Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00912

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00912

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00526 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Д.Эд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 277 945 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Этай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн 155 м.кв ажлын байрыг хөлслүүлсэн. Талууд хоорондын 2019 оны 05 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 6 438 500 төгрөгийн өр төлбөр үүсч, 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 2019 оны 06 сарын 24-ний өдөр 300 000 төгрөг, 2019 оны 06 сарын 28-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 07 сарын 22-ны өдөр 300 000 төгрөг тус тус төлж 2019 оны 07 сарын 30-ны өдрийн байдлаар нийт 11 471 830 төгрөгийг төлөөгүй болно. Иймд Д.Эгаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 471 830 төгрөг, гэрээний 1.5-д заасан заалтын дагуу алдангид 5 735 915 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нийт 17 277 945 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

Хариуцагч: Хариу тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Эгаас 17 227 945 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 340 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас 244 340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн гэрээний тухайд банкнаас зээл авах гэж байна гэж дүр үзүүлж хийсэн хэлцэл байсан. Харин шүүх хуралд оролцож эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүйгээс дээрх гэрээний эх хувийг гаргаж өгөх боломж олдоогүй. Түүнчлэн шүүхээс талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 6 438 500 төгрөгийн түрээсийн төлбөртэй болохыг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан акт үйлдсэн гэж дүгнэхдээ уг акт үйлдсэнээс хойш түрээсийн төлбөрийг хэрхэн тооцсон, мөн тооцоо нийлсэн гэж үзэж байгаа бол алдангийг ямар үндэслэлээр тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17 277 945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/02335 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байна. /хх 25/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох ажиллагааг явуулна гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй талаар тус тус заасан.

Гэтэл шүүх хариуцагчид хэргийн материал танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй зөрчил гаргасан гэж үзнэ.

Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, уг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх 39-40/

 

2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирсэн өмгөөлөгч Б.Зулбаяр хариуцагчтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ машинд үлдээсэн байна, хэргийн материалтай танилцах хүсэлтэй байна гэх тайлбар гаргажээ. Анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйгээс гадна мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж буруу хэрэглэсэн байна. /хх 39-40/

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 244 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХТӨР

ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ