Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00509

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00509

 

У б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02429 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э д холбогдох, 31,158,945 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: У б ХХК нь...  нутагт байрлах Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн 1755,7 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгыг өмчилдөг бөгөөд хариуцагч Д.Э тай байгуулсан 2018 оны 01 сарын 31-ний өдөр болон 2018 оны 10 сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-ээр...  хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах 155 м.кв талбайтай өрөөнүүдийг хөлслүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 05 сарын 20-ны өдрийн Тооцоо нийлсэн акт-аар ...гэрээний нэг сарын төлбөрийг 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс 1 cap х 3,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 1 cap х 2,800,000 төгрөг, 2018 оны 06 сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл 9 cap 20 хоног х 2,500,000 төгрөг болгон тус тус багасгаж, засварт зарцуулсан гэх 4,400,000 төгрөг, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн УТХ-д төлсөн гэх 2,254,000 төгрөг, тусгай зөвшөөрөл гаргуулахад зарцуулсан гэх 4,500,000 төгрөг, нийт 27,854,000 төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт эдлүүлж, үлдэх 6,438,500 төгрөгийг төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон.

Гэтэл тус шүүхийн 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 09992 дугаар захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 0 тоот албан бичгийн хавсралт дахь 12 хуудас, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 0 тоот албан бичгийн хавсралт дахь 24 хуудас баримтуудаар 2018 оны 01 сарын 31-ний өдөр болон 2018 оны 10 сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-нүүд нь Э э ХХК-тай огт хамааралгүй, холбогдолгүй болох нь тогтоогдож байх тул дээрх тооцоо нийлсэн актаар тохиролцсоны дагуу төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн бодит үнэн тогтоогдож байна.

Хариуцагч Д.Э нь 3 cap, 10 хоног х 2,500,000 төгрөг = 8,333,330 төгрөг төлөхөөс ердөө 800,000 төгрөг буюу 2019 оны 06 сарын 24-ний өдөр 300,000 төгрөг /хх 84/, 2019 оны 06 сарын 28-ны өдөр 200,000 төгрөг /хх 85/, 2019 оны 07 сарын 22-ны өдөр 300,000 төгрөг /хх 86/, тус тус төлж, дахин 7,533,330 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн тул ажлын байрны талбай, өрөөнүүд 2019 оны 08 сарын 01-ний өдөр хураагдсан.

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус хэсэгчлэн түрээсэлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан У б ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Иймд хариуцагч Д.Э гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,725,830 төгрөг, алданги 10,362,915 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 31,158,945 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Д.Э тай байгуулсан 2018 оны 01 сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г санхүүгийн баримтад ашиглана гэж хэлээд гарын үсэг зуруулсан тул энэ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм.

Харин нэхэмжлэгч нь 2018 оны 07 сарын 25-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г манай Э э ХХК-тай байгуулсан. Д.Э нь гэрээний нэг тал биш тул хариуцагч этгээд биш юм. Талуудын хооронд 2019 оны 05 сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, 2018 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар 6,438,500 төгрөгийн түрээсийн өр төлбөртэй болохыг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ актыг үйлдсэнээс хойш ямар үндэслэлээр түрээсийн төлбөр, алданги тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э гаас 17,832,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,326,195 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,835 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э гаас 247,113 гаргуулж нэхэмжлэгч У б ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...У б ХХК нь Д.Э д 6,754,000 төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг хөнгөлөлтийг үзүүлэх болсон нөхцөл байдлыг хууран мэхэлсэн гэх үндэслэлээр үгүйсгэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул 6,754,000 төгрөгийг шаардах эрхгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч нь иргэн Д.Э тай гэрээ байгуулсан бөгөөд хэрэгт авагдсан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2021 оны 09 сарын 20-ний өдрийн №01/2391 тоот албан бичгийн хавсралт дахь баримтаар/хх133/ иргэн Д.Э биш Э э ХХК тусгай зөвшөөрлийн үнэ 2,250,000 төгрөгийг 2018 оны 10 сарын 22-ний өдөр тушаасан байдаг. Мөн Э э ХХК нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хандсан 2018 оны 07 сарын 31-ний өдрийн №01 тоот албан бичигтээ ...2018 оны 07 сарын 25-ны өдөр Найсонг ХХК-аас Э э ХХК-д шилжүүлэн ажиллуулахаар болсон гээд 2018 оны 07 сарын 20-ны өдрийн №11 тоот албан бичгийг хавсарган хүсэлт гаргасан байдаг.

Мөн тухайн Ноби нэртэй ажлын байр нь нэхэмжлэгчтэй огт холбогдолгүй. Нэхэмжлэгчээс зөвхөн ажлын байрны талбай, өрөөнүүд түрээсэлж, бусдын шинээр бий болгосон ажлын байрыг иргэн Д.Э нь 2018 оны 01 сарын 31-ний өдөр иргэн н.Г ээс ажлын байрны тохижилт, караокены тоног төхөөрөмж, эд хогшил болон тусгай зөвшөөрөл зэргийг хүлээн авсан байдаг. /хх83/

б. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...тооцоо нийлсэн актаар 2019 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөр 6,438,500 төгрөг байгааг харилцан баталгаажуулсан бөгөөд Д.Э нь 2019 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар эд хөрөнгийг түрээсэлсэн тул 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэлх үлдэх 5,450,000 төгрөг төлөгдөөгүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хэргийн 11 дүгээр талд авагдсан 2019 оны 05 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актын 2-т ...талуудын байгуулсан 2018 оны 10 сарын 23-ны өдрийн ажлын байрны талбай, өрөө хөлслөх №/01 тоот гэрээний үүргийн биелэлтийг 2019 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаар тооцсон.

Харин актыг дүгнэсэн хэсэгт ...ийнхүү хөлслөгч тал нь 2018 оны 10 сарын 23-ны өдрийн ...Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ №01-ийн гүйцэтгээгүй үүрэгт 2019 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар... гэж техникийн алдаа гаргаж бичсэн. Энэхүү актад 2018 оны 10 сарын 23-ны өдрийн гэрээг 2019 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл тооцсон тооцоо болохоос 2019 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл тооцсон тооцоо байхгүй.

Иймд шүүхээс 2019 оны 04 сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүртэлх 25 хоног х 2,500,000 төгрөг = 2,083,330 төгрөгийг дутуу бодсонд гомдолтой байна.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Д.Э нь У б ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй. Тус түрээсийн байрыг түрээсэлж байсан этгээдтэй гэрээ байгуулсан. Хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Д.Э гийн хуурамчаар үйлдсэн гэрээний талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаса байгаа.

 

6.   Давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

а. Анхан шатны шүүх шийдвэртээ ...талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд түрээслүүлэгч У б ХХК-ийн өмчлөлийн ... байрлах 1758,7 мкв бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгыг бүхэлд нь бус хэсэгчлэн түрээсэлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан У б ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна... гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт ...хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ..., мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт ...энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэж түрээсийн гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг тодорхой хуульчилсан. Учир нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх нь нэн түрүүнд түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах, татвар төлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Түүнчлэн, Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжоор дээрх караоке буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг үйл ажиллагааг заавал хуулийн этгээд явуулдаг тул дээрх гэрээнд түрээслэгч нь заавал хуулийн этгээд байх шаардлагатай юм. Ийм ч учраас хариуцагчаас хуулийн этгээдүүд хоорондоо байгуулсан түрээсийн гэрээг бичгээр гаргаж өгсөн.

б. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Д.Э гийн байгуулсан гэх 2018 оны 07 сарын 25-ны өдрийн Ажлын байр талбай өрөө түрээслэх гэрээ-г нэхэмжлэгч тал хуурамч, гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Д.Э гийн Э э ХХК-ийг үүсгэн байгуулсан баримтууд, Улаанбаатар хотын захирагчийн албанаас ирүүлсэн баримтууд, зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хуурамч гэж үзэх үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан судалсны үндсэнд үнэлэх, эс үнэлэх эрхтэй болохоос хуурамч гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт шүүхийн явуулах үйл ажиллагааг тодорхой хуульчилж өгсөн. Харин нэхэмжлэгчээс уг асуудлаар цагдаад гомдол өгч шалгуулсан бөгөөд уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болно.

в. Түүнчлэн, анхан шатны шүүхээс ...уг гэрээнүүдийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдсэн байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй... гэж дүгнэсэн. Дээрх тооцоо нийлсэн актыг мөн адил санхүүгийн баримт болгохоор дүр үзүүлж хийсэн гэж үзэж байгаа бөгөөд тухайн акт үйлдсэн өдөр өөр нэг өр барагдуулах хэлцэл гэх зүйлийг хийснийг дурдах хэрэгтэй.

Иймд шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Тооцоо нийлсэн актыг шүүх дүгнэсэн. Тус тооцоо нийлсэн актын 1 хувь хариуцагчид байгаа бөгөөд үүнээс харахад ар талд нь Өр барагдуулах хэлцэл гэж байсныг нэхэмжлэгч хасч, зөвхөн нүүр хэсгийг нотариатаар баталгаажуулж өгсөн байна. Тухайн тооцоо нийлсэн актыг бүрэн эхээр нь харвал 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болсон тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч У б ХХК нь хариуцагч Д.Э д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 20,725,830 төгрөг, алданги 10,362,915 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 31,158,945 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчид ажлын байрны зориулалтаар талбай түрээслүүлсэн, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан... гэж тайлбарлажээ. /хх 1, 145/

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч Д.Э бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээг санхүүгийн баримтад ашиглана гэж хэлж гарын үсэг зуруулсан, гэрээг Э э ХХК-тай байгуулсан тул түрээсийн төлбөрийг Д.Э хариуцах үндэслэлгүй, акт үйлдсэнээс хойшхи хугацаанд түрээсийн төлбөр, алданги тооцож байгаа нь ойлгомжгүй байна... гэж тайлбарлан маргажээ. /хх 180-182/

 

4.   Хэрэгт авагдсан 2018 оны 01 сарын 31-ний өдөр, 2018 оны 10 сарын 23-ны өдрүүдийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-нээс үзвэл У б ХХК нь Д.Э гийн эзэмшил, ашиглалтад ... нутаг дэвсгэрт байршилтай Үйлчилгээний төв-ийн 155 м.кв талбай бүхий 6 ширхэг өрөөг шилжүүлэх, Д.Э нь түрээсийн төлбөрт нэг сард 4,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 5-7, 8-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй хөрөнгө болох талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Энэ талаарх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Тодруулбал, Үйлчилгээний төв нь нийт 1,758.7 м.кв талбайтай болох нь 0 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул түүний 155 м.кв талбай нь бие даасан үл хөдлөх эд хөрөнгө биш байна. /хх 153/

 

5.   Өмнө дурдсан 2018 оны 01 сарын 31-ний өдөр, 2018 оны 10 сарын 23-ны өдрүүдийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г талууд дүгнэн 2019 оны 05 сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба уг актаар 2019 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар түрээслэгч Д.Э нь түрээслүүлэгч У б ХХК-д нийт 6,438,500 төгрөгийн түрээсийн төлбөрийн үүрэгтэй болохыг баталгаажуулж, гарын үсэг зуржээ. /хх 11/

Тооцоо нийлсэн акт-ыг талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн үйлдэж, гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулан төлбөр тооцооны үлдэгдлийг тодорхойлсон байх тул тооцоо нийлсэн актаар хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцсон хөнгөлөлт чөлөөлөлт 6,754,000 төгрөгийн төлбөрийг гаргуулна гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн Тооцоо нийлсэн акт-ын 3-т Ийнхүү хөлслөгч тал нь 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ болон 2018 оны 10 сарын 23-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ №01-ний гүйцэтгээгүй үүрэгт 2019 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар нийт 6,438,500 төгрөгийн өртэй болсныг талуудын зүгээс хүлээн зөвшөөрч, энэхүү тооцоо нийлсэн актыг үйлдэв гэж тодорхой дурдсан байх тул тооцоо нийлсэн актаар 2018 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэлх тооцоог гаргасан гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

6.   Дээрх гэрээнүүд, тооцоо нийлсэн актыг санхүүгийн баримтад ашиглахаар дүр үзүүлж хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түрээсийн гэрээ болон тооцоо нийлсэн актын нэг тал нь Д.Э , мөн Д.Э гийн зүгээс түрээсийн төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаар Д.Э г тодорхойлсон нь зөв бөгөөд ...Э э ХХК-аас шаардах ёстой гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

7.   Түрээсийн зүйлийг хариуцагч 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл эзэмшиж, ашигласан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй буюу Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан ...түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа... түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй учир анхан шатны шүүх 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүртэлх 2 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 6,250,000 төгрөгийг хариуцагч Д.Э гаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

8.   Харин хариуцагчаас 5,944,250 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэн, мөн хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл тус тус үндэслэл муутай болжээ. Учир нь:

а. Талууд Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-ний 1.5-д хөлслөгч нь төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хөлслүүлэгчид төлөх нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн боловч гэрээний хавсралт /төлбөр төлөх хуваарь/-д төлбөр төлөх хуваарийг тухайлан тодорхойлоогүй байх тул үүргийн зөрчлийн хугацаа тодорхой бус болж, улмаар алданги тооцох боломжгүй байна.

б. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөртэй холбоотой шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагч Д.Э г эрэн сурвалжлуулж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02844 дугаар шийдвэрээр нотлогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч гомдолдоо заагаагүй боловч хэргийг бүхэлд нь хянасан тул өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

9.   Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Э гаас 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 6,438,500 төгрөг, 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 6,250,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70,200 төгрөг, нийт 12,758,700 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 800,000 төгрөгийг хасч тооцон 11,958,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У б ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, зохигчдоос гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

10.   Зохигчдоос гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус харин хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулсан тул зохигчдоос төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02429 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...17,832,750 /арван долоон сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун тавин/ төгрөгийг... гэснийг ...11,958,700 төгрөг... гэж, ...нэхэмжлэлээс 13,326,195 төгрөгийн нэхэмжлэлийг... гэснийг ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,200,245 төгрөгт холбогдох шаардлагыг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Д.Э гаас 247,113 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун арван гурван/ төгрөгийг... гэснийг ...Д.Э гаас 206,289 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдоос гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 156,347 төгрөг, хариуцагчаас төлсөн 247,113 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР

l