь гэрээний нэг тал биш тул нэхэмжлэлийг хариуцах этгээд биш. Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж 2018 оны 05 дугаар 15-ны өдрийн байдлаар 6 438 500 төгрөгийн түрээсийн төлбөртэй болохыг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан акт үйлдсэн. Энэ актыг үйлдсэнээс хойш ямар үндэслэлээр түрээсийн төлбөр тооцож, мөн ямар үндэслэлээр алданги тооцож байгаа нь ойлгомжгүй байна. иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УББ ХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр зэрэгт 31 158 945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

УББ ХХК нь Д.Этай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-нүүдийг байгуулж, түрээслүүлэгч УББ ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах, Үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах, 155 м.кв талбай бүхий өрөөнүүдийг караоке /аж ахуйн/-ны үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, түрээслэгч Д.Э нь түрээсийн төлбөрт сарын 4 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд түрээслүүлэгч УББ ХХК -ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СУИС-ийн зүүн хойд талд байрлах, 1758,7 мкв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгыг бүхэлд нь бус, тодорхой хэсгийг /155 мкв талбай/ түрээсэлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан УББ ХХК -ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-153х/-гээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь: 1758,7 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга нь нэг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй тул 155 мкв талбайг түрээслэсэн талаарх тэмдэглэгээ хийлгэх боломжгүй юм.

 

Хариуцагч Д.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-нүүдийг санхүүгийн баримт болгох зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэж маргаж байгаа боловч түрээсийн байранд байсан караокены тоног төхөөрөмжүүдийг Д.Э нь 2018.01.31-ний өдөр Ганзүрх гэх хүнээс хүлээн авсан /хх-83х/, түрээсийн талбайг ашиглан үйл ажиллагаа явуулж, төлбөр тооцоог хийж байсан болон уг гэрээнүүдийн дагуу Тооцоо нийлсэн акт-ыг үйлдсэн /хх-11х/ байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Д.Эгийн байгуулсан гэх 2018.07.25-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г нэхэмжлэгч тал хуурамч, гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа бөгөөд уг гэрээг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Д.Эгийн Энх эг ХХК-ийг үүсгэн байгуулсан баримтууд /хх-96-110х/, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн Энх Эг ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгох хүсэлт, баримтууд /хх-111-135х/, зохигчийн тайлбартай харьцуулан шинжлэн судлахад хуурамч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

УББ ХХК болон Д.Э нар нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-нүүдийн дагуу төлбөр тооцоог нийлж 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 11 дэх талд/ байх бөгөөд тус актад дурдсанаар 2019.05.15-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 6 438 500 төгрөг төлөх талаар харилцан батлан гарын үсгээр баталгаажуулсан байна. Талууд тухайн актыг үйлдсэн талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Өлзий нь хариуцагч Д.Эг хуурч мэхлэн үндэслэлгүйгээр өөртөө шинээр байгуулсан Энх-эг ХХК-ийн нэр дээр согтууруулах ундаагаар уйлчлэх тусгай зөвшөөрөл гаргуулахад 4,500,000 төгрөг, УТХ-д 2,254,000 төгрөг зарцуулсан гэж 6,754,000 төгрөг суутгуулж худал хуурмаг төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн гэх үндэслэлээр 6 754 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

УББ ХХК нь Д.Эд 6 754 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж Тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг хөнгөлөлтийг үзүүлэх болсон нөхцөл байдлыг хууран мэхэлсэн гэх үндэслэлээр үгүйсгэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул 6 754 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Тодруулбал, 6 754 000 төгрөг нь УББ ХХК -иас гарах ёстой байсан зардал биш тул төлбөрөөс суутгуулсан гэх тайлбар үндэслэлгүй, мөн УББ ХХК нь Д.Эгийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад гарах зардлыг санхүүжүүлэх үүргийг гэрээгээр хүлээгээгүй тул түрээслэгч Д.Эгийн согтууруулах ундаагаар уйлчлэх тусгай зөвшөөрөл гаргуулахад 4,500,000 төгрөг, УТХ-д 2,254,000 төгрөг зарцуулсан гэх тайлбарыг үндэслэн өөрийн хүсэл зоригийн дагуу түрээсийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч УББ ХХК -ийн Д.Этай Тооцоо нийлсэн акт-аар хөнгөлөлт үзүүлсэн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Мөн түрээсийн төлбөртэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Эгаас Энх эг ХХК-ийн нэр дээр согтууруулах ундаагаар уйлчлэх тусгай зөвшөөрөл гаргуулах УТХ-д 2,250,000 төгрөгийг төлсөн /хх-133х/ байгаа нь Тооцоо нийлсэн акт-аар УББ ХХК -иас Д.Эд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Тооцоо нийлсэн акт-аар 2019.05.15-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөр 6 438 500 төгрөг байгааг харилцан баталгаажуулсан бөгөөд Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар эд хөрөнгийг түрээсэлсэн тул 2019.05.15-ны өдрөөс 2019.07.30-ны өдрийг хүртэлх 2 сар 15 хоногийн түрээсийн төлбөр 6 250 000 /2 500 000 х 2 сар 15 хоног = 6 250 000/ төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байна. Үүнээс төлсөн 800 000 төгрөг буюу 2019.06.24-ний өдөр 300,000 төгрөг (хх-ийн 84 дэх тал); 2019.06.28-ны өдөр 200,000 төгрөг (хх-ийн 85 дахь тал); 2019.07.22-ны өдөр 300,000 төгрөг (хх-ийн 86 дахь тал); тус тус төлснийг хасахад үлдэх 5 450 000 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Д.Эгаас Тооцоо нийлсэн акт-аар баталгаажуулсан түрээсийн төлбөр 6 438 500 төгрөг, тооцоо нийлсэн актаас хойшхи хугацааны түрээсийн төлбөр 5 450 000 төгрөг, нийт 11 888 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УББ ХХК -д олгох үндэслэлтэй байна.

 

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-ний 1.3-д түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр, 1.5-д төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийг дүнгийн 0,5%-ийн алдангийг Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу Д.Э нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Гэрээний 1.5-д талууд алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлөгдөөгүй 11 888 500 төгрөгийн төлбөрөөс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу хариуцагч Д.Эгаас 5 944 250 төгрөгийн алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хохирол арилгах хэмжээг тогтоосон.

УББ ХХК -ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг /хх-13-16х/ Д.Этай байгуулсан Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-ний үүргийн зөрчлийн улмаас УББ ХХК -д учирсан хохирол буюу гарсан зардал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн Д.Эг эрэн сурвалжлуулахад шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 70,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Д.Эгаас түрээсийн төлбөр 11 888 500 төгрөг, алданги 5 944 250 төгрөг, нийт 17 832 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УББ ХХК -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13 326 195 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Эгаас 17 832 750 /арван долоон сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УББ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 13 326 195 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч УББ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 835 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас 247 113 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УББ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА